Шадар сайд Ө.Энхтүвшин Тажикстан, Киргиз, Казахстаны Ерөнхий сайдуудтай уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо зохион байгуулагдаж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн  17 дугаар хуралдаанд оролцох үеэр хоёр талын уулзалтууд хийв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд К.Расулзодатай өчигдөр /2018.10.11/ уулзаж, Төв Азийн орнууд, түүний дотор Тажикистан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг Монгол Улс тууштай баримталж буйгаа цохон тэмдэглэсэн байна. Хоёр талын харилцааг идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагын талаар талууд ярилцаж, ХАА, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, иргэд харилцан зорчих боломжуудын тухай санал солилцсон байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мөн өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиевтай уулзжээ. Төв Азийн бүс нутагт парламентын засаглал, ардчиллыг сонгосон хоёр улсын хувьд бие биеэ харилцан дэмжих, туршлага хуваалцах зэргээр нягт хамтран ажиллаж, дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ харьцангуй тогтмолжиж, салбар хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг талууд тэмдэглээд хоёр орны найрсаг харилцааг бүхий л боломжит салбарт хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцаж, энэ үүднээс ЗГХК-ын хуралдааныг ойрын хугацаанд хийх, ЕАЭЗХ-той Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад чиглэсэн үйл ажиллагаанд киргизийн талын дэмжлэгийг авах, аялал жуулчлал, онцгой байдлын салбарт болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зэрэг тодорхой асуудлаар талууд санал солилцжээ. 

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд  Б.А.Сагинтаевтай уулзав. Хоёр улсын хоорондын харилцааны цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар талууд санал солилцов. Астана хотноо зохион байгуулагдсан Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаанаар ярьж тохиролцсон зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах шаардлагатайг Шадар сайд Ө.Энхтүвшин цохон тэмдэглэв. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай саналыг дэмжсэнд Казахстаны талд талархал илэрхийлээд, холбогдох асуудлаар цаашдын дэмжлэг үзүүлэхийг айлын талаас хүсэв. Манай улсын баруун нутгаар болсон үерийн гамшигтай  холбогдуулан Казахстаны Засгийн газраас манай улсад туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын хооронд иргэд харилцан зорчих, зорчигч тээвэрлэх боломжуудыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн асуудлаар туршлага судлах  зэрэг тодорхой асуудлыг талууд хөндөж ярилцав. 

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page