2024 оны ТӨСВИЙН ТӨСӨЛ | Орон нутгийн ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД чиглэсэн арга хэмжээ

2023 оны 10 сарын 31

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд төрийн албан хаагчдад чиглэсэн цөөнгүй арга хэмжээг тусгасан. Тухайлбал инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэх, хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа дээрх ангиллын албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20 хувиар тус тус тооцож нэмэгдэл олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгасан.

Үүнээс Орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллаж, амьдрах боломжоор хангах бодлогын хүрээнд цалинг дараах хувь хэмжээгээр нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан юм.

 Монгол Улсын төсвөөс 2024 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээ 20.735.898.0 сая төгрөг байна. Үүнээс орон нутагт төрийн албан хаагчдын цалин, урамшуулалд 59.4 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.

-Хөдөөгийн суманд ажиллаж байгаа 51.8 мянган төрийн албан хаагчид үндсэн цалингийн 40 хувь, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа 53.4 мянган төрийн албан хаагчид сар бүнд үндсэн цалингийн 20 хувиар тус тус тооцож, орон нутгийн нэмэгдлийг нийт 105.2 мянган төрийн албан хаагчид олгох бөгөөд тус арга хэмжээнд нийт 306.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцжээ.

-21 аймаг болон нийслэл Улаанбаатар хотын Баганнуур, Багахангай, Налайх дүүргүүдэд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн захиргааны 3.9 мянган албан хаагчид таван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно.

-Харин гаалийн байгууллагын алслагдсан хилийн боомтод тогтвор суурьшилтай ажиллаж байгаа 1.2 мянган байцаагчид таван жил тутамд нэг удаа 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top