Хоббитуудад хайртай хүн

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 29

 

Дэлхий дахинд “Хоббит”, “Бөгжний эзэн” бүтээлээ бэлэглэсэн зохиолч Жон Рональд Толкин“Үнэндээ би өөрөө хоббит юм. Тэд одой хүн шиг жижигхэн. Харин би болохоор том биетэй хүн" гэж Толкин амьд сэрүүн ахуйдаа өгсөн сүүлчийн ярилцлагадаа хэлжээ. Тэрээр цааш нь “Би өтгөн саглагар мөчиртэй мод, үзэсгэлэнт цэцэгтэй цэцэрлэгт дуртай. Бас надад гаансаар тамхи нэрж,  байгалийн гаралтай хүнс хүртэх нь таалагддаг.  Би мөөгөнд дуртай, мөн олон шүүмжлэгчид уйтгартай, сонирхолтой бус гэгддэг хошин шогийн энгийн мэдрэмж надад байдаг. Хэрэв боломж олдвол орой унтаж, эрт босдог. Тэгэхээр би хоббит биш гэж үү” гэж ярьсан байдаг. Уран сэтгэмжит зохиолын төрлийг үндэслэгчийн нэг, “Дундад дэлхий” хэмээх газрыг бодож олсон энэ гайхалтай зохиолчийн бүтээлийг кино урлагт, хөгжмийн бүтээлд мөнхөлсөн юм.

Жон Рональд Роуэл Толкин 1892 оны нэгдүгээр сарын 3-нд Өмнөд Африкийн Блумфонтейн хотод төржээ. Тэгэхэд түүний аав нь Блумфонтейн хотод Английн банкны эрхлэгчээр ажиллаж байсан юмсанж. Түүнийг гурван ой хүрмэгц гэрийнхэн нь Англид эргэн  нүүж ирж, Бирмингемийн ойролцоо Шейрхолд хэмээх үзэсгэлэнтэй байгальтай газар суурьшжээ. Мөн энэ үед ээж нь Жоны дүүг төрүүлсэн байна. Харамсалтай нь, жаалхүүг дөрвөн настай байхад  аав нь хэрэх өвчнөөр нас баржээ.  Хоёр жижигхэн хүүхэдтэй бэлэвсрэн хоцорсон Мэйбл Толкин хөвүүдээ боловсролтой хүн болгохын тулд бүхий л хүчээ зориулан, ялангуяа Жон хүүгээ гадаад хэлэнд онцгой авьяастай гэдгийг ажиглан, түүнийг хэл шинжлэлийн ухаанд суралцахад ихээхэн анхаарал тавьж байсан хэдий ч 34 насандаа чихрийн шижин өвчний улмаас нас барж, хүүгийнхээ амжилтыг харж  чадсангүй. Гэхдээ тэр нас барахынхаа өмнө өсвөр насны хоёр хүүгийнхээ хүмүүжлийг Бирмингем хотын сүмийн өгөөмөр сэтгэлт гэгээнтэн Френсис Морганд даатгасан гэдэг. Чинээлэг бус ч маш ухаалаг энэ гэгээнтний ачаар өнчин хүүхдүүд боловсролтой, зорилготой, хөдөлмөрч хүмүүс болон өсөж,гэрэл гэгээтэй сайхан амьдрал туулжээ.  Жон Толкин Эдвард хааны сургуульд сурч байхдаа эртний хэлүүдийг судалж, латин, грек төдийгүй эртний хийгээд дундад зууны үеийн англи, эртний исланд хэл, орчин цагийн франц, герман, фин, испани хэл мэддэг болсон байна. Толкин Оксфордын Их сургуулийн хэл шинжлэлийн ангид суралцахын хүсэж байсан боловч түүнд ч, мөн асран халамжлагчд нь ч мөнгө байсангүй. Тийм болохоор Жонд элсэлтийн шалгалтаа сайн өгч сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хэрэг гарсан байна. Авьяаслаг залууд энэ нь хэцүү асуудал биш байсан хэдий ч тэр хайр дурлалтай учирчээ. Толкины түрээсний өрөөний доод давхарт Эдит Бретт гэдэг өөрөөс гурван насаар эгч залуухан бүсгүй бас өрөө хөлслөн амьдардаг байсан юмсанж. Тэд танилцан үерхэж,  энэ үерхэл нь хайр дурлал болж хувирав. Харин 16-хан настай Толкин эрдэм номд шамдахын оронд нууцаар бүсгүй хүнтэй уулздаг болсон нь өгөөмөр сэтгэлт гэгээнтний санаанд нийцсэнгүй. Тэрээр арга буюу Жоныг насанд хүрэхээс нааш Эдиттэй уулзах нь бүү хэл түүнд захидал бичихийг ч хатуу хориглосон аж. Толкин ч халамжлан хүмүүжүүлэгчийнхээ үгэнд орж, Эдиттэй уулзахаа больж Оксфордын Их сургуульд орж суралцав. Гэхдээ 21 нас хүрсэн төрсөн өдрийнхөө баяраар Эдитэд захидал бичиж, түүнд гэрлэх санал тавьсан байна. Энэ үед Эдит Жорж Филд гэгчтэй сүй тавьсан байсан боловч, Толкины захидлыг хүлээж аваад сүйгээ шууд цуцалсан гэдэг.

Залуус гурван жилийн дараа буюу 1916 онд Толкиныг дайнд явахаас дөрвөн сарын өмнө гэрлэжээ. Ирээдүйн зохиолч Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд офицерийн курсэд сууж, улмаар түүхэнд хамгийн их цус асгаруулсан тулаан гэж тэмдэглэгдсэн Сомма голын орчим болсон тулаанд холбоочноор оролцон, аймшгийн дайны бүхий л муу муухайг танин мэджээ. Толкин дайны үеийн өдрийн тэмдэглэлдээ “ Хэрэв би цэргүүдтэй хамтдаа тулалдаагүй бол “Хоббитуудын орон” гэж байхгүй байсан болов уу. “Хоббитуудын орон, хоббитгүй” бол “Бөгжний эзэн” ч байхгүй байсан биз...” гэж бичжээ. Дэлхийн нэгдүгээр дайнд бууны сумнаас ч  дутахгүй аюул тарьж байсан бөөсний хижгээр Толкин маш хүндээр өвдөж цэргийн эмнэлэгт хүргэгджээ. Чухам энэ үе Толкины хувьд уран бүтээлийн алтан үе болов. Толкин хүнд өвдөн эмнэлэгт хэвтэж байхдаа “Дундад дэлхий”-нхээ үндсийг тавьж, хүчирхэг “Сильмариллион”, шидэт бөгжнийхээ тухай уран сэтгэмжит туульсын гурамсан зохиолынхоо анхны навтрагийг бичсэн байна.  

Хоббитууд газар доорх нүхэнд юм уу, эсвэл газар дээр ч амьдрах нь бий. Ялангуяа, баян хоббитууд гэр маш тохилог. Бүр хаалга, цонхтой. Цонхныхоо хүрээг ногоон, шар өнгөөр буддаг. Яагаад гэвэл тэд ийм өнгөнд дуртай. Хоббитуудад хот гэж байхгүй. Тэд хөдөө тосгонд амьдарч, арвай, тамхины ургамал, усан үзэм тарих дуртай...Хоббитууд намхан, ердөө л 90 см өндөр. Тэд гутал өмсдөггүй учир нь тэдний хөл байгалиас заяасан хатуу ширүүн зузаан арьстай, өтгөн хүрэн үстэй. Тэдний толгойн үс өтгөн, долгионтой. Гарын хуруунууд нь урт, нүүр нь баяр баясгалантай. Хоббитууд гэнэт гарч ирж, агшин зуур алга болдогоороо алдартай. Харин хоббитууд хурц тод өнгөтэй хувцас өмсөх дуртай... Толкин цагийн ихэнхийг сургууль дээрээ өнгөрүүлдэг байсан тул үдэш оройн цагаар хүүхдүүддээ өөрийн зохиосон энэ үлгэрээ ярьж өгдөг байжээ.  Тэрээр энэ үлгэрийнхээ эх ноорогийг гаргасан тул хүүхдүүддээ ярьж өгөх зуураа дахин, дахин засдаг байсан гэдэг. Толкин дайны дараа гэр бүлийнхээ хамт Оксфордод нүүж ирээд Бүх нийтийн шинэ англи хэлний толь бичиг зохиож ажилд шамдан оржээ. Хожим нь энэ тухайгаа тэрээр “ Хоёр жилийн турш толь бичиг зохиох хугацаандаа амьдралдаа мэдээгүй байсан олон зүйлийг мэдэж авсан” гэж хэлж байжээ. Төд удалгүй Толкин 1925 онд Оксфордын Их сургуулийн англи саксон хэлний тэнхимийн профессор болсон байна. Тэрээр өдөртөө эрдэм шинжилгээний ажил хийж, оройдоо хожим нь “Хоббит” тууж болон хувирсан дээрх үлгэрийнх нь гар бичмэлийг түүний нэг оюутан олж уншаад ном болгон хэвлүүлэхээр хүмүүстэй нь танил болсон хэвлэлийн газар өгчээ. Хэвлэлийн газрынхан “Хоббит”-ыг анхандаа зөвхөн таваас 10 хүртэлх насны хүүхдүүүдийн сонирхлыг татна гэж үзэж байв. Гэтэл хожим нь энэ ном бүх насны уншигчдын анхаарлыг татсан юм. 1938 онд  “Хоббит ирэх буцах зам ” тууж нь “The New York Times” сонины нэр хүндтэй шагналыг авч, оны хүүхдийн шилдэг номоор шалгарсан байна. Уншигчид хоббитуудын тухай үргэлжлүүлэн бичээч гэж шаардсан тул Толкин “Бөгжний эзэн” зохиолоо бичжээ. Туульсын гурван ном гарсны дараа Жон Рональд Толкин дэлхий дахинд нэрд гарав. Түүний номыг хүүхдүүд төдийгүй эрдэмтэд, гэрийн эзэгтэй нар, энгийн хүмүүс унших болсны зэрэгцээ энэ бүтээл ялангуяа оюутнуудын дунд их алдаршжээ. Түүнийг зохиолч болоход гурван найз нь онцгой нөлөө үзүүлсэн гэж судлаачид үздэг. Тэрээр Эдвард хааны сургуульд сурч байхдаа Роб Жилсон, Жеффри Смит, Кристофер Уйзмен хэмээх гурван дотнын найзтай болжээ. Энэ найзуудтайгаа цуг тэр Швейцарьт Интерлакенаас Лаутербруннен хүртэл аялсан байна. Үүнээс үүдэн Бельбио Беггинсийн манант уулаар аялсан түүх бүтжээ. Жоны бага нас байгалийн үзэсгэлэнт газар өнгөрсөн аж. Жаалхүүд олон салаа мөчиртэй үзэсгэлэнт мод, ногоон бут, цэцэг навч бүхэн гайхалтай санагддаг байсан гэдэг. Ой тойнд хадгалагдан үлдсэн бага насны тэр дүр зураг хожмын өдөр түүний зохиолын хуудсанд шингэн үлджээ. Жон Толкин бүр зургаан настай байхдаа Дундад дэлхий гэсэн үгийг бодож олсон гэдэг. Мөн хоббитуудын аж төрдөг цэцэг навч алагласан ногоон газрыг ч тэр бага насныхаа дурсамжаас ургуулан бий болгожээ. Өнгөрсөн зууны 1960-аад оны үед Толкины зохиол улам алдаршснаас гадна америкийн оюутнуудын дунд “Гендальфийг ерөнхийлөгчид дэвшүүлье”, “Дундад дэлхий” рүү явцгаае гэсэн уриалга гарч байв. Ийнхүү олны анхаарлыг татсан Гендальфыг Толкин бага насанд нь тохиолдсон нэгэн явдлаас санаа авч бүтээсэн  дүр гэдэг. Жоныг бага  байхад  хорт аалз хазжээ. Тэрээр энэ явдлыг бүүр түүрхэн санадаг хэдий ч түүнийг эмчилсэн эмч Торнтон Куимбиг дурсан сайхан санаат илбэчин Гендальфийн дүрийг бүтээсэн байна. 
“Хоббит буюу  ирэх буцах зам ” хүүхдүүдэд зориулсан уран зөгнөлт тууж хэмээн нэрлэгдэж байсан бол 1960-д оны дундуур зөөлөн хавтастайгаар хэвлэгдсэн “Бөгжний эзэн”роман  гүн гүнзгий  агуулга далд утга санаатай  насанд хүрэгчдэд зориулсан баатарлаг үлгэрийн туульс тэр үедээ ч ер бусын амжилт олоод зогсоогүй өнөө ч дэлхийн олон уншигч үзэгчдийн хайртай зохиолын нэг хэвээр байгаа.   Толкины бүтээсэн тэр гайхалтай уудам орон зайд эльфүүд хэмээх уулын ард , одой нар , илбэчин, муу санаат чөтгөрүүд амьдардаг. Утга зохиолын ертөнцөд уран бүтээл нь “Бөгжний эзэн” шиг шуугиан дэгдээвэл хэн ч  гэсэн өөрөөрөө бахархаж болох байлаа.  Харин Толкин жаргалтай байсангүй. Тэрээр “ Миний энэ зузаан ном, бие  хүний минь хувьд, гоо зүйд нийцсэн хэл яриа, жам ёсны болж чадах тийм ертөнцийг бүтээх гэсэн оролдлого юм гэж намайг ярихад хэн ч надад итгэхгүй юм. Юутай ч энэ маань үнэн зүйл юм шүү” гэж ярьж байжээ.  Үүнээс гадна Толкин гурамсан зохиолоо жинхэнэ “католик”, “ үхэшгүй мөнхөд оршихын хүслэн болон үхлийн тухай” ном хэмээн нэрлэн хоббитуудын аялалаараа гүн гүнзгий утга санаа түүхэнд үлдээсэн юм. Харамсалтай нь, Толкины ходоодны шархлаа нь сэдэрч, хүндээр өвдсөний улмаас нас баржээ.  Түүний гэрээслэл ёсоор булшны чулуун дээр  “Дундад дэлхийнх нь” гол дүрүүд Берен, Лютиэн нарын нэрийг оролцуулан Эдит Мэри Толкин Лютиэн, Жон Рональд Толкин Берен гэсэн нэр  сийлжээ. Зохиолчийн хувьд эдгээр нэр нь онцгой ач холбогдолтой байсан юм. Эльф/ойн савдаг/ Лютиэн нь үхэшгүй мөнх амьдрах ёстой хэдий ч энэ хувь тавилангаасаа гажиж,  хайрт хүндээ мөнх насаа өгдөг юм. Жон Толкин “Хөгжим намжиж, үг мартагдлаа. Сар хуучирч,нар жаргав. Шидэт хөлөг онгоцыг цаг хугацааны шуурга аваад явчихлаа. Хөрсөн зүрх сэтгэлээс минь гайхамшигийн галын дөл улиран оджээ.” гэж бичиж байжээ.  Толкиний сайн талын баатрууд эрэлхэг зориг, гэгээн бүхнийг өөртөө шингээсэн байдаг тул тэд Дундад дэлхийг нөмөрсөн аюулыг зайлуулж, харанхуйг гатлан давж чаддаг. Чухам иймээс үнэ цэнтэй бүхнийг ойн тунгалаг манан дундаас олж харан хүмүүний амьдрал мөрөөдөлтэй нарийн жимээр холбогдсон түүний уран сэтгэмжит үлгэр домгийн ертөнц мөнх орших шидтэй аж.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.42) 2018 оны 06 сарын 29

Бөрминхамь, хобит, бэгинс гэх мэтээр бичихэд одоо үед хэн ч биднийг хорихгүй шүү.

0  |  0
Top