Түлш хүрэлцэхгүй байгаа тул НЭГ ӨРХӨД ХОЁР ШУУДАЙГ өгч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

-ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦ 40 ХУВИАР БАГА БАЙНА-

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд өвлийн бэлтгэлээ хангахаар яарч, үүнийг дагаад түлээ түлшний эрэлт эрс нэмэгдэж байна. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хотын захын хорооллууд сайжруулсан түлшний хомсдолд орж, иргэд түлшиндээ дугаарлаж өнжлөө.

Ямар учир шалтгааны улмаас ийнхүү түлшний хомсдолд орж, дугаарлах болсон талаар “Тавантолгой” түлш компаниас тодруулах гэсэн боловч ямар нэг хариулт өгсөнгүй.

Тиймээс хэд хэдэн шахмал түлш борлуулах цэгээр орвол “Түлш дууссан” гэсэн зарлал хадаж, үүдээ барьсан байлаа.



Харин өглөөний 10:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13-р хороонд байрлах шахмал түлш борлуулах цэгт түлш бууж байхтай тааралдаж, борлуулагчаас зарим зүйлийг тодрууллаа.

Борлуулагч Б.Энхбат ярихдаа “Өнгөрсөн жилийн тухайд “Тавантолгой түлш” компаниаас өдөртөө 10 тонн шахмал түлш нийлүүлдэг байсан. Харин энэ жил өдөртөө таван тонныг нийлүүлж байна. Цаанаасаа хязгаарлалттай ирж байгаа учраас бид ч бас иргэдийн хүрэлцээг бодоод хязгаарлалттай өгч байна. Уг нь нэг өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш өгөх нормтой. Гэвч ирж байгаа түлш нь хаанаа ч хүрэхгүй байгаа учраас нэг өрхөд хоёр шуудайг л өгч байна. Та бүхний харж байгаачлан 30 минутын өмнө гэхэд таван тонн түлш буусан байхад одоо талдаа орчихлоо. Хэзээ хүртэл ийм байхыг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч байгаа нөөц бололцоогоороо хүмүүст хүрэлцээтэй байхаар зохицуулж байна” гэлээ.

Түлшний нийлүүлэлтээ яагаад багасгасан талаар “Тавантолгой түлш” компаниас борлуулагч нартаа ямар нэг тайлбар хэлээгүй гэдгийг борлуулагчид хэлж байв.

Иргэдийн зүгээс “Өчигдөр оройноос эхлэн түлшинд дугаарлалаа. Өглөө түлш авах гэсэн боловч карт идэвхгүй байна гэж борлуулагчийн мэдээлэлд гарч байна. Баталгаажуулах хэрэгтэй гээд хороо руу явуулсан. Хорооноос яаж баталгаажуулахаа мэдэхгүй байна гэсэн. Энэ карт нь өнгөрсөн жил авсан карт шүү дээ. Өмнө нь зүгээр авч болоод л байсан өнгөрсөн долоо хоногоос эхлээд л ийм болчихсон байна. Түлшний хомсдолд орчихсон хажуугаар нь энэ картны асуудал гээд маш хүндрэлтэй байна. Бэлэн мөнгөөр худалдаж авах боломж байхгүй. Иргэд бид нарт бол хэцүү байна” хэмээсэн юм.

"Тавантолгой түлш" ХХК өнгөрсөн долоо хоногт сайжруулсан шахмал түлшний 50 мянга орчим тоннын нөөцтэй байсан бол энэ долоо хоногт 65 мянган тонн нөөцтэй хэмээн мэдээлж буй. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал түлшний нөөц даруй 40 хувиар буурсан тоо юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, сайжруулсан түлшний хомсдлын асуудлаар эрх баригч нам дотроо хэлэлцэж эхэлсэн байна.

Түлшний нөөц бүрдүүлэлт хангалтгүй байгаа нь өнгөрсөн 2020 онд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Толгойт дахь түлшний үйлдвэрийг Налайх руу нүүлгэх чиглэл өгсөнтэй тодорхой хэмжээгээр холбоотой гэж үзэж байгаа аж.

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт “Тавантолгой түлш” компанийн ажилчид олон сарын турш цалингаа аваагүй гэдэг үндэслэлээр ажил хаяад байгаа ба ажилчид өнөөдөр (2020.10.04) Үйлдвэрчний эвлэлд хандаж, Эрчим хүчний сайдтай гурван талт уулзалт хийхээр болжээ. 

Албан бус мэдээллээр, “Тавантолгой түлш” компанийн удирдлагын зүгээс ажил хаясан 40 орчим иргэнд сануулга өгсөн гэх ба ийнхүү ажил хаясан нь үйлдвэрийн нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн гэж үзэж байгаа аж.
 

Сайжруулсан түлш борлуулах цэгийг энэ долоо хоногт нэмэгдүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон. Хуралдаанд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон сайжруулсан шахмал түлшний цэг, тэдгээрийг нэмэгдүүлэхэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар дараах мэдээллийг өгсөн юм. 


Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт “Таван толгой түлш” компанийн ТУЗ-тэй уулзсан. ТУЗ-д аравдугаар сард багтаан сайжруулсан түлш борлуулах 600 цэг байгуулах шаардлагаа тавьсан. Түлшний цэг, нөөцийн талаар дүүргийн орлогч дарга нарыг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулсан. “Яндангаа хөөлье” аян үргэлжилж байгаа” хэмээн танилцууллаа.

Харин “Тавантолгой түлш” компанийн захирал Г.Ундармаа “Баруун бүсийн нэг, хоёр, гуравдугаар үйлдвэр ажиллаж байна. Өнөөдөр дөрөвдүгээр үйлдвэр ашиглалтад орно. Зүүн бүсийн үйлдвэрийн дахин боловсруулалтын хоёр шугам өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Өчигдөр 1200 тонн түлш үйлдвэрлэсэн. Өнгөрсөн долоо хоногт түлш борлуулах 281 цэг ажиллаж эхэлсэн. Энэ долоо хоногт цэгийг үе шаттай нэмэгдүүлж, 450-д хүргэхээр ажиллаж байна. 217 машинаар түгээлт хийж байгаа. Нийт 72 мянган тонны түлшний нөөцтэй. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр 2021 оны хоёрдугаар сард баруун бүсийн үйлдвэрийг зогсоож, нүүлгэх шийдвэр гарсантай холбоотойгоор дөрөвдүгээр сард үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, нөөц бүрдүүлэхэд асуудал үүссэн. Баруун үйлдвэр үндсэндээ таван сар зогссон. Манай компаниас шалтгаалаагүй энэ мэт зогсолт үүсдэг. Мөн иргэд түлшээ хямд үнэтэй байхад нь нөөцлөх гэдэг. 290 мянган картаас 50 мянгыг нь давхардуулж олгосон байсныг цуцалсан. Ах, дүү, хамаатан садныхаа нэр дээр карт авдаг. Нийслэлийн Статистикийн газартай хамтран хорооны хүн амын бүртгэлтэй тулгаж, айлуудад карт өгч байгаа. Түлшний цэг байгуулахаар 930 иргэн санал өгсөн ч шаардлага хангасан нь цөөн байна” гэсэн мэдээллийг өгсөн байна. 

Мөн тус компани борлуулалтын орлогоороо санхүүждэг тул цаашид энэ байдал удаан үргэлжилбэл үйлдвэр зогсоход хүрнэ гэж мэдээллээ. 

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг Эрчим хүчний яам хариуцдаг бөгөөд нийслэлийн зүгээс түгээлтэд анхаарал хандуулдаг. “Таван толгой түлш” компанийн хувьд өнгөрсөн жилийн мөн үед 97.500 тонны нөөцтэй байсан бол өнөөдөр 72 мянган тонны нөөцтэй байгаа юм. ­­­Энэ нь үйлдвэрийг нүүлгэх шийдвэртэй холбоотой байсан гэдгийг мөн компанийн зүгээс тайлбарлажээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.86.36) 2021 оны 10 сарын 04

Сэтгэгдэл оруулаачээ

0  |  0
Схдн иргэн(59.153.86.36) 2021 оны 10 сарын 04

Муужруулдаг түлшээ өгч чадахгүй бол түүхий нүүрсээ оруулаачээ хүүхэд хөгшид даарч бна бөх даргаа

0  |  0
Top