Хамгийн залуу тэрбумтнаар тодорсон Кайли Женнер ердөө 7 ажилтантай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

Forbes сэтгүүлээс дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар 21 настай Кайли Женнер тодорсныг албан ёсоор зарлалаа. Ийнхүү 23 насандаа тэрбумтан болсон фэйсбүүкийн Марк Цукербергийн  амжилтыг давав.

Түүнийг хамгийн залуудаа өөрийн хүчээр тэрбумтан боллоо гэж Forbes тодотгожээ. Женнерийн амжилтын үндэс нь олон нийтийн сүлжээ. Snapchat, Instagram, Facebook, Twitter-тээ 175 сая дагагчтайгаа Кайли Женнер маш сайн харилцаж, ажиллаж чаддаг.

“Би ийм амжилтад хүрнэ чинээ төсөөлөөгүй. Урьдчилан тооцсон ч зүйлгүй. Гэхдээ их сайхан юм. Толгойг минь бурхан илэх шиг л санагдаж байна” хэмээн Женнер өгүүлжээ.

Тэрбээр 2015 онд Kylie Cosmetics байгуулсан юм. Гоо сайхны бараа үйлдвэрлэдэг компани. Бизнесийн онцлог нь зарлага маш багатайд оршино. Түүний удирдлага дор ердөө долоон ажилтан бий. Мөн үүн дээр цагийн таван ажилтан нэмэгдэнэ. Тэгээд л болоо.

Бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг Лос-Анжелесаас холгүйхэн орших Окснард хотын Seed Beauty компаниар хийлгэдэг. Бараа бүтээгдэхүүнийг түгээх үүргийг эхэндээ Shopfity даалгаж байсан бол одоо Ulta-тай хамтрах болжээ. Ulta-д орлогынхоо хэдхэн хувийг өгдөг.

 “Миний амжилтын нууц уу? Нууц ч юу байхав. Харин ч ил шүү. Энэ бол сошиал. Бизнесээ эхлэхээс өмнө л би маш олон сая дагагчтай болчихсон байсан” гэж Кайли өгүүлжээ. Кайли Женнер шинэ бүтээгдэхүүн гаргаснаа инстаграмдаа харуулж, богинохон тайлбар хийдэг. Ингээд л дагагчид нь шинэ бүтээгдэхүүн рүү “дайрдаг”.

Уруулын будаг нь ялангуяа их орлоготой. 29 ам.долларын үнэтэй Kylie Cosmetics-ийн уруулын будаг худалдаанд гараад хэдхэн цагийн дотор зарагдчихна.

Эхэндээ Кайли Женнер бие даан ажиллажээ. Гэвч ганцаараа ажиллах бус хамтрагчтай байх нь зөв гэж шийдээд Ulta сүлжээ дэлгүүртэй хамтрахаар болсон байна. Ulta бол АНУ-ын муж бүрт салбартай, маш хурдан шуурхай ажиллагаатай газар.

Kylie Cosmetics-ийн орлого сүүлийн нэг жилийн хугацаанд 9 хувиар буюу 360 сая ам.доллараар  нэмэгджээ. Маш хурдацтай өсөн нэмэгдэж буй ашгийг нь тооцож үзвэл Кайлигийн бизнесийг одоо 900 сая ам.доллараар хөнгөхөн үнэлэхээр хэмжээнд хүрсэн байна. Үүн дээр өмнөх бизнесийнх нь орлогыг нэмээд Kylie Cosmetics-ийн ганц 100 хувийн эзэн нь гээд тооцвол хөрөнгө нь тэрбум ам.доларыг нэгэнт давжээ.

“Кайли Женнерийн авьяас чадвар уу? Энэ бол 100 гаруй сая хүнтэй ганцхан гэрэл зураг юмуу бичлэгээр шууд маш зөв харилцаж чаддаг нь юм” гэж Ulta-гийн дэд ерөнхийлөгч Тара Саймон өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Angel(66.181.167.58) 2019 оны 03 сарын 06

Wow proud of her so much . Good luck

0  |  0
Top