Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум амжилттай үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 03

Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр тохиож, энэхүү тэмдэглэлт өдрөөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Хараат бус сэтгүүл зүй үндэсний форум-2018”-ыг Соёлын төв өргөөнөө зохион байгуулж, тус арга хэмжээг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нээн үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Юуны өмнө бид хараат бус сэтгүүл зүйг бий болгох тал дээр ажиллана, Өнөөдөр 67 жиллийн түүхтэй Монголын сэтгүүл зүйн салбарт амьдралаа зориулсан бүхий л ахмадууд хүрэлцэн ирсэн байна, мөн энэхүү түүхийг буухиалан залуу хойч үедээ хүргэж яваа дунд үе, идэр залуу үеийн төлөөлөл энд хүрэлцэн иржээ. Бид нэгэн зүгт харж хамтдаа хэвлэлийн эрх чөлөөг бий болгоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийт сэтгүүлчиддээ баярын мэнд хүргэж илгээмж ирүүлснийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярт гардууллаа. Ерөнхийлөгч Х.Баттулга “Үе үеийн сэтгүүлчдэд хэвлэлийн эрх чөлөөний мэндийг хүргээд та бүхэн маань ямар нэг нам улстөрөөс ангид, эрх чөлөөт сэтгүүл зүйг бий болгохын төлөө зорьж байгаад баяртай байна. Тиймээс Монгол Улсын сэтгүүлчид нэгэн зүгт нэгэн зорилгын төлөө явж чадвал болохгүй зүйл үгүй бөгөөд Ерөнхийлөгч миний зүгээс хамтран ажиллахад бэлэн” гэдгээ дуулгасан юм.

Танхимд цугларсан үе үеийн сэтгүүлчид ч хараат бус байхыг эрмэлзэж байгаагаа өвөр зуураа ойлголцохын зэрэгцээ Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд талархаж байгаагаа ч дурдаж байсан.   

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийт сэтгүүлчиддээ мэнд хүргэж, мэндчилгээ илгээсэн. Тэрбээр “Сэтгүүлчид та бүхэн бол нийгмийн оюун санааны инженер билээ. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг эдэлж буй хүн бүхний баярын өдөр, Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд байсаар байна, цаашдаа бид энэ хараат бус байдлыг эрхэмлэж, хэвлэлийн бүтэн эрх чөлөөтэй байхыг уриалж байна. Үндсэн хуульд заасан хүн бүхэн эрх чөлөөгөөр хангагдсан байх эрх чөлөөг хүсэн ерөөе” хэмээн дурдсан.

Zindaa.mn

Top