Элчин сайд Ричард Буанганыг хүлээж авч уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Томас Крэхан нарыг Төрийн ордонд хүлээж авч уулзан хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Элчин сайд Ричард Баунган 1999 оноос АНУ-ын Төрийн департаментад ажилласан гадаад харилцааны албаны олон нийтийн дипломат ажиллагааны чиглэлээр мэргэшсэн бөгөөд дэлхийн олон улс оронд мэргэжлээрээ ажилласан. Тэрбээр Монголд ирэхээсээ өмнө Төрийн департаментын Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүрэг гүйцэтгэгч, Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Олон улсын хэвлэл мэдээллийн газрын захирал, Цахим харилцааны албаны захирал зэрэг хариуцлагатай алба хашиж Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын ажлын албанд ажилласан туршлагатай дипломатч юм.



Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд ноён Ричард Буанганыг АНУ-аас Монгол Улсад суух бүрэн эрхт Элчин сайдын албанд томилогдсонд баяр хүргээд эрүүл мэндийн салбар дахь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажилладаг  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт талархал илэрхийллээ.
Тэрбээр хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны үр дүнд Халдварт өвчин судлалын үндэсний төв  2005 онд АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC)-тэй хамтран томуугийн өвчлөлийг хянан тандах тогтолцоог анх нэвтрүүлснээс хойш улсын хэмжээнд томуугийн харуулдан тандалтын 115 нэгж, вирус судлалын зургаан лаборатори байгуулснаар нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээллийг цуглуулж, өргөн хүрээний тандалт хийж байгааг дурдаад Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газрын хоорондын компакт гэрээний дагуу 2009-2013 онд амжилттай хэрэгжсэн Монголын Мянганы Сорилтын Сан (МСС)-гийн хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт нийт 42.3 сая ам.долларын санхүүжилт бүхий халдварт бус өвчнөөс  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, үр дүнтэй өртөг багатай эмчилгээгээр хангах зорилго бүхий төсөл хэрэгжсэн нь хүн амын дунд халдварт бус өвчний тархалт, нас баралтыг бууруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг хэлсэн.
Мөн коронавирусийн цар тахал дэлхий нийтэд дэгдсэн цагаас эхлэн ЭМЯ-наас АНУ-ын Элчин сайдын яаманд хандаж оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах, шинэ коронавирусийн эсрэг вакцины хангамжтай холбоотой саналуудыг тавьж, АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан 2020-2022 онд манай улсын эрүүл мэндийн салбарт багагүй хөрөнгө оруулалт хийж, дэмжлэгийг үзүүлсэн тухай уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд онцгойлон дурдаж талархал илэрхийлсэн.



Цаашдын хамтын ажиллагааны тухайд юуны өмнө сумдын эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн шаардлага хангасан цэвэр ус, ариун цэврийн байгууламжтай болгоход хамтран ажиллах хүсэлтийг С.Чинзориг сайд Элчин сайд Ричард Буанганд уламжилсан бөгөөд уг үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтойг хэлж байлаа.
Элчин сайд Ричард Буанган цаг гарган хүлээн авч уулзаж буйд Эрүүл мэндийн сайдад талархал илэрхийлээд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө анхаарч, монголчуудын эрүүл мэндийг сахин хамгаалах, тэдэнд чанартай тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, хамгийн гол нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжиж хамтарч ажиллахдаа баяртай байх болно гэсэн юм.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top