ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ: ”Туушин” зочид буудал өөрсдийн зардлаар тохижилтоо хийж байгаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

 ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ХАВАР ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ 

Нийслэл хотын төлөвлөлт төлөвлөгөөний дагуу яваагүйн тод илрэл нь явган хүний зам, гарц, нийтийн эзэмшлийн зам талбай хааж, түрж барьсан барилга, хашааны байдлаас харагддаг. Энэ бүхнийг цэгцлэх, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/809 тоот захирамжийн хүрээнд “Явган зам” аян өрнүүлсэн. Аян ч үр дүнгээ өгсөн гэдгийг албаныхан хэлж, иргэд ч дэмжиж байна. Зам чөлөөлөх ажил үргэлжилж байгаа. Бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөх ажлууд ч мөн хийгджээ. Нийслэлд 2018 онд өрнөсөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас Сэлбэ, Баянхошуу дэд төвүүд, авто зам, замын байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 96 байршлын 1841 нэгж талбарын 220 га газарт газар чөлөөлөлт хийж, дуусах шатандаа орсон байна. Улаанбаатар хотын явган хүний зам талбайг ирэх 2 жилд 3-5 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Нийт 10 байршлын 15 гудамж замд 9771 м/кв талбайд стандартын шаардлага хангасан зам талбай хийж гүйцэтгэжээ.

НИЙСЛЭЛД 187 БАЙРШИЛД ГАЗАР ЧӨЛӨӨЛЖЭЭ

Өнгөрсөн хугацаанд хугацаатай албан шаардлага өгөөд биелүүлээгүй нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрладаг “Туушин” зочид буудлын явган хүний зам хааж барьсан зам шатыг энэ оны аравдугаар сарын 16-ны өдөр, мөн “Авзага” ХХК-ийн явган хүний зам дээр барьсан хашаа, Чойжин ламын сүм музейн барилга, хашаанд тулгасан барилгын газар, Нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газар орчмын явган хүний замд тулгаж барьсан хашаанууд, “Өгөөж” ХХК-ийн урд барьсан хашаа зэрэг нийт таван байршил, Баянзүрх дүүрэгт “Натур” худалдааны төвөөс Нарны зам уруу холбогдох зам дагуу явган хүний замд тулгаж барьсан зургаан хашаа, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд явган хүний зам дээр байрлуулсан зөөврийн граж зэргийг албадан буулгажээ.

Нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 37 байршилд авто зам, гүүрэн байгууламж, явган хүний замын зориулалтаар газар чөлөөлж байна. Үүнээс, газар чөлөөлөлт бүрэн дууссан 26, энэ жил хэрэгжихгүй учраас газар чөлөөлөлт хийгдээгүй 9, дуусах шатандаа орсон хоёр ажил байна. Дээрх хоёр ажлаас нийт 10 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж буй. Өнгөрсөн хугацаанд зургаан дүүргийн хэмжээнд нийт 257 орц гарц, зам, талбайг чөлөөлөхөөр судалгаа гаргаснаас 187 байршлын газар чөлөөлөлтийн ажил хийгдээд байгаа ажээ.


Ц.ШИЖИР: “ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ ӨӨРСДИЙН ЗАРДЛААР
ТОХИЖИЛТОО ХИЙЖ БАЙГАА

Газрыг албадан чөлөөлөхөд тухайн байгууллагын эд хөрөнгөнд дур мэдэн халдлаа гэсэн ойлголт иргэдийн дунд гардаг. Нийслэлийн Газрын албатай холбоотойгоор албадан газар чөлөөлүүлсэн байгууллагуудаас ямар нэгэн байдлаар гомдол, санал шүүхэд гаргасан тохиолдол гараагүй байна. Нийслэлийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс “Явган зам” аяны талаар тодрууллаа.


-“Явган зам” аяны хэрэгжилтийн талаар та мэдээлэл өгнө үү?

-Аяны хүрээнд  багагүй ажил хийгдсэн. Аравдугаар сард Нийслэлийн Засаг дарга энэ ажлыг эрчимжүүлэх чиглэлээр захирамж гаргасан. Гол онцлог нь чөлөөлсөн газруудад тохижилтын ажлыг шууд хийж байгаа явдал. Иргэд шууд зорчих боломжтой болсон. Нэгдүгээр төрөх орчим, "Эм-Жи-Жи" эмнэлгийн орчинд их хүнд байсан. Одоо иргэд чөлөөтэй зорчдог болсон. “Натур” төвийн урд талд явган зам гаргасан, Улаанбаатар зам засвар, арчлалт компанийнхан тохижилтын ажлыг хийж байна. ХХААХҮЯ-ны урд талд барилга барьсан хэсэгт газар чөлөөлсөн. Энэ мэт хийсэн олон ажил бий. 

-Хэдэн газар албадан буулгалт хийсэн бэ?  

-Дилав Хутагт Жамсранжавын гудамжинд  тохижилт хийгдэж байна. Нийт 20 орчим байгууллагын газрыг албадан чөлөөлж, явган хүний зам гаргасан. Иргэдээс ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгаагаар 110 орчим байршлыг тодотгож, ажил эрчимтэй явагдаж байгаа. Хүйтний эрч чангартал албадан чөлөөлөх ажил үргэлжилнэ.

-Газар албадан чөлөөлөхдөө урьдчилан мэдэгддэг үү?   

-Газар төрийн өмч. Тодорхой хугацаанд гэрээгээр эзэмшиж буй байгууллагууд бүтээн байгуулалт хийдэг. Ингэхдээ хууль, дүрмийнхээ хүрээнд, кадастрынхаа зургийн дагуу ажлаа хийх ёстой. Явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай уруу оруулж байшин, барилгаа барих нь хууль зөрчсөн үйлдэл. Эзэмшил газраасаа илүү гаргаж барилга барьсан, тэр зөрчлийг нь арилгаж байгаа юм. Бид шууд очоод хүчээр нурааж, буулгаагүй. Албан мэдэгдэл хүргүүлж, өмч хөрөнгөө эвдүүлж, сүйтгүүлэхгүй, бүрэн бүтнээр нь авах боломжийг олгодог. Хугацаандаа шаардлага биелүүлэхгүй байгаа учраас албадан буулгадаг.

-Хохирол нэхэмжилж  байна уу?

-Мэдээж хэрэг, шүүхэд хандах нь нээлттэй. Гэхдээ төрийн зүгээс явуулсан албадан буулгах арга хэмжээнд хууль зөрчсөн үйлдэл нэг ч байхгүй. Хуулийн дагуу л ажилласан. Энэ ажил цаашаа үргэлжилнэ. Зарим тохиолдолд кадастрын зургийнхаа дагуу барьсан байгууламжийг ч зохих хэмжээнд татуулах ажил хийгдэж байна.

-Эсэргүүцэх хэсэг байхад дэмжиж байгаа байгууллага ч бий болов уу?

-Иргэдийн талархлыг хүлээж байна. Зарим байгууллага өөрсдийнхөө санал, санаачлагаар газраа чөлөөлдөг. Тэдгээр байгууллагад талархал илэрхийлье.

-“Туушин” зочид буудлын газрыг албадан чөлөөлөх үеэр тэрбумаар үнэлэгдсэн тохижилтыг буулгалаа гэсэн зүйл яригдаж байсан. Тэдний зүгээс ямар нэгэн гомдол гаргасан уу?

-Тийм зүйл болоогүй, шүүхэд хандаагүй. Харин “Туушин” зочид буудлынхан өөрсдөө хүсэлт гаргаж, байгууллагынхаа хөрөнгөөр чөлөөлсөн газарт  тохижилтын ажлыг хийж байгаа.  Төрийн байгууллагын зүгээс тохижилтыг стандартын дагуу хийж байгаа эсэхэд хяналт тавина.

-Худалдаа хөгжлийн банкинд нийслэлийн Газрын албанаас мэдэгдэл хүргүүлсэн. Газраа чөлөөлсөн үү?

-Явган хүний зорчих хэсэгт зам чөлөөлсөн. Баруун болон хойд хэсэгтээ гарц гаргасан. Ер нь, газар чөлөөлсөн аж ахуйн нэгж өөрийн зардлаараа тохижилт хийх ёстой.

-Газар чөлөөлөх ажил хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Одоо хүйтэрч байна. Хүйтний эрч чангартал чөлөөлөх ажил хийгдэнэ. Судалгаа, зардал мөнгөний тооцоо, зураглал зэргийг  нарийвчлан хийсний дараа хавар чөлөөлөлтийн ажил үргэлжлээд явна.


ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ БА ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ

Албаны хүн ийм тайлбар өгч байна. Газар чөлөөлөлтийг аж ахуйн нэгж байгууллагууд дэмжиж буй нь талархууштай. Харин иргэд ямар бодол, саналтай байдаг бол... Энэ талаар зарим иргэний саналыг сонслоо.

Н.ЛХАГВАБҮРЭН: ЭРТ ХИЙХ БАЙСАН АЖИЛ  

(Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн)

-Явган хүний зам чөлөөлөх ажлыг аль эрт эхлэх байсан шүү дээ. Хотын өмнөх удирдлагууд яагаад зориглож хийдэггүй байсан юм бол. Явган хүнийхээ замыг чөлөөтэй болгоод өгөхөөр зорчигсдын тоо нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад машины түгжрэл ч багасна гэж боддог. Олон улсын жижиг ийм. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын явган хүний зорчих зам талбайтай эн зэрэгцэхээр хийдэггүй юм гэхэд иргэд сэтгэл тааламжтай зорчихоор болгоход л хангалттай.

*          *          *

М.Туул: ШААРДЛАГА ҮР ДҮНД ХҮРЧ БАЙНА

 (Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн)

-Манай 14 дүгээр байрны нийтийн эзэмшлийн газарт Худалдаа хөгжлийн банк хууль бусаар хашаалж газар авсан. Оршин суугчид эсэргүүцээд, удаж байгаа. Нийслэлийн Газрын албанаас мэдэгдэл хүргүүлсэн гэж сонссон. Ямартаа ч манай байрны  урд хэсэгт тулгаж барьсан хашаагаа татаж, явган хүний зам гаргасан. Мөн баруун талдаа газар бага зэрэг чөлөөлсөн байна. Гэхдээ хашаан дотор бүтээн байгуулалтын ажил зогсолтгүй үргэлжилж байгаа шүү дээ.

*          *          *

Д.Бат-Эрдэнэ: ГЭР ХОРООЛОЛД Ч ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ

(Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэн)

-Нийслэлийн Газрын албанаас явган хүний зам хааж барьсан барилгуудыг зохих хэмжээнд газраас чөлөөлж байгааг зөв ажил гэж бодож байна. Улаанбаатар хотод барилга, төлөвлөлт үнэндээ ямар ч зохион байгуулалтгүй болсон шүү дээ. Цаашлаад гэр хороололд ч ялангуяа төв зам дагуу явган хүний замд тулгаж байшин, барилга барьсан, хашаа татсан байдаг. Энэ бүгдийг нэгэн жигд чөлөөлөх хэрэгтэй.

*          *          *

Иргэд ийнхүү санал бодлоо илэрхийлж байна. Нийслэлийн Газрын албаны мэргэжилтний хэлснээр газар албадан чөлөөлөхөд гомдол гаргасан аж ахуйн нэгж байхгүй бололтой. Газрын алба газар чөлөөлөхдөө урьдчилан мэдэгддэг. Харилцан ойлголцолд хүрч тухайн байгууллагаар тохижилтын ажлыг хийлгэх тохиолдол ч байна. Газрыг албадан чөлөөлөхөд гарсан зардлыг тухайн байгууллагаар төлүүлэх ёстой. Энэ нь өнөөдөр чөлөөлөөд, маргааш нь төлбөрөө “май” гээд өгчихнө гэсэн ойлголт биш аж. Нийслэлийн Газрын албанаас албан ёсоор шүүхэд хандаж, хууль, дүрмийн дагуу шийдвэрлүүлдэг ажээ.

Д.ДАМДИН  

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.31) 2018 оны 11 сарын 09

Энэ ажлаа цаашид үргэлжлүүлж явган хүн явах замыг нээж өгөөрэй!

0  |  0
Иргэн(202.126.89.31) 2018 оны 11 сарын 09

ЭНГИЙН АРД ИРГЭДЭЭ БОДСОН МАШ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ ЗОРИГТОЙ ХӨДӨЛЖ БАЙНА. ЯЛАНГУЯА ХҮҮХДҮҮДЭД ЭЭЛТЭЙ БОЛНО.

0  |  0
иргэн(64.119.18.245) 2018 оны 11 сарын 08

явах өргөнтэй зай үлдээсэн. бас ч гэж ганц хүний өргөн үлдээсэн нь их юм гэж. бас болоогүй өнгөрсөн хавар хаалгаа төмөрлөөд нөгөөх хаалга нь онгойхдоо ганц хүний явган замаа хааж тэр хаалгыг тойрч гарах гэж бас л автомашины замруу бууж араас ирэх машинд шүргүүлэнгээ алдаж жолоочид нь элдэвээр хэлэх зэрэг аймшгийн үйл явдал их болж бсн.дүүргийн газрын албанд очиж баахан учирлаж гомдол гаргаж хэдэн өдөр болж байж нөгөө доороос хаалгыг нь богинсгож хаалга нь ханаруугаа шахаж онгойдог болсон. тэгээгүй бол хэдэн ч хүн машинд няцлуулөх бсн юм бүү мэд. эзэн нь гэж тэнэг малнууд хэлэхээр зугатаад .

0  |  0
иргэн(64.119.18.245) 2018 оны 11 сарын 08

бзд зүүн 4 зам орос эмнэлэгийн баруун талд явган замруу орсон гуанз хашаа бна явган зам ердөө эз см ганц хүн л явах өргөн өөдөөс ирсэн хүнтэй зөрөхийн тулд уруудаж буй машинтай зэрэгцээд сөрөөд алхана.маш аймшигтай .нөгөө төлд нь орос эмнэлгийн хашаа тай. хашааг тулгаад автозам бий.ингээд явган зам нь ганц хүниийх. монголд автомашинтай хүнийг их хайрладаг явган хүн яах нь машинтай хүнд дарга даамал мэргэжлийн хяналтын байцаагч болон дүүргийн газрын мэргэжилтэнүүдэд огт хамаагүй юм. уг нь тэр гуанз автозамаас овоо ц м зайтай байсан чинь шунал нь шулам болсон эзэд нь явган замыг шахаад ганц хүн

0  |  0
Зочин(182.160.36.179) 2018 оны 11 сарын 08

Манай хот төлөвлөлт гэж нэг дампуурсан ажил байдгаас иргэд хохирч үлддэг.Нөгөө хотын газрыг хууль бусаар цөлмөж байх үед даан ч гэж харамсмаар зүйл их хийгдсэн.Маш яаралтай зам гаргахъолон газрууд бий.Хамгийн хамгийн эхэнд багшийн дээдийн зүүн талд сонор плазагийн зүүн талаар явсан замыг хөгжим бүжгийн урд замтай шууд холбомоор байна.ийм заи гаргахыг шуурхайлна уу

0  |  0
Иргэг(182.160.36.179) 2021 оны 04 сарын 13

Энэ бол нөгөө нэргэсэн хойно нь хашгирав гэдгийн үлгэр л дээ.Анхнаасаа ингэж давраахгүй газрын алба мэрэгжилийн хяналтынхан ажлаа хийхгүй байсны тод жишээ.Туушин шиг ашиг л олж байвал бидэнд ямар хамаа байна гэсэн дээрэнгүй шуналтай байгууллагуудыг хашраагаад өгөх хэрэгтэй.Замд тулгаад байгууламжаа барьчихсан ийм бүдүүлэг зочид буудалд нэр хүндтэй зочид буулгаж эх орноо гутаагаад яахав.Үүнээс олон сайхан буудлууд байж л байна.Тэгж ярих юм бол энэ барилга угаасаа дүрэм зөрчиж баригдсан шүү гэдгээ бүү мартаарай.

0  |  1
Зочин(122.201.28.7) 2018 оны 11 сарын 07

Ус сувагийн хойд талд явган хүний зам дээр барьсан барилгыг хэзээ буулгах вэ

0  |  0
ariutgagch(103.26.193.40) 2018 оны 11 сарын 07

oron suutsni dundah grashuudig tsegtsleh heregtei bnaa gresh gej heleheesee il zadgai bie zasah gazar bolson bna hajuugaar ni yavahad uner tanar ni ih hetsuu zarim humuus ni muurch unaj bnaa

0  |  0
Дорлиг(66.181.178.166) 2018 оны 11 сарын 07

ХААЯ-наас урагш 59-р цэцэрлэгийн урд ЛИОНС гэдэг янханы буудал явган хүний зам хааж төмөр хашаа барьсанаас хүүхэд автозам дээгүүр амь дүйн явж байна. Энэ хашааг хэзээ буулгах вэ.

0  |  0
S(202.179.26.236) 2018 оны 11 сарын 07

GADUUR YAVAH MASH HETSUU BAINAA HAA SAIGUI HASHAA HARUUL SHORON YUMUU HAASHAA YUM BE

0  |  0
ХҮН(202.21.102.226) 2018 оны 11 сарын 07

орон сууц дунд байгаа тоосгон гражуудыг буулгаасай. Хогийн цэг, бие засах газраар олон жил ашигласан бололтой. Хажуугаар нь гарахад нүд аргаж хамар .... яах юм

0  |  0
ЧД-н 3-р хороо(202.9.42.28) 2018 оны 11 сарын 07

ЭТНО-ны зүүн хойд талын цэцрлэгийн өмнөх машин болон явган замыг хааж барьснгуудыг чөлөөл. Хүүхдүүдэд хэцүү байна

0  |  0
хүүхэд(182.160.35.4) 2018 оны 11 сарын 07

мөнгөнзавьяа хүнсний 20 -ийн баруун талын залгаа өргөтгөлийг буулгаж явган зам гаргаачээ.

0  |  0
irgen(202.72.245.122) 2018 оны 11 сарын 07

er in gazar chuluulsun in zuv sh de. Odoo ene Tumur zamin uidirdah gazrin hoid zamin heseg gazar ba aa, baahan ginj uya bolson Center pub, Mister ch bil uu Mix ch biluu pizza Ene haviig hzee yanzlah ve, Hend urgudul gomdol gargah ve ?????

0  |  0
Зочин(103.10.21.52) 2018 оны 11 сарын 07

Урьдах засгийн газар уулзвар замуудыг өргөтгөж шинэчлэх арил их хийсэн шүү Эр зоргийн гэх тодотголтой уулвар нилээн хэд байсан шүү Харин энэ засгийн газар одоо явган хүний зам чөлөөлөх талаар ажил хийж буй нь сайшаалтай Бид явган хүний гарцгүйгээс хүн машин нь адил асфалтан замаар зорчиж байх юм Ер нь энэ ажлыг гэр хороололд ч хийх хэрэгтэй шүү

0  |  0
Иргэн(202.55.188.45) 2020 оны 04 сарын 13

Хотын дарга Су Батболд ийм тэнэг юм хийхээ болимоор юм Одоо имй хямралтай нураах биш байгаагаар нь зохицоод явах чухал ш дээ Юм нураах нь бүгд баярлаад байдаг ард түмнийг ээ халаг минь л гэхээс Урд нь зохицоод болоод байсан зүйлийг засаж тордоод тухайн орчинд зохицуулалт хийх хотын захиргааны үүрэг баймаар юм

0  |  1
Зочин(66.181.170.130) 2018 оны 11 сарын 07

БЗДийн Офицеруудын ордны урд талд байрлах Шунхлай шатахуун түгээх газар болон баруун талд байрлах жижиг цайны газрын явган хүн явах замыг чөлөөлүүлж өгнө үү.

0  |  0
зочин(103.14.38.130) 2018 оны 11 сарын 07

хийж байгаад нь баярлалаа гэж хэлэхийн оронд эрт эхлэх ёстой байсан ч гэх шиг. эхлээгүй бол дуугүй байж байсан байх да хөөрхий

0  |  0
Top