Тамгаа булаалдсан АН хөшигний наана дүр эсгэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 01

Хоёр ч парламент дараалж ялагдал хүлээсэн АН-ынхан хоёр хуваагдаж, хоёр даргатай болоод удаж байна. Тэд өнгөрсөн хугацаанд парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэхээсээ илүүтэй намынхаа дотоод хэрүүлдээ хамаг анхаарлаа тавьж иржээ. Харамсалтай нь, хоёр дарга нь хэн хэндээ бууж өгсөнгүй, намынхаа тамга тэмдгийг булаацалдаж, нэг нэгнээ үгүйсгэсэн хэвээр л байна.

Гэхдээ АН-ынхан тайзны наана жүжихээ мартсангүй. Тэд хоёр тийшээ харж суучихаад эв нэгдэл ярьж байна. Нэгэнт хагарч, бутарсан нам эргэж эвлэх нь юу л бол. Харин зорилготой нэгдэж, хамтарч улстөр хийж мэдэх л байх. Түүнийгээ ч хийж, хэрэгжүүлж байна.

Намынхаа тамга, тэмдгийг булаалдсан тэд нөхөн сонгуульд ялалт байгуулах, Засгийн газрын түлхэн унагах дээр түрхэн нэгдэж байгааг улс төр сонирхдог хэн бүхэн олж харж чадах билээ.

УИХ-ын 2021 оны хаврын чуулган өнөөдөр /2021.10.01/ хөшгөө нээж байна. Үүнтэй зэрэгцэн АН-ынхан төв талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахаа мэдэгдэв. Үнэндээ Засгийн газраас ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон. Шалтгаан нь халдварын тархалт, нас баралт эрс нэмэгдэж байгаа өнөө цагт олны хөлийг хорьж, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах гэсэн төр, засгийн бодлого юм.

Харин төр, засгийн шийдвэр сөрөг хүчинд үйлчлэхгүй, тэд үл тоож байна. Тэд зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө юуг ч үл тоож, зольж мэдэхээр харагдана, тэр нь хэнд ч тодхон "уншигдаж" байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top