“Дондогдулам хатны цогцсыг хайлуулсан газар Соёлын өвд бүртгэлтэй” /Цуврал-2/

2018 оны 05 сарын 14
 
 

 ZINDAA.MN сайтад Дондогдулам хатны шарилыг нутаглуулсан газрыг хүмүүст худалдчихлаа гэх мэдээлэл ирсэн юм. Бид энэ дагуу газар дээрээ ямар байдалтай байгааг сурвалжилж, уншигч танд хүргэсэн. Биднийг очиход VIII Богд Жибзундамба хутагтын хатан, Төрийн Эх Дагина Ц.Дондогдуламын шарилыг хайлуулж өргөсөн хэмээх, хөшөө бүхий газрыг үнэхээр хүмүүсийн эзэмшилд өгсөн байсан. //Монгол төрийн сүүлчийн хатны “бунхан”-ы газрыг худалдсан мөрөөр... /Цуврал-1//

Бид Төрийн Эх Дагина Ц.Дондогдуламын талаарх хоёр дахь цувралаараа хатны шарилыг хайлуулсан газар нь түүх, соёлын өвд бүртгэлтэй эсэх, түүнчлэн түүний Монголын түүхэнд оруулсан хувь нэмрийн талаарх мэдээллийг мэргэжилтнүүдийн үгээр хүргэхийг зорилоо.

Манай сурвалжлагын мөрөөр түүх, соёлын холбогдох мэргэжилтнүүд эхнээсээ үзэл бодлоо илэрхийлсэн байв. Тухайлбал, Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатар “Хатны цогцсыг хайлуулсан юм аа. Тэнд мэдээж шарил нь байхгүй. Гэхдээ дурсгалыг нь хүндэтгэж гэрэлт хөшөө байгуулж газрыг нь хамгаалалтанд авсан нь одоо үл мэдэхчүүдийн дайрлагад өртөж. Дондогдулам бол их түүхийн нэгээхэн хэсэг яах аргагүй мөн юм шүү.” хэмээжээ.

 

“Соёлын өвийн үндэсний төв”-ийн мэргэжилтэн н.Анхсанаа: Дондогдулам хатны цогцсыг хайлуулсан газар Соёлын өвд бүртгэлтэй

- Дондогдулам хатны чандрыг өргөсөн газар өвийн санд бүртгэлтэй байдаг уу?

- Өвд бүртгэлтэй.

-Яг хэзээ бүртгэж авсан юм бэ?

- 2015 онд албан ёсоор түүх, соёлын үл хөдлөх өвөөр бүртгэж авсан. Үүнээс өмнө ч тийм газар байгааг мэддэг байсан. Тиймээс жил бүр тооллогод оруулж, бүртгэдэг байсан л даа.

-Тухайн Гэрэлт хөшөөтэй газрыг хамгаалалтаас гаргасан гэсэн мэдээлэл байна?

-Өвийн сандаа бол бүртгэлтэй байгаа. Газрыг нь давхардуулаад олгочихсон асуудал гараад байх шиг байсан. /Хуралд орох гээд яарч байсан мэргэжилтнээс ямартай ч өвд бүртгэлтэй байгааг мэдэж авлаа./

 

“Богд хааны ордон музей”-н захирал О.Мэндсайхан: Түүхэн холбоотой учраас манайхаас анхаарал тавьж ирсэн

- Бид Дондогдулам хатныг чандарласан газрыг зарсан мэдээллийн дагуу очиж сурвалжилсан юм. Энэ үеэр “Богд хааны ордон музей”-аас хүнд хөлс өгч хамгаалуулж байсан гэсэн мэдээлэл олж авлаа. Танайхаас яаж хамгаалдаг вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Дондогдулам хатны цогцсыг хайлуулсан газар албан ёсоор манай музейтай хамааралгүй. Гэхдээ түүхэн холбоотой учраас манайхаас анхаарал тавьж, харж хандан хамгаалж байхыг ойр орчмын иргэдэд захих, ганц нэг хүнд урамшуулал өгч харуулах төдий л байна. Харамсалтай нь газрыг нь хүмүүст өгчихсөн байна. Тиймээс хамгаалалтанд аваач ээ гэсэн хүсэлтийг зохих хүмүүст тавиад л байж байгаа. Уг нь тэр газар чинь түүхэн газар. Лам хуврага очиж хурал ном хурдаг. Үүнийгээ хамгаалж авч үлдэх хэрэгтэй.

Дээрх хариултаас та бүхэн Эх Дагины чандрыг хөрсөндөө шингээсэн гэх газар нь түүхийн дурсгалт газар болохыг харлаа. Харин одоо түүний гүйцэтгэсэн түүхэн ажлын талаарх ойлголтыг хүргэе.

Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, академич Р.Отгонбаатар: Эх Дагина бол Монголын түүхэнд нэлээн их ажил хийсэн, онцгой хүн

- Та Дондогдулам хатны талаар түүхэн хүн талаас нь товчхон мэдээлэл өгөхгүй юу?

- Би түүхч биш, хэл бичгийн хүн учраас тусгайлан судлаагүй. Гэхдээ том ахмад багш нарыг дагаж, шүтэж бага сага юм хэлүүлж, Богд гэгээнтний зарим ном зохиол, Эх Дагины ивээн тэтгэж хэвлүүлсэн ном зохиолыг харж үзэж, бага сага юм бичиж, иш татах зүйл гарч байсан учраас баримжаа байна.

Монголын түүхэнд Алунгоо эх , Өэлүн эх, Бөртэ хатан, Мандухай сэцэн хатан гэх мэт алдартай, эрдэмтэй хатдууд гарсан. Гэвч тэдгээр хатдын талаар Нууц товчооноос эхлээд түүхэн номуудад зурвасхан гараад өнгөрдгөөс  бус, хаана нутаглуулсан гэх мэт нарийн мэдээлэл нь мэдэгддэггүй шүү дээ.  Гэтэл Дондогдулам хатан энэ цаг үетэй хамгийн ойр, Шашин, төрийг хослон баригч сүүлчийн хааны албан ёсны хатан. Одоогийн Хэнтий аймгийн Баян сумын нутагт төрсөн. Таалал болсон газар нь Их хүрээ.  Таалал болоход нь эртний заншлаараа шар тосоор хайлж, чандрыг нь “Шарга морьт”-ын одоо байгаа тэр хөшөөний дор бунхалсан гэдэг үгтэй.

-Төрийн эх хатны хувьд шашин, соёлын хэрэгт ямар үүрэгтэй, яаж оролцдог байсан бол?

- Эх Дагина бол Монголын түүхэнд нэлээн их ажил хийсэн, онцгой хүн. Бид чинь Социализмын үед Богд хаант улс, Богд хаан болон Эх хатнаа магтаж ярьдаггүй  байж байгаад мартагдуулчихсан. Түүнээс бус үнэндээ Бал даргын /БНМАУ-ын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал/ гэргийгээс дутуугүй гавьяа байгуулсан хүн. Тэр үеийнхээ бололцооны хэмжээнд л Монголын төр, шашны сайн сайхны төлөө зүтгэж л байсан. Тэр цаг үед Богд хаан Шашин, төрийг хослон баригч Наран гэрэлт хааны тамга гэсэн хаш, алтан, мөнгөн тамгуудтай байсан. Эх Дагина бол Шашин, төрийг хослон өрнүүлэгч Улсын Эх Дагины тамга гэсэн тусгай тамга барьж байсан. Түүгээрээ зохих хэмжээнд алба шийтгэж явуулж байсан гэсэн үг.

-Хатны хийсэн томоохон ажлуудаас тухайлбал?

- Хатан олон том ажил хийснээс би өөрийн мэдэж байгаа хоёр гурван жишээг дурдая.

Нэгдүгээрт бүх Монгол туургатнаас “Төвд Ганжуур”-ыг бүтэн дэглэж, барласан Улс бол ганцхан манайх байгаа юм. Тэрийг Богд хаант Монгол Улсын үед барлаж дуусгасан. Тэр ажилд нэр нөлөө, өглөг буянаараа оролцсон, том ивээн тэтгэсэн хамгийн гол хүний нэг нь Эх Дагина байсан. Тийм учраас Ганжуурыг барлаж дуусаад анх дарсан дардсаа Эх Дагинад өгсөн байдаг. Түүнийг нь Эх Дагина нутагтаа тусгай жижиг сүм бариулаад залсан гэдэг. Тэр Ганжуурыг 30, 40-өөд оны эхэн үед нутгийнх нь хашир хүн бага сага бурхантай нь хамт хадгалчихсан байж. Тэгээд өвгөн таалал болохдоо түүнийгээ манай эрдэмтэн, бичгийн эх хүн Ц.Дамдинсүрэн гуайд өгөөрэй гэжээ. Тэрийг нь Ганжуур, Гуутай бурхан л даа, дотроо дөрвөн бурхантай багшийнд ирүүлсэн. Одоо тэр нь манай багшийн гэрт /Ц.Дамдинсүрэн гуайн/ бүтнээрээ хадгалагдаж байна.

Хоёр дахь нь Хойт Дацан гэж байна. Гандангийн дэнж дээр Дорно дахины шашны гүн ухааны их сургууль болох гурван  Дацан байсан. Түүний хоёрыг өмнө нь байгуулчихсан байж. Хойд Дацанг Дондогдулам хатны үед шинээр байгуулсан. Тэр үед нь маш их өглөгийн эзэн болж шинэ дацанг өсгөж дэмжсэн учраас хуваргын тоогоороо ч, ном судар барласан байдал, эрдэм ном сургасан сургалтын чанараар ч өмнө нь гарсан хоёр дацангаасаа илүү  хэмжээнд хүрсэн гэдэг. Тэр бол өглөг буян ихтэй, нөлөөтэй хүний адис жанлав юм даа.

Бас нэгэн том ажил нь “Эх Дагины аймаг” гэж тусгай аймаг байгуулж удирдаж байсан. Хүрээ 30 аймгийн бараг хамгийн сүүлийнх нь. Тэндэхийн хуврагууд Монгол, Төвд ном судар барласан, эрдэм номын чанар ч мундаг улсууд байсан гэдэг. Эх Дагины аймаг дээр барлалаа гэсэн нэг хоёр судар надад бий. Одоогийн “Хуучин цирк” гээд байгаа тэр дугана чинь Эх Дагинын аймгийн дугана байгаа юм.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ

ЭХНИЙ АСУУДАЛ: Монголын хаант төрийн сүүлчийн хатны шарилыг хайлуулж, чандрыг бунхалсан газрыг иргэдэд худалдсан мөрөөр сурвалжилсан. Үүний үр дүнд тухайн газрыг Газрын албанаас хүмүүст эзэмшүүлсэн гэдгийг харлаа. Улмаар худалдаж авсан иргэд аль хэднийнэ хашаа, байшин бариад эхэлсэн байгаагаар энэ нотлогдож байгаа юм.

ХОЁРДУГААР АСУУДАЛ:  Гэрэлт хөшөө бүхий тухайн хэсэгхэн газар хамгаалах ёстой, түүх, соёлын өв мөн үү? эсвэл энгийн нэг газар уу? гэсэн асуулт юм.  Асуултын мөрөөр хоёрдугаар сурвалжлагаараа хөндөж, “Дондогдулам хатны Гэрэлт хөшөө”-г яах аргагүй бидний хамгаалах ёстой түүх, соёлын өв гэдгийг холбогдох хүмүүсээс тодруулснаар харуулав.

Энд иргэд төөрөлдөж магадгүй нэг зүйл байв. Энэ нь “Түүхийн дурсгалт газарт хамааралгүй” гэсэн БОАЖЯ-ны толгой бүхий албан бичиг юм. Үүнээс болоод газар худалдаж авсан иргэд хохирч, цаашлаад Монгол Улс түүхийн тодорхой орон зай, цаг үеийн үйл явдлыг хадгалсан чухал өвөө устгуулахыг үгүйсгэх арга алга.

Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, Түүх соёлын өв гэдэг хоёр тусдаа ойлголт юм. Аль алиныг нь хамгаалж, хадгалж үлдэх ёстой.

Улсын тусгай хамгаалалттай газар нутаг: Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор улсын хамгаалалтад авсан газар нутгийг хэлнэ. /Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль/

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл гэж юу вэ:  Хөдөө хээр, байгаль дээр ил задгай орших хүний гараар бүтээгдэн бий болсон эртний булш, бунхан, хиргисүүр, хөшөө чулуу, хадны сүг зураг, сүм хийдийн туурь гэх мэт дурсгалыг хэлнэ. Соёлын өвийг хамгаалах асуудлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, энэ хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, эрх бүхий этгээд хариуцна. /Эх сурвалж: Соёлын өвийг хамгаалах тухай хууль/

ЭЦЭСТ НЬ: Дээрх бүгдэд үндэслээд Дүүргийн газрын алба ямар үндэслэлээр түүхэн дурсгалт газрыг иргэдэд эзэмшүүлсэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэгэхээр бидний дараагийн сурвалжлага газрын албатай холбоотой асуудлаар үргэлжлэх нь тодорхой боллоо. Бид энэ талаар тун удахгүй хүргэнэ.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

 


 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.205) 2020 оны 02 сарын 27

ZA TER NUKHUR NUU , NUU , KHARAAL KHUREKH WII

1  |  0
Unshigch(202.9.41.57) 2018 оны 05 сарын 14

Unen shuu dee, ene gazriig yaraltai hamgaalaltad avah yostoi!!!

0  |  0
Top