Өвөр Монголын яруу найраг

2023 оны 11 сарын 07

ТАГНЫН ЯЛАГЧ

Өвөр Монголын өөртөө засах орны Улаан-Хад хотын Баарин Баруун хошуугаар нутагтай яруу найрагч Тагнын Ялагч 1991 оноос шүлэг зохиол оролдож эхлээд, анхны шүлгүүдээ Өвөр Монголын өнөө цагийн сонин, сэтгүүлүүдэд нийтлүүлж, 1997 онд “Баарины одоо үеийн залуу шүлэгчдийн шүлгийн сонгомол” яруу найргийн антологи эмхтгэж, 2016 онд анхны шүлгийн түүвэр “Чулуун ургамал”, 2021 онд удаахи түүвэр “Харцны минь гүнээс дорно цэцэглэнэ” номоо хэвлүүлжээ.

НАМРЫН УТГА НАВЧСЫНХАА ӨНГӨНӨӨС ГҮН

Намар аа,

Хүмүүс чиний өнгөнд их дуртай

Намар аа,

Харин би чиний

өнгөний шалтгаанд илүү дуртай             

Намар аа,

Хүмүүс чиний дотор гунигаа асгах дуртай

Намар аа,

Харин би чиний дотор голоосоо асах дуртай

Навчис аа,

Хүмүүс чиний хийсэн хөглөрөхөд дуртай

Навчис аа,

Харин би чиний

өнгөөрөө бүтээх урлагт чинь дуртай  

Навчис аа,

Хүмүүс чиний бие дээр гишгэлэх

мэдрэмжид дуртай

Навчис аа,

Харин би чамайг нөмөрч бясалгах

чулууны зүүдэнд дуртай

Модод оо,

Хүмүүс чамайг навчистай байхад дуртай

Модод оо,

Харин би чамайг нүцгэрэхээр

дэргэд чинь ганцаардах дуртай

Намар аа,

Хүмүүс чиний дотор олноороо суух дуртай

Намар аа,

Харин би өөрийг чинь

өөр дотроо л байлгахдаа дуртай            

Навчис аа,

Хүмүүс чиний шаргал өнгөтэй хамт

зургаа дарах дуртай                

Навчис аа,

Харин би чиний дотор

өөрөө шаргалтах дуртай        

Намар аа,

Хүмүүс чиний манантай өглөөд үлэмж дуртай

Намар аа,

Харин би чиний мөнхийн мөн чанарт

мөн биеэрээ шингэж одох дуртай…   

2023.09.28

          *              *              *

Сарны цагаан гэрлийг чи яахин даавуу шиг эсгэж өмсөөд

Сайхан биеийнхээ галбирыг

голын эрэг дээр зурж чадаж байгаа юм бэ?

Шувуу цуцам алсаас ч сүнсийг минь даллан даллаад л

Сэтгэлээ далдалж, сэтгэлийг минь алдалж чадаж байгаа юм бэ?                

Өвөр дээгүүр чинь урсах горхины цагаан аялгууг

Үсэн дотроосоо яахин

улам хөгжимлөг сонсгож чадаж байгаа юм бэ?               

Үүрийн жавар ч цуцам зайгаас үүлсийг дуудан дуудаад л

Өөрийг минь бас яахин өөрөөсөө илүү урсгаж чадаж байгаа юм бэ?

Өвсний өнгийг чи яахин амьсгаандаа шингээж чадаад

Үйлээ чи яахин надад өнгөөр илтгэж чадаж байгаа юм бэ?

Үүлс цуцам холоос ч ухааныг минь урхидан урхидаад л

Өөрийнхөө ганцаардлыг яахин

өөрөөр минь нөхөж чадаж байгаа юм бэ?           

Цэцгийн хээг чи яахин хуруундаа урлан чадаад

Чимхсэн ормноосоо шүлэг ургуулан чадаж байгаа юм бэ?

Чимээ ч цуцах аниргүй руу чив чимээгүй урсаад л

Цээжнээс минь эхлэн залгилсаар

биеийг минь яахин барж чадаж байгаа юм бэ?

2023.9.29

 

ПУНЦАГИЙН САНААГАРАВ  

Яруу найрагч, шүүмжлэгч П.Санаагарав нь 1964 онд Өвөр Монголын Улаанхад хотын Баарин зүүн хошууны Баян-Уул суманд төржээ.

Тэрээр Хятадын Цөөн тоот үндэстний Зохиолчдын нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, Өвөр Монголын Шүүмжлэгчдийн Эвлэлийн гишүүн, Баарин баруун хошууны Зохиолчдын Эвлэлийн дэд тэргүүн юм.

П.Санаагарав 1981 онд Баарин зүүн хошууны хоёрдугаар дунд сургууль, 1989 онд Баарин зүүн хошууны багшийн сургууль дүүргэсэн цагаасаа одоог хүртэл бага, дунд сургуульд монгол хэлний багшаар ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ туурвиж, "Амраг модтой шугуй", "Шинэ шүлгийн сонгомол" тэргүүт 10 гаруй ном хэвлүүлжээ.

ДЭЛХИЙГ ГАГЦХАН ЧАМД БАГТААН ДУРЛАДАГ

Чамд дурлахдаа би

Жаргалтай өдрөө санахын зовлон болгож

ширхэглэн дурладаг

Чамд дурлахдаа би

Зарлигтай сэтгэлээ туггүй цэрэг мэт

самууруулан дурладаг

Дэлхийг гагцхан чамд багтаан дурладаг

Дэргэд чинь уйлах өлгийтэй нялх мэт

өмөлзөн дурладаг

Гэзгэнд чинь анхилах үнэр мэт дурладаг

Гэгээ төрүүлэх харанхуй мэт дурладаг

Өөрт минь шатахуун бүрэлдэж гэрэл гарах мэт дурладаг

Өөрт чинь шим гүйж дэлхий бүрэлдэх мэт дурладаг

Одод бүхнийг дэргэдээ тараан,

Урван хөрвөн, гэрэл золгуулан дурладаг

Орой дээрээ ганцхан нарыг гийгүүлэн

Анивалзан асах түмэн зулаа амраан дурладаг

Усны гэгээнд, сарны толионд

Урваж хэлэх үгийг чинь хүртэл

Уйлан өгүүлэх нулимсийг чинь хүртэл

Мөрөөдөн дурладаг аа!

ЭЗЭНГҮЙ ЧУЛУУ БАЙДАГГҮЙ

Ах нарын чулуу,

дүүгийн чулуу,

миний чулуунууд баяртай

Аминчилж, сүрэг салгаж

Аваачихгүй, аваачихгүй

Даарсан чулуунд бид осолдохгүй

Тавилан ерөөлийн сэтгэлгээгээ эвдлэхгүй

Айлын хүүхдүүд минь тогло, тогло

Амины чулууг зүрхэн тольт шиг л хайрла, хайрла

Эрхэлж бид дүртэй чулуугаар нааддаг боловч

Эмтлэж нэгнийхээ зүрхийг шархдуулдаггүй юм

Эзэнгүй чулуу байдаггүй

Эх орон гэж хайрла, хайрла!

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top