Х.Нямбаатар: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн доороо АВТО ЗОГСООЛ, дээрээ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ байна

2024 оны 02 сарын 04

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.

2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ хэмээлээ.

Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

32-ын тойрог орчимд үйлчилгээний төв байгуулж, тохижуулна

“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд худалдаа, үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд байна. Тодруулбал, 32-ын тойрог орчимд төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийх юм.

Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төсөлд ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 5-наас эхлэн 14 хоног хугацаанд олон нийтээс санал авна гэдгийг Хотын дарга мэдээллээ. Санал асуулга эхэлмэгц иргэд www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал өгөх боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(24.255.67.201) 2024 оны 02 сарын 04

Урт цагааны баруун жигүүрт Хоршоолол нийгэмлэгийн заал байдаг байв. Тэнд амралтын өдрүүдээр байнга бөхийн барилдаан зохиогдож их аварга Баянмөнх, улсын харцага Өвгөнхүү, заан Мягмар, Долгорсүрэн , аварга Хадбаатар зэрэг олон алдарт бөхчүүд бөхийн замналаа тэндээс эхэлж байсан сайхан түүх байдаг. Улаанбаатар минь утаагүй, түгжрэлгүй байх болтугай.

0  |  0
Зоч(103.254.123.132) 2024 оны 02 сарын 04

юуны түрүүнд хотын тээврээ янзлаачээ попорсон золигоо. Ядаж хуучин маршртаар нь явуулаач хар өвлийн хүйтэнд яа гээвээ....

1  |  0
Зочин(59.153.114.139) 2024 оны 02 сарын 04

Иргэд урт цагааныг биш нийтийн тээврээ хуучнаар нь явуул гэж шаардаад бгаашдээ орчноо мэдэрч ажлаа хийлдээ ядаж

0  |  0
зочин(66.181.189.21) 2024 оны 02 сарын 04

иргэдйин саналыг харж үзэн олонхийн саналаар шийдэг хүн болгон өөр зүйл ярьдаг биз дээ

0  |  0
ДООРОО АВТО ЗОГСООЛ (202.126.89.122) 2024 оны 02 сарын 04

ДООРОО АВТО ЗОГСООЛ ХИЙЖ ЗАВААРАХ ЮМ БОЛ ЮУНЫХ НЬ НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙХ ВЭ ДЭЭ. УГ НЬ ХОТЫН ТӨВДӨӨ МАШИНЫ УТАА УНИАРААС ХОЛ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЪЁ ГЭЖ Л САНАЛАА ӨГСӨН ЮМСАН

1  |  0
Top