”Монгол дайван” компаниас 4.5 тэрбум төгрөг нэхэмжилнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 29

Орхон аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж “Эко хороолол” төслийг хэрэгжүүлэгч “Монгол дайван” компанийн гэрээний хэрэгжилтийг хэлэлцжээ. Зөвлөлийн хурлаас орон сууц баригдаагүй газрыг төрийн мэдэлд буцаан авч, төслийн гэрээг шинэчлэхээс гадна гүйцэтгэгч компаниас 4.5 тэрбум төгрөг нэхэмжлэх шийдвэр гаргасан байна. Учир нь, төслийг саатуулсан тал нь хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр гэрээнд тусгасантай холбоотой аж. 2013 оны гуравдугаар сарын 7-нд тухайн үеийн Засаг дарга, “Монгол дайван” компанитай 200 айлын амины орон сууц, нийтийн эзэмшлийн гадна талбайн тохижилтыг хийж гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурснаар уг төсөл эхэлжээ. Ингэснээр " Цагаанчулуут" багт буюу орон сууцны наймдугаар  хорооллын барилгажилт төлөвлөгдсөн газарт 11.4 га газрыг тус компанид үнэ төлбөргүй олгосон байна. Газрыг үнэ төлбөргүй өгснөөс гадна төслийн инженерийн шугам сүлжээний зардалд төсвөөс 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.  Талуудын байгуулсан гэрээ ёсоор “Эко хороолол” 2014 оны 12 дугаар сарын 1-нд бүрэн дууссан байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар төсөл 40 хувийн гүйцэтгэлтэй  гэсэн дүгнэлтийг  Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас гаргажээ. “Монгол дайван” компани дээрх гүйцэтгэлийн хувийг хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Төслийг эхлүүлэхдээ 200 айлын амины орон сууц барих ёстой байсан хэдий ч эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас шийдвэр гараагүй байхад төлөвлөлтийг өөрчилж 168 болгож бууруулсан байна. “Эко хороолол” төслийг хугацаанд нь дуусгаагүй, дур мэдэн төлөвлөлтийг өөрчилсөн зэрэг зөрчил гарсан тул хэрэгжүүлэгч “Монгол дайван” компаниас 4.5 тэрбум төгрөг нэхэмжлэхээр болоод байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top