Малын хөлийн татвар буюу мартагдсан сэдэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Монгол Улс мал аж ахуйн орон хэдий ч малын хөлийн татварын бодлого байхгүй байгааг хаа хаанаа шүүмжилж ярих болсон төдийгүй энэ төрлийн хуулийн төсөл УИХ-ын чуулганаар удаа дараа ордог ч дэмжлэг авсан удаагүй.

Өнөөдөр манай мал сүргийн тоо 60 саяыг давж, өргөн уудам нутагтай ч бэлчээрийн даац хэтэрсэн, усны хомсдол үүссэн, газрын маргаан, мах сүүний чанар, үүнээс үүдсэн хүнсний аюулгүй байдалд ч нөлөөлөх түвшинд хүрч байгаа гээд хэд хэдэн асуудал бодитоор үүсчихээд байгаа. Үүнээс гадна малын тооны араас хэтэрхий хөөцөлдөж чанарт анхаарахаа больсон. Улс, аймаг, сумын сайн малчин, “Мянгат малчин” гэх цол гуншин дагасан чанаргүй тооны асуудал ч дэгдэж буй. Тэгэхээр малчдад олгож буй цолны болзолд ч анхаарах цаг нь болсон.

Мал аж ахуй эрхэлдэг орны хувьд малын хөлийн татварт анхаарал хандуулж, төсөвт тодорхой орлого төвлөрүүлдэг тогтолцоо юу юунаас чухал байна. 60 гаруй сая толгой малтай улс орны хувьд нэг толгой малд оногдох мөнгөн дүнг 1000 төгрөг гэж тооцвол төсөвт жилдээ 60 гаруй тэрбум төгрөг төвлөрөх боломж үүсч байна гэсэн үг. Өнгөрөгч 2015 онд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Хөрөнгийн албан татварын тухай хууль”-ийн төсөлд малын хөлийн татвартай болох заалт оруулж ирснийг гишүүд унагаад авсан. Түүний өргөн бариад байсан хуулийн төсөлд малын хөлийн татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг болгож, тэр мөнгөө юунд зарцуулахаа малчид өөрсдөө шийддэг байхаар тусгасан нь боломжийн санал байсан ч аанай л гишүүдийн дэмжлэг авч чадаагүй. Мөнхүү 2017 онд УИХ-ын гишүүн Л.Энхболд нараас малын хөлийн татварын хуультай болох санаачилга гаргасан ч дэмжлэг авсангүй. Үүнээс гадна “Бэлчээрийн тухай хууль”, “Бэлчээрийн эрх зүйн орчинг сайжруулах” тухай олон хууль яригддаг ч биелэлээ олсон нь үгүй. 2009 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиас малчин өрхөд хамаарах заалтыг авч хаян, малын хөлийн татварыг үгүй болгосон гэх мэт олон асуудал байдаг.

Учир нь УИХ-ын гишүүд малчдад “хайр зарлаж”, малын хөлийн татвар тогтоох тухайд байр сууриа илэрхийлдэггүй. 1990-2018 оны хооронд Монгол Улсын мал сүргийн тоо огцом өссөн хэрнээ малтай өрхийн тоо 25-30 хувь буюу 70 орчим мянгаар буурсан үзүүлэлт ч татварын сайн тогтолцоо байхгүйтэй холбоотой. Өдгөө мал аж ахуй эрхэлж байгаа 200 орчим мянган малчин өрх бүгдээрээ нийлээд улсдаа төлөх энэ мөнгө бол дундаж аж ахуйн нэгжийн эх орондоо төлдөг татвартай дүйх мөнгө юм.

“Мал төрийн хамгаалалтад байна” хэмээн Үндсэн хуульд заасны дагуу ган зуд гэх мэт байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдоход төрөөс бүхий л талаар малчдад тусалдаг ч эргээд мал сүргээс төсөвт наалдах юу ч байхгүй.  

Манай улс малаа эрүүлжүүлэх, малын үржлийн ажлыг сайжруулахад төрөөс олгодог төсөв мөнгийг жил ирэх тусам бууруулсаар өдгөө 10 гаруйхан тэрбум төгрөг л өгдөг болсон. Үүнээсээ мал зүйчдийн ажлын хөлс, багаж хэрэгсэл, вакцин, тарилга авах мөнгөө хасаад тооцохоор нэг малд дөнгөн данган 70 төгрөг л ногддог гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Тэгэхээр манай улс мах экспортлох тухайд ярилтгүй. Махны экспортоос эдийн засагт чамгүй мөнгө төвлөрч болохыг ярьцгаадаг ч мах нь эрүүл бус учраас гадныхан манайхаас мах авах сонирхолгүй байна. Өдгөөгөөс арваад жилийн өмнө ОХУ-аас манай малыг эрүүлжүүлэх зорилгоор вакцин нийлүүлж хүртэл байв.

Махны экспорт жигд буюу 20 сая толгой бог экспортлоход жилдээ таван их наяд төгрөг олох боломж байгааг мэргэжилтнүүд хэлжээ. 20 сая бог экспортод гаргахын тулд юуны өмнө эрүүл байлгах учиртай. Нөгөө талаар малын чанарт анхаардаг болно гэсэн үг. Малын тоо толгой гэхээсээ илүүтэй нэг малаас гарах ашиг шимд илүү анхаарал тавина гээд олон давуу тал бий. Статистикаас харахад дотоодын хэрэгцээнд жилдээ 10 сая толгой мал хэрэглэдэг байна. Тэгэхээр дотоодын хэрэгцээнд 10 сая, экспортод 10 сая толгой мал гаргана гэхээр бэлчээрт ч эдийн засагт ч үлэмж хэрэгтэй.

Монгол Улс жилдээ дунджаар 15 сая төл хүлээн авдаг гэхээр зарлагаа нөхөөд малын тоонд бус чанарт анхаараад ирэхээр тал талдаа ашигтай гэдгийг дурдажээ. Энэ бүх зүйлийг хийхэд хууль эрх зүйн орчин, сайн тогтолцоог зайлшгүй хэрэгтэй болж байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.116.4) 2019 оны 11 сарын 06

малын хөлийн татвар авах нь зөв. Хуучин Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэг зүйл заалт болон Малчин, мал бүхий иргэний татвар хэмээн авч байсантай адилаар энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан авах нь зөв зүйл юм. Татварын хэмжээг нь малын тоог хонин толгойд шилжүүлэн бүсчилсэн байдлаар хуучин хэмжээнээс нь 2-2,5 дахин өндөр тогтоож ногдуулах нь зүйтэй. Ингэнээр малчин, мал бүхий этгээдүүд ашиг шим багатай олон тооны малаас татгалзаж ашиг шим өндөр чанартай цөөн тооны малтай болох нөхцөлийг бүрдүүлнэ. Малын тоо толгой цөөрсөнөөр бэлчээрийн даац, цөлжилт зэрэг асуудлууд шийдэгдэнэ

0  |  0
зочин(66.181.160.55) 2018 оны 10 сарын 22

Малын хөлийн татвар авах нь зөвөө.Татвар авахаар малын тоо бодитоор гарна.Тэр татвараар малаа эрүүлшүүлж экспортоо нэмэгдүүлснээр малчдын орлого өсөх болно.

0  |  0
зочин(202.9.41.214) 2018 оны 10 сарын 22

Маш их мал бѳѳн ѳвчин. Тѳр мѳнгийг нь гаргаж жил бүр эрүүлжүүлэх арга хэмжээ авна. Бас бѳѳн будиан. Санаатай зохиомол мѳнгѳ хийх зах зээл. Нэг ч тѳгрѳгний нэмэргүй малаасаа дор малчид! Мал нь ѳсѳѳд л хүн амаа ѳсгѳх бодлого бодит ажил байдаггүй. ээ. Малаас нь татвар аваад хүн амаа ѳсгѳх бодлого барьж болдоггүй юм байх даа.

0  |  0
Хар(202.70.37.2) 2018 оны 10 сарын 22

ХААН банкинд малаа барьцаалж зээл авахын тулд хүний мал тууж ирэн өсгөж тоолуулдаг. Багын засаг даргатай хуйвалдаж малаа нэмж тоолужлан 1000т малчин болдог

0  |  0
зочин(103.26.195.240) 2018 оны 10 сарын 22

одоо хамгиин баян хүн малчид болсон байна энэ хэдэн дуракууд өөрсдөө сонгогдохын төлөө иим балиар юм хииж байгаа байхгүй юү

0  |  0
Top