Япон, Өмнөд Солонгос, Хятадын удирдагчид Фүкүшимад очив

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

Японы Ерөнхий сайд Наото Кан, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён Баг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар өнгөрөгч бямба гарагт  Фүкүшима хотод очсон байна. Японы Ерөнхий сайдтай уулзахаасаа өмнө Өмнөд Солонгос болон Хятадын удирдагчид байгалийн гамшигт асар их гарз хохирол амссан оршин суугчдад эмгэнэл илэрхийлж, үер, цунами болсон газруудад цэцэг өргөжээ. Тэд Японд хоёр өдөр айлчлахдаа гурван талын уулзалт хийсэн байна. Бямба гарагийн үдээс өмнө И Мён Баг, Вэнь Зябао нар гуравдугаар сарын 11-ний гамшгийн улмаас хамгийн их хохирол амссан Мияги мужийн төвд орших Сендай нисэх буудалд буужээ. Дараа нь тэд “Фүкүшима-1” атомын цахилгаан станц байрладаг хөрш мужид очсон байна. “Япончууд улс орноо богино хугацаанд сэргээн босгож чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн И Мён Баг Натори хотын оршин суугчидтай уулзаж ярилцахдаа мэдэгджээ. Үдээс хойш гурван улсын төлөөлөгчид уулзаж, “Фүкүшима-1” станцын байдал болон хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцлээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top