“ARCA” дахь залуусын “ДУНДЫН ОРОН ЗАЙ”

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 05

Арван нэгдүгээр сарын үд дунд, тэд зөрж алхана. Бүгд л өөрийн гэсэн тав тухтай “ХАЙРЦАГ”-руу явж байна.

Харин би МУИС-ийн Утга зохиолын нэгдэлийн залуусын хамтран байгуулсан “Хайрцаг”-т байна. Энд хүн болгон үлгэрийн баатар, үлэмж биетэн шиг харагдана.

Бидний танилцсан цаг хугацаа яруу найраг, уран зохиолоор эхэлнэ. Заримдаа уран зохиолоор дамжуулан өөр нэгнийг бүлээн дулаанаар тэвэрнэ. Заримдаа түүнээс атгах гар, тэврэх биеийг эрж хайна. “ARCA”-г хэнд ч,  юуг ч номлохгүйгээр гагц мөрөөдөж, тэмүүлж, хөг алдарч, мэдрэмжээ өрөөлийнхөөс ялган таних дундын орон зай гэж сэтгэж буй. Энэ бол гаднаасаа хэн нэгэн олж харахгүй ч байж мэдэх жижигхэн “Хайрцаг”. Яг л үл үзэгдэгч адил. Зорьсон нэгэнд харагдаж, зөрж өнгөрсөнд огтхон ч “Байгаагүй мэт” оршино.

Түүнийг бүрсэн цулгуу цагаан цаасыг ховхолж, сорогдон замхарч буй мэт үл мэдэгхэн ягаан туяагаар ханыг нь хулджээ. Өгүүлэгдэн байгаа цөлийн элс шиг халуун сэтгэлээр дүүрэн бяцхан хайрцагт буй зургуудыг МУИС-ийн хоёрдугаар курсын оюутан Б.Бүжмаа зурсан юм.

БИДЭНД ТАЙВШРАЛ ХЭРЭГТЭЙ

Захаас авсан модоо хөрөөдөж, өнгөлөөд номын тавиураа хийжээ. Мод болон кофе, цайны үнэр холилдон байгальд байгаа мэт мэдрэмжийг төрүүлж байлаа. Гэртээ л мэдэрч болох өнгө, чөлөөлөгдөх мэт тайвшрал... Тэд бариста, дизайнер эсвэл зураач, бүр мужаан ч биш. Гэхдээ бидний дотор бүгд байж мэдэх юм.

Салбар салбарын 10000 гаруй номтой эл кафед та хөгжих гэж, ганцаардан гуниглаж, аз жаргал, нулимсаа хүртэл хуваалцаж болно. Хэн ч таныг шүүхгүй, бас саад болохгүй. Залуус дуртай ном, зураг, пянз тоглуулагч гээд өөрсдийн нэг хэсэг болсон үнэ цэнтэй зүйлсээр тохижуулсан нь дотно “Homecafe” болгож чаджээ.

Аливаа ажил эхлүүлэхдээ ямар нэгэн зорилго, чиг шугамыг түшдэг нь гарцаагүй юм. Тэд “Олзонд шунахгүй, олон залуусын сэтгэлд гэгээ татуулъя” гэсэн уриатай. Бүх бүтээгдэхүүнээ гараар нэрж, гэрийн эзэгтэйн бэлтгэсэн кроиссант шинээр гаргадаг.

Тус залуусын нэг болох С.Мөнх-Оргил “Өөрсдөө сайхан тухтай сууж, хичээл номоо хийх, бичиж туурвисан зүйлсээ нэгэндээ танилцуулах, нэгэндээ байгаа номоо нийлүүлж өрчихөөд дуртай үедээ, дуртай номоо сугалж аваад уншина гэж төсөөлөхөд сайхан байсан. Одоо бодоход бидэнд хаа нэгтээ оргож, зугтаад бүгчихмээр тайван амгалан орон зай хэрэгтэй байсан юм шиг санагдаж байна. Кафе маань гэр шиг бүх зүйлийг зөөлрүүлж, тайвшруулдаг. Гэсэн хэдий ч сүнслэг, улам л дотогшоо шургаад, өөрөө өөрийгөө уудлаад суучихмаар болдог. Ийм газар л надад ч, бусдад маань ч хэрэгтэй байж” гэсэн юм.

Амьдралын чөлөө завгүй, хатуу ширүүн урсгалаас уужим амьсгаа авах шиг хөгжмийн намуухан хэмнэлд, кофе шимэнгээ эрх чөлөөнд хүрч болом. Гэхдээ эрх чөлөөнөөсөө ч алдуурч болох юм. Хаанаас ч юм бэ хүртсэн мэдрэмжүүд биднийг сүүдэр шиг дагасаар байдаг. Энд дуу хөгжим, яруу найраг бүгд бий. Хайртай пянзаа сугавчлаад ирсэн ч нээлттэй. Яагаад гэвэл “Гэртээ тавтай морил”.

ARCA бол ХАЙРЦАГ гэх утгатай латин үг юм. Өөрийн хайрцагт байгаа ид шидээ хуваалцаарай.

АRCA: Та цай уух уу, кофе уух уу? 

Энэхүү кафед ороод цай болон кофе ууж болох юм. Цайны хувьд Malvа, Chamomile, Winter tea, Hibiscus, Strawberry, Green tea гарч байгаа аж.

Hibiscus л гэхэд газар дундын тэнгисийн үржил шимт хөрсөнд ургадаг Анар жимсний цэцэг юм. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, цусны даралт бууруулах, холесрин бууруулах болон бактеритай тэмцэх үйлчилгээтэй. Гэх мэтчилэн ууж буй зүйлсийн тань тухай тайлбарлаж өгөх боломжтой. Тэд хэлэхдээ, пестисид, инсектисид буюу хортон шавж ургамлыг устгах химийн хорт бодис агуулаагүй, тухайн нутагт ургасан хаврын нялх навчисын цайг ашиглаж байгаагаа онцолсон юм.  Харин V60 dripper, Chemeх, Dutch cold brew, Moka pot, French press, Turkish pot зэрэг кофег гар аргаар нэрэн үйлчилж байна.

 Тэд томчуудаас тусламж аваагүй. Энэ бол тэдний хүсэл сонирхол, сэтгэлээ зориулсан уран зохиол, дуу хөгжмөөс эхэлсэн орон зай юм. Энд цаашид залуус руу чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулагдах нь мэдээж. Тиймээс цаашид тав тухтай, халуун дулаан уур амьгалаа хадгалж, бас илүү тав тухтай, халуун дулаан зүйлсээр баяжуулна гэдэгт итгэлтэй байна.

Төгсгөлд нь МУИС-ийн Утга зохиолын нэгдэл хийгээд “Arca”-гийн залуусын шүлгээс хүргэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top