Төсвийн зарлага ₮1.8 их наядаар тэлсний дараах Мөнгөний бодлогын шийдвэр өнөөдөр гарна

2023 оны 06 сарын 23

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр Мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулна. \2023.06.23\

Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын хурлаараа, Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах; Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгох; Банкны гадаадын зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан 360 хоног хүртэлххугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргасан.

Тэгвэл энэ удаагийн Мөнгөний бодлогын  шийдвэр 2023 оны төсвийн зарлага 1.8 их наядаар нэмэгдсэн тодотголын дараа гарч байгаа гэдэг утгаараа бодлогыг зөөллөх орон зай хумигдмал нөхцөлд гарч байна гэхэд болох байх.

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа өмнө нь хэлэхдээ, “Дараагийн шатанд инфляцад нөлөө үзүүлж болзошгүй хэд хэдэн хүчин зүйл байна. Нэгдүгээрт, валютын ханшийн нөлөө. Цар тахал болон үүний дараагаар олон улсын харилцаанд үүссэн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед АНУ-ын доллар дэлхийн бараг бүх валютуудын эсрэг чангарсан буюу бусад валютууд ам.долларын эсрэг суларсан тул тухайн улсуудын хувьд импортын барааны үнийг дотоодын зах зээлд өсгөж байна.

Хоёр дахь хүчин зүйл нь ковидын дараах сэргэлтийн үед бизнес эргэн сэргэж байгаатай холбоотойгоор хөдөлмөрийн зах зээл дагаад сэргэж байна. Хөдөлмөрийн зах зээл дагаж сэргэхийн хэрээр хэрэглээнд зарцуулагдах орлого нэмэгдэж байна. Дагаад өндөр инфляцын үед цалингийн өсөлтүүд инфляцын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор бодит орлогын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор нэмэгдэж байна.

Энэ нь нэг талаасаа орлогыг нэмэгдүүлж, хэрэглээг тэтгэх замаар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй боловч нөгөө талдаа бизнесийн хувьд үйл ажиллагааны зардал. Энэ утгаараа дэлхий нийтээр зардлын инфляц үүсэх вий гэсэн болгоомжлолтой байна.

Гурав дахь том хүчин зүйлийн хувьд, хэдийгээр цар тахлын үед үүссэн тээвэр логистик, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдол илаарших тал руугаа явж байгаа ч бүрэн арилаагүй байна. Энэ нь нийлүүлэлт, тээвэртэй холбоотойгоор үүсэж байгаа зардал цар тахлын өмнөх хэвийн үеийн түвшиндээ хараахан хүрээгүй байна. Тэгэхээр энэ нь нэг талаасаа инфляцад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнэд нөлөөтэй.

Мөн глобалчлал, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд доголдол томоохон өөрчлөлт орох эрсдэлтэй байна. Дэлхий нийтээрээ нийлүүлэлтийн харилцан хамааралтай орчинд үйлдвэрлэл, бизнес хийгдэж байгаа. Энэ нь доголдоод ирэхээр бизнесийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний зардал үүсгэж байна. Хамгийн тод жишээ бол цар тахлын үед Орос, Украины олон улсын харилцааны нөхцөл байдлын үед нийлүүлэлтийн доголдлоос сэргийлэхийн тулд илүү их хэмжээний бараа материалын нөөцтэй байх нөхцөл байдалтай тулгарсан. Энэ нь хүссэн хүсээгүй эргэлтийн хөрөнгийн зардлыг бизнесүүдэд бий болгосон. Инфляцад ч нөлөөгөө үзүүлж байгаа. Эрэлтийн талаасаа цар тахлын дараагаар эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор ялангуяа Америк, Европ гэх мэт том зах зээлүүдийн хувьд хөдөлмөрийн зах зээл нь маш сайн сэргэлттэй байгаа нь бизнесийн борлуулалтын орлого дээр эерэг нөлөө үзүүлж, эрэлтийн шинж чанартай болгоомжлолыг бий болгож байгаа учраас төв банкнууд дараа үеийн нөлөөгөөс сэргийлж, инфляц ужгирахаас сэргийлж, тодорхой хэмжээнд мөнгөний бодлогоо хатуу төлөвт хадгалж  байна” гэсэн юм.

Тэгэхээр инфляцын эрчимд нөлөөлж болзошгүй гэж тодотгож байсан хүчин зүйлсийн нэг болох цалингийн асуудал төсвийн тодотголын хүрээнд шийдвэрлэгдсэн. Ирэх сарын нэгнээс цалин, тэтгэврийн нэмэгдэл хэрэгжиж эхлэх юм.

Төсвийн тодотгол инфляцад ямар хэмжээний нөлөөлөл үзүүлэх талаар Сангийн сайд хэлэхдээ "Төсвийн зарлага нэмэгдэж байгаа учир үүгээр дамжаад хэрэглээний импорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл дээр сөрөг дарамт нэмэгдэнэ. Үүнийг саармагжуулахын тулд экспортоо нэмэгдүүлэх, хилийн боомтуудын дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг сайжруулах шаардлагатай. Үүний тулд эрчим хүч, дотоодын үйлдвэрлэл, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг хангах бодлогыг ойрын болон дунд урт хугацаанд хэрэгжүүлнэ" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top