“Оюу Толгой”-н ТУЗ өнөөдөр 18.00 цагаас хуралдаж, "Рио Тинто"-гийн тайлбарыг сонсоно

2021 оны 09 сарын 29

“Оюу Толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/  өнөөдөр 18.00 цагаас хуралдах товтой байна.

Сануулахад, ТУЗ энэ сарын 7,8-ны өдрүүдэд хуралдах товтой байсан ч,   “Рио Тинто”-гийн хүсэлтээр түр завсарласан. Тэгвэл өнөөдөр ТУЗ ямар ч байсан хуралдах нь. Ер нь бол “Рио Тинто” Тусгай хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх нь гол асуудал байгаа учраас энэ удаагийн  ТУЗ-ийн хурал хүлээлт үүсгээд буй юм.

Төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчидтэй хэлэлцээ хийх Ажлын хэсгийг ахалж буй ХЗХД-ийн сайд Х.Нямбаатар  “Рио Тинтогоос Оюутолгойн  зардлын хэтрэлттэй холбоотой тайлбараа ирүүлсэн” гэсэн мэдээллийг өгөөд байгаа.

“Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр байгуулагдсан хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн Тусгай хороо далд уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэн нь геотехникийн шалтгаан нөхцлүүдээс болоогүй,  “Рио Тинто”-гийн менежментийн алдаатай холбоотой гэсэн агуулга бүхий дүгнэлтийг өнгөрсөн сард гаргасан юм.

Уг дүгнэлт гарсны дараа өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр ТУЗ-ийн хурал болсон ч, “Рио Тинто”-гийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд өөрийнхөө оронд өөр хүн явуулсан учраас далд уурхайн асуудлаар  хөндлөнгийн шинжээчдийн гаргасан тайлан, дүгнэлттэй холбоотой албан ёсны хариултыг ТУЗ-ийн гишүүд  “Рио”-гоос авч чадаагүй байсан.

Мөн энэ сарын эхээр ч “Рио Тинто” ТУЗ-ийн хуралд мэдээлэл өгөхөө хойшлуулж байв.

Төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар далд уурхайн үйл ажиллагааг энэ сард багтаан эхлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан.

Харин төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”-гийн зүгээс далд уурхайн зардлын 1.4 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийг “Оюу Толгой” компанийн ТУЗ батлах ёстой гэсэн байр суурийг зөрүүлэн илэрхийлсэн юм.

Монголын Засгийн газар ч, “Рио Тинто” ч, “Туркойз Хилл” ч Оюутолгой төслийн үйл ажиллагаа тасалдахгүй, хэвийн явагдах ёстой гэдэг дээр ижил байр суурьтай байгаа.

Гэвч дээр дурдсанчлан  зардлын хэтрэлтийн үндсэн шалтгаан нь менежменттэй гэсэн дүгнэлтийг хараат бус шинжээчид гаргасан учаас, цаашид ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэг дээр талууд хэлэлцээний хүрээнд ойлголцол, шийдвэрт хүрэх хэрэгтэй байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top