Бусдын төлөө өөрийгөө золиосолсон хүн хамгийн сайн хүн.
Аврам Линкольн
Хүний хувь тавилан гэдэг миний бодлоор нэг талаас аз жаргал, баяр баясгалан байдаг бол нөгөө талдаа аймшиг, харуусал юм шиг санагддаг. Энэ ертөнцөөр нэг тарсан тэр олон хувь тавилангуудаас би, нэг л хүний хувь тавиланг бусдаас илүү их бодож дотроо өрөвдөж явдаг. Энэ бол тухайн үедээ биднээс тэнгэрийн од шиг хол хөндий, бидний аж амьдралд огтхон ч хамааралгүй Юмжаагийн Цэдэнбалын хувь тавилан юм. Олон хүүхэдтэй, ядуу айлын гал голомтоос төрж гарсан энэ хүн бор зүрхээрээ явж, эрдэм боловсрол олж төлөвшөөд нийгмийн хэрэгцээ, түүхийн захиалгаар өөрийн эрхгүй улс төрийн өндөрлөгт гарч ирж, ухамсарт амьдралаа улс эх орон, ард түмнийхээ төлөө өөрийгөө зориулж золиосолсон хүн. Эцэст нь бүх л бүтэн улс орны хувь заяа, сайн сайхны төлөө зүтгэж явсан түүхэн гавьяатай хүн гэхийн аргагүй байдлаар хамгийн гунигтай үхлээр (Гудамжинд үхэж буй нохойн гөлөгнөөс дор. Нохойн гөлөг ч бас дуртай газраа явж байгаад, тааралдсан газраа мажийдаг) хорвоог орхисон эмгэнэлт хувь тавилантай хүмүүсийн нэг болж түүхэнд үлдсэн юм. Цэдэнбалын амьдралын түүхэн замнал, хувь заяаны тухай надад ийм л ойлголт байдаг.
Ю.Цэдэнбал, монголын түүхэнд Монгол Улсын хамгийн дээд эрх мэдлийг, хамгийн олон жил, хамгийн үр бүтээлтэй барьсан хүнийг нэгэн. Чингисийн алтан урагийн Батмөнх даян хаан 1470 онд долоон настайдаа их Эзэн хааны ширээнд залагдаж, арван настайгаасаа төрийн хэргийг барьж эхлэн 1543 онд тэнгэрт хальтлаа Монголын төрийг далаад жил, дотоодын зөрчил самуунд идэгдсэн улс орноо амар жимэр нэр төртэй авч явсан тухай түүхийн сурвалжид бичсэн байдаг. Гэхдээ угсаа залгамжлах ёс уламжлалаар арваад настайгаасаа төрийг барих, эрдэм боловсрол, авъяас чадал, зохион байгуулах ур чадвараараа, Батмөнх даян хаанаас бүр хожмын XX зууны соёл иргэншилт цаг үед цойлон гарч ирж, улс орноо дөчин жил удирдаж урьд хожид хэзээ ч байгаагүй их хөгжил дэвшилд хүргэхийн хооронд тоо болоод чанарын асар их ялгаа байгаа нь мэдээж. Манай үеийнхэн Цэдэнбалыг дэндүү сайн мэднэ. Зөвлөлт, Оросын нэрт нийтлэлч Л.И.Шинкарев, Элчин сайд Ц.Гүрбадам нарын бичсэн мундаг том бүтээлүүд гарлаа. Сонин хэвлэлд ч бишгүйдээ нэг бичлээ. Ер нь олон сонин, сэтгүүлчид “Өвчин эмгэгт баригдсан” харийн нутагт тарчилж буй Цэдэнбалын нэрээр, хожим ясыг нь өндөлзүүлж үнэн худал элдвийг бичсээр картын бараа хийгээд уруудал доройтлын цөвүүн цагт талхаа залгуулсан. Тэр их хүний байгуулсан гавьяа, улс орон ард түмнийхээ төлөө зүтгэж явсан он жилүүд, бүтээл туурвил, хэлж ярьж байсан бүхэн, түүний тухай дурсамж, он цагийн салхи, хүн чанар хоёрын тоосонд дарагдан бүдгэрсээр байна.
Гэхдээ түүнийг гэрэл гэгээтэй, өөдрөгөөр дурсаж хүндэтгэж явдаг хамтран зүтгэгчид, эгэл жирийн хүмүүс цөөнгүй байгаа гэдэгт итгэнэм. Ингээд бодоход миний, Цэдэнбалын тухай бичнэ гэж юү байхсан билээ. Бараг инээдэмтэй юм. Гэвч тэр агуу их хүнийг кино, зурагтын дэлгэцнээс бус, өөрийнх нь бодит гэгээн дүрээр нь холоос харах хувь тохиол надад дөрвөн удаа таарсан юм. Тэр бүхнээс төрсөн сэтгэгдэл, үлдсэн дурсамжаа тэмдэглэе хэмээн бодлоо. Маниас хамаагүй ухаантай, өндөр хөгжилтэй, учиргүй их соёлтой япончууд Эзэн хааныхаа бодит дүрийг харах нь бүү хэл ордных нь хашаанд орж, талбайг нь нэг удаа цэвэрлэхийг хүн болж төрсний их хувь заяа хэмээн үзэж, бүр хэдэн жилийн өмнөөс захиалга өгч дараалалд ордог юм гэнэ билээ. Хүнийг хүн гэж ойлгох, зан заншил, ах зах, төр ёс, улс орныхоо удирдагчийг хэрхэн дээдлэн хүндэлдгийн тод жишээ энэ юм байх.
Ер нь манайхаас бусад оронд ард түмэн нь төр засаг, хаад ноёд, дарга даамлуудаа хүндэлсэн шиг хүндэлдэг, эрхэм дээдсүүд нь ч эрхэм дээдэс шиг байдаг юм биш үү. Тэгвэл манай Цэдэнбал бол улс орны удирдагч шиг удирдагч, эрхэм дээдэс шиг эрхэм дээдэс байсан, мянган жилд ч олон төрөхгүй агуу их удирдагч байсан гэж хэлж болно. Харин тухайн үеийн нам төрийн бусад удирдагчид, хамтран зүтгэгчид болон холбогдох байгууллагууд тэр хүний амьдрал ахуй, эрүүл мэнд, ирээдүйг нь хэр анхаарч бодож байсан бол. Эрүүл саруул ажлаа хийж байхад нь ая тал засч бялдуучлан долигоногчид өдий төдийгөөрөө байсан ч насных нь эцэст хүн гэж үзсэн нь хэр олон бол гэж өөрийн эрхгүй боддог. Лав л хоёр нүүртэн, урвагчид, хутган үймүүлэгчид цөөнгүй байсан нь улирах цагийн үрчлээнд улам тодорсоор. Яаж хоёр нүүр гаргаж, хэрхэн хар амиа болгож ядаж яваа бэртэгчингүүдийг өнөөдөр хараад өөрийн эрхгүй харамсаж тэдний өмнөөс ичдэг.
Ю.Цэдэнбалыг анх харсан минь. 1965 оны арван нэгдүгээр сарын аравдаар МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал манай суманд ирэх тухай дуулиан тарж, дээр доргүй үүр нь хөндөгдсөн шоргоолж шиг бужигнаж гарав. Тэнд ч цэвэрлэгээ ариун цэвэр, энд ч угаалга ариутгал болдог юм байна. Сургуулийн хувьд Цэдэнбал даргыг хүндэт пионер болгоно, сургуулийн бүх хүүхэд жагсаж цуглахгүй (Гол нь сургуулийн байшингийн заал танхимын багтаамж бага, хүйтний улирал байсан зэргээс болсон болов уу. Ямар ч гэсэн хүндэтгэлийн шугам жагсаалыг гадаа пионерийн талбайд бус сургуулийн коридоорт хийхээр болсон юмдаг) зөвхөн пионерүүд, идэвхтэн сонгуультан тэргүүний сурагчид жагсахаар болсон. Тэгээд л бэлдэж гарлаа. Янз бүрээр жагсаад л, дахин дахин рапорт өгөөд л, бүрээ бөмбөр хангинаж, пижигнэсээр, хүүхэд гэхгүй бид нар ч сүрхий ажилтай хэд хоногийг ардаа хийв. Арван нэгдүгээр сарын 20-ны үдийн алдад, Цэдэнбал дарга ч ирлээ, бид ч жагслаа. Гадуур дотуур ажил хөөцөлдөж чухамдаа “толгойн сэргийлэх”-ээр ажиллаж байгаа багш нарын шивэр авир ярианаас сонсоход их л олон машин ирж байгаа бололтой байв. Мань мэт хөдлөх нь бүү хэл, нүд цавчих эрхгүй байх үүрэг зааварчилга авсан юм чинь яахав. Цэдэнбал дарга, дагалдан яваа хүмүүсийнхээ хамт орж ирлээ. Тэр их цонхигор цагаан царайтай, нүдний шилтэй, намхан таргандуу хүн харагдав. Бүлгэмийн зөвлөлийн шийдвэр уншаад Цэдэнбал даргыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын долоон жилийн дунд сургуулийн хэд дүгээр бүлгэмийн ч билээ “Хүндэт пионер” болголоо. Цэдэнбал дарга “Пионерууд аа! МАХН-ын Yйл хэргийн төлөө хэзээ бэлхэн байгтун” гэлээ. Бид ч “Хэзээд бэлхэн” гэж нэгэн дуугаар илэрхийлэв. Ийнхүү Цэдэнбал даргыг хүндэт пионер болгох нүсэр ажил хоромхон зуур өндөрлөв. Даргыг их олон хүн дагалдан явснаас цөмөөрөө савхин дээлтэй, тэр дундаас Цэдэнбал дарга болон хэд хэдэн хүн хүрэн өнгийн савхин дээлтэй байсан санагддаг. Цэдэнбал даргатай, Намын хорооны дарга С.Дэндэв, сум-нэгдлийн дарга У.Пүрэв гээд манай сумын дарга нар хамт явав. Би, Цэдэнбалаас илүү сумынхаа дарга нараас их айж байлаа. Учир нь Цэдэнбал дарга хүрэлцэн ирэх, ажлаа танилцуулах, хүндэт пионер болгох гээд үй олон ажлын тухай семинар өгөхдөө, манай дарга нар нэн сүртэй, бүр айхтар юм болно, алдаа гаргавал бараг “Толгойгүй болох” шахам зүйл ярьж зааварлаж байсантай холбоотой байх. Санасныг бодвол тэдний ярьж байсан шиг сүртэй, хэцүү юм болсонгүй.
Ю.Цэдэнбал тэр үед, манай сумын ажил байдалтай танилцаад говь талын бүсийн “Хөгжил” нэгдэл 450 га талбайд тариа тарьж өөрийнхөө төмс, хүнсний ногооны хэрэгцээг хангаад, бүр улсад үр тариа нийлүүлж байгаа. Малаа, жил бүр 10000-аар өсгөж, нэгдлийн нийт мал 191 мянга болсноос зөвхөн адуу 30 мянга гарсныг сайшаасан байдаг. Мөн манай сумын Цагаан-Овоо бригадын адуучин, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат Ц.Дагвын сууриар орж, өвөлжөөндөө улаан булан, халуун ус, агуулахын байшин, тэжээлийн хашаа барьсныг өндөр үнэлж “Суурь суурьшина гэдэг бол маш хэрэгтэй шинэ зүйл, ийм сайхан санаачилгыг цаашид аль болохоор хөгжүүлэн дэлгэрүүлэх хэрэгтэй” гэж ярьсныг хожим “Yнэн” (1965 оны 11-р сарын 22-ны дугаар 326) сониноос уншиж билээ. Ю.Цэдэнбал энэ томилолтоороо Дундговь, Өмнөговь зэрэг говийн аймгуудын олон сумдаар явж, нийтдээ 2800 километр зам туулж ирээд, “Говийн хөдөлмөрийн чадвартай малчдын 30 хувь нь бага дунд боловсролтой хүмүүс байгаа нь хөгжил цэцэглэлт, монголын говийн дүр зураг болж байна” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Миний анх харсан Цэдэнбал ийм билээ.
Энэ үеийн нэг сонин баримт гэвэл төрсөн ах дүү хоёрын, дүү Т.Наранхүү нь Дундговь аймгийн, ах Т.Жаалхүү Өмнөговь аймгийн дарга, тэдний удирдсан аймгууд хоорондоо уралдаантай ажиллаж хойно өмнөө орон, ана мана “үзэлцэж” байсан гэдэг. Ю.Цэдэнбалыг говийн аймгуудаар явж ажиллахад Т.Наранхүү, Т.Жаалхүү нар тус тусын ажлаа танилцуулж, Цэдэнбал ч тэдэнд баяр хүргэж, амжилт хүсч байжээ. Эдүгээ Т.Наранхүү гуай нийслэл хотод энх тунх, ном бичээд сууж байна.
Ю.Цэдэнбалыг хоёр дахиа харсан минь. 1979 оны долдугаар сарын сүүлчээр нэг өдөр “МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, Намын Төв Хорооны гишүүд, яамдын сайд, тусгай газрын дарга нар, Төв Хороо, Засгийн газрын аппаратын ажилтнуудтай уулзана, 16 цагт Ардын Их Хурлын танхимд цуглацгаа, хожимдож тасалж болохгүй шүү” гэсэн зар тарлаа. Хүмүүсийн дунд “Дарга юм асуух байх аа. Сүүлийн үед болсон томоохон үйл явдал, Намын даалгавраар унш гэсэн юм чинь юү билээ” гэсэн шүү шивэр авир яриа болж байтал нөгөө цаг нь болоод орцгоолоо.
Ю.Цэдэнбал, индэр дээр С.Жалан-Аажав, Ц.Намсрай (Тэгэхэд Төв Хорооны Ерөнхий хэлтсийн эрхлэгч байв) нарын хамт гарч ирээд шууд л “МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо саяхан 263 дугаар тогтоолоо гаргалаа. Уг тогтоолыг нөхөр Жалан-Аажав уншиж танилцуулна” гэв. Нөгөө юм асуух байх гэж хулчганаж хараа доогуур байсан хүмүүсийн толгой гайгүй өөдөө болов. Уг тогтоол нь Намын дээд сургуулийн Орос хэлний сургалтын чанарыг сайжруулах, оюутнуудад орос хэл зааж сургах ажилд хариуцлагагүй хандсан зарим хүмүүсийг зэмлэж, арга хэмжээ авсан агуулгатай байв. Ю.Цэдэнбал дараа нь босч тэнд цугласан хүмүүст үүрэг даалгавар өгөв. Тэрээр, “Би, хэд хоногоос Болгар Улсад цөөхөн хоног амарна. Ажлын байдлаас шалтгаалаад олон хоног амрах боломжгүй байна. Халх голын ялалтын 40 жилийн ой удахгүй болно. Энэхүү улс төрийн өндөр ач холбогдолтой түүхэн ойн бэлтгэл, зохион байгуулалтад онцгой анхаарахгүй бол болохгүй” гээд бараг хоёр цаг ярьсан юм даг.
Тэгэхэд утасны дугаар тэмдэглэдэг жижигхэн хөх дэвтэртэй орсон намайг, миний хажууд сууж байсан Ш.Бүүвээбаатар (Тэр үед Намын Төв Хорооны Боловсон хүчний хэлтэст тоо бүртгэгч байсан. Хожмын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан) “Чи, даргын яриаг ийм юман дээр тэмдэглээд байхдаа яадаг юм. Аливаад ач холбогдол өгч, улс төрийн байр сууринаас хандаж бай. Чи, ингээд байвал намын сайн ажилтан болж чадахгүй шүү” гэж тоглож шоглож байгаа нь мэдэгдэхгүй сүрхий зэмлэв. Тэгээд ч дэвтэрийхээ зай багтаамжаас болсон уу, Цэдэнбал их хурдан яриад, би яриаг нь гүйцэж олигтой тэмдэглэж авч чадаагүй ч юм уу бүү мэд, уг дэвтрийг одоо эргүүлж байхад үнэхээр гавьтай юм тэмдэглээгүй түүнийг хараад л алмайраад суусан бололтой юм билээ. Ярианы товчийг сийрүүлбэл, “Намрын тариа хураалтын ажил эхлэх гэж байна. Урьдын адил олон зуун оюутнууд ажиллах болно. Иймд намрын тариа хураалтын ажилд эртнээс сайн бэлтгэх хэрэгтэй. Тариан дээр ажиллах оюутан сурагчдын хоол хүнс, ажлын болон дулаан хувцасны хангамжийг Хөдөө аж ахуйн яам, Ардын боловсролын яам онцгой анхаар. Нийслэл зэрэг томоохон хотуудын хүнсний хамгамж ялангуяа мах, сүү, цөцгийн тос, шинэ ургацын ногооны хүртээмж ямар байна. Энэ талаар холбогдох яамдын удирдлагууд яаж анхаарч, юу хийж байгаа бол. Хүнсний болон нийтийн хоолны газруудад сүүлийн үед хар ялаа их болж байна. Гэдэс дотрын янз бүрийн халдварт өвчин гарах вий. Энэ талаар Эрүүлийг хамгаалах яамны нөхдүүд анхаарч, ариун цэвэр, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нарийн зохион байгуулж хэрэгжүүл. (Хар ялаа, гэдэсний өвчин, хүнсний ногоо мэт нь өнөө цагийн Америк, Япон, Англи, Австрали гэж холыг дуурайж зүүдэлдэг төр засгийн томчуулд бол Цэдэнбал дэндүү жижиг юм боддог, инээдэмтэй дарга байсан мэт санагдах байх. Гэтэл хүн, улс орон, ард иргэдээ бодно гэдэг тийм л бага зүйлээс эхэлдэг. Төр засгийн удирдах өндөр албан тушаалтан үнэхээр хүний төлөө анхаарч байгаа бол юм багаддаггүйн жишээ болох тул энд нуршин тайлбарлав) Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын өвлийн бэлтгэл, цэрэг дайчид ялангуяа шинэ цэрэгт тавих анхаарал халамжийг онцлон анхаар” гэх мэтчилэн яриад энд яригдсан асуудал, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх талаар хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж, явц үр дүнг, намайг ирэхээр илтгэхийг Намын Хянан Шалгах Хороо нөхөр Лувсанравдан, Ардын Хянан Шалгах Хороо нөхөр Молом нарт даалгаж байна гэв. Тэгэхэд Цэдэнбал дарга, нэг их олон хүүхэдтэй айлын эцэг удаан хугацаагаар эзгүй явах гэж байгаа юм шиг санагдаж байж билээ.
Ю.Цэдэнбалыг гурав дахиа харсан минь. 1980 оны тавдугаар сард бид, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд Намын ажлын дадлага хийж байв. Бидний буцах хугацаа ч дөхөж байлаа. Тэгтэл утсаар ярьсан уу, цахилгаан ирсэн үү “Цэдэнбал дарга баруун аймгуудаар явахаар Архангайн чиглэлд мордсон байна. Замдаа Баянбулаг сумаар орно. Тус суманд Намын ажлын дадлага хийж байгаа хүмүүсийг буцаалгүй, Цэдэнбал даргыг угтаж авах бэлтгэл ажилд дайчлан оролцуул” гэлээ л юм болов. Тэр үед Баянбулаг сум ч ид мандаж байсан цаг. Намын үүрийн нарийн бичгийн дарга Ц.Гомбосүрэн, сум-нэгдлийн дарга Н.Сахъяа гээд гялалзсан залуучууд ажиллаж байлаа. Миний хувьд, илгээлт авч ангиараа мал аж ахуйд гарч ажиллах хүүхдүүдээс, Цэдэнбал даргад гардуулах рапортын (Тухайн үед рапорт гэж ярьж бичээд байсан одоо бодоход илгээлт захидал маягийн юм байсан санагддаг) үгийг бэлтгэлцэх гол үүрэгтэй, хажуугаар нь самбар үзүүлэн шинэчлэх гээд олон ажилд оролцож байв. Хамгийн нүсэр ажил бол Цэдэнбал дарга жижиг машинтай (Цоо шинэ ГАЗ-2410 байв) явсан тул бараг Улаанбаатараас баруун аймгууд хүртлэх замын жалга судаа, энхэл донхил бартааг хусаж малтан түр зуур тэгшлэх ажил байсан юм билээ. Баянбулаг сумынхан гэхэд л бөөн ажил болж байсан юм даг.
Ю.Цэдэнбал, тавдугаар сарын 25-ны үдээс хойш Баянбулаг суманд ирлээ. Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Т.Рагчаа, Намын Төв Хорооны Хэлтсийн эрхлэгч Ц.Намсрай нарын олон хүн дагалдан явж байв. Цэдэнбалыг, хүмүүстэй их дотносуу байдлаар мэндэлж байхад нь байдлыг ажиглахад хээр салхинд гараад ядаргаа нь гараа юу даа гэмээр сайхан царайтай харагдав. Сумын Улаанбуланд хөдөлмөрчдийн цуглаан, мал аж ахуйд ангиараа гарах 50 хүүхдийн рапорт гадуулах ёслол боллоо. Цуглаан дээр Ю.Цэдэнбал, тухайн үеийн олон улсын байдал, Монгол-Зөвлөлтийн найрамдалт харилцаа хамтын ажиллагаа, улс орны нийгэм-эдийн засгийн хөгжил дэвшил, тулгамдаж байгаа бэрхшээл дутагдал, цаг үеийн ажлын явц зэрэг асуудлаар дэлгэрэнгүй үг хэлэв. Тэгэхдээ ямар ч цаас харахгүйгээр ярьсан. Ярианыхаа эхэнд сэтгэл нь их хөдөлсөн юм уу, нэг л яриа нь эвлэрэхгүй, хоолой нь зангираад, уйлах гээд байгаа ч юм шиг байн байн хоолойгоо засаад их сонин болоод байлаа. Хүмүүс сүрхий гайхаж байв. Тэгснээ арав гаруй минутын дараа үг яриа нь хэвийн маш цэгцтэй, гүн гүнзгий агуулгатай, сонин хэвлэлд төдийлөн гараагүй, мань мэтийн дуулж сонсоогүй баримт жишээнд тулгуурлан ярив. Ялангуяа монгол, хятадын харилцаа, Хятадын нам, төрийн бодлого чиг хандлагын талаар нэлээд тогтож ярьсан санагддаг.
Тэр бүхнээс миний дэвтэрт тэмдэглэгдэн үлдсэн зүйлээс ганц нэгийг сөхөж харахад Ю.Цэдэнбал дарга “Баянбулаг сумын дунд сургууль төгссөн 50 гаруй хүүхэд сайн дураараа мал аж ахуйд гарч байгаа явдал бол эх оронч санаачилга, залуу малчид ахмад үеийнхнийхээ халааг авч байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Та нөхөд малчин болохын зэрэгцээ малчдыг суурьшуулахад тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Ер нь хувьсгалын жилүүдэд малчдын амьдралд чанарын цоо шинэ өөрчлөлт гарсан. Энд сууж байгаа Хөдөлмөрийн баатар нөхөр Бэгз бол мэдлэг туршлагатай алдарт малчин хүн. Илгээлтээр гарах гэж байгаа залуучууд, Бэгзээс их зүйл сурах хэрэгтэй” гэхчилэн ярьж байжээ. Ю.Цэдэнбалыг ярьж байхад “Цаг их явж байна шүү, Даргаа” гээд байгаа бололтой Намсрай, Цэдэнбал уруу байн байн хараад, цаг уруугаа заагаад байв. Тэгэхэд нь Цэдэнбал “Намсрай байн байн харж хялалзаад байна одоо болихоос” гээд нэг их чанга инээж билээ. Дараа нь том гэрт хүлээн авалт болж, хүндэт зочдод зоог барив. Цэдэнбал даргын өмнө маш том ууц тавьсан байв. Би, одоо ч тийм том ууц үзээгүй. Хаанаас тийм “стандартын бус” юм олж авчирч тавьсан юм бүү мэд. Хоол идэж байх үеийн нэг сонин гэвэл Цэдэнбал дарга Рагчаа гуайд хандан “Рагчаа, Намсрайд ууцны өөхнөөс өгөөрэй. Намсрай өөхөнд дуртай юм шүү” гэж хүмүүсийг инээлгэж байсан нь Ц.Намсрай өөхөнд сайнгүйгээс тийм яриа наргиа гарсан болов уу. Хүлээн авалтын ширээн дээр дан “Арарат” гэдэг коньяк тавьсан байв. Цэдэнбалд түүнээс огт амсуулахгүй, тогооч нь юм уу нэг залуу ард нь шилтэй ус бололтой юм барьчихсан зогсож байгаад, хундага өргөх болохоор нь түүнээсээ хийж өгч байв. Хүлээн авалт дуусаад явах юм болтол Цэдэнбалын сэтгэл хөдөлсөн бололтой, голдуу хөгшид хүүхдүүдтэй ярьж, энэ тэрийг асууж сонирхон хөгжилтэй инээж, бөөн бөөн хүмүүстэй хамт зургаа авахуулж байв. Энэ арга хэмжээний үед Баянбулаг сумын нам, захиргааны байгууллага, Ю.Цэдэнбалд “Социализмын зам” нэгдлийн хамт олноос танд бэлэглэж байна» хэмээн мөнгөн эмээл, хазаартай (Хурдан гэж танилцуулсан) зээрд морь өгөхөд Цэдэнбал жолоо, цулбуурыг нь давхар барин дээш өргөөд “Миний нэр дээр уяж хурдлуулж байгаарай” гээд сумын Намын үүрийн нарийн бичгийн дарга Ц.Гомбосүрэнд өгч билээ.
Ц.Намсрай, комиссар Даваа нарын хүмүүс “Цаг оройтлоо. Даргаа явъя” гээд байх шиг байсан ч, мань хүн нэг их тоохгүй хүмүүстэй зураг авахуулсаар байхаар нь комиссар Даваа, Цэдэнбалыг шууд барьж хөтлөн, авч яваад машины арын суудалд суулгаад хаалгыг нь нэлээд чанга хаачихаад өөрөө урд суудалд нь суугаад хөдлөв. Түүний машинд Т.Рагчаа бас суусан байв. Гэтэл Цэдэнбалын цувны хормойг хаалганд хавчуулаад хаачихсан юм байж дорхноо зогсож нөгөө Даваа буун ирж цувыг нь хаалганы завсраас гаргаж өгч байгаа харагдав.
Аймаг, сумын удирдлагууд Ю.Цэдэнбалыг Завхан аймгийн Отгон сум хүртэл үдэж өгөөд шөнийн 12 цагийн үед ирэв. Төдхөн биднийг, Аймгийн Намын Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга С.Чойжил дуудаж, бид ч тэр дор нь очлоо. Цэдэнбалд зориулж бэлтгэсэн юмаар бид хэд жаахан наргих юм боллоо. Тэр үеийн ажилсаг, дайчин дарга нарын нэг болох Чойжил гуайн сэтгэл сүрхий хөдөлсөн бололтой нэлээд ширүүн татаж байв. Учир нь Ю.Цэдэнбал, Баянхонгор аймгийн ажилтай танилцаад сэтгэл их хангалуун байсан, нөгөө талаар Цэдэнбал, хөдөлмөрчдийн цуглаан дээр “Маш сайн ажиллаж байгаа нөхөр Чойжилыг тавин насных нь ойг тохиолдуулан “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг баяртайгаар мэдэгдэж байна” гэж хэлсэнтэй холбоотой байх. Миний хувьд С.Чойжилыг тэр үеийн Намын Хороодын толгой цохих хүчтэй дарга нарын нэг байсан гэж боддог. Сайхан дайчин, мундаг зохион байгуулагч байв.
Ю.Цэдэнбалыг сүүлчийн удаа харсан минь. Дээр үед аймгуудын соёл урлагийн арав хоног гэж нэг сүртэй юм болдог байв даа. Манай Дундговь аймгийн “Соёл урлагийн арав хоног” 1984 оны долдугаар сард болов. Тэр үед, аймгийн Намын Хороонд ажиллаж байсан миний бие, орос хэлний багш Ё.Максим, хүний их эмч Н.Цэцэгмаа нартай хамт Дундговь аймгийн тухай “Тал нутгийн жавхаа” нэртэй үзэсгэлэнг үзэгчдэд тайлбарлах үүрэгтэй ажиллаж байв. Манай үзэсгэлэнг Намын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, Намын Төв Хороо, Засгийн газрын ажилтнууд, зарим яамдын сайд дарга нар долдугаар сарын 19-ний 14 цагт үзэх боллоо гэж 18-нд мэдэгдэв. Бид ч дарга, цэрэггүй сандарч гүйлдсээр бараг нойргүй хоноцгоов.
Улс Төрийн Товчооныхныг ирэхээс барагцаалахад хоёр цагийн өмнөөс хамгаалалтынхан гээд баахан сүржигнэсэн залуучууд Yзэсгэлэн чимэглэлийн ордноор дүүрч, хүн оруулж гаргахгүй хачин юм болов. Ажил хөөцөлдөн яарч сандарсан хүнийг ч оруулж гаргахгүй байлаа. Бас хүмүүсийг том жижиггүй, толгой түрүүгүй загнадаг нэг намхан шар хүн яваад л, загнаад л байсан нь мань Т.Баасансүрэн (Намын Төв Хорооны Соёлын тасгийн эрхлэгч байв. Одоо бол нэрт сэтгүүлч, судлаач, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн. Чухам тэр үед энэ хүнтэй хожим танилцаж номын эрхэм анд болох юм чинээн яахан зүүдлэх билээ) байж билээ.
Yзэсгэлэнг, Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүдэд болон А.И.Цэдэнбал-Филатовад тухайлан, Дундговь аймгийн Намын Хорооны Yзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Жамцын Ухнаа тайлбарлах болов. Yзэсгэлэн үзэж байгаа дарга нар, Ухнаагаас янз бүрийн тоо баримт асууж шалгааж, мань хүн тулгамдах явдал гарах аваас би, түргэн тусламж үзүүлэх үүрэгтэй “шпаргалкаа” бариад ойрхон байхаар зохион байгуулагдан бэлэн байдалд оров. Ер нь бүх хүн их сандарч мэгдэж ялангуяа манай том дарга нар түүнчлэн Төв Хорооны Yзэл суртлын хэлтсийн хэд маань нэлээд санаа зовцгоож байх шиг байв. Хүмүүс гол нь Цэдэнбал-Филатовагаас илүү айж байх шиг санагдаж байлаа. Тэгж байтал Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Б.Дэжид, Д.Моломжамц, Ц.Намсрай, П.Дамдин гээд Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ орж ирэх нь тэр. Yзэсгэлэн үзэх ажил хэвийн сайхан боллоо. Томчуулын сэтгэгдэл ч өндөр байх шиг байв. Ю.Цэдэнбал, үзэсгэлэн үзэж явахдаа, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэмбэлдоржийн “Нутгийн таван өнгө” цуврал зургийг үзээд, их өндөр үнэлж надаас “Цэмбэлдорж чинь Дундговийн хүн юм уу” гэж асууж би, “Тиймээ, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын хүн” гэж хариулж билээ. Тэр их хүнтэй ганц удаа ойрхон тааралдаж, бид хоёрын хооронд болсон яриа ердөө энэ.
Ю.Цэдэнбал тэргүүтэй том дарга нарыг үзэсгэлэн үзэх үед би, Филатоваг нэлээд ажиглаж аль болох ойр зогсохыг хичээж байлаа. Учир нь түүний ааш авирын талаар элдэв яриа их сонсогддог байсан нь сонирхол татсан хэрэг. Ингээд тэр үед ажиглагдсан зүйлээс ганц нэгийг сонин болгон дурдахад, үзэсгэлэн үзэх хүндэт зочдыг орж ирэхэд хамгийн түрүүнд хоёр бүжигчин эмэгтэй, тусгай зассан тавцан дээр Сэвжидийн “Жалам хар” бүжгийг бүжиглэж үзүүлсэн юм. Филатова түүнийг харчихаад хажуудаа байгаа нэг хүнд “Цэвэгмэдийг (Соёлын яамны сайд, зохиолч Дондогийн Цэвэгмэд гуай) дууд гэв. Нөгөө хүн төдхөн гүйж ирээд “Цэвэгмэд дарга ойр алга. Энд ирээгүй байх” гэсэн чинь “Тэгвэл Баатарцогтыг (Соёлын яамны орлогч сайд) дууд” гээд явуулав. Баатарцогтыг дорхноо гүйгээд ирэхэд нь Филатова “Чи харж байна уу. Хөдөөгийн энэ хүмүүс ямар сайхан юм хийж, ямар гоё бүжиглэж байна. Гэтэл танай мэргэжлийнхэн эднээс дор л байдаг шүү дээ. Yлгэр жишээ ав” гэж хэлэв. Өөр нэг зүйл гэвэл Филатова, манай Ухнаа даргаас “Чи, орос хэлийг хаана сурсан бэ?” гэж асуухад Ухнаа “Би, орос хэлийг монголдоо, Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурч байхдаа сурсан юм” гэв. Филатова, ямар нэг зүйл хэлээгүй боловч Ухнааг орос хэл сайн мэдэж, сайхан ярьж байгаад сэтгэл их хангалуун байгаа нь ажиглагдаж байв. Төдхөн дарга нар цуглаж үзэсгэлэнгийн санал сэтгэгдлийн дэвтэрт гарын үсгээ зурах болов. Энэ үеэр Цэдэнбал дарга, Моломжамц даргад хандан цаашлуулах маягаар хэдэн үг хэлэв. Хол зогсож байсан болохоор тэдний яриа бидэнд сайн сонсогдсонгүй. “Дундговь, Чойр, лам” гэсэн үгнүүд сонсогдож хүмүүс инээлдэв. Харин Филатова, Ардын зураач Чүлтэмээс “Моломжамц энэ Дундговийн хүн юм уу” гэж асуухад нь Чүлтэм гуай “Тэгэлгүй яахав. Моломжамц дарга чинь Дундговийн хүн. Чойрын хийдэд лам байсан юм билээ” гэж хэлэх шиг болсон, би сайн ойлгоогүй. Тэгэхэд нь Филатова “Тэгнээ тэр, Моломжамц их сэтгэлийн хөдөлгөөнтэй байгаад байгаа юм” гээд инээж байсан. Миний зориуд ажигласан Филатовагийн хувьд нэг их этгээд гажуу зан гаргаад байгаа зүйл харагдаагүй. Ер нь айх эмээх, болгоомжлох юмгүй жаахан давилуундуу тал байх шиг санагдсан. Ю.Цэдэнбал, үзэсгэлэн үзэж дуусаад товч үг хэлэхдээ, “Дундговь аймгийн хөдөлмөрчид, МАХН-ын XYIII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажилдаа их амжилт олж байгаа юм байна. Их сайхан үзэсгэлэн болжээ. Урлаг соёлын алдартай хүмүүс их олонтой нутаг юм байна. Та бүхэнд улам их амжилт хүсье” гэж аймгийн Намын Хорооны нэгдүгээр нарийн дарга П.Бат-Очир, Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны дарга Б.Дамдинсүрэн болон бусад хүмүүст хандаж хэлээд явж билээ.
Тэр үед Ю.Цэдэнбалын байгаа байдал, үг хэлж буй, хүмүүстэй ярьж инээж байсан зэргийг сүүлд бодоход түүний эрүүл мэндэд ямар нэг гаж төсөө байдал, зарим ойр дотно ажиллаж байсан хүмүүсийн хэвлэлээр мэдээлж байсан шиг тийм айхавтар өвчтэй бүр ухаан мэдрэлгүй болчихжээ гэх шинж өнгөцхөн харах төдийд огт (Би, эмч домч юм уу, хэн нэгнийг холоос ганц удаа хараад мэдчихдэг ид шидтэн биш. Гэхдээ ухаан санаа дутуу, тэнэг зөнөг хүнийг бишгүйдээ л нэг харсан. Хүний орчлонд юу эс байдаг билээ) ажиглагдаагүй. Гэтэл ганцхан сарын дараа яалт ч үгүй хүнд өвчтөн болж, бүх албан тушаалыг нь булаагаад авчихдаг байгаа. Хаанаас даалгавартай, хэний санаачилгаар гэхээс ямар ч гэсэн, нэг муу хөөрхөн хуйвалдаан болох нь болсон байх.
Ю.Цэдэнбалын амьдралын сүүлийн жилүүд тийм сүрхий хүнд байх, бүр эмгэнэлтэй, харамсалтайгаар төгсөх болсон гол шалтгааныг нэг талаар өөртэй нь холбоотой гэж үзэхээс өөр арга байхгүй гэж бодогддог. Учир нь “Цэдэнбал өөрийнхөө залгамжлагчийг олж сонгож бэлтгэж чадаагүй. Дэндүү үлбэгэр арчаагүй, аймхай хулчгар бас тэгээд хүн чанар маш муутай хүний гарт нам, төрийн дээд удирдлага төдийгүй өөрийнхөө насны төгсгөл, хувь заяаг өгсөнтэй шууд холбоотой” гэж ярьдаг хүмүүстэй би санал нэг байдаг. Ингээд бодоход хүн хичнээн сайн байлаа ч, өөрийнхөө насаараа зүтгэж хийсэн бүтээсэн, үйл хэргээ залгамжлах хүнээ зөв олж сонгох ямар их ач холбогдолтой болох нь Цэдэнбалын жишээнээс тод харагдаж байгаа юм. Ю.Цэдэнбалын, өөрийнхөө залгамжлагчдыг сонгож бэлтгэсэн түүх бол Монгол Улсын түүхэнд үеийн үед санаж явах, гашуун сургамж яах аргагүй мөн. Цаг цагаараа байхгүй нь мэдээж. Монгол эх орон, ард түмнийхээ өмнө асар их гавьяа байгуулсан, өөрийгөө түүний төлөө золиосолж, өөрөө туйлын эмгэнэлтэйгээр төгссөн тэр их хүнийг амьд сэрүүн цагт нь хамгийн сүүлд харснаа дурсахад ийм буюу.
Жирийн нэгэн бичээч би Монголын түүхийн үе үеийн удирдагчид, гайхамшигт хүмүүсээс Ю.Цэдэнбал, маршал Х.Чойбалсан, их эзэн Чингис, Батмөнх даян хаан, Өндөр гэгээн Занабазар нарыг гүнээ хүндэтгэн биширч шүтэж явдаг нэгэн. Шинэ монголчууд маань ах зах, ихэс дээдсээ нэг л тоохгүй байх шиг санагдах юм. Хэн ч гэлээ үхлийн өмнө ав адилхан, усны дусал шиг ижилхэн болдог. Чухамдаа “Дархан аварга шиг хүчтэй, тэрбумтан шиг мөнгөтэй, Ерөнхий сайд шиг өндөр албан тушаалтай байгаад ч...” нэмэргүй. Хамгийн хоржоонтой нь үхэл, ая тал хардаггүй, өргөл барьц тоодоггүй, хээл хахууль авдаггүй, том даргаас айдаггүйгээрээ онцлогтой. Тэгэхээр “Хүмүүсээ амьддаа бие биеэ хайрлацгаая” хэмээн нэрт яруу найрагч О.Дашбалбар захисан байдагчлан ахмад үеэ, өнгөрсөн үеэ, улс түмэндээ ихийг хийж бүтээсэн жинхэнэ гавьяатнууддаа жаахан хүн чанартай хандаж баймаар сан. Монголын төр, засаг тэдгээрийн эрх мэдэлтнүүд, шинэ цагийн удирдагчид Ю.Цэдэнбалд дэндүү хүйтэн хандсан (Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар Ю.Цэдэнбалын цэргийн цол, бүх гавъяа шагналыг буцаан тогтоосныг энд үгүйсгээгүй болно). Тэр хүмүүсийг дээд тэнгэр, төрийн сүлд эрх биш харж байгаа байх. Хүн гэдэг амьтан хэн боловч бололцоотой үедээ хүн чанараа гээхгүй, бие биеэ хайрлаж, хийсэн бүтээснийг нь түүхийн тоос, хүн чанарын хог дээр Цэдэнбал шиг хаячихгүй байх сан. Зурагтын дэлгэцэнд, харийн нутгийн бүүдгэр зэвгэр өрөөнд, ядарч туйлдсан Цэдэнбал ширээн дээрх тавагтай хэдэн чихэр уруу гараа сарвайж, хэн нэгэн гар уруу нь цохиход шилэн аягатай ус унан асгарч, өөрийн эрхгүйн их зовлон дотор, эх нутаг, ах дүү төрөл саднаа санан тарчилж байгаа тэр ядарсан өвгөний нүднээс бөмбөрөн унах нулимс шиг урсаж буй бичлэгийг (Хүмүүст сайн муу хэлэгдэж явдаг сэтгүүлч Дожоодоржийн түүхэн гавьяа бол Цэдэнбалын талаар нэг тийм бичлэг хийж Монголын ард түмэнд үзүүлж чадсанд байгаа байх) монголчууд мартаж болно гэж үү. Монголын нам төрийн дээд удирдлагыг хагас зуун жил нэр төртэй авч явсан хүний амьдралын төгсгөлийн дүр зураг энэ. Гэтэл Монголд өнөөдөр бодитой оршин тогтнож буй гэрэл гэгээтэй зүйл байдаг л юм бол тэр бүхэн Юмжаагийн Цэдэнбалын жинхэнэ эх оронч хөдөлмөр зүтгэлтэй шууд холбоотой гэхэд нэг их хилсдэхгүй биз ээ.
Ю.Цэдэнбалыг цөөхөн удаа харж, ярьж хэлэхийг нь сонсож, бичсэн туурвисныг нь уншиж байхад, энэ хүн ухамсарт амьдралынхаа цаг хором бүрийг эх орныхоо хөгжил дэвшил, ард түмний сайн сайхан амьдралд зориулж түүний төлөө санааширч сэтгэл зүрхээ сэмэлж, арьс махаа зулгааж явдаг юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг байлаа. Улс эх орон, ард түмнийхээ төлөө өөрийгөө жинхэнэ золиосолсон агуу их удирдагч гэвэл Ю.Цэдэнбал яах аргагүй мөн.
1-р хэсгийг ЭНД дарж уншина уу.
2-р хэсгийг ЭНД дарж уншина уу.
3-р хэсгийг ЭНД дарж уншина уу.
1984.07.19-2004.IX.11-2010.XII.20
Бага зэрэг засвар хийсэн гурав дахь хэвлэл
Сэтгэгдэл ( 2 )
Долдой
Үнэндээ Цэдэнбал гуай шиг удирдагч ойрын 100 жилд төрөхгүй байх