“Титаник II” 2022 онд аялалдаа гарна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Одоогоос 116 жилийн өмнөд Умард Атлантын тэнгист мөсөн уул мөргөн сүйрсэн Титаник хөлгийн орчин цагийн хувилбар болох “Титаник II” ирэх 2022 онд анхны аялалдаа гарахаар болжээ. USA Today сонинд мэдээлснээр 2400 зорчигч, хөлгийн багийн 900 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны дөрөвдүгээр сард Саутемптоны боомтоос хөдлөх юм.

Анхны аялал Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотоос АНУ-ын Нью-Йорк хот хүртэл хоёр долоо хоног аялахаар төлөвлөгдсөн байна. Англид төвтэй “Blue Star Line” компанийн зохион бүтээж буй “Титаник II” хөлөг нь тансаг зэрэглэлийн, сүүлийн үеийн технологиор өвч тоноглогдсон, байр зүйн сүүлийн системд холбогдсон байх ажээ. “Титаник II” хөлгийг нийт 500 сая ам.доллароор бүтээж байгаа юм.

“Титаник” хөлгийн хоёр дахь хувилбараар нэгдүгээр зэрэглэлд багтан зорчих хүсэлтэй зорчигч 105.1 мянган ам.доллар төлөх тооцоо гарчээ. Титаник хөлөг осолдсоны 100 жилийн ойгоор анх Титаникийн хоёр дахь хувилбарыг зохион бүтээх тухай мэдэгдэж 2017 онд анхны аялалдаа гарна гэж тооцоолсон ч санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оныг хүртэл хойшлуулахаар болсон юм.

Алдарт Титаник хөлөг 1912 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 23:40 цаг орчимд Умард Атлантын орчимд мөсөн уул мөргөсөн бөгөөд  дөрөвдүгээр сарын 15-ны 02:20 цагт бүрэн сүйрсэн билээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top