Эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд оролцохыг урьж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Нэг. Нийтлэг үндэслэл

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас дэлхий нийтэд тохиолдох гамшгийн аюул, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Дэлхийн улс орнууд үүний эсрэг нэгдэн Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр үүрэг, хариуцлага хүлээж, дэлхийн нийтээр хэрэгжүүлэх бодлоготой ажиллаж байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого Алсын хараа 2050 баримт бичигт “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулна (2021-2030)”, “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг шинэчилж хэрэгжүүлнэ (2031-2040)” гэж тусгажээ.

Цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавар, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр талууд хамтран уялдаа холбоотой ажиллах шаардлага бидний өмнө тулгараад байна.

Иймд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга” сэдэвт арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Хоёр. Зорилго

  • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр салбарын эрдэмтдийн түвшинд уулзалт хэлэлцүүлэг хийх,
  • Залуу судлаач эрдэмтдийн энэ чиглэлээрх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, дэмжих, урамшуулах, нийтийн хүртээл болгох, хэрэглээнд нэвтрүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахад оршино.

Гурав. Зохион байгуулагч

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага хамтран зохион байгуулна.

Дөрөв. Хүлээн авах эрдэм шинжилгээний бүтээлийн чиглэл

  • Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, түүний хэрэгжилт, харилцан уялдаа
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулахад дасан зохицох чадавхыг бэхжүүлэх
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах түншлэл, хамтын ажиллагаа /талуудын оролцоо, хөрөнгө оруулалт/
  • Гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо
  • Байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн эрсдэлийг бууруулах
  • Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгох чадавхыг бэхжүүлэх
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах боловсрол олгох, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш хамрагдалтыг бий болгох /тусгай хэрэгцээт бүлэгт/
  • Гамшгийн эрсдэлийг бууруулахад дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх /Тусгай хэрэгцээт бүлэгт эрт зарлан мэдээллийг хүртээмжтэй хүргэх, Цахим системд суурилсан сургалтын шинэ инновацыг нэвтрүүлэх гэх мэт./

Тав. Хамрах хүрээ, зохион байгуулалт

“Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга” арга хэмжээг 2 хэлбэрээр зохион байгуулна. Үүнд:

  1. “Эрдэмтдийн үг” хэлэлцүүлэг
  2. Эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан

Эрдэмтдийн үг хэлэлцүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр, тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна. Хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд нээлттэй түгээнэ. Холбоо барих дугаар: 88608986

Эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан нь 2 үе шаттай явагдана. Уралдаанд удирдамжид заасан чиглэлийн хүрээнд судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг оюутан, эрдэмтэн, судлаач, судлаачдын баг оролцох боломжтой. Уралдаанд оролцох бүтээлийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хүлээн авна. Холбоо барих, өгүүлэл ирүүлэх хаяг: Утас: 99039012, 51-263543. Цахим шуудан: dri@nema.gov.mn

Зургаа. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага

Уралдаанд оролцох эрдэм шинжилгээний өгүүлэл нь удирдамжийн 4-т заасан чиглэлийн хүрээнд бичигдсэн байх бөгөөд дор дурдсан шаардлагыг хангасан байна.

  1. Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтцэд тавигдах шаардлага
  2. Өгүүлэл/илтгэлийн нэр
  3. Зохиогчдын овог, нэр; эрдмийн зэрэг, цол; байгууллага/албан тушаал
  4. Хураангуй
  5. Түлхүүр үг
  6. Оршил (судалгааны асуудал, үндэслэл, хэрэгцээ шаардлага)
  7. Судалгааны арга зүй, аргачлал
  8. Судалгааны үр дүн
  9. Хэлэлцүүлэг
  10. Дүгнэлт /санал, зөвлөмж/
  11. Номзүй
  12. Эрдэм шинжилгээний өгүүллийн хэлбэржүүлэлтэд тавигдах шаардлага:
  13. Өгүүллийг А4 хэмжээтэй 15-20 хуудаст багтаан дараах форматаар бичиж ирүүлнэ.
  14. Хэрэглээний программ: Microsoft Word
  15. Үсгийн фонд: Arial
  16. Бичвэр доторх зураг: 300-400 dpi-аас багагүй нягтшилтайгаар зургийн *.JPEG өргөтгөлтэй
  17. Бичвэрийн өндөр: 12
  18. Мөр хоорондын зай: 1.15
  19. Бичвэрийн тохиргоо: Дээр-1.5см, доор-2см, зүүн-3см, баруун-1.5см
  20. Өгүүллийг цахимаар ирүүлэх ба зохиогчийн зураг, товч танилцуулгыг хавсаргана.
  21. Зохиогчийн эрдмийн зэрэг, цол, цэргийн цол, албан тушаал, илтгэлийн сэдэв, хураангуй, түлхүүр үгсийг англи, монгол хэл дээр бичсэн байна.

Долоо. Шалгаруулалт

Ажлын хэсэг ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэлтэй танилцан 5 дугаар сарын 03-ны өдөр шаардлага хангасан бүтээлүүдийг зарлаж, хоёрдугаар шатны шалгаруулалтад оруулна. 2 дугаар шатны шалгаруулалтыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шалгарсан бүтээлүүдийн хүрээнд зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим шуудангаар хүргэнэ.

Шалгаруулалтын үнэлгээ, шалгуур үзүүлэлтүүд:

  • Агуулга сэдэвтээ тохирсон байдал – 10;
  • Хэрэгцээ, шаардлага, шинэлэг, дэвшилттэй тал – 20 оноо;
  • Судалгааны аргазүй, аргачлал – 10;
  • Нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн ач холбогдол – 20 оноо;
  • Үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх боломж – 20 оноо;

Найм. Шагналын сан

Тэргүүн байр -1 (Хоёр сая төгрөгийн үнэ бүхий зүйл)

Дэд байр – 2 (Тус бүр нэг сая төгрөгийн үнэ бүхий зүйл)

Гуравдугаар байр – 2 (Тус бүр найман зуун мянган төгрөг)

Тусгай байр -1 (Дөрвөн зуун мянган төгрөгийн үнэ бүхий зүйл)

Нэрэмжит шагнал

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.126.88.183) 2022 оны 04 сарын 10

Эрсдэлээ зөв эрэмбэлээрэй. Ядуурлыг бууруулах эх оронч үйл хэрэг нэн тэргүүний зорилт байх ёстой. Ядууралгүй мрнгол болсны дараа уур амьсгалаас үүдэх гамшгийн эрсдэл тийм биз?

0  |  0
Top