АНХААР: Хуурамч эмийн бүтээгдэхүүнээс болгоомжил

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 03

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэх ойлголт сүүлийн жилүүдэд хүчээ авч, үүнийг дагасан ашиг хонжоо хайгчдын ов мэх улам нарийссаар л байна.Та энэ бүтээгдэхүүнийг уувал эрүүлжинэ, тэрийг нь уувал турна, энийг нь уувал залуужина гэх мэтээр олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, бүр цаашлаад залилан мэхлэх замаар бараа бүтээгдэхүүнээ зарах болсон. Үүнийг гэрчлэх нэгэн томоохон жишээ бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалт бэлхнээ гэрчилнэ.

Тус газраас Эрүүл мэндийн салбарын зар сурталчилгааны тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг аж ахуйн нэгж, хэрэглэгчид хэрхэн дагаж мөрдөж байгаа талаар хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалт хийхэд ихэнх тохиолдолд хуулиа мөрдөөгүй зөрчил дутагдал илэрчээ.

 

Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхханд “Эрүүл мэндийн салбарт хууль бус зар сурталчилгаа ихээр явагдаж байна. Хууль бус зар сурталчилгаанаас болж, хэрэглэгчид хохирох болсон. Хохирсон иргэдээс санал гомдол бидэнд байнга ирдэг. Эрүүл мэндийн салбарын зар сурталчилгааны тухай хуульд “Жороор олгох эмийг сурталчлах асуудлыг зөвшөөрсөн байдаг. Гэвч нэр, гарал үүсэл нь бүрэн баталгаажаагүй эмийн талаарх сурталчилгаа гарсаар байна. Тухайн эрүүл мэндийн байгууллага өөрийн эмийг сурталчлахдаа магтаж, сайшаах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх, үнийн хямдрал зарлах нь хууль зөрчиж байгаа хэрэг” гэлээ.

Хяналт шалгалтаар илэрсэн томоохон зөрчил нь эрүүл мэндийн салбарт явагдах гэж байгаа зар сурталчилгааны агуулгыг эрх бүхий байгууллага нь төдийлөн хянахгүй байгаа нь илэрчээ. Эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Эм биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулгыг эмийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянана” гэж заасан байдаг. Гэтэл хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй эрхлэгчдийн дийлэнх нь тухайн эмийн зарын агуулгыг хянуулсан тухай дүгнэлтгүй байсан. Дүгнэлтгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн тохиолдол гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан хэллээ.

Худал мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ

Түүнчлэн тухайн эрүүл мэндийн зар сурталчилгааны цаана худал мэдээлэл өгсөн, хэрэглэгчдийг төөрөгдүүлж бараа бүтээгдэхүүнээ зарах, эмнэлэгтээ үйлчлүүлэхийг уриалах гэсэн олон хууль бус зар сурталчилгааны агуулга байдаг аж. Хэрэв хуулиа хэрэгжүүлэхгүй бол зар сурталчилгаа бүтээгч, түгээж байгаа этгээдүүд аль, аль нь хариуцлага тооцдог гэнэ. Тодруулбал, хувь хүн 500 мянган төгрөг, албан байгууллага таван сая төгрөгөөр торгуулах хуулийн заалттай аж.

Мөн сүлжээгээр борлуулагддаг, эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэсэн бүтээгдэхүүн ялгаагүй хэрэглэгчийг уриалан дуудсан, үнийн хямдрал үзүүлэх зэрэг хуулийн заалтыг зөрчдөг байна. Гол нь сүлжээний бүтээгдэхүүн эрүүл мэндэд хэр сайн болохыг нь нотолсон, баталгаажсаныг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Эмийн сурталчилгааны агуулгыг мэргэжлийн байгууллагууд хянаад дүгнэлт гаргасан байх ёстой. Гол нь энэ дүгнэлт байгаа эсэхийг нь нягталж Эмийн бүтээгдэхүүн худалдаж авахыг албаныхан анхааруулж байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(139.5.216.179) 2018 оны 05 сарын 04

ЕВРОП ЭМЧИЛГЭЭ ӨВДӨЛТИЙГ ТҮР ДАРДАГ. МОНГОЛ ЭМЧИЛГЭЭ БОЛ ӨВЧНИЙГ СУУРИАР НЬ ЭМЧИЛДЭГ. ЭМ НЬ УРГАМАЛ. МАМБА ДАЦАН, БЕТУБ ХИЙДИЙН ГАНЗОРИГ ЭМЧ ГЭХ МЭТИЙГ СОНИРХОХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. . ..

0  |  0
Зочин(176.126.252.12) 2018 оны 05 сарын 03

Эмийн бизнесийг атгасан хулгайч нар хүн бодох биш.

0  |  0
зочин(203.91.117.8) 2018 оны 05 сарын 03

Эмийг телевизээр их сурталчилдаг болж эмчийн хэрэггүй юм биш үү эм үнэхээр замбараагаа алдаж байна. телевизүүд мөнгө л олж байвал хамаагүй болж хажуугаар нь сүлжээний эм гэж учир нь олдохогүй юмыг хүн нь солигдоод бүх сувгаар гарах юм энэ одоо эм мөн үү

0  |  0
эмч(182.160.2.162) 2018 оны 05 сарын 03

эмийг хоол шиг хэрэглэж бна. эмйн элдэв зар сурталчилгаа, хөнгөлөлтүүд улам даврааж бгааг анхаараач. эм борлуулах үүрэгтэй жор баригчид байнга эмчийн дүрд тоглодгийг таслан зогсоох цаг болсон шүү

0  |  0
иргэн(112.72.14.181) 2018 оны 05 сарын 03

Энэ улсын эм нь ч эм биш эмч нь ч эмч биш болоод байна. Зориуд дарга нарыг нь солиод байхаар ингэдэг байх Сэтгүүлчийг нь эмч болгоод эмчийг нь багш болгоод байхаар . Энэ өвлөөс айлуудаар орос эм гээд бараг бүх айлаар сонин тарааж сэрталчилсан. Эд нар хагас сайн өдөр али том заалтай газар очоод өнөө эмээ тараадаг. Өнөө Солонгос явах гээд оочирлоод байдаг шиг болж байна. Маш их хүн очиж эмийг нь авч байна. Үүнийг хянадаг чадалтай хүн энэ улсад байна уу. Байхгүй бол ӨӨр улсаас хүн авчраад энэ худалдаад байгаа нь эм үү юу вэ гэдгийг тогтоогоод өгөөч

0  |  0
Top