Т.Энхтайван: Х.Мандахбаярт дээрэмдүүлсэн гээд байгаа Т.Ариунболдын ярьсан бүх зүйл худал

2024 оны 02 сарын 23

“Хангарьд” хөшөөгөө Х.Мандахбаярт дээрэмдүүлж, сэтгэл санааны хувьд хохирсон гэх ярилцлагыг иргэн Т.Ариунболд Mass.mn сайтад өгчээ. Энэ мэдээллийн талаар “Хангарьд” бүтээлийн зохиогч, металл барималч Т.Энхтайванаас тодрууллаа.


-“Хангарьд” хөшөөний талаарх асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Та энэ бүтээлийг урласан, бусдад бүтээлийн эрхээ шилжүүлсэн бүтээлч нь учраас бодит мэдээллийг авахаар уулзаж байна. Иргэн Т.Ариунболд  цахим сүлжээнд “Хангарьд” хөшөөг би захиалж хийлгэсэн. Энэ бүтээлийг би худалдаж авсан гэж мэдэгдсэн. Үүн дээр тодорхой тайлбар өгнө үү?

-Би өөрөө “Хангарьд” бүтээлийн эзэн гэж хэлэхээсээ илүү бичиг баримтаа үзүүлмээр байна. Оюуны өмчийн гэрчилгээ байна. Энэ хөшөөгөө би 2020 оны наймдугар сарын 12-нд эхэлж, 2021 оны арваннэгдүгээр сарын 21-нд дуусгаж байлаа. Т.Ариунболд гэж хүний хувьд 100 хувь гүтгэсэн зүйлс ярьсан байна. Өөрийн ямар үйлдэл гаргаснаа нэгийг нь ч хэлээгүй байсан. Зөвхөн биднийг буруутгаж ярьсан байсан. Би угаасаа энэ асуудлаар тайлбар хийе гэж бодож байсан юм. Тэр бүтээлийг намайг өөрийг нь гуйж хийлгэсэн гэж ярьсан. Үнэндээ тэр хүн өөрөө намайг 2020 оны дөрөвдүгээр сард хөдөө гэртээ байхад дуудаж авчраад, хүсэлт тавьсан. “Ахын дүү хүрээд ирээч, ахынх нь гэрт жаахан хийх юм байна” гэж дуудсан. Тухайн үед “Маршал таун” хотхоноос “Шамбала” хотхон руу нүүх гэж байсан юм билээ. Тэр үедээ “Чиний хийсэн юмнуудыг нүүж байгаа гэр рүүгээ зөөмөөр байна” гэсэн. Нэгэнт л миний хийсэн юмнууд тэнд байсан болохоор өөрөө очиж, тусалъя гээд яваад очсон. Хавар, зун гээд наадмын өмнөх өдрүүдэд хүртэл надаар тасралтгүй ажил хийлгэсэн л дээ. Ер нь бол 2015 оноос хойш танил болж, мэр сэр хамтарч ажиллаж эхэлсэн. Эхний харилцаа үүссэн хэсгийг ярих хэрэгтэй байх гэж бодоод, энэ бүхнийг дурдаж байгаа юм шүү.

-“Хангарьд” хөшөөний талаар хоёулаа төвлөрч ярилцъя?

-“Хангарьд”-ыг хийлгэхээс өмнө Т.Ариунболд ах Кувэйтийн аманд 2.5 га газартай болсон байсан.

Тэр газартаа Хангарьдын хөшөө хийлгэмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нийслэлийн билэг тэмдэг шиг зураглалтай Хангарьдыг бол хийхгүй. Өөрийнхөөрөө загвар гаргаад, хийж болно гэсэн хариу өгсөн. Ер нь уран бүтээл хурдан гарах үедээ хурдан, удаан гарах үедээ удаан байдаг. Загвар гаргахын тулд урт хугацааны судалгаа, шинжилгээ хэрэгтэй байдаг. Т.Ариунболд ахын хувьд “хурдал хурдал” гэдэг ганц үгтэй. Гэтэл бүтээл төрөх явцад 400-500 сая төгрөг шаардлагатай болохоор байсан. Анх Т.Ариунболд ах 1.50-2 метр байхад болно гэсэн. Хэмжээ жижиг гэсэн үг.  Бидний хувьд газар дээр нь очиж үзээд нэг далавчны үзүүрээс нөгөө далавчны үзүүр хүртэл 14 метр, өндөр нь 7 метр, урт нь хошуунаасаа сүүлний төгсгөл хүртэл 8 метр байхаар хэмжээтэй томоохон бүтээл хийе гэж ярилцаж, төлөвлөсөн. Гэтэл нөгөө хүн маань хөшөө гүйцэтгэх, авах бүх төлбөр, мөнгийг өгсөн гэж худлаа ярьж байна билээ. Гэртээ олон юм хийлгэнэ, дээрээс нь бүтээл хийлгэх нэрийдлээр 15 сая төгрөгийг хоёр хувааж, тэрийгээ бүр гуйлгаж өгчихөөд, араас нь тийм бичлэг хийж, өөрийгөө шившиг болгох ямар хэрэг байсан юм бол доо.

-Олон уран бүтээл дээр хамтарч ажилласан гэлээ. Бүтээлийн үнэлгээ гээд төлбөр өгч байсан удаа бий юу?

-Огт өгч байгаагүй. 2020 оны дөрөвдүгээр сард дуудсанаасаа хойш нэг ч удаа хийсэн бүтээлийн чинь үнэлгээ нь энэ шүү, болж байна уу гээд төлбөр өгч байсан удаа байхгүй. “Хангарьд”-ыг бүтээл болгох гээд идэр есийн хүйтэнд ч бид гадаа нь ажиллаж л байсан. Төмөртэй, металл баримал шүү дээ. Дандаа нугалах, цохих, давтах гээд бүх шатанд гар ажиллагаа шаардагдана. Түүнд орсон эд материал болгон нь бүгд өөр өөр хэлбэртэй. Маш хэцүү нөхцөлд, өндөр түвшинд хийсэн. Хайрсыг нь хийхэд хэдэн мянган ширхэг материал орсныг бид нар өөрсдөө ч тоолж чадаагүй, бараагүй. Тэр болгон нь өөр хэлбэртэй. Тэгж их сэтгэлээ гаргаад хийж байхад, “Ямар гоё болсон юм бэ, баярлалаа” гэж хэлэх юм уу, гар барьж үзээгүй л хүн шүү дээ.

-Тэгэхээр Х.Мандахбаяр гэдэг хүнтэй тус бүтээл яаж яваад, ямар замаар холбогдсон юм бэ?

-Т.Ариунболд ах “Хонхорт газар байгаа. Тэнд чи цутгуурийн үйлдвэрээ ажиллуулж, урлангаа нээгээрэй” гэж хэлж байсан юм. Дээрээс нь “Би чамд 500 сая төгрөгийн хоёр ч уран бүтээл олж өгнө” гэж хэлсэн. Манай уран бүтээлчидтэй уулзахаас илүү надтай уулзаад, ярьчихдаг байсан юм. Уран бүтээлч найзууддаа би энэ тухай хэлэхээр нөгөө хэд маань надад итгэнэ шүү дээ. Гэтэл бүтээл дуусаад уулзтал “Би чамд 15 сая төгрөг өгье” гэсэн. Дөрвөн хүний бүхэл бүтэн хоёр жилийн хөдөлмөрийг 15 сая төгрөгөөр үнэлсэн. Тэр уран бүтээлийг хийхийн тулд бид 2008 оноос хойш суралцаж, бодож, мөрөөдөж, ямар зам туулж ирснийг ойлгоогүй. Тэр том бүтээлийг чинь мэдээж техникийн тусламжтайгаар хийнэ, зөөнө, өргөнө. Нийтдээ тав орчим тонн бүтээл болсон. Бид их мөнгө зарцуулсан. Мөнгө ч их хайсан. Ингэж явсаар бид дөрөв нэгэнт өөрсдийн гараар хийсэн бүтээлээ үнэгүйдүүлсэн, авахгүй гэсэн хүнд нь өгөх гэж байхаар өөр хүн олж, борлуулъя. Зарцуулсан мөнгөө олж авъя гэж шийдсэн. Ганцхан хүнтэй уулзсан, тэр нь Х.Мандахбаяр. Өөрсдийн хийсэн бүтээлийг танилцуулахад дэмжиж, хамтрахаар болсон. Цаашдаа хамтраад дөрвөн ч уран бүтээл дээр ажиллахаар тохирсон. Дөрвөн бүтээлийг нийлүүлээд хоёр тэрбум төгрөгөөр авахаар тохирч, гурван жилийн хугацаатай босгоё гэж ярилцсан. “Дүү нар гоё юм сэтгэж байна, гоё зүйл рүү тэмүүлж байгаа юм байна, Ах нь дэмжье” гээд дэмжсэн шиг дэмжсэн. Ингээд бид хөшөөгөө авах гээд очтол өөдөөс харин Т.Ариунболд бичлэг хийсэн.

-Та хэдийг урлантай болгох, 500 сая төгрөгийн хоёр ч ажил олж өгнө гэсэн нь худал болсон уу?

-15 сая төгрөг өгье гэдэг зүйлээс болоод бүх зүйл худлаа болсон. Тийм учраас уран бүтээлээ авъя гэж шийдсэн.

-“Хангарьд” хөшөөг яг хэдэн уран бүтээлч хамтарч хийсэн бэ?

-Бид анх гурвуулаа эхэлж байсан. Сар гаруйн дараа бас нэг уран бүтээлч маань нэмэгдэж, дөрвүүлээ болсон. Эрдэнэ, Сайнхүү, Энхтайван, Мөнхмандах гэх залуус хамтарч бүтээсэн.

-Хөшөөг бүтээхэд хэдий хэмжээний хөрөнгө, санхүү зарцуулагдсан бэ, бүтээлийг захиалсан гэх Т.Ариунболдын зүгээс үнэхээр 15 сая төгрөг л өгсөн гэсэн үг үү?

-Бид нэгнийхээ байр, би өөрийн машин болон аавынхаа машиныг Банк бус санхүүгийн байгууллагад тавьж, би хүүгийнхээ хадгаламжийг авч, хөдөө хэдэн малтай байсан түүнийгээ зарж, ахаасаа мөнгө зээлж, БНСУ-д байгаа найзаасаа хүртэл мөнгө зээлж байж хөшөөгөө бүтээсэн. Эхлээд 138 сая төгрөгөөр босох байх гэж тооцож байсан. Бид нар нэг ч зүйлийг хасаагүй, нэг ч зүйлийг нэмээгүй, яг гаргасан зардал, тооцоогоо л хэлж байгаа. Анх ажил ярьж эхлэхэд 10 сая төгрөг өгсөн. Араас нь гуйлган барин 5 сая төгрөгийг хоёр удаа хувааж өгсөн. Баримт нь надад байгаа. “Юун 15 сая төгрөг вэ, бид бүтээлээ авъя” гэсэн чинь “Чи миний өгсөн мөнгийг өгөөд, наад муу төмрийн сэгээ аваад яваарай” гэсэн. Бид аваад л явсан.

-Т.Ариунболд бол та нарыг хамтраад, өөрийг нь дээрэмдсэн гэж яриад байгаа?

-Тэр хүн хүнд дээрэмдүүлэхээр хүн биш ээ. Бид нар хүнд итгэдэг тэр зан чанараараа л тэр хүнтэй харилцсан. Дараа нь Х.Мандахбаярт зарсан. Түүний хувьд 300 метр квадрат урлангийн байрыг гурван айлын газартай нь хамт бидэнд өгсөн. Одоо бид нар тэр газраа бүтээлээ хийх гэхээр Т.Ариунболд гэдэг хүний гүтгэлэг, хэрээс хэтэрсэн үйлдлүүдээс болоод ажлууд ерөнхийдөө зогсонги байдалд ороод байна. Дөрвөн хүн байгаа бүхнээ зараад, бүтээлдээ хөрөнгөө зарцуулсан. Бүтээлд зориулж сохор зоос ч өгөөгүй тэр хүн өөрөө энийгээ мэдэж л байх ёстой.

-Эсрэгээрээ “Хангарьд” бүтээлийг худалдаж авснаараа Х.Мандахбаяр та бүхнийг дэмжсэн гэж ойлгож болох уу?

-Миний ярьсан зүйлээс тодорхой ойлгогдох байх гэж найдаж байна. 15 сая төгрөг өгчихөөд нэг жилийн хугацаанд тэр мөнгөө надаас хүүтэй нь нэхсэн гээд бод доо. Би 15 сая төгрөгийг нь эргүүлэн өгч, бүтээлээ аваад, Х.Мандахбаяр гэж хүнд зарсан. Тэрнээс Т.Ариунболдоос мөнгө авчихаад, буцаад өөр хүнд зарсан зүйл огтоос байхгүй. Биднийг Х.Мандахбаяр захирал 100 хувь дэмжсэн. Түүнийг гацааж байгаа хүн нь харин Т.Ариунболд болж таарч байна.

-Mass.mn сайтад өгсөн ярилцлагадаа тухайн хүний эзэмшлийн газар руу 100 гаруй хүн очиж, хөшөөг авсан гэж хэлсэн байсан?

-Бид нар зүгээр л очсон. Хашаанд ороход хэдэн хүн байсан. Харин ч тэр бичлэг дээр харагдаж байгаагаар манай дөрвөн барималчийн нэгийг өвдөглөчихсөн байгаа шүү дээ. Хутга, шөвөг бариад дайрсан ах нар ч бий. Бид нар мэдээж техник, кран түрээслээд очсон. Хангарьдыг Богд уулын савдаг сахиусынх нь унаа хөлөг гэж ярьдаг. Тийм болохоор хэдэн бөө авч очсон. Тэгж их сэтгэл зүрхээ зориулж хийчихээд буцаад авч байгаадаа сэтгэл эмзэглэнэ. Бид нар шүтлэгтэй хүмүүс. Тийм болохоор уул усаа аргадаж, хүндэтгэл үзүүлмээр байсан учраас бөө нартай очсон. Бүтээлээ авах гэж байгаа хүн өөр хүмүүст анхаарал хандуулаагүй. Бөө нартай л очсон болохоос тийм олон зуун хүн дагуулж очсон, үймүүлсэн зүйл байхгүй.

-Уран бүтээлч хүний хувьд Т.Ариунболд гэдэг хүн миний хийлгэсэн бүтээл гээд байхаар таны хувьд сэтгэл санааны хувьд ямар байдалтай байна?

-Эхнээс нь дуусах хүртэл үг хэлэх болгондоо харааж, доромжилж байсан, тэр хүн. Яах вэ, Хангарьдын хөшөө хийлгэе гэсэн санааг гаргасныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ уран бүтээлийг би өөрөө зохиож, санаачилж, судалж, өөрийн гараар урласан. Тохирсон төлбөр, мөнгөө тэр хүн өгөхгүй гэсэн. Авахгүй гэсэн. Би хохирогч үлдсэн. Миний хувьд сэтгэл санаа маш хүнд байна. Өчигдрийн мэдээллийг сонсоод, хэвтэж байсан эмнэлгээсээ гарч ирээд, ярилцлага өгч байна. Хүнээр гүтгүүлэх, худлаа ярих маш дургүй. Уран бүтээлч хүмүүс хүнд итгэж, бүтээл урлаж өгдөг. Уран бүтээлч хүн болгон л тийм байдаг. Бүтээл хийдэг хүмүүсийг ингэж доромжилж, дуртай нь гарын үзүүрт зарж, худалдаж, хуурсаар байх юм бол бид яаж ажиллаж, амьдарч, бүтээх юм бэ... Харин ч бусдад луйвардуулж, хөдөлмөрөө үгүйсгүүлж, өр зээлэнд орсон бид нарт тусалсан, худалдаж авсан, хэцүү үед гар сунгасан хүмүүст баярлаж байгаа. Үнэхээр их баярласан.

Т.Ариунболд ахын хувьд нэгэнт ийм зан гаргаж байгаа бол бид нэхэмжлэх, хүсэлт гаргана. Яахав, “Бацаан минь чи надтай хууль, шүүхээр яваад дийлэхгүй” гэж хэлж л байсан. Гэсэн ч би хуулийн байгууллагад гомдлоо өгнө. Надад алдах юм байхгүй. Төгсгөлд нь би нэг юм хэлэхийг хүсэж байна. Хэрвээ би Т.Ариунболд гэж хүний бичлэгийг үзчихээд өөрийнхөө фэйсбүүк хуудсаар тайлбар хийсэн бол 1000 хүрэхгүй л хүн үзэж, олон хүн мэдэхгүй өнгөрөх байсан байх. Тийм учраас би танай сайтад хандсан юм шүү. Ойлгож, ярилцсанд баярлалаа.

Оюуны өмчийн гэрчилгээ болон бусад бичиг баримтуудыг хавсаргав. 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жумдаан бөгш(66.181.191.134) 2024 оны 03 сарын 01

Мандахбаяр гэгч бол мянганы дээрэмчин задилагч. Мөнгө байраа авах юмсан. Хархүү гэж тийм зальтай хүн муутай нөхөр байсан юм худал гэвэл өмнөговийн захын хүн хэлнэдээ

0  |  0
Зочид(66.181.186.81) 2024 оны 02 сарын 27

Т.Энхтайван хүү 3 найзтайгаа ямар сайхан бүтээл хийж хөдөлмөрлөсөн баяр хүргэж байна. Ийм сайхан хөдөлмөрлөж бүтээсэн зүйлс яаж 15-хан сая төгрөг болох вэ дээ!!! Энэ 4 залуу материалаа авахын тулд бүх зүйлээ зарж байж энэ бүтээлийг хийсэн тул талархаж байна. Өөрсдөө бүтээлээ хичээн зүтгэсэн учир Бурхан багш та 4-т Х.Мандахбаярыг илгээсэн байна. Та 4 САЙН ХҮНТЭЙ УЧИРЧ уран бүтээлээ сайхан хийгээрэй дүү нар минь. Сэтгэл санаагаар унасны хэрэггүй, ГЭГЭЭЛЭГ САЙХАН АМЬДРААРАЙ. Миний 2 эрэгтэй дүү нар маань зураач тул манай гэр бүлийнхэн та дөрвийг шүтэн биширч байна.

0  |  0
Зочин(66.181.178.166) 2024 оны 02 сарын 26

Нийлж дээрэмдчихээд нэгийгээ хамгаалж байгаа юм байгаа биздээ

0  |  0
Зочин(139.5.218.72) 2024 оны 02 сарын 25

Үнэхээр том бүтээл хийсэн бна. Хүний хөдөлмөрийг үгүйсгэх гээд бгаа нөхөр арай ч дээ. 4 үүлээ хийсэн мундаг хөдөлмөр шүү. Зөв дэмжих хэрэгтэй шүү. Ийм том бүтээлийг яаж 15 хан саяар үнэгүй дүүлж чадаж бнаа. Луйварчин юмаа

1  |  0
зочин(66.181.178.184) 2024 оны 02 сарын 24

Хөөрхий гомдол нь тайлагдахгүй, Ариунболддынхоо үйлдлийг хичнээн ч ярив даа. Ариунболд нь 60 сая төгрөг өгсөн гэж ярьсан нь нөгөө 15 саяынхаа хүүг тооцоолсон хэрэг байх нээ, Урлантай болсон бол аштай юу даа. Урландаа хийсэн бол хүний хашаанд бүтээлээ хийж, доромжлууллахгүй, мөнгөө өгөөд аваа гээд л сууж байна ш дээ

0  |  0
Бодит байдал(66.181.187.103) 2024 оны 02 сарын 25

Юм хийвэл заавал ажлын гэрээ хийх ёстой.Ямар ч хувилбар гарлаа гэхэд тэр чинь хэрэг болно.Хэн нэг ах байтугай төрсөн Ах дүү 2 хоорондоо байр булаацалдаж шүүхдэж байгаа цаг шүү.Аливааг сонсоод өнгөрөх биш бодож эргэцүүлж,санаа авч байцгаа

2  |  0
Иргэн(139.5.216.235) 2024 оны 02 сарын 26

Мандах баяр нүүрсний хулгайд хамрагдсан олон түмнийг залилж мөнгийг нь авсан нь худлаа юм уу.Хайран сайхан онгон газар байсныг сэглээд хаясан муу хөдөөний новш.Мао царайлчихаад

2  |  1
Өм(103.57.93.159) 2024 оны 02 сарын 24

Доль ац вэ? Мандахбаяр орон сууцанд оруулна гээд олон зуунхүннэс мөнгө аваад одоо болтол байрч байхгүй мөнгөч ба йхгүй утасаар ярих гэхээр авахгүй гэр орэоор очихоор байхгүй зовж байна. Чи тэгвэл хамсаатан нь байна. Чамайг одоо барьж цагдаад өгнө. Чи тэр долмр пизаа олж өгөөрэй.

2  |  0
зочин(66.181.185.19) 2024 оны 02 сарын 25

ТОРДАЙНХАН ГЭДЭГ ЧИНЬ ДЭЭРЭМЧДИЙН КЛАН ЮМ БАЙНА ДАА

1  |  0
Top