Д витамин зүрх судасны өвчтэй хүмүүст сөрөг нөлөөтэйг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

Загасны тос, Д витамин нь зүрх судасны өвчтэй хүмүүс, өндөр настнуудад сөргөөр нөлөөлдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Эрүүл чийрэг, залуу насныхан Д витамин хэрэглэх нь үр дүнтэй байсан ч зүрх судасны өвчтэй өндөр настнуудад огт нөлөөлдөггүй,  суурь өвчнийг улам хүндрүүлдэг аж.

АНУ-ын Мейн мужийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэн 26 мянган хүнд таван жилийн хугацаанд дээрх судалгааг явуулсан байна. Судалгаанд хамрагдагсдын дийлэнхэд загасны тос, Д витамин өгсөн ч  зүрх судасны болон хавдрын эс дарангуйлах ямар нэгэн үр нөлөө үзүүлээгүй аж. Хүмүүсийн онцлог, дархлааны системийн харилцан адилгүй байдлаас шалтгаалан зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлж, заримд нь эсрэгээр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон юм. АНУ-ын Зүрх судасны нийгэмлэгийн 2017 оны тайланд дурдсанаар АНУ-ын 60-аас дээш насны 26 хувь нь Д витамин, 22 хувь нь омега-З агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг аж.

Судалгаанаас гарсан дүгнэлтийг АНУ-ын Зүрх судасны нийгэмлэг болон Эрүүл мэндийн яаманд хүргүүлж, нэгдсэн зөвлөмж гаргахаар болсон байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ч судалгааны тайланг өгөхөөр болжээ.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top