Д.Бямбасүрэн: Эдийн засгийн асуудлыг өөрийнх арга, хөшүүргээр нь хийх ёстой

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 01 сарын 29

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг “Өглөөний зочин”-оор урьж, нийгэм, эдийн засгийн сэдвээр ярилцлаа.


-УИХ-ын ес дэх удаагийн сонгууль бүсчилсэн хэлбэрээр явагдана. Төсвийн шинэчлэл ч бүсчилсэн хөгжилд чиглэсэн. Мөн эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн тухай ярьж эхэллээ. Энэ талаар таны бодлыг сонсоё?

- Ерөнхий ойлголтын талаас авч үзвэл улс орон өөрийн үйлдвэрлэх хүчнийг жигд байршуулж, улс орноо, орон нутгаа хөгжүүлнэ гэсэн үг л дээ. Гэхдээ манайх чинь 1990-ээд оны сүүлчээс эхлээд бүсчилсэн хөгжлийн асуудлуудыг ярьж эхэлсэн. Миний бодоход Ч.Улаан сайдын үед үүнийг ярьж эхэлсэн байх. Сүүлд нь таван бүс болгож хуваагаад баахан ярьж байснаа  өнөөхөө мартчихсан. Ер нь бол улс орныхоо хөгжлийг бүсчилж харахгүйгээр, үйлдвэрлэх хүчнээ жигд байршуулахгүйгээр улс орон маш их хохирол амсаж, эрсдэлд ордог гэдгийг Монголын одоогийн байдал харуулж байна шүү дээ. Улаанбаатар хот гэхэд ДНБ-нийхээ 85 хувийг эзэлж байна. Бусад орон нутагт бол амьдрал янз бүр. Гэхдээ ялангуяа баруун бүсээс  зүүн бүс болоод ирэхээрээ хүмүүсийн амьдрал ядуу, орлого бага, ажилгүйдэл их, ийм байдал бий болоод байна. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн асуудлыг ярихын тулд улс орныхоо эдийн засгийн нөөц бололцоо,байгалийн  баялгийнхаа тархалт, дэд бүтцийн хөгжлийг хамт ярих ёстой. Ер нь манай төрийн бодлогод эдийн засгийн газарзүй гэдэг шинжлэх ухааны салбар бараг үнэр гардаггүй дээ. Хаана л дөхөмтэй уул уурхай байна, тэр рүүгээ гадныхныг баахан урьж дуудаад нөгөөдүүл нь ч колонийн онуудыг мөлжиж сурчихсан улсууд өөрсдөдөө ашигтай нөхцөл тавьж байгаад сөгдүүлж аваад тэр баялгийг нь эзэмших талаа боддог. 

Ийм нөхцөлд төрийн хатуу бодлого зайлшгүй хэрэгтэй.Гэхдээ бүсчилсэн хөгжлийн асуудлыг УИХ-ын сонгуулийн тойрогтой холбоно гэдэг их хийсвэр төсөөллийн үр дүн гэж хэлж болох юм. Жишээ нь, орон нутгаа хэдэн бүсэд хуваачихлаа, гэтэл Баян-Өлгий аймгаа тусад нь гаргаад дан тойрог болгочихлоо.Тэгээд Баян-Өлгий аймгаа бүс гэж үзэх юм уу, нутаг дэвсгэр, хөгжлийн асуудлаа ярихдаа.  Энэ мэтээс эхлээд...

-Тэгэхээр бүсчилсэн хөгж­лийг хаанаас эхэлж, хааш нь чиглүүлбэл үр дүнтэй байх бол?

Ер нь бүсчилсэн хөгжлийн асуудлыг шийдэхэд хэд хэдэн тулгуур асуудал бий. Нэгдүгээрт нь, байгалийн баялгийнхаа нөөцийг судалсан геологийн судалгаа. Монгол орон бол баруун талаасаа маш бага судлагдсан юм шүү дээ. Тэр рүүгээ чиглүүлэх хэрэгтэй. Зүүн тал бол социалист нийгмийн үед геологийн шинжилгээ нэлээд эрчимтэй явсан. Дорнод-Монголын полиметаллын бүс гэж дэлхийд ховор баялгийн нөөц бий. Тэрийг зөв зохистой ашиглах асуудлыг төр нь томъёолоод явах юм бол зүүн бүсийн асуудлыг Дорнод-Монголын полиметаллын бүсийг түшиглүүлээд хэрэгжүүлэх боломжтой. Тэнд газрын тос, нүүрснээс гадна хүнд металлын нөөц бүгд бий. Цогцолбороороо бий. Тэгэхээр манайхан аливаа асуудлыг ярихдаа улс төрийн хийрхэл санаархалаар манлайлах, нөгөө талдаа ийм санал санаачилгууд гардаг. Бид хөгжлийнхөө өмнөх үеийг аваад үзэх юм бол Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд том хотууд үүсэхээсээ эхлээд барууныхны кластер гэж ярьдаг үйлдвэрийн цогцолбор хэлбэрээр анх түрж үүссэн  юм шүү дээ. Анх  “Эрдэнэт” үйлдвэр, аж үйлдвэрийн комбинат гэж арав гаран үйлдвэр нийлж нэг цогцолбор болж байлаа. Дархан хот бол угаасаа үйлдвэрийн зориулалттай. Эрдэнэт ч үйлдвэрийн зориулалтай. Гэтэл манайхан кластер гэдэг ойлголтыг янз бүрээр хэлж үзлээ. Эдийн засгаа солонгоруулах гээд ярьдаг. Солонгоруулна гэдэг бол ижил хүйстний хэрэглэдэг нэр томъёо. Манай эрдэмтэн судлаачдаас эхлээд ихэс дээдэс хүртэл Их хурлын индэр дээрээс “Эдийн засгаа солонгоруулна” гээд ярьж үзлээ. Анхны мэдэгдэхүүнгүй байгаагийн шинж л дээ. Түүхий эдийн нөөцөд түшиглүүлээд боловсруулах үйлдвэрүүд байгуулах замаар эдийн засгаа цогцолборжуулах нь зайлшгүй шаардлагатай.

-Таны харж байгаагаар манай улсад ямар туршлага, боломж байна вэ?

-Жишээ нь “Эрдэнэт” үйлдвэрээ түшиглүүлэн хүхэр, төмөр, хүхрийн хүчил гаргаад фофоритийн үйлдвэр байгуулах юм уу, түүхий эдээ ашиглаад явах, кабель болоод цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэнэ гэх юм уу, ийм маягаар цогцолборууд үүсгэх бодлого төрд маань байхгүй байна. Энэ талаас харвал, одоогийн эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн тухай яриа бол нэлээн хийсвэр, улс төрийн өнгөтэй юм уу гэж бодогдож байна. Улсын төсвөөр бүсчлэлийг дэмжинэ гэдэг бол  нийгмийн хүрээнд, боловсрол,  эрүүл мэндийн үйлчилгээнд бол шийдэгдэх асуудал. Харин тэр  төсвийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийн хөгжийн асуудлыг шийдэхгүй шүү дээ. Хувийн хэвшлээр зайлшгүй оруулах хэрэгтэй болно. Ерөнхийдөө төрийн бодлого маань зорилтот хөтөлбөрийн тэр түвшинд хүрч түгээн олгогдох, хэрэглэгдэх, зохион байгуулагдахгүй байгаа нөхцөлд улсын төсвөөс бүсчилсэн хөгжлийн асуудлыг шийднэ гэдэг бол наандаж хэлэхэд эрсдэлтэй. Цаанадаж хэлбэл, бүтэлгүй  асуудал гэж бодох юм. Энэ талаар төр, засаг эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүдийнхээ  үгийг сонсож, гаднын сайн туршлагуудыг авах юм бол бодох зүйл их бий.

-Хөгжил хэрэгтэй, ялангуяа бүсчилсэн хөгжил бол мэдээж хэрэгтэй биз дээ?

-Бүсчилсэн хөгжил хэрэгтэй юу гэвэл амин чухал. Хөгжил бол хөрөнгө оруулалтаар лшийдэгдэнэ. Хөрөнгө оруулалтаа яаж ашиглах вэ, яаж зарцуулах вэ, хаанаас хааш нь дуудах вэ гэдэг чухал. Гэхдээ Монголын эдийн засгийн бодлого механизм, татварын бодлого, зээлийн бодлого, уул уурхайн баялгийн ашиглалтын бодлогууд үндсэндээ бүсчилсэн хөгжлөө дэмжих чадваргүй байна. Жишээлбэл, саяхан УИХ дээр хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хуулийн төсөл гэж оруулаад бөөн шуугиан тарилаа. Үүнийг манай дээдсүүдийн харж байгаагаар бол гадны хөрөнгө оруулалтад таатай нөхцөл олгоод Монгол хөгжих юм гэнэ. Би нөгөө талаас нь боддог юм. Яагаад Монгол Улсыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа Монголын хөрөнгө оруулагчид нь өөрийнхөө төрөлх нутаг дээр гаднын хөрөнгө оруулагчаас таагүй нөхцөлд ажиллах ёстой  юм бэ. Яагаад төр ийм бодлого явуулж байгаа юм. Үнэхээр хөрөнгө оруулалтын бодлого нь дэлхий нийтийн жишигт хүрэхгүй арчаагүй байгаа юм бол эхлээд дотоодын хөрөнгө оруулагчдадаа тэр сайхан нөхцлөө тавиад өгөөч дээ гэдэг нэг асуудал байна. Хоёр дахь нь бол одоо Монголын хөрөнгө оруулалтын  гол нь уул уурхай руу л чиглэж байна. Гадныхан манайд ирэхдээ металл боловсруулах үйлдвэр юм уу, хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах гэж ирдэггүй л дээ. Түүхий эд аваад, ачаад  гарах гэж л ирдэг. Уул уурхайн салбар одоо өөрийнхөө өртгөөс 86 хувийн ашигтай байна. Ийм нөхцөлд уул уурхайгаас олсон хуримтлал юунд зарцуулагдаад байгаа юм бэ.

-Эдийн засагчийн хувьд та  ер нь Монголынхоо эдийн засгийг юу гэж дүгнэдэг вэ?

-Монголын эдийн засаг  бүхлээрээ бол өөрийн өртгөөсөө 43 хувийн ашигтай эдийн засаг шүү дээ. Энэ бол дэлхий дээр ер нь тун дээгүүр орох үр ашигтай эдийн засаг. Энэ хуримтлал юунд зарцуулагдаад байгаа юм  бэ. Ямар ч бай эдийн засгийн үр өгөөжгүй зүйл рүүгээ цутгачихаад тэгээд гадныхны гар харах шаардлагууд яваад байна, ингэж болохгүй. Нөгөө талаас авч үзвэл, Монголын хөрөнгө оруулалтын бодлогод гол нөлөө үзүүлж байгаа зүйл бол уул уурхайн салбарт хэрэгжүүлж байгаа ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр. Энэ бол Монголын үндэсний өв баялгийн үнэ юм шүү дээ. Татвар биш үнэ. Гэтэл үүнийг буруу, хямд тогтоосноор, нөгөөтэйгүүр олборлох, боловсруулах, худалдах  гээд бүх шатанд нь нэмэгдэл татвар  маягаар хэрэглэснээс болоод Монголд боловсруулах аж  үйлдвэр хаалттай байна шүү дээ.

Кокс боловсруулъя гэхээр алдагдалтай, зэс, ган  боловсруулъя гэхэд бүгд алдагдалтай. Үүнийг хамгаалж, зүтгүүлж байгаа газар бол Сангийн яам гэж би боддог. Зөвхөн төсөв бүрдүүлэхийн тулд л тэр татваруудыг явуулж байна. Жишээ нь, “Эрдэнэт үйлдвэр“ ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 16.5 хувиар төлж байна, гэтэл Оюутолгой таван хувиар төлж байгаа. Яагаад вэ? Яагаад  Монголын үйлдвэр Оюу Толгойтой харьцуулахад гурав дахин ядуу хүдэр ашиглаж баөйгаа газар нь гурав дахин илүү татвар төлөх ёстой юм бэ. Энэ бол үндсэндээ Монголын төрийн бодлого нь эдийн засгийнхаа  хөгжлийн эсрэг чиглэж байгаа, ийм нөхцөлд эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн асуудал ярина гэдэг үнэхээр төвөгтэй. Үүнийгээ эхэлж ярих хэрэгтэй. Нөгөө талд, манай хөдөө орон нутагт байгаа нэг баялаг бол мал аж ахуйн түүхий эд. Одоо малчид арьсаа боловсруулахаа больжээ, тэр болгоныгоо хаяж байна. Хониныхоо ноосыг хаяж байна. Ноос, арьс ширээ боловсруулах үйлдвэр орон нутагт байгуулж болноо доо. Хөнгөн үйлдвэрүүдээ  байгуулахад нь боловсон хүчин, технологи, инкубатрыг нь бэлдээд, бизнес эрхлэгчдийг дэмжээд өгвөл орон нутаг аяндаа хөгжинө.

Мах гэхэд зарим аймгийн төвүүд зуны цагт Улаанбаатараас махаа авч байна шүү дээ. Сумд нь аймгийн төвөөсөө авч байна. Сум бүхэн өөрийн гэсэн жижиг нядалгааны газартай, аймаг бүхэн жижижг махны үйлдвэртэй  байж болноо доо. Заавал том махкомбинат гэхээс илүү жижиг үйлдвэрүүд дэлхийд зөндөө байна шүү дээ. Ийм юм бодохын оронд сонгуультай холбож, эдийн засгийн хөгжлийн асуудлыг яриад бүтэхгүй. Бүсчилсэн маягаар хэдэн УИХ-ын гишүүн гарч ирээд бүсчилсэн хөгжийг түлхэнэ гэж юу байх вэ. Миний бодоход энэ жаахан буруу ойлголт юм уу даа. Эдийн засгийн асуудлыг эдийн засгийн аргаар нь, эдийн засгийн хөшүүргээр нь хийх ёстой.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол алдаа нь гадны хөрөнгө оруулагчдад давуу байдал олгож байна гэж та хэлж байна уу?

-Гаднын хөрөнгө оруулагчдад Монголынхоо хөрөнгө оруулагчдаас илүү таатай нөхцөл олгоно гээд байгаа. Өнгөрсөн жилийн эдийн засгийн форум дээр Эдийн засгийн хөгжлийн сайдын тавьсан гол зорилго энэ л дээ. Яагаад өөрийн үндэсний хөрөнгө оруулагчид нь төрсөн нутаг, төрөлх эх орондоо гадуурхагдах ёстой юм бэ. Яагаад гадныханд Монголынхоос илүү найр тавьж байгаад тэднийг оруулж ирээд өөрийнхөө хөрөнгө оруулагчдыг хязгаарлах ёстой юм бэ. Энэ асуултад эхлээд хариулаач. Хоёр дахь асуудал нь Монголын өөрийн эдийн засгийн хуримтлал хаашаа алга болоод төр засаг нь гаднын хөрөнгө оруулалтыг ус агаар шиг хэрэгтэй гээд байгаа юм бэ. Монгол орон чинь ДНБ гаргалтынхаа 28 хуийг экспортод гаргадаг юм шүү дээ, энэ бол идэвхитэй эдийн засаг. Энэ жилийн байдлаар манай экспорт, импортын хоорондох харьцаа маш ашигтай гарсан. Монгол валютаар дутах ёсгүй. Гагцхүү баячууд нь валютаа гадагш нь зөөж байршуулдаг, гаднаас хяналтгүйгээр элдэв зээл авдаг учраас элдэв зээл, хэмжээлшгүй  их өрөнд ороод байгаа. Тэгэхээр Монголын эдийн засгийн өөрийнх нь хуримтлал хаашаа яваад байгаа юм бэ гэдгийг харахгүй гадныхныг урьж дуудаад байгаа. Гурав дахь асуудал нь хөрөнгө оруулалттай холбоотой. Өөрийнхөө хөрөнгө оруулагчдыг чөдөрлөж, боловсруулах замыг нь АМНАТ-аар  бүгдийг хаачихаад гадныхныг уриад байгаа. Энэ гурван асуултад хариулж байж эдийн засгийн талаасаа шийд гарах байх.

-Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын хуулийг дагаж анхаарлын төвд байгаа өөр нэг асуудал бол газар эзэмшүүлэх тухай. Энэ талаар та юу хэлэх бол?

-Ер нь Монголын нийгмийн амьдрал сүүлийн нэг жилийн дотор гол ажиглагдаж байгаа зүйл бол монгол үндэстний угсаатны зүйн хувьд оршихуйн бүх багана руу нь дайралт эхэлж байна.

Англи хэлний сургалт гээд хэл рүү дайрлаа. Кембрижийн сургалт гээд боловсрол руу дайрлаа. Малчдыг хажиглаад, хоцрогдсон нүүдлийн соёл иргэншил гээд соёл иргэншил рүү дайрлаа. Одоо газар нутаг руу нь дайрч байна. Байгалийн баялаг руу нь дайрч байна. Энэ бүх дайралтуудын нэг л асуудал нь Хөрөнгө оруулалтын хуулиар илэрч байгаа нь тэр газар нутаг руу дайрч байгаа явдал. Хөрөнгө оруулагч ирж болно. Хөрөнгө оруулалт хийж болно. Газар эзэмших, Монголын иргэн болох тухай асуудлууд тусдаа хуулиудаараа явах ёстой. Монголд ирж байгаа хэн боловч Монгол Улсын иргэн болно гэвэл монгол хэлээр ярьдаг байх хэрэгтэй. Монголын хуулийг мэддэг байх хэрэгтэй. Монгол бичиг үсэг мэддэг байх хэрэгтэй. Бусад шаардлага, нөхцөл нь юу байдаг юм бол...хуулийнхаа дагуу иргэн болох нь чөлөөтэй байж болох юм. Манайх ардчилсан орон учраас. Гэтэл ямар ч хэл мэдэхгүй хүн орж ирээд би танайд хөрөнгө оруулалт хийсэн, танай улсын иргэн мөн, би дуртай газраа газар авна гэдэг бол дэндүү неолиберализмын үнэр ханхлуулсан, улс үндэснийхээ ирээдүйд маш хортой асуудал. Үүнийг зүтгүүлж байгаа төрийн зүтгэлтнүүд өөрсдөө би хэн бэ гэдгээ харах цаг болсон байх аа,

-Эдийн засгийн өсөлтийн жил боллоо гэдгийг хэн хүнгүй хэлж байна. Та юу хэлэх бол?

-Хоёр талаас хэлж болно. Нэгт, угаасаа ийм боломж байсан. Манайхан өөрсдөө чөдөрлөчихөөд, олборлосон нүүрсээ гадагш нь гаргаж чадахгүй байсан. Уржнан Ерөнхийлөгч урагшаа айлчилж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Өнгөрсөн жил Засгийн газар маань нэлээн идэвхтэй ажиллаж, нүүрс тээврийнхээ хүчин чадлыг нэмлээ. Үүнээс гадна монголчууд амьдралаа ухаарч байгаа тал бий. Нөгөө тал нь энэ өсөлт зөвхөн нүүрсний экспортынх шүү дээ. Нүүрсний дэлхийн зах зээлийн хэрэглээ буурч, үнэ буувал эрсдэлд орно. Өөрөөр хэлбэл, бид азын долгион дээр хөвж явна. Эртний нэг гүн ухаантан хэлсэн байдаг даа, “Харц дагаад өндөрт хөөрч болно, азын тэнгэр буулгаж тавьдаггүй юм шүү. Уруу нь харуулж годройтуулаад, хатуу чулуун дээр шидчихдэг юм“ гэж. Тэгэхээр Монголын эдийн засаг хэзээ нэгэн цагт хатуу чулуун дээр шидэгдэх вий дээ. Үүнээс болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ энэ боломжийг ашиглаж байгааг би буруутгаж байгаа юм биш. Олсон валютаа хайрлах хэрэгтэй, гамнах хэрэгтэй. Хоёрт, боловсруулах үйлдвэрүүдээ энэ боломжийг ашиглан хөгжүүлж авах хэрэгтэй. Энэ чиглэлээр төрийн бодлого цааш явбал болох байх. Гэхдээ эдийн засгийн өрөөсгөл бүтцийг гүнзгийрүүлж, голланд өвчнийг газар авахуулж байгаа нь бас нэг зовлон, үүнийг мартаж болохгүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.226) 2024 оны 01 сарын 30

Жинхэнэ төрийн зүтгэлтэн, эдийн засагч хүн шиг ул сууриар нь ярьж байна.

0  |  0
зочин(71.114.25.185) 2024 оны 01 сарын 29

Бямбасүрэн гуай БНМАУ - ын сүүлчийн Засгийн газрыг тэргүүлж, шилжилтийн, гадны хараат байдлын бүх зовлонг туулсан, улсынхаа хөгжил, эдийн засгийн амьдрал, цаг үеийг тунгаан бодсоор яваа нь илэрхий байна. Засаг барьж яваа намтай санал нийлэхгүй юм зөндөө л бий байх, түүнд. Монгол Улсаа Оросоос, Хятадаас, өөр гадныхнаас ч харамлан яваа энэ эрхмийн олон арван жил боловсрогдсоор байгаа арвин мэдлэг, бодол, гаргалгаа дүгнэлтээс нь МАН, бусад нам асуух, сурах, бүүр заалгах юм ч бишгүй дээ. Залууст зүтгэх зориг, бяр байдаг, өвгөдөд хэлж зөвлөх сэтгэл нь бий дээ.

0  |  0
Top