ДЭМБ: Хүүхдүүд хүнд хэлбэрээр халдварлаж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус КОВИД-19 вирусний эсрэг вакцины анхны туршилтууд эхэлсэн тухай зарлалаа. 

Тэрбээр вирусний генийн дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дотор шинжээчид вакцин туршиж эхэлснийг "Гайхалтай амжилт" хэмээжээ.


  • ДЭМБ коронавирусний халдвар хүүхдэд хүнд хэлбэрээр илэрч болохыг үгүйсгэсэнгүй. Дэлхий дахинд халдвар авсан хүүхдийн тоо насанд хүрсэн хүмүүсийнхээс бага байна. Хүүхдүүд хөнгөн хэлбээр халдварлаж байгаа ч Хятад улсад зарим хүүхдүүд хүнд хэлбэрээр өвчилж, нэг хүүхэд нас барсан тул бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж ДЭМБ зөвлөжээ.
     
  • БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Еврокомиссын тэргүүн Урсула фон дэр Ляйентай утсаар ярьж, Европт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах байдлыг хөнгөвчилнө гэж мэдэгджээ.
     
  • Итали улс шинэ төрлийн коронавирусний халдварын дэгдэлтийн эсрэг авч буй арга хэмжээг одоогоор чангатгах төлөвлөгөөгүй байна гэж тус улсын эрүүл мэндийн дэд сайд Пьерпалао Силери мэдэгджээ. Өнгөрсөн даваа гарагт Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте халдварын оргил үед хүрээгүй байгаа тул шинэ хориг, хязгаарлалт тавих шаардлага байхгүй гэж мэдэгдсэн юм.
     
  • АНУ-ын Конгрессын хоёр дахь гишүүн коронавирусний халдвар авсан нь батлагджээ. Юта мужаас гарсан Бен Адамс Тэрбээр шинжилгээний хариу сөрөг гарах хүртэл гэрээсээ ажлаа хийхээр болсон байна. Үүнээс өмнө Төлөөлөгчдийн танхимын гишүүн Марио Диас-Баларт халдвар авсан тухай мэдэгдэж байсан юм.
     
  • Пүрэв гарагаас эхлэн Лондон хот ихэнх метроны буудлыг хааж, нийтийн тээврийн чиглэлийн тоог цөөрүүлжээ. Энэ арга хэмжээг шинэ төрлийн коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор болон зорчигчдын урсгал багассантай холбогдуулан авч байна.
     
  • Нью Йоркийн хөрөнгийн бирж ирэх даваа гарагаас арилжааны танхимуудаа хааж, түр хугацаанд цахим арилжааны хэлбэрт шилжихээр болжээ.
     
  • АНУ ихэнх улс орны иргэдэд виз олгохоо түр зогсоох болсон тухай Төрийн департамент мэдээлжээ. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хүмүүс өөрийн орны элчин сайдын яам, консулын газарт хандахыг зөвлөжээ.
     
  • Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо 209265-д хүрч, нийт 8835 өвчтөн нас барж, 84215 өвчтөн эдгэрчээ. Хятад улсад 80925 (нас барсан 3245), Итали 35713 (нас барсан 2978), Иран 17361 (нас барсан 1135), Испани 13716 (нас барсан 598), Франц 9134 (нас барсан 264), Өмнөд Солонгос 8565 (нас барсан 84) тохиолдол бүртгэгдээд байна.
Top