Гудамжны ”тэмцэл” ямар ашиг сонирхлыг төлөөлж эхлэв?

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

Төрийн ордонд АН “үргэлжлүүлэн ажил хаях”-аа мэдэгдэж, үүнтэй дөрөө харшуулан Төрийн ордныг тойрсон автомашинтай жагсаал өчигдөр эхлэв. Шаргал ордны гадна дотно өрнөж буй үйл явдлын хэлбэр дүрс нь өөр боловч агуулга, зорилго нь нэг гэж харж болохоор. Сөрөг хүчний гадна дотно өрнүүлж байгаа үйл явдлыг шатахуун импортлогчид сэм далдаас уухайлж, ард түмэн бодит байдалд эвлэрсэн ийм өдөр үргэлжилж байна.

Магадгүй, энэ нь автомашинтай жагсагчдын зүгээс гаргасан үйлдэл биш байх, сөрөг хүчин, шатахуун импортлогчдын хамтарсан ажиллагаа гэх хардлага нийгэмд бий боллоо. Нэгдүгээрт, цагийн цагт татвар тэглүүлэх, татаас авах, шатахууны зохиомол хомсдол үүсгэх зэргээр төр, иргэдэд элдэв шантааж үзүүлж, асар их ашгийн төлөө хэнтэй ч өвөртөө орох хүмүүс учраас энэ хардлага үнэн байх магадлалтай. Хоёрдугаарт, УИХ-д арав хүрэхгүй суудалтай сөрөг хүчинд улстөржихөөс өөр ажил алга. Гэхдээ АН хийх ажилгүй ч “ажил хаяж” байгаагаа Төрийн ордонд зарлах цаг хугацаатай жагсагчдын уухай нэгдэж байгаа нь хардах шалтгаан болсон. Тэгээд ч АН-ын хувьд эрх баригчдын үйл ажиллагааг харлуулж болох бүхий л аргыг хэрэглэж байна. Тэдэнд улс эх орны эрх ашиг, нийгэм эдийн засгийн байдал тийм ч асуудал биш, гагцхүү өөрсдийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих нь ойлгомжтой. Гуравдугаарт, сөрөг хүчний захиалгаар жагсаал цуглаан зохион байгуулдаг, тэднээс санхүүждэг бүлэг нөхөд байна уу гэж олон удаагийн үйлдлээс ажиглагдаж байна.

Үүгээр ч зогсохгүй судлаачид дэлхий нийтэд “Ардчиллын сан” гэж нэг зүйл бий, үүнээс манайхан ч санхүүжиж байна гэх таамаг дэвшүүлсэн нь бас л бодолцох асуудал. Уг нь төрийн эрх барих дээд байгууллагад сонгогчдын итгэл хүлээн орж ирсэн үүрэгт ажлаа хаяж, түүнийгээ үргэлжлүүлнэ хэмээн дахин дахин мэдэгдэх нь УИХ-д бүлэг төлөөлж байгаа намын хувьд тийм ч зохистой ажил биш.

Төрийн эрх барих дээд байгууллагад суудал зэрэгцэн улс эх орны нэрийн дор ард түмний төлөө ажиллах үүрэг хүлээсэн сөрөг хүчин улирч буй энэ онд хэд хэдэн тэмцлийг өрнүүллээ. Тодотгож хэлбэл, төр, ард түмнийхээ эсрэг гэмээр акцыг “эх орон, ард түмнийхээ өмнөөс” хэмээн зохион байгууллаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, туйлдсан эдийн засгаа аврах гэж яваа эмзэг цагт багш нарын цалинг нэмэх шаардлага удаа дараа тулгаж, сүүлдээ орон даяар багш нарыг ажил хаяулж чадав. Энэ ажилдаа Үйлдвэрчний эвлэл гэх олон жилийн түүхтэй байгууллагыг ч татан оролцууллаа. Дашрамд дурдахад, Үйлдвэрчний эвлэл хэмээх байгууллага сүүлийн жилүүдэд хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээсээ хазайж “хөдөлмөрчид, ажилчид” нэрийн дор сөрөг хүчний ажлыг улс төрийн гортигны гадна гүйцэтгээд байна уу гэх хардлага ч бий.  

ОУВС-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр шатахуун түлшинд оногдуулаад байсан албан татварыг тэглэх тухай асуудлыг АН-аас Төрийн ордонд дэлгэж байхад хаяа дэрлэн орших Үйлдвэрчний эвлэлийн байранд энэ тухай эсэргүүцэл зарлаж, хажуу талбай дээр өнөөх “тэмцэгчид” гарч ирснээр аргагүй мухардал үүсгэсэн. Улмаар онцгой албан татварыг тэглэж, гэрээ зөрчсөн асуудал ОУВС, Засгийн газар хооронд өрнөөд авсан. Одоо чухам ямар гээч ашгийн төлөөх тэмцэл өрнүүлж байгааг дараа дараагийн үйл явдал харуулах байх. Сөрөг хүчний явуулж буй улс төр сүүлдээ дотоодоос хальж, олон улсын сонорт хүрэх аюултай. Бидэнд тулгамдаж байгаа гол асуудал бол эдийн засгийн таагүй байдлаас гарах, үүний тулд гадна дотны зээл тусламж, хөрөнгө оруулалт. Үүний хамгийн тулах цэг бол олон улсын өмнө хүлээх итгэл найдвар, улс төрийн тогтвортой байдал юм. 

 С.Ууганбаяр

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top