ОЛОН ӨНГӨ: Тэнгэрт уулзаад хэрэлдэж байгаа байх

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 14

Өдгөөгөөс 15 жилийн өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Баатар агсантай ярилцахаар Улсын драмын театрыг зорин очиход тэрбээр өрөөндөө их л гуниглангуй, бас нэлээд бухимдалтай сууж байх юм. Би тэгэхээр нь “Та яав, юу болов” хэмээн халгангуйхан асуухад тэр “Танайхны нэг сэтгүүлч надаас яриа авна гэнэ. Тэгэхээр нь Драмын театр дээр хүрээд ир гэсэн чинь хаана байдаг юм гэж хуцаж байна. Зайл гэчихлээ, муу дурак. Сэтгүүлч нь ийм байхаар яах юм” гээд сүрхий санаа алдана. Тэгэхээр нь би ярилцлага авахаар ирснээ хэлж түдсэнгүй.

Алгуурхан яриа өдөж байгаад дундуур нь “Таны найз нар бол бас л өвөрмөц хүмүүс байгаа даа. Жишээ нь зохиолч найз нар бол олон бий байх” хэмээхэд тэрбээр “Надад нэг ч найз байхгүй” хэмээн бухимдаж байна. Тэгснээ “Би Б.Лхагвасүрэнгийн “Аав нь хүүгээ согтуу явахыг харахад Алтан ургийн багана ганхаж байх шиг харагдана” гэдэг шүлэгтэй л нөхөрлөдөг болохоос биш түүнтэй нөхөрлөдөггүй. Тэр Төрийн шагналтай байна уу, алдар хүндтэй байна уу огт падгүй хэрэг. Тэгэхээр би зохиолчтой биш зохиолтой нь нөхөрлөдөг учраас надад найз байдаггүй. Би Б.Лхагвасүрэнтэй их хэрэлдсэн, маргалдсан одоо ч маргалдаж, хэрэлдэж байна. Энэ хүнтэй үхсэн хойноо ч хэрэлдэнэ. Тэнгэрт гарсан ч олж очоод хэрэлдэнэ. Би ямар түүнтэй хэрэлдсэн биш зохиолтой нь хэрэлдэж байгаа учраас ойлгодог байх” гээд дуугаа чангалж байсан нь сэтгэлд тодхон үлджээ.

Ийм л нэгэн эрхэм уран бүтээлийн төлөө эд эсээ шатааж яваад дүрэлзсээр дууссан даа. Өнөөдөр нэрт найруулагч Б.Баатар ч алга, нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн ч алга. Хоёулаа тэнгэрийн орныг зорьсон. Эрхэм найруулагчийн өөрийнх нь хэлж байснаар хоёр эрхэм тэнгэрт нэгнээ олж уулзаад хэрэлдэж суугаа байх даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top