БҮРЭН МОНГОЛ | Өглөө бүр үрсээ бодож ажилдаа гардаг аав

2024 оны 02 сарын 02

"БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ СҮХБААТАР АЙМАГТ

Хөх Азийн цээжинд орших хүмүүн төрөлхтний өлгий нутаг Монгол Улс. Түүх соёл, зан заншлын хэлхээг түгээн дэлгэрүүлэх үйлсийн түүчээ "Бүрэн Монгол" төсөл.

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний бүрэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол-Гэр” төслийг "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевиз хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд аймаг бүрээс хичээнгүй, зорилготой амьдарч, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бусдыг үлгэрлэж яваа энгийн гэр бүлийг сонгон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөс гадна тухайн аймгийн Засаг захиргаатай хамтран, ажлын байранд зуучлах гэх мэт олон төрлийн санаачилгууд багтаж байгаа. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа амьдрал ахуйгаа өргөн тэтгэх чадвартай залуусыг сонгон, оролцуулж байгаа билээ.

Энэ удаагийн нэвтрүүлгийн гол дүрийг Батбаатарын Болдбаатар гэдэг. Тэрээр эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг.

Бага балчир наснаасаа эхлэн ажлын амтанд суралцсан тэрээр 2002-2003 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн 0132 дугаар ангид цэргийн албаа хааж, 2005-2007 онд 013 дугаар ангид холбоочноор ажиллаж байсан.

Эгэл амьдралын аясыг дагах нь хүн бүхний жам ч гэлээ заримдаа сөрөн зогсох мөч бишгүй бий.

Орон нутагт ажлын байр хомс, ажил олдох ч улирлын чанартай учир хот хүрээ бараадан ажил хийж, ам тосдож явсан тэрээр олны газар хүн танихгүй ч амьдралын сайхныг мэдэрч явснаа дурсах дуртай.

Ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голдоггүй гэх түүний яриаг сонсож суухад энэ л үнэн юм даа хэмээн түүнээр бахархана.

Барилгын туслах ажилтан, дугуй засварчин, арьс ширний үйлдвэрийн ажилтан, холбоочин, малчин, жоншны үйлдвэрийн туслах гээд түүний хийж үзээгүй ажил ховор. Одоо тэрээр IMG компанид дугуй засварчнаар ажилладаг бөгөөд энэ нь улирлын чанартай гэнэ.

 

 

...”Өглөө бүр гэрээс гарахдаа хэдэн хүүхдээ хүний дайтай болгочих юм сан, өлсгөчихгүй юм сан гэж боддог. Тийм болохоор ажил олдох тусам гүйдэг. Зүгээр сууж чаддаггүй болохоор нэг өдөр ажилгүй байхад л бие нялхардаг” гэж ярих түүний ярианаас цуцашгүй хөдөлмөрлөж, амьдралаа өнгөлж яваа нь харагдана.

 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Эх сурвалж: ТВ8 телевиз

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top