Хошин урлаг элэглэх бус ГЭГЭЭРҮҮЛЭХ ёстойг өгүүлсэн АЛДАРТНУУДЫН ҮГ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 23

Хошин урлагийн жүжигчид энэ сарын 18-нд Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна цугларч, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг уучлалт гуйхыг шаардсан билээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг цахим хуудсандаа “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдогоо урлаг гээд ойлгосон гамшгууд. Хүн доромжилсны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөгөө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдагаа болих хэрэгтэй” хэмээн бичсэн нь хошин урлагийн жүжигчдийн эгдүүцлийг төрүүлсэн аж.

Жүжигчид Төрийн нарийн бичгийн даргыг өөрсдөөс нь уучлалт гуйхыг шаардсан. Тэгвэл иргэд хошин урлагийнхан өөрсдөө ард түмнээс уучлалт гуйх ёстой, бусдыг доромжлон, урлагийн нэр барьж хүний эрхийг зөрчдөг гэх зэргээр хошин урлагийнханд шүүмжлэлтэй хандсан юм.

Хошин байдлаар шүүмжлэх нь нийгмийг соён гэгээрүүлэхэд нэмэртэй гэдэг ч хошигнож байна гээд бусдыг доромжлох нь зохисгүй. Жүжигчин гэдэг нь драмын жүжиг болон кинонд оногдсон дүрд хувиран амьдрагч хүнийг хэлдэг. Гэвч хошин шог заримдаа хүнийг доромжилсон байдалтай байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж буй.

Судлаачид урлагийг хүн судлал гэж тодорхойлсон байдаг. Урлаг нь хүнийг судлахдаа бие махбодийн талаас бус хүний сэтгэлийг судалж байж урлаг гэдэг утгаа хэвээр нь хадгалж үлдэх юм шиг... Түүнчлэн урлаг нь тухайн цаг үеийнхээ толь болж, нийгмийг өөрчлөх аугаа их хүчийг өөртөө тээж явдаг хэмээн судлаачид тодорхойлсон байдаг.

Тэгвэл дэлхийн алдартай сурган хүмүүжүүлэгч, судлаачид, алдартай жүжигчид, уран бүтээлчид хошин урлагийг хэрхэн тодорхойлсон байдгийг сонирхож үзье?

Жүжигчин хүн ямар байх ёстой талаар, урлаг хүнд юу өгдөг тухай тэд юу гэж хэлсэн байдаг юм бол?

Хошин урлаг хөгжсөн орны нийгэм доройтсон байдаг!

Юрий Никулин

Театр бол хүмүүсийг Толстой номоороо сургаж чадахгүйгээр сургах ёстой газар

Вольтер

Жүжигчид, хөгжимчид, найрагчид бол бидний алжаасан сэтгэлийг эмчлэгчид байх ёстой

Фаина Раневская


МЭРИЛ СТРИП: ҮЛ ХҮНДЛЭЛ ҮЛ ХҮНДЛЭЛИЙГ Л ДАГУУЛНА

Оскарын гурван удаагийн шагналт жүжигчин Мэрил Стрип 2017 онд "Алтан бөмбөрцөг" наадмын үеэр тайзан дээрээс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын таагүй хошигнолыг шүүмжилсэн билээ.

"Алтан бөмбөрцөг"-ийн есөн удаагийн шагналт жүжигчин “Насан туршийн нэр хүндийн шагнал” гардаж авах үеэрээ “Үл хүндлэл нь үл хүндлэлийг л дагуулна. Хүчирхийлэл хүчирхийллийг л өдөөдөг. Хэн нэгэн эрх мэдэл, боломжоо ашиглан бусдыг доромжлоход бид бүгд хүчин мөхөстдөг” гэсэн алдартай үгээ хэлсэн юм. 

Тэрбээр энэ үгээрээ Доналд Трамп “New York Times” сонины хөгжлийн бэрхшээлтэй сурвалжлагчийг элэглэсэн үйлдлийг эсэргүүцэж буй нь бүгдэд ойлгомжтой байсан билээ. Трамп өөрөө ч “Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын үеэр Мэрил Стрип над руу дайрлаа” хэмээн эгдүүцсэн байдаг.

Доналд Трамп Өмнөд Каролинад болсон цуглааны үеэр “New York Times” сонины сурвалжлагч, хөгжлийн бэрхшээлтэй Сергей Ковалевскийг дуурайн, шоглосон юм.

Мэрил Стрип Доналд Трампыг шүүмжлэх үеэрээ “Жүжигчин хүний гол ажил бол биднээс ялгаатай хүмүүсийн амьдрал руу нэвтрэн орж, тэдний дотроо яг юу мэдэрч буйг бусдад мэдрүүлэх явдал юм” хэмээн тодорхойлсон.

Мэрил цааш ярихдаа “Энэ зорилгодоо тун чадамгай хүрсэн олон тоглолтууд энэ жил төрлөө. Гайхалтай, дүрүүдийнхээ дотрыг мэдэрсэн тоглолтууд... Харин нэг жүжиглэлт энэ жил намайг онцгой алмайрууллаа. Сайнаар биш л дээ, сайн юм тэнд юу ч байхгүй. Гэхдээ тэр жүжиглэлт үр нөлөөлөл үзүүлж, зорилгоо ч биелүүлсэн. Чиглэсэн хүмүүсээ инээлгэж чадсан. Улс орны минь хамгийн хүндтэй суудлыг горилогч тэр хүн тусгай хэрэгцээт сэтгүүлчийг элэглэн тохуурхсан тухай би ярьж байна" гээд "Эрх тушаалаараа ч, эргээд тэмцэлдэх чадлаараа ч тэр сэтгүүлчээс хэтийдсэн хүн байж шүү. Ийм зүйлийг харах элэг эмтрэм байлаа. Одоо ч толгойноос минь гарахгүй байна. Учир нь энэ бол кино биш, бодит амьдрал дээр болж буй үйл явдал. Бусдыг доромжлох энэ зуршил олон нийтийн нүдэн дээр байдаг хүний үйлдлээр илрэхээрээ бүгдийн амьдралд ямар нэгэн байдлаар нэвчиж, эргээд “Ингэж болдог юм байна” гэсэн зөвшөөрлийг бидний тархинд суулгаж өгдөг” гэсэн юм.

Б.АРГО: МОНГОЛЧУУД ӨВЧТЭЙ НЭГНЭЭРЭЭ ТОГЛООМ ХИЙДГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ

Дээрх явдалтай адил эмгэнэлт зүйлийн жишээ Монголд ч бий. Тухайлбал, 2017 онд "Арго багш" нэрээр олны дунд алдаршсан иргэн Б.Арго (талийгаач) “Мөрөөдлийн театр” хошин урлагийн продакшн хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр хүндийг бизнесийн зорилгоор гутаан доромжилж, тоглон тохуурхаж байгаа талаар хэвлэлийн хурал хийж байсан юм. 

Өвчний улмаас нэг хөлөө тайруулаад байсан Б.Арго багш тухайн үед “Би 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд сахарын хүнд өвчний улмаар баруун хөлөө дунд чөмөгний гол орчмоор тайруулсан. Үүнээс хойш гурван жил гаруй хэвтрийн байдалтай шаналж байна. Ийнхүү хүнд өвчтэй байх үед “Мөрөөдлийн театр” намайг шоолж, шоглож, шоудаж байгаа нь миний хувьд их хэцүү байсан. 2015 онд "Мөрөөдлийн театр"-ынхан “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” гэсэн тоглолт зохион байгуулж, жүжигчин Г.Эрхэмбаяр намайг дуурайсан байсан. Тэр тоглолтыг үзэхэд хошин шогийн элэглэсэн зүйл ерөөсөө харагдаагүй. Намайг ууртай, догшин, гадаад хэл мэддэггүй, тэнэг хүний дүрээр харуулсан. Энэ нь надад их хэцүү байсан” гэж ярьж байсныг үзэгчид өнөөдөр олон нийтийн сүлжээнд эргэн сануулсаар байна. 

Арго багш жүжигчид рүү утасдаж хэлсэн ч тоолгүй орхиж, түүнийг үргэлжлүүлэн элэглэж, шоолсон нь биеийн байдал нь муу байсан түүнийг сэтгэл санааны хүнд нөхцөлд оруулж байсан гэдэг. 

Тэрээр энэ тухайгаа “Монголчууд өвчтэй нэгнээрээ тоглоом шоглоом хийдгээ болих хэрэгтэй” хэмээн уриалаад “Хамгийн гол нь гоё урлагийг бүтээх хэрэгтэй. Дуурайх гэж байгаа бол дуурайсан шиг дуурай. Ганцхан миний биш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэр хүндэд халдаж байна. Хэрэв би хоёр хөлтэй байсан бол гомдохгүй. Ингэж нэгнийхээ зовлонгоор мөнгө олох хэрэггүй” хэмээн суудлаасаа босож зогсоод, хатуухан сануулга өгч байсан билээ.

ЖҮЖИГЛЭХ УРЛАГИЙН ТАЛААРХ АЛДАРТНУУДЫН БУСАД ЭШЛЭЛ 

Жүжигчний тоглолт гэдэг бол зөвхөн үг хэлэх тухай биш юм. Холи Хантер “Төгөлдөр хуур” кинонд нэг ч үг хэлдэггүй, гэхдээ тэр “Оскар” авсан

Моника Беллуччи

Хошин шогчид нийгмийн үнэт зүйлсийг гутаан доромжилж, үнэгүйдүүлдэг. Тэдний дүрслэл хийсвэр, сайн талын баатруудыг элэглэдгээрээ урлагийн триллер гэж хэлж болохоор аймшигтай сэтгэгдэл төрүүлдэг. 

Айн Рэнд

Драмыг би буруу ойлгосон байна билээ. Дүрүүд нь уйлвал драм гэж би боддог байлаа. Харин үнэн хэрэгтээ сайн драм үзэгчдийг нулимс унагахад хүргэдэг. 

Фрэнк Капра

Алиалагчийн үүрэг бол зөвхөн хошигнох биш. Гол нь үнэнийг хэлэх юм.  Илья Бражнин

Бусдын талаар хошигнох нь сексийн адил маш эмзэг, хувийн харилцаа байдаг. Жин Шеперд

Жүжигчдийн авьяасыг олон нийт дуулиан шуугиантайгаар хүлээн зөвшөөрснөөр нь үнэлэх боломжгүй.  Александр Пушкин

Театр бол хүмүүст зөв бодол, сайхан сэтгэгдлийг авчрах ёстой газар.  Н.В.Гоголь

Театр бол ид шидийн ертөнц юм. Театр хүмүүст гоо сайхан, ёс суртахууны хичээл заах ёстой. Энэ хичээл баялаг байх тусмаа үзэгчдийн оюун санааны ертөнцийг хөгжүүлдэг.  Б.М.Теплов
 

Би кино од биш. Би жүжигчин. Кино од байх нь зүгээр л кино од байхын нэр. Хуурамч үнэт зүйлтэй, алдартай байхын төлөө зориулсан хуурамч амьдрал гэсэн үг. Харин жүжиглэх урлаг бол урт хугацааны зүйл. Жүжигчдийн эргэн тойронд үргэлж гайхалтай дүрүүд байдаг.

Вивьен Ли

Жүжигчний тоглолтын талаарх бүх яриаг хоосон гэж би боддог. Жүжигчид зүгээр л маш сайн жүжиглэж, хувирч, үндсэн ажлаа хийхийг чухалчлах ёстой. Зураач зурахад, зохиолч бичихэд суралцдаг шиг урлагт дадлагажих ёстой.  Вивьен Ли
 

Театрт зүтгэх нь угтаа бол хүмүүст, бас үнэнд үйлчилнэ гэсэн үг юм

Фаина Раневская

Жижиг дүр гэж байдаггүй. Жижиг жүжигчид л гэж байдаг. Константин Станиславский

Хошин шог нь угтаа бол шоглоомын ард нуугдсан үнэн байх ёстой.  Д.Вейс

Инээдмийн жүжигчин таныг инээхэд хүргэдэг. Харин хошин урлагийн жүжигчин таныг бодоод, дараа нь инээхэд хүргэдэг байх учиртай. Жорж Бёрнс

Хошин шог бол ерөнхийдөө эрчүүдийн ажил. Карел Чапек

Хэрвээ хошин шогч өөрөөрөө бахархаж, өөртөө зориулж инээвэл үнэ цэнээ алддаг. Ф.Шиллер
 

Хошин шогийн мэдрэмж гэдэг бол хүний амьдралд хандах хандлага юм. Хүн бүх зүйлд хөнгөн хандах тусмаа хошин шогийн мэдрэмж нь тод байдаг. Владимир Зеленский 

Хошин шог бол үнэний хонх сонсогдохгүй байх үед шүүгч болдог урлаг.  К.Людвиг Берне

Хошин шогийн жүжигчин ертөнцийн тэнцвэртэй бус байдлыг мэдэрдэг хүн байх ёстой. Карл Хаммарен

Сайн хошигнолоос гунигтай инээд үүсэх ёстой. С.Батлер

Хошин шогийн мэдрэмж бол агуу мэдрэмж. Хошин шогийн мэдрэмжгүйгээр амьдрах нь дамнуургагүй тэргээр явахтай адил тэнэг зүйл.  Г. Бичер

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.104) 2022 оны 10 сарын 24

энэ олон үг дотроос манай монголд тохирох үг нь бол алдарт жүжигчин алиалагч ЮРИЙ НИКУЛИНЫ хэлсэн үг яг онсон үг байна\n

0  |  0
Biileen-mrd(202.126.89.94) 2022 оны 10 сарын 26

Маш чанартай нийтлэл байна. Зүгээр нэг амны зугаа, хов жив биш уншаад юм ойлгож дотор бодогдуулж чадаж байна.

3  |  0
Монгол(192.82.67.116) 2022 оны 10 сарын 22

Хошин шогийн жүжигчдийн жүжиглэх авьяасыг би үнэлнэ. Маш чадварлаг, авьяаслаг хүмүүс, харин зарим үед дүрээсээ, урлаг соёлоосоо хальчих гээд байдаг. Зарим тохиолдолд өөрсдийгөө бүүр доош нь хийчихдэг, маш эмгэнэлтэй. Энэ нь манай өнөөгийн зарим увайгүй дээдсийн суудлаа олоогүйтэй ч холбоотой.

0  |  0
Huysen(192.82.87.69) 2022 оны 10 сарын 22

Хошин шогийнхон бараг бүгдээрээ бөө ,удган ,дуучин юм гэв үү\nҮнэн юм уу

0  |  0
магсар(124.158.67.180) 2022 оны 10 сарын 22

манай энэ хэдэн алиа салбадайнууд”тэнэг биднийгээ доромжилж олсон хэдэн төгрөгөөрөө үхсэн хүний гавъяатын тэмдгийг худалдаж авсан. Үнэмлэхийг нь үзье гэсэн чинь олдоогүй. Олдсон үнэмлэх нь хуурамч тамгалай байсан. Та нар Одончимэг,Аглуу,Бооёо нарынхыг үзье гэвэл гэвэл бүх юм тодорно.Улс төрчид шиг эд нар чинь бас шагналын донтон хулгайчууд юм билээ

0  |  0
магсар(124.158.67.180) 2022 оны 10 сарын 22

манай энэ хэдэн алиа салбадайнууд”тэнэг биднийгээ доромжилж олсон хэдэн төгрөгөөрөө үхсэн хүний гавъяатын тэмдгийг худалдаж авсан. Үнэмлэхийг нь үзье гэсэн чинь олдоогүй. Олдсон үнэмлэх нь хуурамч тамгалай байсан. Та нар Одончимэг,Аглуу,Бооёо нарынхыг үзье гэвэл гэвэл бүх юм тодорно.Улс төрчид шиг эд нар чинь бас шагналын донтон хулгайчууд юм билээ

0  |  0
Top