Эрүүл мэндийн сайд салбарын хуулиудаа УИХ-д өргөн барилаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 29

УИХ-ын дарга Г.Занданшатарт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр /2023-06-28/ эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх зорилтын хүрээнд боловсруулсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл болон Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээ өргөн барилаа.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн 2 төрөлтэй байна гэж заасан. Мөн Хүн амын эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр тусгасан хэдий ч нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах хууль эрх зүйн орчин  өнөөг хүртэл бүрдээгүй. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд түлхүү анхаарах боломжийг бүрдүүлэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулснаа С.Чинзориг сайд танилцуулсан.  

ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа 1 ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 40 хүртэлх ам.долларыг хэмнэх тул эрүүл мэндийн салбарын нийт зардлын 30-аас доошгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулахыг зөвлөдөг ч манай улс эрүүл мэндийн нийт зардлын 19 хувийг нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж, үйлчилгээнд зарцуулдаг.

Хотжилт, үйлдвэржилт, хэт төвлөрлөөс үүдсэн агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал , химийн бодисын хэрэглээ, өртөлт, хордлого нэмэгдэх эрсдэл, хүний амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан өвчлөлд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бууруулах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа амьсгалын зам, зүрх судас, хоол боловсруулах замын эмгэг, хавдрын өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ дутмаг байна.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл эзэлдэг бөгөөд хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэн орчны эрсдэлт хүчин зүйлсийг арилгаснаар өвчлөл, нас баралтыг бууруулах боломжтой гэж үзэж буйгаа ч сайд ярьж байлаа.
УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэж буй сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд жил бүрийн санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар үүсч буй зөрчлийг арилгах, дансны үлдэгдлийг төвлөрүүлэхтэй холбогдсон зарим зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор боловсруулсан бөгөөд хууль батлагдсанаар сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн үлдэгдлийг төвлөрүүлэн татахгүй, өөрсдөө зарцуулах эрхтэй болох юм.

Дархлаажуулалтын тухай хуулийг УИХ-аар 2000 онд баталж, дагаж мөрдөж байгаа бөгөөд цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн захиалга, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах шаардлагаар олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ удаа хүн амын өвчлөлийн нөхцөл байдалтай уялдуулан дархлаажуулалтын товлолд шинэ вакцин нэвтрүүлэх практик шаардлага гарч байгаа тул Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд нэмж тусгах зохицуулалт бүхий төслийг боловсруулсан.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top