АТГ хэргийн үзүүрээс атгадаг ч зангилааг тайлж чаддаг нь эргэлзээтэй

2022 оны 10 сарын 31

Авлигын гэмт хэрэгт том жижгийн ялгаа үгүй гэдэг. Тэр ч утгаараа АТГ авлига, албан тушаалтай холбоотой аливаа гэмт хэргийг хянан шалгадаг. Шалгаж байгаагаа ч долоо хоног, сараар, улирлаар, жилээр гээд тайлан мэдээгээ олон нийтэд сонордуулдаг. Зарим тохиолдолд сүр дуулиантай баривчилгаа хийж, тухайн хэргийн талаар нийгэмд дуулиан тарьдаг. Харин тэр бүх хэрэг хэрхэн шалгагдаж, хэнд ямар төрлийн ял шийтгэл оноосон эсэх нь тодорхой бус. Шүүхээр шийтгүүлж, ял оноож байгаа хэргүүд нь дандаа жижиг “жараахайнууд” байх. Хамгийн сүүлд л гэхэд,

Булган аймгийн Сэлэнгэ сумын нийтийн албан тушаалтан М-ийг сумын Засаг даргын газрын эрх шилжүүлэх тухай захирамж гараагүй байхад 57 га газрыг олгон, бусдад давуу байдал бий болгосон хэргээр шалгаж эхэлсэн байна. Мөн нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б-г хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй бусдад давуу байдал бий болгосон, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан Ц-г алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий уурхайн албан тушаалтнаас 200 сая төгрөг хахуульд авсан гэх, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн хамаарал бүхий этгээдэд газар олгуулах шийдвэрийг гаргуулж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргээр шалгаж байгааг мэдээлсэн.

Мөн Дундговь аймгийн Өлзийт сумын удирдах албан тушаалтан Э-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосны улмаас хүрээлэн буй орчинд 24 сая төгрөгийн экологийн хохирол учруулсан гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын удирдах албан тушаалтан Б нь сумын нөхөн сэргээлт хийгдэх шаардлагатай хайргын талбайд тусгай зөвшөөрөлгүй компанид давуу эрх олгон ажил гүйцэтгүүлж, мөнгө угаасан гэх зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж, шүүхийн шатанд шилжүүлсэн байна.

Мэдээж хөдөө орон нутаг, сум дүүрэгт “даам гарсан” этгээдүүдийг илчилж байгаа нь сайн хэрэг. Харин тэднийг илрүүлж чадаж байгаа шигээ авлигын томоохон “акул”-уудыг агнаж чадаж байгаа нь эргэлзээтэй. Бидний ой санамж дэндүү богинохон юм. Өнгөрсөн он жилүүдэд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, тэр бүү хэл Ерөнхийлөгч хийж байсан эрхмүүдийг хүртэл АТГ-аас шалгаж байв. Харин тэдний хэн нь яг ямар ял авсан, ял шийтгэлээ хэрхэн эдлэв. Зарим нь тухайн үедээ улс төрийн ээлжит жүжиг тавьж, харин зарим нэгнийх нь хэрэг замхарч орхисон гэдэгтэй санал нийлэх хүн олон байх. Баримт түшье.

 

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатарын хэрэг юу болов

 

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг АТГ 2016 оноос шалгасан. Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг УИХ-ын гишүүний эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 2014 онд “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтээс мөнгө завшсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Тухайлбал, Б.Гарамгайбаатар нь 2012-2014 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт нөлөөлж, Засгийн газраар өөрт ашигтай шийдвэр гаргуулан, төсөвт их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буруутгагдсан. Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компани нь Архангай аймгийн Тариат сумын Халзанбүргэдэй, Завхан аймгийн Солонготын даваа чиглэлийн 100 километр автозам барихдаа 22.3 тэрбум төгрөг нэмж авах хууль бус шийдвэр гаргуулсан. Мөн тус компани өмнө нь Хөгжлийн банкнаас 23.1 тэрбум төгрөг авсан гэх баримт мэдээллүүд ч ил болж байв. Гэвч Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын дээрх хэргийг Баянгол дүүргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр 2019 оны долоодугаар сарын 8-нд хэрэгсэхгүй болгож байсан. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 2020 оны нэгдүгээр сарын 20-нд тэдний хэргийг сэргээн шалгах шийдвэр гарч байсан билээ. Харамсалтай нь, уг хэргийг сэргээн шалгаж эхэлснээс хойш бараг хоёр жил тойрч байхад хэрхэн шийдэгдсэн нь тодорхой бус байсаар байна.

 

Ч.Энхбатын хэрэг хэрхэв

 

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад зээл олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж албаны эх сурвалжууд мэдээлж байв. Гэхдээ эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурорт авагдсан баримт, өмгөөлөгч нарын гаргаж өгсөн баримт зэргийг харгалзан үзэж, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөл хангаж байна” хэмээн үзэж, цагдан хорихоос татгалзаж, хилийн хориг тавьсан юм.

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат нь албан тушаалаа ашиглаж, банкны тухай хууль зөрчин хаягдал баттарейг дахин боловсруулах төсөл нэрээр 228 сая иен буюу 4.8 тэрбум төгрөгийг жилийн 6.89 хувийн хүүтэйгээр, гурван жилийн хугацаатай “Газ-Импорт” ХХК-д олгосон байдаг. Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан Ч.Энхбатаас гадна Хөгжлийн банкны газар хэлтсийн дарга нар, “Газ-Импорт”ХХК-ийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж эх сурвалжууд мэдээлж байв. Улмаар өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат болон зарим газар хэлтсийн дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Харин одоо уг хэрэг аль шатанд шалгагдаж байгаа нь “хаалттай” байна.

 

С.Эрдэнийг АТГ шалгаж байна гэдэг ч…

 

АН-ын С.Эрдэнийг АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл байдаг. Хамгийн сүүлд энэ талаар АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр С.Эрдэнэ болон Х.Баттулга нарт холбогдуулж мэдээлдэг хэрэг нь хэр бодитой болохыг холбогдох байгууллагуудаас тодруулж асуусны хариуг авсан.

Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн С.Эрдэнэ нарт холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэсэн хариу ирүүлсэн. Мөн нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хариунд иргэн С.Эрдэнэ нарын эрүүгийн хэргийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг хэлсэн" хэмээн мэдээлсэн. Гэвч АТГ-аас С.Эрдэнийн хэргийг өнөөдрийг хүртэл хянан шалгаж, шүүхээр дэнслүүлээгүй байсаар л байна.

 

Авто тээврийн үндэсний төвийнхний хэрэг юу болов

 

Энэ оны эхээр олны анхаарлыг татаж, дуулиантайгаар баривчилгаа хийсэн АТГ-ын бай Авто тээврийн үндэсний төв байв. Тус төвийн гурван ажилтанг Авлигатай тэмцэх газраас шалгасан байдаг. Тодруулбал, нэг хэлтсийн дарга, хоёр ахлах, нэг мэргэжилтэнг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр баривчилсан байдаг. Харин хэргийг нь хэрхэн шийдвэрлэсэн, улсад хэчнээн хэмжээний хохирол учруулсан эсэх нь бас л тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Энэ мэтчилэн томоохон хэргийн мафийг манай АТГ-ынхан илрүүлдэг үү. Илрүүлдэг ч эцсийг үзэж чаддаг уу гэдэг нь чухал.

Жишээлбэл, “ТЭЦ-3”-ын Ч.Чинбат, ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн С.Энхзаяа, Татварын ерөнхий газрын дарга Д.Цогтжаргал, Зээлийн батлан даалтын сангийн дарга Ш.Алтанчимэг, Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нарын хэргийг хэрхэв. Энэ мэтчилэн АТГ-ынхны дуулиант хэргүүдийн эзэн холбогдогчдын ял шийтгэл яаж төгссөн нь тун ч эргэлзээтэй.

 

АТГ-ын ээлжит баривчилгаа Ж.Батзандан

 

Авлигатай тэмцэх газраас хамгийн сүүлд УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг баривчилсан. Түүнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар баривчилсан байж болзошгүй гэх мэдээлэл ч буй. Гэхдээ анхаарал татаж буй асуудал нь Ж.Батзанданг баривчлахаас хоёр хоногийн өмнө нь түүний ах, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын ажлын явцад бусдад давуу эрх олгосон хэргээр АТГ-аас шалгаж, 48 цагийн хугацаатай баривчилсан байдаг. Энэ мэт ээдрээт хэргийн үзүүрээс АТГ атгаж авдаг ч улс төр, бизнесийн томоохон “акул”-уудын хэргийг шийдвэрлүүлж чадаж байгаа эсэх нь тун эргэлзээтэй.

 

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
zochin(192.82.72.41) 2022 оны 10 сарын 31

burentogs reket buleg hereg deed shuuh yalain togtol bichileh geej ogson .

0  |  0
zochin(192.82.72.41) 2022 оны 10 сарын 31

burentogs reekt humsu darmatalj mongo nehsne geel deed shuuh ogson shuu.

0  |  0
Top