ЦУВРАЛ lll: ”Гацуурт”-ын 34 хувийг МАРТСАН Монгол төрийн ой санамжийг ХЭН сэргээх вэ?

“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд байсан “Гацуурт” төсөл Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид зарагдсан үйл явцыг аль өнцгөөс харах нь манай улсын эрх ашигт нийцэх вэ гэдэг асуудал гарч ирж буй. Хөрөнгө оруулагч чухал. Гэхдээ 34 хувь нь УИХ-ын тогтоолын дагуу Монгол төрийн мэдэлд шилжээд хоёр жил өнгөрсөн “Гацуурт” төслийн тухайд бид чимээгүй байх ёстой юу. УИХ-ын 14 дүгээр тогтоолоор төрд тодорхой хувь нь шилжсэн атал төр засгийн зүгээс энэ ил юм шиг хэрнээ “чимээгүй” хэлцэл, наймаатай холбоотой тодорхой байр суурь илэрхийлэхгүй өнөөдрийг хүрсэн нь анхаарал татна. Тиймээс ч “Гацуурт”-ын 34 хувийн эзэн ТӨР чимээгүй байх ямар шалтгаан байж болох вэ гэдгийг бид тодруулж харахыг хичээж байна.

“Сентерра Гоулд” Монголоос гарах болсноо зарласантай зэрэгцэн манай сайт уг асуудлын талаар цувралаар мэдээлж байгаа. “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр, “Гацуурт” төсөл болон бүх өр төлбөрөө OZD ASIA PTE компанид шилжүүлээд явж буйгаа компанийн зүгээс мэдэгдсэн. Тэгвэл 2008 оноос хойш 2016 оныг хүртэл улс төрийн түвшинд тохироо хийгдэж, тодорхой шийдвэрүүдийг гаргуулж чадсан ч иргэний нийгмийн байгууллагын нэхэмжлэлтэй шүүхийн маргааны улмаас гацахад хүрсэн “Гацуурт” төслийг байгуулагдаад гурван сар ч болоогүй, Э.Дөлгөөн захиралтай OZD ASIA PTE компани хөдөлгөж чадах уу? Хэрэв чадна гэсэн итгэлтэйгээр 35 сая ам.доллараар худалдаж авсан бол чухам ямар үндэслэлүүд байж болох вэ? Хууль тогтоох дээд байгууллага хийгээд Засгийн газар нь “Гацуурт”-ыг “Сентеррагоулд Монголия” ХХК-тай хамтраад эргэлтэд оруулъя гээд байхад ҮГҮЙ гэж эрс эсэргүүцсэн ТББ-тай тохиролцож чадах уу. Эсвэл багагүй хугацааг эсэргүүцлийн туг барьж өнгөрөөсөн “Ноён уулаа аваръя” зэрэг хөдөлгөөнүүд “номхрох” нөхцөл тэдний наймаатай хамт яригдсан уу? Өнөөгийн улс төрийн орчинд “Гацуурт” төслийг хөдөлгөх хөрөнгө оруулалтын гэрээг цэглэх боломж бий юу? Ерөнхийлөгчийн зүгээс “Сентеррагоулд Монголия” ХХК руу чиглэсэн мэдэгдлүүд хийж байсан нь, өнөөдрийн эзэн OZD ASIA PTE компанитай холбогдох уу? гэхчлэн олон асуудал анхаарал татаж байна.

Энэ мэт олон асуултад хариу олохын тулд эхний ээлжинд төр засгийн, холбогдох яам, газруудын байр суурийг тодруулах ёстой. Хоёр компанийн хоорондын хэлцлээр хийгдсэн наймааны хөлд төрийн мэдлийн 34 хувь үрэгдчихэв үү, хааччихав гэдэг асуудлыг бид төр засгийн байгууллагуудаас асууж, тодруулахыг зорьсон.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нараас манай сэтгүүлч уг асуудлаар тодруулахад, “Гацуурт”-ын орд Стратегийн орд мөн эсэхэд, 34 хувь нь төрийн мэдэлд бий эсэхэд эргэлзэж, бичиг цаас нягталж үзье гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Мөн УУХҮ-ийн сайд “Сентерра Гоулд” компанитай холбоотой асуудлаар нарийн мэдэж байгаа зүйл алга гэж ярьсныг тодотгоё.

Тэгэхээр төр тодорхой хувийг нь эзэмшдэг төслийн талаар мэдээлэлтэй байх үүрэгтэй талуудад мэдээлэл алга. Гол нь “Гацуурт” төсөл төрд хамаатай эсэхийг мэдэхгүй, нэгдсэн ойлголтгүй байгаа байр байдал нь хачирхалтай байгаа юм.

Дахиад хэлье. Тав ч биш, арав ч биш хоёр гуравхан жилийн өмнөх хууль тогтоох дээд байгууллагын шийдвэрүүдийн талаар холбогдох яам, газрууд мэдээлэлгүй байна. Эсвэл мэдээлэлгүй байгаа мэт харагдах шаардлага байгаа хэрэг үү!

“ГАЦУУРТ” ГАРЦААГҮЙ СТРАТЕГИЙН ОРД

Тэгвэл төр чухам яагаад “Гацуурт”-ыг наймаалцсан сэдвийн талаар мэдэх ёстойг сануулах хэрэгтэй болж байна.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолоор Гацуурт ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан байдаг. Энэ бол бодит үнэн зүйл. Тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд 2018 оны аравдугаар сарын 19-ний өдөр уг асуудлаар ярихдаа “Миний гарын үсэгтэй тогтоол бий. Хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй. Монголбанктай гэрээ хийснийх нь дараа УИХ-ын тогтоол гарсан. Нарийн зүйл санахгүй байна. Компанийн эзэн хэн байх хамаагүй. “Гацуурт” ордод 50 тонн алт бий. Жилд таван тонныг олборлоно гэж бодоход 10 жил ашиглах нөөц бий” гэсэн байдаг. Тухайн үед УИХ-ын дарга байсан хүн хэдхэн хоногийн өмнө ингэж хэлсэн юм.

УИХ-ын тогтоол нь ч байж байна. Хачирхалтай нь, яг өнөөдөр салбар хариуцаж байгаа нөхдүүд үүнийг мэдэхгүй, санахгүй байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд, Стратегийн орд гэх ойлголтод шүүмжлэлтэй хандах хандлага манайд бий. Магадгүй, “Гацуурт”-ын орд Стратегийн орд мөн эсвэл биш байлаа гээд ямар үр дагавартай юм бэ гэх асуудал ч дагаж яригдаж болох юм. Стратегийн орд гэсэн үгийг хуулиас авч хаях талаар 2013 онд Ашигт малтмалын тухай хуу­лийн шинэчилсэн найруулгын төс­лийг боловсруулж байх үеэр яригдаж байсан. Харин тэр үед судлаач С.Авирмэд “Стратегийн гэдэг үгийг ашигт малтмалын салбараас авч хаях бодлого гарч ирж байгаа. Стратегийн гэдэг ойлголт дэлхийн аль ч улс оронд, аль ч салбарт байдаг. Гэтэл стратегийн ашигт малтмалын орд гэдэг ойлголтыг аваад хаяж, стратегийн ашигт малтмалын нэр, төрлийг хязгаарлачихсан байна. Энэ бол Монголын ард түмний эрх ашигт, Монгол Улсын эрх ашигт харшилж байгаа заалт” гэж байв. Ер нь алт, нүүрс, зэс гэхчлэн байгалийн баялаг хэн нэгэн эрх мэдэлтнийх бус ард олны өмч гэх язгуур ойлголт Үндсэн хуульд бий. Энэ утгаараа төр засгийн байгууллагууд нийтийн өмчид тулгуурлан, зах зээлийн нийгэмд, баялгийг эргэлтэд оруулахдаа, хувийн хэвшилтэй хамтрахдаа ил тод, хариуцлагатай, үлдэх үр өгөөжтэй байлгах нь чухал байдаг. Тиймээс ч орд газруудыг тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр ач холбогдлыг нь тодорхойлон эрэмбэлэх хэрэгцээ шаардлага бий болов уу.

МОНГОЛЫН ТӨР 34 ХУВИЙН ЭЗЭН ГЭДГИЙГ
“СЕНТЕРРАГОУЛД МОНГОЛИЯ” ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ

“Гацуурт”-ын орд Стратегийн ордоос гадна Төр 34 хувийг нь эзэмшдэг гэдгийг баримтад тулгуурлан хүргэе.

УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор “Гацуурт” ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосон байдаг. Уг тогтоолын төслөөр завсарлага аваад байсан УИХ дахь АН-ын бүлэг завсарлагын хугацаа нь дууссанаар 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн чуулганы хуралдаанд оролцсон юм. Улмаар уг асуудлыг хэлэлцэхэд, хэн ч асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд санал хураалт явуулахад гишүүдийн 61.1 хувь нь дэмжиж, батласан байдаг. Тэгснээр төр “Гацуурт” төслийн 34 хувийг эзэмших болсон юм. З.Энхболд УИХ-ын даргын хувиар тогтоолд гарын үсэг зурсан гэдгээ өөрөө батлан өгүүлсэн билээ.


Хэрэв УИХ-аас батласан эдгээр тогтоолууд хангалттай баримт биш бол саяхныг хүртэл “Гацуурт”-ыг ашиглах гэж зүтгэж байсан “Сентеррагоулд Монголия ХХК”-ийн зүгээс 2018 оны зургадугаар сарын 11-ний өдөр гаргасан АЛБАН ЁСНЫ хэвлэлийн мэдээллийг эргэн сануулж, бүрэн эхээр нь хавсаргая. “Сентеррагоулд Монголия ХХК” уг мэдэгдлээрээ “Гацуурт” орд Стратегийн ордоос гадна 34 хувь нь Монголын төрийнх гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа юм.

Мэдэгдэл

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зургадугаар сарын 7-ны өдрийн хуралдааны шийдвэртэй холбогдуулан “Сентеррагоулд Монголия” ХХК-аас дараах мэдэгдлийг гаргаж байна. Тус хуралдаанаар Ашигт малтмалын газрын Кадастрын газрын дарга Гацууртын алтны үндсэн ордын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан 2004, 2005 онд гаргасан ердийн захиргааны шинжтэй хоёр шийдвэрийг түдгэлзүүлэхээр “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс гаргасан нэхэмжлэлийг хэлэлцсэн.

Уг захиргааны маргаанд АМГТГ-ын Кадастрын хэлтэс хариуцагчаар, “Сентеррагоулд Монголия” ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон болно. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Гацууртын алтны үндсэн ордын талаар товч мэдээлэл өгөх нь зүйтэй хэмээн үзэж байна.

  1. Монгол Улсын Их Хурлын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Гацуурт ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан;

  2. Улмаар УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Гацуурт ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосон;

  3. ”Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эсрэг гаргасан энэхүү нэхэмжлэл нь Гацууртын алтны үндсэн ордын лицензийг цуцлах бус харин тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч болох Камеко Гоулд Монголия компани нэрээ сольж “Сентеррагоулд Монголия” нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотой асуудал байсан болно;

  4. ”Ноён уулаа аваръя” хөдөлгөөний нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэдэгт “Сентеррагоулд Монголия” ХХК итгэлтэй байна. Компанийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бичгээр гарсны дараа албан ёсоор байр сууриа илэрхийлэх болно.

Сентеррагоулд Монголия ХХК

2018 оны 06 сарын 11

 


 

 ГАЦУУРТ БА УЛС ТӨР

“Гацуурт” Стратегийн орд болохыг, төр 34 хувийн эзэн нь мөн гэдгийг хүргэлээ. Эдгээр шийдвэрүүд гарсны дараа эрэмбэ ёсоор талууд Хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой байлаа. Гэсэн ч 2016 оноос хойш ТББ-ууд эрчимтэй эсэргүүцэв. Сонгууль ч болов. МАН ч олонх боллоо. Ер нь бол төслийг эргэлтэд оруулах Хөрөнгө оруулалтын гэрээний хэлцэл 10 жилийн өмнөөс албан ёсоор эхэлж байв. Харин 2009 оноос “Урт нэртэй” хуулийн хүрээнд “Гацуурт” урагшлах боломжгүй болсон. Тиймээс л “Сентеррагоулд Монголия” ХХК “Гацуурт”-ыг Стратегийн ордод хамааруулчихвал “Урт нэртэй” хуулийг алгасчих боломжтой гэж тооцсон. Тэдний тооцоолол зургаан жилийн дараа 2015 онд биелсэн юм.

“Гацуурт”-ын Хөрөнгө оруулалтын гэрээг тохирох хэлцлийг улстөрчидтэй хийж эхэлсэн 2008 онд парламентад одоогийн МАН 45-уулаа, харин АН-ынхан 28-уулаа байв. Энэ үед талууд дорвитой ойлголцолд хүрээгүй. Харин 2012 оны сонгуулиар Ардчилсан нам, Монгол Ардын Намаас олон суудал авсан. АН олонх болсон сонгуулийн дараа байгуулагдсан засаг “Гацуурт” ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болгох саналыг парламентад оруулж байлаа. Улмаар З.Энхболдын даргалсан УИХ 2015, 2016 онуудад хоёр тогтоол батлан гаргасныг дээр өгүүлсэн билээ.

2016 он сонгуулийн жил байв. Сонгуулиас дөрвөн сарын өмнө буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр “Сентеррагоулд Монголия” ХХК “Гацуурт”-ын 66 хувийг, Монголын төр 34 хувийг эзэмших шийдвэр гарч амжив. АН-ын ч, МАН-ын ч гишүүдээс кноп дарсан юм. Харин нөгөөдөр нь буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний нэхэмжлэлтэй маргаан Захиргааны хэргийн шүүхэд очсон түүхтэй. Сонгууль ч боллоо. МАН 65 суудал авлаа. Өнөөдрийн эрх баригчид “Гацуурт”-ын 34 хувийн эзэн Монголын төр гэдгийг санахгүй байна. Үнэндээ АН ч тодотгон санах сонирхолгүй харагдаж буй юм. Санаатайгаар мартаад байгаа мэт харагдах Монгол төрийн 34 хувьтай холбоотой улс орны эрх ашгийг, Монгол төрийн ой санамжийг ХЭН сэргээх вэ? Эхлээд төрийн ой санамж сэргэчихвэл, ярих асуудлууд олон байна.

Цуврал үргэлжилнэ...

Э.БОЛОРХАЖИД

www.zindaa.mn

 


 

ӨМНӨХ НИЙТЛЭЛИЙГ ДАРААХ ХОЛБООСООС УНШИНА УУ!


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

зочин [ 182.160.36.79 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 15:07 минутанд

Хэзээ ухаж болохгүй. Хамгаалалтанд ав.

зочин [ 202.9.42.72 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 01:39 минутанд

УУ сайд Анхааралдаа аваач худлаа аялал хийгээд явах юм

Go to top of page