Цаг уурын автомат станцын сүлжээ байгуулна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 25

2022-2025 онд БНСУ-ын Цаг уурын алба, Солонгосын цаг уурын хүрээлэн болон Монгол Улсын ЦУОШГ хамтран “Монгол Улсад цаг агаарын ажиглалтын мэдээллийн удирдлагын нэгдсэн системийг суурилуулах” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд цаг уурын ажиглалтын мэдээллийн нэгдсэн систем суурилуулж, цаг уурын ажиглалтын дэд бүтцийг сайжруулсанаар цаг агаарын аюулын эрсдэлийг бууруулах зорилготойгоор уг төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот, Өвөрхангай, Дундговь аймгуудад цаг уурын автомат станцын сүлжээ байгуулах бол Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод агаар мандлын ажиглалтыг 30км-ийн өндөр хүртэл хийх боломжтой аэрологийн станц суурилуулах, салбарын боловсон хүчнийг чадвахжуулах шат дараалсан сургалтууд зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэх юм.

Энэ сарын 25-29-ний  өдрүүдэд БНСУ-ын Цаг уурын хүрээлэнгийн Бүтээгдэхүүн хөгжлийн Хэлтсийн орлогч дарга ноён Шин Вонг Чул, тус хэлтсийн менежер ноён И Ки Тек нар төслийн ажлын хөтөлбөр батлах, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай урьдчилсан судалгаа болон холбогдох мэргэжүүлтнүүдтэй уулзалт хийх зорилгоор ЦУОШГ-т ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top