Дүүжин тээврийн төслийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 08

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн талаар танилцууллаа.

Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөөд буй юм. “Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай.

 

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь Туул гол болон төмөр замаар хоёр хэсэгт хуваагдсан. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор энэхүү тусгаарлагдсан хоёр хэсгийн хооронд буюу Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад зорчих боломжтой болно. Нэг бүхээг нь 10 зорчигчийн багтаамжтай байх бөгөөд нэг чиглэлд 2300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.

 

 

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн:

 

 

-Өнгөрсөн онд хоёр улсын төрийн тэргүүн харилцан өндөр зэрэглэлийн айлчлал хийсэн. Энэ хүрээнд Франц болон Монгол Улс хоорондын хамтын төсөл хөтөлбөрүүдийн биелэлтийг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. Уг төсөл нийслэлийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрахад томоохон хувь нэмэр оруулах юм.

 

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгжийн захирал Б.Эрдэнэсайхан:

 

 

-“Пома” групп нь дэлхийн олон улсад дүүжин тээвэр хийсэн туршлагатай. Дүүжин тээврийн кабин, сандал хүйтний улиралд халдаг учраас иргэд даарахгүй, тухтай зорчино. Харин дулааны улиралд агаар чөлөөтэй нэвтрүүлэх салхивчтай. Хоёр тусдаа эх үүсвэрээс эрчим хүч авах тул тог тасрах асуудал гарахгүй. Аврах төхөөрөмжөөр тоноглосон учраас аюулгүй зорчих боломжтой хэмээлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.41) 2024 оны 02 сарын 08

дүүүжин тээвэр эхлүүлэх байсан юм бол яах гэж явдаггүй 500 автобус оруулж ирдэ байна даа Монголын мөнгө илүүдээд байгаа юм уу

0  |  0
Зочин(59.153.114.139) 2024 оны 02 сарын 08

Эхлээч үгүй ажлаа ярьсаар байхын өөр хийх ажил алга уу самарсайханы самарсан төсөл гэдгийг нохой хүртэл мэдээд хуцна

0  |  0
Top