Үймээн дэгдээхээс үр дүн гаргадаггүй Х.Амгаланбаатар

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 02

Социалист нийгмийн үед байсан тэмдэглэлт өдрүүдийн нэг “Майн баяр” өчигдөр тохиосон ч хоцрогдсон нийгмийн тэмдэглэлт өдрийг урьдын адил хэн ч тоосонгүй өнгөрөөлөө. Харин С.Ганбаатарыг ажлаа өгөөд явсан цагаас хойш “унтаж” буй Монголын Үйлдвэрчний эвлэл гэнэт энэ хуучин системийн тэмдэглэлт өдрөөр талбай дээр гарч ирэв. Хуучин цагийн энэ баяраар туг бариад жагсаж явсан пионер Х.Амгаланбаатар “Майн нэгний өдөр”-ийг сонгосон нь чухам ямар учиртайг мэдэх юм алга. Бодоход “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” хэмээн цаг үеэсээ төөрөлдөн сонгосон байх. Гэтэл 30 жилийн өмнө тэмдэглэж байсан энэ баярын уухай биднээс дэндүү алсарсан бөгөөд өдгөө ид ажиллаж амьдарч байгаа нийгмийн залуу, идэвхтэй хэсэг бүр ч мэдэхгүй учраас тийм ч таатай сонголт байсангүй. Энэ байгууллагын Ерөнхийлөгч цаг үеэ ч мэдрэх сэхээгүй байгааг үүгээр харж болно.

Ерөөсөө Үйлдвэрчний эвлэл хэмээх их айл нь хөдөлмөрчин ард түмний эрх ашгийг хамгаалдаг,  үе үеийн эрх баригчдад сануулга өгдөг сүрхий байгууллага байсан нь өнөөдөр утгаа алдаж өнгө төрх, агуулгаа өөрчилсөн байна. Хэн нэгэн нөхрийн хувийн карьер хөөдөг, эрх ашгийн төлөөх талбар болжээ. Тэр тусмаа Х.Амгаланбаатар Үйлдвэрчний эвлэлийг тэргүүлснээр хойш нэг ч удаа цалин нэмэгдсэнгүй, нэг ч удаа тэтгэвэр халамжийн чиглэлд эерэг зүйл гарсангүй. Жилийн жилд л жагсаал цуглаан зохион байгуулж, хууль дүрэм ярих авч дэмий л олныг үймүүлсэн улстөрийн захиалгат хэмээн хардаж болохоор цуглаан болжээ. Түүнийг Үйлдвэрчний эвлэлийг тэргүүлэх болсон цагаас хойш хоёр улс төрийн хүчний дөрвөн Засгийн газрын нүүр үзэж байгаа ч нэгэнтэй нь ч ойлголцож байсан түүх алга гэхээр гайхахад хүргэнэ.  

Бидний мэдэж байгаагаар Х.Амгаланбаатар Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч болсон цагаас хойш өөрсдийнх нь цээжээ дэлдэн нэрлэдэгчлэн “хөдөлмөрчин ардуудын” цалин хангамж, халамж тэтгэврийн чиглэлд ямар ч нэмэлт өөрчлөлт орсонгүй нь энэ их айлыг ямархан хүн удирдаж байгааг төвөггүйхэн харуулж байгаа биз ээ. Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээр ч зохион байгуулагдахаа больж хаа нэг зохион байгуулсан зөвшилцлөөс ямар ч үр дүн гарсангүй хэдэн жилийн нүүр үзлээ.

Муу нэртэй ч энэ их айлыг хөдөлгөж явсан С.Ганбаатар УИХ-ын гишүүн болж Х.Амгаланбаатар түүний оронд сонгогдон очиж байсан нь саяхан санагдах авч даруй зургаан жилийн нүүр үзэх нь. Ажил хийдэг хүнд бол цалин тэтгэвэр нэмэх нь бүү хэл нэгэн улс босгож болох цаг хугацаа. Гэтэл туйлын хангалтгүй “онцмуу” ажилласан Х.Амгаланбаатарыг 2017 оны сонгуулиар улираан сонгосон нь ямар учиртай юм бэ. Монгол Улсад эдийн засгийн хямрал зөвхөн Х.Амгаланбаатарын үед тохиосон зүйл биш. Урьд өмнө хямрал тохиож ОУВС-гийн хөтөлбөрийг оруулж ирж байсан түүх ч бий. Ийм цаг үед Үйлдвэрчний эвлэл Засгийн газартайгаа харилцан ойлголцох түвшинд цалин тэтгэвэр нэмж байсныг сайн санаж байна. Тэмцлийн хэлбэр агуулга нь ч олон нийтэд чиглэсэн байдаг бол өнөөдөр утга учраа гээсэн мэт харагдана.

Сүүлийн үед Х.Амгаланбаатарын зохион байгуулж байгаа жагсаал тэмцэл нь хий дэмий нийгмийг үймүүлэх гэсэн, өөрийгөө олонд харуулах гэсэн хэлбэр төдий зүйл болжээ гэх хүмүүс ч цөөнгүй байна. Тэр ч бүү хэл Үйлдвэрчний эвлэлийн салбар холбоодын гишүүд ч үр дүнгүй жагсаал цуглаан зохион байгуулж нийгмийн тайван байдлыг алдагдуулахаас хэтрэхгүй байна хэмээн ундууцах болжээ.

Олон жилийн түүхтэй энэ байгууллага нь хоёр нийгэм дамжин хөдөлмөрчин олны эрх ашгийг хамгаалж байгаа өөрийн гэсэн тодорхой зорилготой, төсөвтэй байгууллага. Татвар төлөгчдийн халааснаас төртэй зэрэгцэн албан ёсоор татаас авдаг ганцхан байгууллага байдаг нь Үйлдвэрчний эвлэл гэдэг. Гэтэл хөдөлмөрчин ардуудын халааснаас “Та нарын нийгмийн хангамжид анхаарал тавина, эрх ашгийг хамгаална” хэмээн мөнгө авчихаад ажил хийдэггүй ганцхан байгууллага нь Үйлдвэрчний эвлэл болж хувирсан.

Энэ бол том айл, газар нутгаар нь бүсчилсэн аймаг, нийслэлийн 20 гаруй холбоо, мэргэжлээр нь ангилсан салбарын 10 гаруй холбоо бүхий байгууллага. Ийм том айлын гишүүдийн тоо хэдэн мянгаар тоологдоно. Энэ хэрээр ямар ч хэлбэрээр олныг хамруулж болох байгууллага гэдгийг харж болно. Гагцхүү удирдаж байгаа нөхрийн үйл ажиллагаа, муу зохион байгуулалтаас шууд хамаарах болсныг Үйлдвэрчний эвлэлийн гишүүд дундаа ярилцах болжээ. Ямар сайндаа “үр дүн гаргадаггүй үймээн дэгдээхээс хэтэрдэггүй Х.Амгаланбаатар” гэсэн нэр зүүхэв дээ.

С.Баяр

"www.zindaa.mn"

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(195.214.148.190) 2018 оны 05 сарын 04

Донгос,улс төрийн бууны нохойнууд элдэв юм бичүүлэхээ боль.шаардаж тэмцсэн нэгнээ муулахаас өөр юм хийгээч.жагсахгүй шаардахгүй болохоор муу хэлнэ,шаардаж тэмцэхээр бас муу хэлнэ.тэгээд яах гээд бга юм хөлсний бичээчид ээ.

0  |  0
rael(59.153.115.22) 2018 оны 05 сарын 03

OMCHTEI KOMUNIZM BAIGUULAH SANAA URGAN GARCH BNA

0  |  0
Top