ДУНДГОВЬ: “Ёндоотой адуучин” тэмцээний аварга мотоциклиор шагнуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг Зуутын хийдэд маргааш адуучдын “Ёндоотой адуучин” тэмцээн болно. Адуучид уурга шүүрэх, морьтой уургалах, явган уургалах, эмнэг булгиулах гэсэн төрлүүдээр өрсөлдөнө. “Ёндоотой адуучин” тэмцээнд оролцох адуучид шүдлэн адуугаар бооцоо тавьж өрсөлдөх ажээ. Адуучдын тэмцээний талаар Дундговь аймгийн Гурван сайхан сумын “Сайханы хурд” уяачдын холбооны нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэбаяраас тодрууллаа.

Ч.Эрдэнэбаяр “Тэмцээнд нийт 30 гаруй адуучин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Увс, Хөвсгөл, Орхон, Төв, Баянхонгор гээд арваад аймгаас адуучид “Ёндоотой адуучин” тэмцээнд оролцоно. Холоос ирж байгаа адуучдын олонх нь “Адуучин” тэмцээний “Улсын аварга адуучин”-аар тодорсон, хоёр, гуравдугаар байрт шалгарч байсан адуучид байгаа. Шилдэг адуучид тэмцээнд оролцож байгаагаараа онцлог юм. Тухайлбал, Хөвсгөл аймгаас ирж оролцох адуучин нь өнгөрсөн жилийн “Улсын аварга адуучин” болсон залуу бий. Адуучдын тэмцээнийг Дундговь аймгийн “Зуут хурд” галаас зохион байгуулж байна. Тэмцээний оролцогч бүр шүдлэн адуугаар бооцоо тавьж өрсөлдөнө” гэлээ.

Адуучдын тэмцээний тэргүүн байрт шалгарсан адуучинд мотоцикл, 500 мянган төгрөг, хоёрдугаар байрт шалгарсан адуучинд мотоцикл, 300 мянган төгрөг, удаах байрт шалгарсан адуучинд нэг сая төгрөгийн шагнал олгох юм байна. Адуучдын тэмцээнийг “Эх орон” телевиз сурвалжлах ажээ.

Т.АМАРАА  

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.8) 2019 оны 01 сарын 05

Шилдэгт нь азрага адуу өгөөч! Моцийхл өгдөг нь морио дахиж битгий уна гэсэн адил

0  |  0
Top