ТОМИЛОЛТ: Монголын хоккейн холбоо шигшээ багтаа ОХУ-ын зургаан тамирчинг урьжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Манай улсад хоккейн спорт 1953 оноос хөгжиж эхэлсэн билээ. Монголын хоккейн холбооноос жил бүр Улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчдын болон клуб хоорондын тэмцээн, өсвөрийн хоккейчдын фастиваль болон Л.Болд сангийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулж байна. Үүнээс гадна олон улсын чанартай тэмцээнүүдэд шигшээ багаа илгээж, амжилт үзүүлж байгаа аж. Тухайлбал, Монголын хоккейчид Азийн аварга шалгаруулах "Challenge cup" тэмцээнээс дөрвөн хүрэл, нэг мөнгө, нэг алтан медалийг аваад байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ жил хоккейн шигшээ багийнхан дээрх тэмцээнээс алтан медалийг эх орондоо авч ирсэн билээ.


Монголын хоккейн холбоог УИХ-ын гишүүн Б.Жавхлан 2016 оноос хойш удирдаж байна. Тэрбээр өнгөрсөн бямба /2018.10.20/ гарагт Дархан-Уул аймагт хэвлэлийнхнийг хүлээн авч, холбооныхоо үйл ажиллагааг танилцуулсан юм.  Монгол Улсын хэмжээнд 28-хан мөсөн талбай байдаг аж. Үүний хоёр нь л хуванцар хашаатай, үлдсэн 26 нь модон хашаатай юм байна. Энэ нь шаардлага хангадаггүй талаар Хоккейн холбооны тэргүүн Б.Жавхлан хэллээ. Тэрбээр "Бид хоккейн шигшээ багтаа ОХУ-ын зургаан тамирчинг урьсан. Одоогоор бичиг, баримт дээр нь ажиллаж байна" гэв.


Энэ жил хоккейн спортоос анхны Гавьяат дасгалжуулагч төржээ. Хоккейн спорт нь хөрөнгө их шаарддаг. Хувцас, хэрэгсэл нь л гэхэд хамгийн багадаа 100 ам.доллар байдаг. Гэхдээ манай улс хоккейн спортоо илүү их хөгжүүлэхийг хүсвэл өвлийн битүү ордонтой болох ёстой талаар Б.Жавхлан гишүүн хэллээ. Тэрбээр "Хоккей өвлийн биш заалны спорт болчихсон. Манай улс ч гэсэн өвлийн битүү заалтай болохгүй бол энэ спорт хөгжихгүй. Дээр нь шүүгч, дасгалжуулагчийн асуудал их хэцүү. Гаднаас чадварлаг шүүгч, дасгалжуулагчдыг урихаар хамгийн эхэнд өвлийн битүү заалтай юу гэж асуудаг. Тэр ч битгий хэл, ямарваа нэгэн олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэхээр дээрх асуултыг л бидэнд тавьдаг. Хэрэв бид ордонтой болчихвол хоккейн спорт хөгжиж, асуудлыг шийдэхэд хялбар байх болно" хэмээн уулзалтынхаа үеэр ярьсан юм.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д Баасанжав(202.9.43.196) 2018 оны 10 сарын 22

Хурдан битүү заалтай л болооч яриад л байраар хэдэн тамирчин бор зүрхээрээ л яваад ямар их амжилттай байгаа билээ 1953 оноос одоог хүртэл битүү ордонгүй 55 н жил арай сэтгэлгүй юм бишүү

0  |  0
like(66.181.180.168) 2018 оны 10 сарын 22

Sain tsag aisyi

0  |  0
Top