Б.Мөнхзаяа: 100 хувь гэр бүлийн асуудалгүй хүүхэд байдаггүй

2022 оны 11 сарын 07

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хичээлийн жилээс Ерөнхий боловсролын сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн сэтгэл зүйч Б.Мөнхзаяатай ярилцлаа.


-Та өөрийгөө товч танилцуулаач. Сэтгэл зүйч хүн гэж хэн бэ?

- Би Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургуулийг “Сэтгэл зүйч” мэргэжлээр 2022 оны хавар төгсөн. Ажлын гараагаа Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулиас эхлээд явж байгаа шинэ боловсон хүчин.

Сэтгэл зүйч нь хүний хамгийн сайн найз, нууцыг чандлан хадгалдаг хүн. Та сэтгэл зүйч дээр гуниг зовлон, баяр хөөр гээд ямар ч асуудлаар хандаж болно. Сэтгэл зүйч хүн энд ярьсан зүйлийг энэ өрөөндөө л хадгална.

-50 дугаар сургуульд хэдэн хүүхэд суралцаж байна вэ?

-Манай сургууль хичээлийн хоёр байртай. Хоёр ээлжээр 2000 гаруй хүүхэд суралцаж байна.

-Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллаад хоёр жил болж байна. Таныг ажлаа авснаас хойш хүүхдүүд сэтгэл зүйчид хэр хандаж байна вэ?

-Хүүхдийн хүссэн үед сэтгэл зүйчийн хаалга нээлттэй байх ёстой. Сэтгэл зүйч нь нийгмийн ажилтан, багш шиг хүүхдийг дуудаж, эсвэл хүчээр уулзахгүй. Хүүхэд өөрөө хүссэн үедээ орж ирнэ гэсэн үг.

Би ажлаа аваад хоёр сар болж байна. Эхний сард хүүхдүүд манай сургуульд сэтгэл зүйч ирчихсэн байна. Ямар гоё юм бэ гэдэг байдлаар хүлээж авч байсан. Одоо бол хүүхдүүд маань тогтмол орж ирдэг болсон. Өөрсдөө зорьж, багш нар нь чиглүүлээд ирдэг хүүхдүүд байгаа.

-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог ямар байдаг вэ. Үүн дээр эцэг эх, асран хамгаалагч хэрхэн харилцах хэрэгтэй вэ?

-Өсвөр насныхан буюу 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог нь ерөнхийдөө тогтворгүй байдаг. Би “хэн бэ” гэдэг зүйлийг өөртөө бий болгох өөрийгөө олох шат юм. Өөрийн сонирхлыг таних гэж хаашаа л бол хаашаа хөтлөгдөх нас. Үүнээс гадна энэ насны хүүхдүүдэд өөрөө буруугүй мэт санагдаж бусдаас бурууг хайдаг үе байдаг. Гэхдээ энэ нь тухайн насанд байдаг зүйл.

Эцэг, эхчүүд энэ үед хамгийн түрүүнд хүүхдээ сонсож, тэдэнтэй ярилцах хэрэгтэй. Хүүхдээ заавал “наашаа суу, надтай ярилц” гэхгүйгээр ярилцах сонирхлыг нь төрүүлэх нь чухал. Хүүхдийнхээ сайн найз нь бай. Ээж, аавын үүднээс биш найз нөхөд шиг нь байх хэрэгтэй. Аав, ээжүүд хүүхдийг хэтэрхий хорьж, цагдах гээд байдаг. Тэглээ гээд сул орхи гэж байгаа юм биш. Өсвөр насны хүүхдүүд аливаа зүйлийг шууд тусгаж авдаг. Эвхээтэй цаасны дотор юу бичсэнийг мэдэхгүй гэдэг шиг аливааг өнгөцхөнөөр хүлээж авдаг. Тийм болохоор чи яагаад сурах ёстой вэ, өнөөдөр яагаад гэртэй байх ёстой вэ гэдэг цаад утга санааг нь сайн ойлгуулж, хайртай гэдгээ илэрхийлж ярилцах хэрэгтэй.

Хүүхэд өсвөр насандаа угаасаа ийм л байдаг, тэгж байгаад зүгээр болчихно гэж хэзээ ч орхиж болохгүй.

Эцэг, эхчүүд хүүхдээ ойлгохгүй, анхаарал тавихгүй орхисноос болоод аль хэдийн буруу замаар орсон тохиолдол байдаг. Гэхдээ миний хүүхэд нэгэнт буруу замаар орчихсон бол үүнийг засах боломжгүй гэж бодож болохгүй. Үүнийг тал талын оролцоотой засаж болно.

-Танд хүүхдүүд ихэнхдээ ямар асуудлаар хандаж байна вэ?

-Ер нь 100 хувь гэр бүлийн асуудалгүй хүүхэд гэж байхгүй. Энэ асуудлаар цөөнгүй хүүхэд ханддаг. Би тантай энэ талаар ярьж болох уу гэдэг. Болно, би юуг ч цааргалахгүй сонсоно. Сонсогч чамд хэрэгтэй байна уу, зөвлөгч чамд хэрэгтэй байна уу гэдэг байдлаар би ханддаг.

Хүүхдүүд маань мөн хайр дурлал ярьж орж ирдэг. Яг үнэндээ би хайр дурлал яриад, инээгээд орж ирж байгаа хүүхдэд баярладаг. Яагаад гэхээр тэдний насны онцлог шүү дээ. Үүнд би цааргалахгүй.

Сэтгэл зүйч дээр заавал хүндрэлтэй асуудал ярьж орж ирэх албагүй. Баяр хөөрөө хуваалцаж болно.

-Багшаас гадна эцэг эхчүүд хүүхдийг сэтгэл зүйчид хандах тал дээр оролцоотой байх нь чухал байх?

-Ер нь бол тийм. Саяхан манай сургууль дээр нэгэн кэйс гарсан. Нэг ээж өмнөх буруу ойлголтоо засаж залруулъя гэдэг үүднээс хүүхэдтэйгээ хамт орж ирсэн.

 Өмнө жил ангийнх нь багш сэтгэл зүйчид хандахыг зөвлөсөн юм билээ. Тухайн үед тэр ээж сэтгэл зүйч дээр зөвхөн сэтгэц мэдрэлийн өвчтэй, сэтгэл гутралд орсон, өвчтэй хүн л ханддаг гэсэн бодолтой байж.

Одоо хүмүүс сэтгэл зүйчийн талаар харьцангуй ойлголт сайтай болж байна. Гэхдээ сэтгэл зүйч дээр ирдэг эцэг, эх цөөн. Хэчнээн эцэг эх мэдээлэлгүй байгааг мэдэхгүй учраас тэдэнд ойлгуулах, яаж хамтарч ажиллах вэ гэдэг талаар бид сургууль дээрээ давхар ажилладаг.

Ер нь сургууль дээр сэтгэл зүйч ажиллаж байгаагийн онцлог нь багш, сурагч, эцэг эх бүгдтэй нь хамтарч, хамтын ажиллагаатай байна гэсэн үг.

-Z үеийнхэн гэж ярьдаг. Энэ цагийн хүүхдүүдийн ертөнцийг үзэх үзэл, аливаад хандах хандлага өмнөх үеэс их өөр болсон гэдэг. Энэ талаар?

-Зөвхөн сургуулиар жишээ болгож ярихад бидний үед ахлах сургуулиа төгсөөд их, дээд сургуульд орохыг чухалчилдаг, сургуульгүй үлдвэл яах вэ гэдэг айдастай байсан. Харин одоогийн хүүхдүүд би эхлээд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдэг өнцгөөс хандаж байна.

Тэд ихэвчлэн гаднын улс орон руу явах, зарим нь их сургуульд оролгүй, өөрийгөө хөгжүүлье, хэл суръя, нэг мэргэжлийг эзэмшихээсээ өмнө сайн судалъя гэж хардаг болж.

Мэргэжлийг заавал их сургуульд эзэмших албагүй, зөвхөн тэндээс л боловсролыг олж авахгүй гэдгийг олж харж чаддаг нь анзаарагддаг.

-Та өөрт хандсан хүүхдүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэхээс гадна бусад сурагчийн сэтгэл зүйг дэмжсэн, зөв зүйл рүү чиглүүлэх ямар нөлөөллийн ажлууд хийж байна вэ?

-Миний хувьд сургууль дээрээ үеийн тэнгийн дээрэлхэл гэдэг асуудлаар үйл ажиллагаа зохион байгуулахаар удирдамж нь гараад бэлэн болсон байна.

Ер нь 2021 оноос сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн сургуулиуд ихэвчлэн хүүхдүүдтэйгээ илүү хамтарч ажилладаг. Сурагчдын зөвлөлийн бүлгэм, эмч бүлгэм гэдэг шиг төлөөлөл бий болгож, ганц хүн хэлэх биш тэдгээр хүүхдээр дамжуулж ойлгуулрах байдлаар бодитой оролцоог нэмэгдүүлдэг юм билээ.

Хүмүүс нөлөөллийн ажил гэхээр зөвхөн сургалт гээд ойлгочихдог. Нэг удаагийн сургалтаар тухайн анги, хамт олны асуудал шийдэгдэхгүй учраас сэтгэл зүйч үүнтэй холбоотой дараагийн ажлууд юу байж болох вэ гэдгийг төлөвлөх хэрэгтэй.

Түүнчлэн тухайлсан асуудал гарахаас сэргийлж юу хийх вэ гэдэг чухал. Үе тэнгийн дээрэлхэл гарсны дараа биш тийм зүйлийг болохоос урьдчилан сэргийлэх байдлаар ажилладаг.

-Сүүлийн үед хүүхдүүд нэгнээ зодож, зохисгүй харьцаж байгаа бичлэг цахим орчинд цөөнгүй байна. Ер нь энэ төрлийн дээрэлхэл ерөнхий боловсролын сургуулиудад нийтлэг байдаг уу, эсвэл цөөн тохиолдол байна уу?

-Нийтлэг байгаа гэж болно. Сайны хажуугаар сөрөг зүйл байдаг. Гэхдээ муу зүйлийг багасгаж, хэмжээтэй байлгах нь багш сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч бидний үүрэг. Муу зүйл байх ч түүнийг тохиолдохоос нь өмнө бид урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж үздэг.

-Багш нар сэтгэл зүйчээс сурагчдадаа нийтэд нь зөвлөгөө авах, мэдээлэл хүргэх ажлыг хийдэг үү?

-Анги удирдсан багш нар ангидаа ийм төрлийн сургалт авъя, яриа хийлгэе гэж идэвхтэй ханддаг. Сурагчдынхаа эцэг эхэд ч сургалт авдаг. Ер нь манай багш нар сэтгэл зүйчтэй хамтын ажиллагаа сайн.

Эцэг эх, багш, хүүхдийн хамтын ажиллагаа маш чухал. Багш дан ганцаар хүүхдийн сурлага, урлаг, спортын амжилтын төлөө яваад байдаг, эцэг эх нь хайхрахгүй бол боломжгүй гэсэн үг. Тийм болохоор бүх зүйл дээр хамтран ажиллах нь чухал.

-Таны анзаарснаар ер нь сургуулийн сэтгэл зүйчийн ажлын ачаалал ямар байна вэ?

-Ачааллын хувьд янз бүр. Өнөөдрийн ажлаа төлөвлөгөөний дагуу хийгээд дууссан ч хүүхдүүд орж ирэх нь бий. Заримдаа хүүхэд орж ирэхгүй ч өдөр байна. Өнөөдөр надтай уулзсан хүүхэд дараа хэзээ уулзахыг би мэдэхгүй. Гэтэл намайг завгүй байхад ороод ирэх ч үе байна. Өнөөдөр миний хүүхдүүдтэй уулзах тоо дүүрчихсэн гэх эрх байхгүй. Тиймээс хэзээ хүүхэд хандах вэ тэр үед нь би бэлэн л байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа. Ярианы төгсгөлд та хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Хүүхдүүддээ хандаж хэлэхэд сэтгэл зүйч бол хэзээд ч чиний найз байж чадна. Сэтгэл зүйч дээр заавал өвчинтэй, асуудал, бэрхшээл тулгарсан үед ханддаггүй юм. Тийм болохоор уйтгар гуниг, баяр хөөр бүх зүйлээс хуваалцаж болно. Сэтгэл зүйч чиний сэтгэлийг хамгийн түрүүнд хуваалцах сонсогч, найз, зөвлөгч нь байж чадна. Сэтгэл зүйч хэзээ ч шийдвэр гаргахад нөлөөлдөггүй. Чи тийм шийдвэр гарга гэж заадаггүй. Зөвхөн асуудлыг шийдвэрлэхэд нь гаргалгаа гаргаж, туслалцаа үзүүлдэг. Сэтгэл зүйч энэ өрөөнд ярьсан зүйлийг эндээ л хадгалж, цааш нь задалдаггүй юм шүү гэдгийг дахин хэлье.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.99) 2022 оны 11 сарын 24

Сэтгэл зүй гэж юу вэ хүн бүр 100% мэдэхгүй хэрнээ амьдраад байдаг нь хачин. Гэтэл сэтгэл зүйч бол үүнийг тайлж мэдэх гэж хичээж буй нэгэн байх...залуу хүн хичээгээрэй анир чимээгүйн эмч минь

0  |  0
ЗОЧИН(66.181.187.163) 2024 оны 02 сарын 02

сэтгэл зүйч гээд худлаа юм битгий ярь. Монголд шаардлага хангасан мэргэжлийн сэтгэл зүйсч үзээд өгье ч гэсэн нэг байтугай тал алга. дандаа хулхи хаанаас гарч ямар сургууль төгсөөд хүмүүсийг дээрэмддэг юм бэ? үүнийг цагдаагийн байгуулага, мэргэжлийн хянан шалгах нь авлигаас ангид байж шалгамаар юм. нэг сеанс нь 100 мянга. дараа үзлэг нь бас л зуун мянга. Юун сэтгэл засах байтугай эсрэгээр нь хүнд эмгэг олно. Асууж байгаа зүйл нь нөгөө сайтаас хулгайлсан зүйлүүд. Дээрэм.

0  |  4
ЗОЧИН(66.181.187.163) 2024 оны 02 сарын 02

сэтгэл зүйч гээд худлаа юм битгий ярь. Монголд шаардлага хангасан мэргэжлийн сэтгэл зүйсч үзээд өгье ч гэсэн нэг байтугай тал алга. дандаа хулхи хаанаас гарч ямар сургууль төгсөөд хүмүүсийг дээрэмддэг юм бэ? үүнийг цагдаагийн байгуулага, мэргэжлийн хянан шалгах нь авлигаас ангид байж шалгамаар юм. нэг сеанс нь 100 мянга. дараа үзлэг нь бас л зуун мянга. Юун сэтгэл засах байтугай эсрэгээр нь хүнд эмгэг олно. Асууж байгаа зүйл нь нөгөө сайтаас хулгайлсан зүйлүүд. Дээрэм.

0  |  5
Top