Эмийн санчид “Коронавируст халдварын эсрэг эмийн зохистой хэрэглээ” сургалтад хамрагдлаа

2021 оны 08 сарын 28

Коронавируст (Ковид-19) халдвар нэмэгдэж байгаа өнөө үед иргэд эмчид хандахаасаа өмнө эмийн сангаас дур мэдэн эм бэлдмэл авах, замбараагүй хэрэглэх байдал нэмэгдэж байна. Энэ нь эмийн гаж нөлөө, антибиотикийн тэсвэржилт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн эм зүйч, жор баригч нарт коронавируст (Ковид-19) халдварын эсрэг эмийг зөв сонгох, эмчлүүлэгчид зөв тайлбарлах, илэрч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох нь чухал юм.

Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоотой хамтран  “Коронавируст (Ковид-19) халдварын эсрэг эмийн зохистой хэрэглээ” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “Коронавируст (Ковид-19) халдварын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар”, “Коронавируст (Ковид-19) халдварын эсрэг эмийн зохистой хэрэглээ”, “Коронавируст (Ковид-19) халдварын эсрэг эмийн талаар иргэдэд  зөвлөгөө өгөх” зэрэг сэдвийн хүрээнд НЭМГ болон АШУҮИС-ийн харьяа Эм зүйн сургуулийн эмнэлзүйн менежментийн тэнхимтэй хамтран мэдээлэл, зөвлөмж хүргэсэн бөгөөд нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн эм зүйч, жор баригч бүхий нийт 250 гаруй хүн хамрагдлаа.

Энэхүү сургалтанд “Ковид-19” халдварын талаар иргэдэд тулгамддаг асуудал, эмийн тун хэтрэлт, хэрэглээний талаар бодит байдлын хүрээнд хэлэлцүүлэг хийж, баримт нотолгоонд тулгуурласан мэдлэг, дадлага олгосон нь оролцогчдын сонирхолд нийцсэн байна.

Уг сургалтыг хийснээр “Ковид-19” халдварын эсрэг эмийг зөв зохистой хэрэглэх, иргэдэд зөвлөгөө өгөх чиглэлээр эмийн сангийн эм зүйч, жор баригч нарын  үүрэг оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top