С.Мөнхчулуун: ШӨХТГ-ын дарга олон солигдож байгаа нь БИЗНЕСИЙНХНИЙ ОРОЛЦООТОЙ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 21

-ИРГЭДИЙН ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ОЛГОЖ БАЙГАА НЬ ХУУЛЬ ЁСНЫ АРГА ХЭМЖЭЭ ЮМ- 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын дарга асан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны Ерөнхий аудитор Самданнямын Мөнхчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Та хэзээ “Эрдэнэс Монгол” компанид ирсэн бэ. Төрийн өмчит энэ том компанийн давуу талыг хэрхэн тодорхойлох бол?

-УИХ-ын тогтоолын дагуу төрийн өмчит компаниудыг нээлттэй компани болгох шийдвэр гарсан. Өмнө нь төрийн өмчит олон жижиг  уул уурхайн компани нэгдсэн бодлого стратегигүй явж байсан юм билээ. Тэдгээр 32 компанийг “Эрдэнэс Монгол”-д нэгтгээд менежментийн удирдлагаар хангах зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, стратегийн орд газруудыг бодлогын хувьд нэгтгэн удирдана гэсэн үг. Энэ хүрээнд зөвхөн олборлоод, зөөгөөд байдаг бус цаашаа боловсруулах, баяжуулах чиглэл рүү анхааръя, үйлдвэрлэл технологийн парк байгуулъя, хардлага сэрдлэгийг нэг мөр болгохын тулд уул уурхайн биржийн хуульд нийцүүлж борлуулалтаа нээлттэй явуулдаг болоё гэх мэт олон зорилгуудыг нэгтгэсэн. Үр дүнд нь өнгөрөгч онд компани төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, түүхэндээ ашигтай ажилласан. Монгол Улсын эдийн засгийг өсгөх, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд манай нэгдлийн оруулж буй хувь нэмэр асар их юм.

Өнгөрсөн 2023 оны хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ уул уурхайн биржээр худалдаалсан. Ингэж нээлттэй худалддаг болсноор борлуулалт хоёр дахин нэмэгдэж, орлого нь дагаад өссөн байна. Үнийн хувьд ч Олон улсын зах зээлийн ханшаар зарагдаж эхэлсэн. Түүнээс гадна Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэх мэт улсын үйлдвэрийн газрууд төмрийн хүдрээ уул уурхайн биржээр борлуулж эхэллээ.

Ингэснээр өрсөлдөөн үүсээд цаад олон улсын компаниуд нээлттэй оролцож, манай түүхий эдийг худалдан авах боломж нээгдсэн. Ямар нэгэн хардлага сэрдлэгэ байхгүй болсон. Хардлагыг зайлшгүй таслан зогсоох ёстой байсан бөгөөд Засгийн газраас оновчтой бодлого хэрэгжүүлсний эерэг үр дүн гарсан гэсэн үг. Түүнчлэн энэ оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар зэс молибденийг уул уурхайн биржээр худалдан борлуулах шийдвэр гарсан. Эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрийн зэсийн 5-10 хувийг борлуулж эхлэе. Бусад гэрээт компаниудын гэрээ дуусахаар бирж рүү шилжүүлж нээлттэй болгоё гэж шийдсэн. Оюу толгойн зэсийн баяжмалыг уул уурхайн биржээр борлуулах хэлэлцээр хийх шийдвэрийг гаргаад байна.

Дахин хэлэхэд, олон компаниуд хоорондоо уялдаа холбоотой, нэгдсэн удирдлагын системтэй ажилласнаар дэвшил харагдаж эхлээд байна. Миний хувьд “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн Дотоод аудитын албаны Ерөнхий аудитаар томилогдоод 9 сар болж байна. Олон улсын дотоод аудиторын институтээс гаргасан дотоод аудитын стандарт гэж байдаг. Энэ стандартыг “Эрдэнэс Монгол” нэгдэл дээр нэвтрүүлье гэдэг зорилгоор ажиллаж байна.

Дотоод аудит Монгол Улсад төдийлөн бэхжиж чадаагүй. Үнэн хэрэгтээ аудит нь төрийн байгууллагын дарга нарын дэргэд л байна шүү дээ. Тухайлбал, нийслэл, дүүрэг, аймаг, сумын Засаг даргын дэргэд байдаг. Уг нь Засаг дарга болон түүний харьяа агентлагын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой газар чинь Засаг даргынхаа доор байхаар хараат бусаар ажиллаж чаддаггүйд хүрч байгаа юм. Хувийн компанид ч гэсэн дотоод аудит байгаа хэдий ч эзнийхээ, гүйцэтгэх захирлынхаа нөлөөнөөс гарч чаддаггүй. Манай “Эрдэнэс Монгол нэгдэл” дээр ч тийм байсан. Өөрөөр хэлбэл, дотоод аудитор нь гүйцэтгэх захиралтайгаа гэрээ байгуулдаг байсан. Миний бие томилогдож ирээд энэ дүрмийг өөрчлөе. Олон улсын стандартын дагуу дотоод аудит нь хараат бусаар ажилладаг болоё. Байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулахын тулд компанийхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх зарчмаар ажилладаг болоё гэдэг зорилго тавиад Олон улсын дүрмийн дагуу дүрэм журмыг батлуулсан.

-Захирлынхаа нөлөөнөөс гарсан гэсэн гэж ойлгож болох уу?

-Болно. Дүрэм батлагдсанаар гүйцэтгэх захирлаасаа хараат бусаар ажиллах боломж бүрдсэн. Харин ТУЗ-тэй гэрээ байгуулаад ажиллаж байна. Гэхдээ компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцоод явах зохицуулалт байхгүй. Зөвхөн төлөвлөгөө, удирамжийн дагуу эрсдлийг үнэлж байгаад асуудал гарах магадлалтай газрууд дээр ороод “Ийм ийм асуудлууд байна аа. Ингэж өөрчлөх шаардлагатай байна шүү” гэдэг зөвлөмж, дүгнэлтүүдийг өгөөд ажилладаг. Дүрмээ өөрчилсөн хугацаанд Монросцветмет, Эрдэнэт үйлдвэр дээр бүрэн хэмжээний аудит хийсэн. Ер нь 32 компаниуд дээр холбогдох хуулиудаар нэгдсэн сэдэвчилсэн аудит хийгээд явж байна. Мөн нээлттэй байя гэдэг чиглэлээр тодорхой зөвлөмж өгсөн. Энэ дашрамд дурдахад “Эрдэнэс Монгол” байгуулагдсан цагаасаа хойш хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж ТУЗ 130 гишүүнтэй байсныг нэгтгээд 30 орчим болголоо. Бусад үргүй зардлыг багасгах талаар зөвлөмж өгөөд ажиллаж байна.

-Асуудлыг мэдэх хүнтэй уулзсаных 1072 хувьцааны талаар асууя?

-Баялагийн сангийн тухай хууль удахгүй батлагдах байх. Энэ хуультай холбоотойгоор “Эрдэнэс Монгол”-ын үйл ажиллагаанаас олж буй орлого, татвар нь Баялагийн сандаа хуримтлагдаж, улмаар томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдаад явах боломж бүрдэх юм. Стратегийн шинжтэй бүтээн байгуулалт нь эргээд ард түмэнд үр өгөөжөө өгөөд явах үүд хаалга нээгдэнэ гэсэн үг. “Эрдэнэс Монгол” нэгдлийн энгийн хувьцаа эзэмшигч иргэн бүр нэг ширхэг давуу эрхийн хувьцаатай байгаа. Нээлттэй хувьцаат компани болсноор энэ давуу эрхийн хувьцаа амилна. Нэг ёсондоо хувьцааны үр өгөөжийг иргэд илүү хүртэх хувилбарыг дэвшүүлж байна.

-2024 оны 1 дүгээр сарын сүүлээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч иргэн бүрт 104.800 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Ирэх 3 дугаар сарын 25-наас эхлэн 257 мянган төгрөг хуваарилах шийдвэр гараад байна. Зарим хүмүүс ингэж мөнгө тарааж байснаас үйлдвэр барих хэрэгтэй гэж ярихыг та бүхэн сонссон л байх? Иргэдийн хувьцааны мөнгийг төр хувьдаа ашиглах боломж хууль эрхзүйн талаасаа байхгүй биз дээ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд ногдол ашгаа иргэдэд олгож байна. 2024 оны 1 дүгээр сарын 31-нээс 2022 оны ногдол ашиг болох 104 төгрөгийг хувьцаа эзэмшигч иргэн бүрт олгосон. Харин 2023 оны ногдол ашгийг ирэх 3 дугаар сарын 25-наас олгохоор болоод байна. Зарим хүмүүс мөнгө тарааж байснаас том үйлдвэр байгуулах хэрэгтэй гэх мэтээр ярьж байна л даа. Үнэн хэрэгтээ мөнгө дэмий тарааж байгаа хэрэг биш шүү дээ. Компанийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг олгох ёстой юм. Иргэдийн ногдол ашгийг төр аваад өөр юманд зарцуулах нь буруу. Харин төр өөрт оногдох ногдол ашгийг бүтээн байгуулалтад зарцуулах ёстой.

-Өмнө нь иргэдийн хувьцааны мөнгийг өөр зүйлд зарцуулсан туршлага бий шүү дээ?

-Өмнө нь нэг удаа төрөөс шийдвэр гаргаад иргэдийн хувьцааны мөнгийг төмөр зам руу оруулсан тохиолдол бий. Тэр нь мухар төмөр зам гэх мэтээр янз бүрээр яригдаад авсан санагдана. Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг зөвшөөрөлгүйгээр өөр зориулалтаар ашиглах явдал дахиж гаргаж болохгүй.

“Яагаад заавал энэ жил ногдол ашиг өгөх болов. Өмнө нь яагаад олгоогүй юм бэ?” гэх ойлголттой хүмүүс ч цөөнгүй бий. Учрыг нь тайлбарлая. “Эрдэнэс Тавантолгой” өмнө нь ашигтай ажиллаж байгаагүй. Ашигтай ажилласан жилд нь ногдол ашгийг нь төмөр зам руу оруулсан талаар би сая ярьсан. Мөн цар тахлын үед ашигтай ажиллаж чадаагүй.

Харин 2022 онд ашигтай ажилласан учраас 2024 онд иргэн бүрт 104.000 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь ийм учиртай юм. Тухайн үед буюу  2022 оны 2 дугаар сард компанийн ТУЗ-ийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудал ороод яригдаж байхад би ШӨХТГ-ын даргын хувьд оролцсон. Тэр үед “Эрдэнэс Тавантолгой”-д Бүрэн эрхэт төлөөлөгч /БЭТ/ томилоод удаагүй, үр дүн нь гараагүй учраас ногдол ашгийн хувь хэмжээ үнэн бодитой, эсэх нь тодорхой болоогүй байна.

БЭТ-ийн ажлын үр дүн гарсаны дараа шийдэе гэж тогтсон. Харин он гараад ногдол ашгийг олгох цаг нь тодорхой болсон учраас хувиарласан гэж ойлгож болно. Нэг зүйлийг тодруулахад 2024 оны 1 дүгээр сарын 31-нд болсон Засгийн газрын хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 2023 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл төрсөн хүүхдүүдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарсан.

Энэ дагуу хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах ажил үргэлжлэх байх. 2012 оноос хойш төрсөн 1,5 сая хүн өнөөдрийг хүртэл хувьцаагүй явж байсан бол УИХ-ын тогтоол батлагдсанаар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшдэггүй байсан 1.5 сая иргэн хувьцаа эзэмших эрхтэй болж байгаа. Мөн иргэдийн хувьцааг энгийн хувьцаагаар бүртгэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл хязгаарлагдмал хувьцааг энгийн хувьцаа болгож өөрчилснөөр хувьцаагаа зарах, өвлүүлэх асуудал нээлттэй болно. Одоо Санхүүгийн зохиуулах хороо, Хөрөнгийн бирж, Улсын бүртгэлийн ерөнхий газар шуурхай ажиллах хэрэгтэй болоод байгаа. Түүний дараа нээлттэй болох боломж бүрдэж байна.

 Төр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээд байхад тэд хариуд нь дарамталдаг болсон байна

-Та Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын даргаар ажиллаж байсан шүү дээ. Энэ үүднээс өргөн хэрэглээний барааны, ялангуяа гурилын үнийн өсөлтийн талаар асууя. Монголчуудын гол хүнсний хэрэглээ болох гурилын үнэ нэг жилийн дотор 4-12 удаа өссөн судалгааг өнөөдөр ШӨХТГ-ын дарга танилцууллаа. Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж төрийн бус байгууллагаараа дамжин үнэ тохирдог гэсэн дүгнэлтэд хүрч,  холбогдох арга хэмжээг авахаар болж байх шиг байна. Асуудлыг мэдэх хүний хувьд таны байр суурийг сонсоё? Гурил үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байх боломж, нөхцөл байсан уу?

-Гурилын үнийн асуудлаар би сүүлийн хэдэн өдөр нэлээд хөндөж ярилаа. Цахим хуудсаараа дамжуулан удаа дараа байр сууриа илэрхийллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа “Гурилын үнийн өсөлттэй холбоотойгоор гурилын үнэ хэт өсч байна. Хяналт шалгалтыг ШӨХТГ-аас хийсэн байна. Монопольт байдлаас үүдэлтэй үнийн өсөлттэй холбоотойгоор Засгийн газраас зохицуулалт хийх үүднээс импортын гурилын болон үр тарианы татварыг тэглэх асуудлыг УИХ-д оруулахаар боллоо” гэж мэдэгдсэн. Гэхдээ төр засгаас авч хэрэгжүүлэх болсон энэ шийдвэр аж ахуйн нэгжүүдийн эгдүүцлийг төрүүлсэн бололтой юм. Гурил үйлдвэрлэл эрхлэгчид, нэр бүхий улстөрчдийн зүгээс янз эсэргүүцсэн агуулгатай сүржин мэдэгдэл хийсэн. Зарим гурилын үйлдвэрийн захирлууд өөрсдийн албан ёсны цахим хаягуудаараа дамжуулан “Хэрвээ Засгийн газраас гурилын импортын татварыг тэглэх, гурилын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргавал бид гурилын үйлдвэрлэлээ зогсооно” гэх агуулгатай дарамт шахалт хийсэн. Тэдний энэ үйлдлийг хараад дуугүй байж чадалгүй байр сууриа илэрхийлсэн, дуугарсан. Учир нь намайг ШӨХТГ-ын даргаар ажиллаж байх 2022 оны 12 дугаар сард гурилын үнэ өсч байлаа. Бид хяналт шалгалт хийлээ. Манай гурилын үйлдвэрлэлийн зах зээлд 10 хүрэхгүй буюу 8-9 компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс гурван том компани нь л гурилын зах зээлийг зохицуулж байдаг нь шалгалтаар илэрсэн. Тэр гурван томын хоёр нь бараг нэг эзэнтэй гэж хэлж болно. Төрсөн ах, дүү хоёрын компани шүү дээ. Энэ хоёр нийлээд гурилын зах зээлийн 43 хувийг дангаараа эзэмшиж байна. Үлдсэн нэг нь 22 хувийг эзэлдэг. Нийлээд гурилын зах зээлийн 70 орчим хувийг дангаараа эзэлж байна гэсэн үг. Энэ компаниуд гурилын үнийг нэмэх үү, хомсдол үүсгэх үү гэдгийг өөрсдөө зохицуулдаг. Тэгэхлээр эдгээр компани дээр тухайн үед тодорхой хариуцлага тооцоод үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн байна гэдэг үүднээс “Улаанбаатар гурил”-д 5,9 тэрбум, “Од гурил” компанид 1.4 тэрбум төгрөгийн торгуулийг тус тус ногдуулж байсан. Одоо шүүх дээр явж байгаа.

-Яагаад үгсэн хуйвалдсан гэдэг дүгнэлт хийхэд хүрсэн юм бол. Үндэслэл нь юу байв?

-Гурил үйлдвэрлэгчдийн холбоо гэдэг төрийн бус байгууллага байдаг. Тухайн үед тэдний зүгээс өөрсдөө хэвлэлээр гарч ирээд “Удахгүй гурилын үнийг нэмэхээс аргагүй боллоо. Гурил үйлдвэрлэгчид бид ийм шийдвэр гаргалаа” гээд зарлачихаж байгаа юм. Эндээс үгсэж үнэ нэмж байгаа нь харагдаж байгаа юм. Өрсөлдөөний тухай хуулиар үгсэж үнэ нэмэгдүүлэхийг хориглодог. Хамгийн ноцтой нь УИХ-аар шийдвэр гаргаад импортын татварыг нэмэгдүүлэх замаар гаднаас орж ирэх гурилыг хязгаарлаж өгөөд байхад дотооддоо монопольт байдлаар үнээ нэмж байгаа нь Өрсөлдөөний хуулийг зөрчсөн хэрэг юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих төрийн бодлогын эсрэг байна гэсэн үг. Төр засаг үндэсний үйлдвэрлэлээ яах гэж дэмжиж байна вэ гэхээр чанартай, баталгаатай, хямд бүтээгдэхүүнээр хангах гэж тэр шүү дээ. Маш олон төрлийн зээл хөнгөлөлтийг үзүүлж ирсэн дээ. Хөнгөлөлттэй зээлд жил болгон хамруулж байна. Импортын татварын нэмж гаднаас өрсөлдөгчгүй болгож өгч байна. Гэтэл нөгөө хэд маань эргээд Засгийн газраа дарамталдаг болсон байна.

Иргэдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлдэг болсон байна. Иргэд маань өнөөдөр өөр сонголт байхгүй болохоор дотооддоо байгаа үнэтэй гурилаа авахаас аргагүй байдалд орж байна шүү дээ. 2022 оноос хойш нийтдээ 11 удаагийн давтамжтайгаар үнээ өсгөчихсөн байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого маань зөвхөн гурван үйлдвэрлэгчийг л дэмждэг бодлого болж хувирсан гэхэд болно. Тиймээс механизм нь буруу байна гэж үзээд гурилын импортын татварыг тэглэх шийдвэрийг Засгийн газар гаргасан нь зөв. Би хувьдаа үүнийг дэмжих ёстой гэдэг байр суурьтай байна. Давамгай байдалтай аж ахуйн нэгж хэт өндөр үнэ тогтоохыг хуулиар хориглодог гэдгийг захирлууд нь сайтар ойлгох учиртайг нэмж хэлэх нь зүйтэй болов уу.

-Тогтолцооны гажиг үнийн өсөлтөд нөлөөлөөд байна гэсэн утгатай санааг та цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн харагдсан. Механизмыг өөрчлөвөл байдал сайжрах найдвар бий юу. Чухам ямар шинэчлэл хийвэл зохистой вэ?

-Механизмыг өөрчлөх шаардлага үйлдвэрлэгчдээс өөрсдөөс нь эхлэлтэйг би сая хөндлөө. Миний бие ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаад 2023 оны 2 дугаар сард ажлаа өгөх үедээ “Хяналт шалгалтуудыг хийж үзлээ. Газар дээр нь ажиллалаа. Тэгээд дүгнээд харахад шатахуун, мах, гурил гэх мэт суурь инфляцид нөлөөлдөг гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг УИХ, Засгийн газраас дэмжээд байна.

Шатахууны импортын татварыг тэглээд ч юм уу үнийг нь барьж байна гэж яриад байдаг. Гэтэл үндсэндээ төр засгаас үнийг бууруулах чиглэлээр хийж байгаа шийдвэр маань нүдээ олохгүй байна. Энэ шийдвэрүүд нь эргээд нөгөө дэмжсэн компаниудаа монополь болгох хөрсийг бүрдүүлж өгөөд байна. Татварыг нь өсгөж байгаад импортын цементийг хааж авсан. Дотоодын цементийн үйлдвэрүүд өрсөлдөгчгүй болсон.

Гэтэл цементийн үнэ 2022 онд 300.000 байсан бол маргааш нь 600.000 төгрөг болж өссөн. Цементийн хоёр гуравхан компани ингээд үнээ нэмчихсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих гээд импортын цементийг хаагаад өгсөн чинь манайхан үнээ нэмчихсэн. Тэгэхлээр энэ механизм буруу байна. Үүнээс харвал төр үнэнд оролцохоо болимоор байна гэдэг байр суурийг би илэрхийлсэн. Шатахуун дээр ч гэсэн үнэ нь өсөөд ирэхээр төр оролцоод “Үнээ буулга” гээд дэмжлэг, татаас өгчихдөг. Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буугаад ирэхээр нөгөө компаниуд үнээ буулгадаггүй. Тэгэхлээр энэ нь өөрөө төр оролцсон картель гэдэг юм болж хувираад байна. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэсэн бодлого маань чөлөөт зах зээлийн эсрэг болчихоод байна. Хэрвээ өрсөлдөөний зарчмаар ажиллах юм бол эрэлт, нийлүүлэлтийнхээ жамаар үнэ буураад явах боломжтой. Шатахуун дээр би тухайн үеийн Уул уурхайн сайдад саналууд хүргүүлж байсан. Ер нь энэ тусгай зөвшөөрөл гэдэг зүйлийг байхгүй болгочихооч. Шатахууныг заавал тусгай зөвшөөрөлтэй компани оруулж ирдэгийг зогсоо гэж. Яагаад гэвэл тусгай зөвшөөрөлтэй хэдхэн компани монопольдоод байгаа юм.

100 орчим тусгай зөвшөөрөлтэй компани байна гэж байгаа ч “НИК”, “Петровис”, “Шунхлай” гээд нэг хүний компаниудаар дамжуулаад үнэд нөлөөлчихдөг. Шатахууны үнэ нэмэгдвэл бүгд л ижилхэн нэмчихдэг. 100 төгрөгөөр нэмбэл бүгд л адилхан тэгж нэмдэг. Гэтэл энэ компаниуд том, жижиг, техник технологиосоо шалтгаалаад гарч байгаа зардал нь хоорондоо ялгаатай.

Гэтэл бүгд жигд үнээ нэмж байгаа нь үгсэн хуйвалдсан гэсэн үг. Арга хэмжээ авч хариуцлага тооцох гэхээр яам оролцоод үнийг нь бариулчихсан байдаг. Нөгөөдүүл нь “Засгийн газар, салбарын яам үнээ ийм түвшинд барь гэсэн. Бид одоо алдагдлаа нөхөх гэж байна” гэдэг хариу өгөөд сууж байдаг. Энэ ганцхан жишээ шатахууны үнэнд төр оролцоод байгаагийн илрэл юм. Цаашдаа төр үнийг нэг түвшинд барих, буулгана гэдэг үүднээс зохицуулалт хийх нь буруу. Асуудал шударга өрсөлдөөний зарчмаар явах ёстой. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ёстой. Гагцхүү татварын зөв зохистой бодлогоор зохицуулж байх нь төрийн үүрэг юм. Өөр нэг асуудал гэвэл ирэх дөрөв, тавдугаар сараас махны үнэ өснө. Нөөцийн мах бэлдсэн байгаа л гэнэ. Гэхдээ нөөцийн мах бэлддэг нөхдүүд маань аль намар баахан мах аваад хадгалчихсан хэрнээ хомсдол үүссэнийг далимдуулаад нэмж болзошгүй. Сөрөг үр дагаварт нь намар мах хямд байхад иргэд авах боломжийг байхгүй болгочихсон. Яагаад гэвэл нөөцийн мах гэдэг асуудлын хүрээнд мах импортлогчид бөөнөөр нь авчихаад байгаа учраас тэр л дээ. Энэ мэт бодсон төлөвлөснөөс нь гажуудаад байгаа учраас төр үнэнд оролцохоо болих цаг болж гэж би хэлээд байгаа юм. Зөвхөн манай улс бус дэлхий даяар өрсөлдөөнийг дэмжээд зах зээлийн жамаар, бизнесийнх нь зарчмаар явуулая гээд байна шүү дээ. Өрсөлдөөн байгаа тохиолдолд үнэ буух нь тодорхой. Гэтэл наана нь төр оролцоод шинэ юм туршаад байх нь огтоос буруу нь харагдлаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээчийг гаргаж ирсэн. Үр дагаварт нь үнэ буусан уу? Үгүй л байхгүй юу. Одоо өмнө нь хэрэгжүүлээд алдсан төсөл хөтөлбөрүүдээсээ сургамж аваад импортоор оруулж ирэх бүтээгдэхүүнд тавьсан өндөр татвараа тэглэх хэрэгтэй гэж би хараад байна.

-Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр хөөрөгдсөн, эсэхийг хянах, шалгах эрх бүхий төрийн байгууллагын шийдвэр амьдрал дээр хэр хэрэгждэг вэ? Мэдээж аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийгөө хамгаалаад элдэв эсэргүүцэл үзүүлдэг л байх. Гэхдээ л төрийн шийдвэрийг дагах ёстой шүү дээ. Үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг жишиг ганц гурилын компаниудаар хязгаарлагдахгүй. Та ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа шатахуун импортлогчид, үүрэн телефоны оператор компаниуд, сүлжээ дэлгүүрүүдтэй нэлээд чангахан тулж ажиллаж байсан санагдана. Тэдний хандлага төрийн шийдвэрийг хүлээж авч биелүүлэх тал дээр ямар түвшинд байсан бэ? Одоо өөрчлөгдсөн болов уу гэж сонирхож үзсэн үү?

-ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа шатахуун импортлогчид, мөн сүлжээ дэлгүүрүүд, гурилын үйлдвэрүүд, банкууд, хүүхдийн дүрэмт хувцасны үйлдвэрүүдэд шалгалт оруулж байлаа. Улмаар үндэслэлгүйгээр үнэ хөөрөгдсөн, үгсэж үнээ нэмсэн гэж үзэж хариуцлага тооцож байв. Өрсөлдөөний тухай хуулийн дагуу үгсэн тохирч үнэ хөөрөгдөхийг хориглодог. Энэ бол бүх компани, бизнес эрхлэгчдэд хамаатай.

Дэнжийн мянгын захын махны лангууныханд ч хамаатай. Бүгд тохироод үнээ нэг ижил тогтоодог нь хууль зөрчсөн хэрэг. Яагаад гэвэл иргэнд сонголт хийх боломж өгөхгүй байгаа явдал юм. Хоёр хүн зэрэгцээд юм зарж байхад аль хямдыг нь авах, өөрийнхөө хэрэгцээнд таарсан хэмжээгээр авах сонголтыг бий болгох ёстой. Гэтэл бүгдээрээ үг нийлээд хясан боогдуулж, тулгаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн.

Хүүхдийн дүрэмт хувцасны үйлдвэрүүд 2022 оны 9 дүгээр сард бүгдээрээ зэрэг үнээ нэмсэн. 160,000 төгрөг байсан дүрэмт хувцсыг зэрэг 240.000 болгочихсон. Гаднаас дүрэмт хувцас орж ирэхгүй, үнийн сонголт байхгүй учраас иргэдийг авахаас өөр аргагүй байдалд оруулж байгаа юм. Сургууль нь болохоор заавал дүрэмт хувцас өмсөж ир гэдэг. Нэг айл хэдэн хүүхэдтэй билээ, амьдралын түвшин нь ямар вэ гэх мэтийг үл харгалзан үнэтэй дүрэмт хувцас авахыг тулгаж байгаа юм. Тухайн үед ШӨХТГ-аас торгууль ногдуулж “Үнэ нэмсэн шийдвэрээ буцаа” гэдэг үүрэг өгсөн. Ингэж арга хэмжээ авахгүй бол сонголт үгүй болж иргэд хохироод үлдэнэ. Дүрэмт хувцсыг Бат 240.000 төгрөгөөр зарж байвал Дулмаагийнх 180.000. Хүмүүс хямдыг нь авч таарна биз дээ? Ингэж өрсөлдөөнийг бий болгох нь ШӨХТГ-ын үндсэн үүрэг. Бусдаас өндөр үнэ тогтоох, хясан боогдуулахгүй байх хуулийн зохицуулалттай байдгийг аж ахуйн нэгжүүд үл ойшоодог нь харамсалтай. Намайг ШӨХТГ-ын дарга байхад “Номин” сүлжээ дэлгүүрт 6,9 тэрбумын торгууль тавьсан. Учир нь “Номин” хямд үнийн баталгаа гэж зарладаг. Зарлахдаа манайд зарагдаж байгаа ижил төрлийн бараа бүтээгдэхүүн өөр газар хямд байвал зөрүүгээ аваарай гэдэг уриалга гаргаад иргэдийг өөрсдийнхөө хянагч болгочихож байгаа юм. Түүгээр үйлчлүүлж байгаа бүх хүн хянагч болсон. “Оргил”, эсвэл “Миний дэлгүүр”-т хямд байвал зөрүү мөнгөө авна гэсэн үг. Тэрийг нь шалгаад үзэхээр “Номин” гэрээн дээрээ 10 хувийн бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө оруулж ирээд, бусдыг нь аж ахуйн нэгж, иргэдээс авч лангуун дээрээ тавьж зардаг юм байна. Нийтдээ 200.000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 20.000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс авдаг. Энэ бол зүй тогтолын хувьд зөв. Гэхдээ нийлүүлэгч хүмүүстэй гэрээ хийхдээ “Хэрвээ та манайхаар бараагаа заруулж байгаа бол бид мэдээж 20-30 хувийг нэмнэ. НӨАТ төлөгч бол 20, НӨАТ төлөгч биш бол 30 хувь нэмнэ. Харин та өөрөө үнээ тогтоо” гэдэг. 5000 гэвэл 30 хувь нэмээд 6500 төгрөгөөр лангуун дээрээ тавьдаг. Харин 6500 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өөр ямар ч дэлгүүрт үүнээс хямдаар зарагдахгүй шүү гэдэг гэрээ хийчихдэг. Бараа заруулж байгаа хүн 5000 төгрөгөөр заруулбал ашигтай ч “Номин”-гоор 6500 төгрөгөөр заруулдаг. Дараа нь өөр дэлгүүрт заавал өндөр үнээр заруулах болж байгаа юм. 6800-гаар өгч байж “Номин”-той хийсэн гэрээ нь зөрчигдөхгүй байх нь. Хэрвээ гэрээг зөрчвөл зарагдсан барааны дүнгээр торгууль тавих гэрээтэй. “Номин” ямар олон сүлжээтэй билээ. Хоёрдугаарт, торгуульд унахыг хүсэхгүй байгаа учраас бусад дэлгүүрт “Номин”-гоос өндөр үнээр тавьдаг. Энэ нь хүчээр үнэ хөөрөгдөж байгаа болон иргэдийг хохироож байгаа үйлдэл гэж бид үзсэн. Торгууль тавиад энэ гэрээнийхээ заалтыг арилга, өөрчил гэдэг үүрэг өгсөн. Асуудал гурван шатны шүүхээр явсан. Шүүх “Авсан арга хэмжээ зөв байна. Харин торгуулийн нэмжээг дахин нягтал, орлоготой нийцүүл” гэсэн байсан. Үүний дараа авсан мэдээллээр ямар ч байсан “Номин” гэрээнийхээ заалтыг өөрчилж байгаа дуулдсан. Торгуулийн хэмжээ өөрчлөгдөх нь сонин биш. Хамгийн гол нь гэрээний заалт нь өөрчлөгдөөд цаашид үндэслэлгүйгээр үнэ хөөрөгддөг байдал таслан зогсож байгаа нь бидний ажлын гол үр дүн.

Цементийн үйлдвэрүүд дээр үнэ өсгөсөн тухайд хэдэн үг хэлье. Монголын зах зээл дээр цементийн 4 компани л үйл ажиллагаа явуулдаг. Дотоодын үйлдвэрэлээ дэмжих үүднээс цементийн импортыг хаагаад өгсөн чинь нөгөө 4 компани  200 мянга байсан цементээ 600.000 төгрөг болгож өсгөсөн. Энэ бол зайлшгүй арга хэмжээ авахаас өөр аргагүй асуудал байсан.

Улмаар “Мак цемент” компанид 5 тэрбум орчим төгрөгийн торгууль ногдуулж байсан. Гурван шатны шүүхээр яваад торгуулиа төлсөн гэж сонссон. Оёдлын компаниуд ч торгуулиа төлсөн. Банкуудын хувьд гэвэл үйл ажиллагааных нь зардал өөр хэрнээ бүгдээрээ зээл олгосны нэг хувийн шимтгэл авдаг байсан. Үүнийг буруу байна гэж үзээд 9 банкинд торгууль тавьж, зээлийн шимтгэлийн нэг хувийг болиулах даалгавар өгсөн. Үүнийг дагаад иргэд ч нэг хувиа буцааж авна гэсэн үг. Шүүхийн шийдвэр манай талд гараад банкууд торгуулиа төлсөн юм шиг байна билээ. Харин иргэдийг хохиролгүй болгох асуудал удаашралтай байгаа. Иргэд ч , ШӨХТГ ч явах ёстой. Хоёр гурван иргэн хувийн журмаар хандаад 1 хувийн шимтгэлээ буцаагаад авчихсан байдаг. Цаашид нийтдээ хохирсон иргэд гомдол гаргаад ШӨХТГ-ыг шаардаад явах юм бол шүүх тэдний талд шийдвэр гарах боломжтой.   

 -ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ЦААШИД УЛАМ БЭХЖҮҮЛЭХ ЁСТОЙ-

-Таныг үүргээ тун дажгүй гүйцэтгэж байсан гэж үнэлэх хүн олон байдгийг сэтгүүлчийн хувьд ажиглаж мэдэрсэн. Өөрчлөх болсон шалтгааныг Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс тайлбарласан болов уу? Тухайн шийдвэрийг та хэрхэн хүлээж авсан бэ? Ажлынхаа гүнд ороод, асуудлын нарийн учрыг ойлгож мэдрээд эхэлж байх үед харамсалтай санагдсан уу?

-Ерөнхий сайд намайг ШӨХТГ-ын даргаар томилох Засгийн газрын хуралдаан дээр “Би өөрийг чинь шударга хүн гэж бодоод томилж байна. Сайн ажиллаарай” гэж захисан. Жил орчим ажиллаад ажлаа өгсөн. Түүнээс өмнө Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нартай уулзаж шийдвэрийнхээ хүрээнд ярилцаж байхад “Ажил үр дүнтэй явж байна. Цаашид ч эрчимтэй ажиллана шүү. Монополийн асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хуульд нь ч өөрчлөлт оруулая” гэх зэргээр үүрэг өгч байлаа. Гэтэл “Ковидын тухай хууль” дуусгавар болж би чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл, намайг “Ковидын хууль”-ийн дагуу шууд томилоод байсан юм. Надаас хойш 4 дарга солигдоод байна. Дандаа үүрэг гүйцэтгэгч. Хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлагдаагүй өдий хүрсэнд харамсч байна. Би өөрөө ажлаа өгсөндөө харамсаагүй. Уг нь хийх ажил их байсан. Ажлаа хүлээлгэж өгөхдөө “Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг орхихгүй араас нь явна. Асуудлыг орхихгүй” гэж ярьсаныхаа дагуу банкны нэг хувийн асуудал дээр араас нь явж шүүх дээр оролцож тайлбар өгсөн. Одоо ч гэсэн гурилын үнийг нэмсэн асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлээд явж байна. ШӨХТГ зах зээлийн эдийн засагтай Монгол Улсад хамгийн чухал байгууллага юм. Зах зээлийн зарчмаар цаашаа явая гэж байгаа бол өрсөлдөөний хуулиа маш сайн мөрдөх ёстой. Өрсөлдөөний газар хараат бус чадвартай ажилладаг нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар өрсөлдөөний байгууллага 30 гаруй албан хаагчидтай, 10 гаруй байцаагчидтай ажиллаж байгаа нь улсын хэмжээнд ажил явуулахад учир дутагдалтай. Уг нь аймаг болгон ШӨХТГ-тай, сум болгон байцаагчтай байх ёстой. Ингэж байж өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх боломжтой. Шударга өрсөлдөөний байгууллагыг цаашид улам бэхжүүлэх ёстой.

-Ашиг орлогын хойноос үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг, бизнес эрхлэгч бусад байгуулага, иргэдийг хохироодог үзэгдэлд төр төмөр нүүрээ харуулах ёстой биз дээ? Улстөр нь мафижсан, эдийн засаг, бизнес нь монопольжсон байдал манайд олон жил ноёлсон. Харамсалтай нь яг ийм зарчмаар бараг 30-аад жил явчихжээ. Та бодлыг сонсоё? Ер нь энэ хүрээнд задлаад чөлөөтэй ярьж болох уу?

-Ашиг орлогын хойноос үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг аж ахуйн нэгжүүдтэй ганц тэмцэх байгууллага нь ШӨХТГ. Гэтэл ШӨХТГ хүч султай байна. Дээр нь улстөрийн томилгоонууд их ордог юм байна гэж харсан. Намайг ч гэсэн улстөрийн томилгооноор томилсон. Энэ байгууллагыг үүсгэн байгуулснаас хойш би 10 дахь дарга нь болж байсан. Надаас хойш 4, сүүлийн хоёр жилд нийт 7 дарга солигдлоо. Зүгээр ажлаа хийж байгаа хүнийг солино гэж байхгүй. Монополь үйлдвэрүүд, бизнес эрхлэгчдийн оролцоо өндөр байдаг юм байна гэж л харсан. Монополь бизнесмэнүүд улстөрд нөлөө бүхий байдаг бөгөөд янз бүрийн байдлаар ШӨХТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлдөг, хэвлэл мэдээллээр нөлөөлдөг, сайд даргаар дарамтлуулах явдал байдаг юм билээ. ШӨХТГ-ын дарга нар ингэж олон солигдож байгаа нь яалт ч үгүй бизнесийнхний оролцоотой л болов уу.

-ХУВИЙН БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ, ХАМГААЛАХ ГЭЖ УЛСТӨРД ОРДОГИЙГ ЗОГСООХ ЁСТОЙ-

-Улстөр, эдийн засгийн бүлэглэлийн гайгаар Монгол Улс урагшаа бус хойшоо гишгэсээр ирсэн гэдэг ойлголт түгээмэл болжээ. Залуу хүнийхээ хувьд зоригловол юу хиймээр санагддаг бол, танд?

-Би бизнесмэнүүдийг улстөрд орж ирэхийг дэмждэгүй. Нэг бол хувийн бизнесээ өргөжүүлэх гэж, нэг бол хамгаалах гэж улстөрд ордог гэж боддог. Уг нь бизнес, улстөр хоёр тусдаа ухагдахуун шүү дээ. Улстөр, бизнес холилдоод ирэхээр л бизнесийн эрх ашиг давамгайлдагийг сүүлийн 30 жилийн үйл явц хангалттай харуулсан даа.

-Та 2009 оноос төрийн албанд орж 7 жил орчим ажиллаад улстөрд хөл тавьж НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байлаа. Мөн хотын даргад нэр дэвшин ялалт байгуулсан түүх ч бий. Тухайн үед “Би төрийн албыг эрүүлжүүлье, зөв гольдиролд нь оруулахад гар бие зүтгэе гэдэг чин хүслээр улстөрд орсон” хэмээн сэтгүүлчид ярьсан байдаг. Тэр хүсэл зорилго чинь хэвээрээ биз дээ? Өнөөгийн улстөрийн нөхцөл байдал, төр засгийн бодлого, үйл ажиллагааны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би Германд улстөр, түүхийн чиглэлээр найман жил суралцаж ирээд нийслэлийн ЗДТГ-ын Өмчийн харилцааны газарт мэргэжилтнээр ажилд орж байлаа. Улмаар Концессийн хэлтсийн дарга, СХД-т Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Төрд орж ажилласан маань эрүүл зөв нийгэм бий болгоё, үр хүүхэддээ сайхан нийгэм үлдээе гэсэн зорилготой. Түүнээс биш өнөөдрийн хоолоо олох гэж төрд ороогүй. Хувийн таксинд явахад төрийн албаны цалингаас илүү орлого олох боломж бий. Төрд хийж бүтээе, нийгэмд өөрчлөлт хийе, сурсан мэдсэнээ төрдөө зориулая гэсэн чин хүсэлтэй хүмүүс л орж ажиллах ёстой гэж боддог. Төрийн албанд ороод улстөрийн албан хаагчдын буюу нийслэлийн НИТХ-ын төлөөлөгчдийн баталсан хөтөлбөр, төсөв төлөвлөгөөг л  захиргааны албан хаагчид хэрэгжүүлэх ёстойг олж харсан. Гэтэл нөгөө улстөрчид, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид маань үнэхээр шилэгдмэл хүмүүс мөн үү гээд харахаар үгүй л байдаг. Зарим нь улстөр, бизнесийн бүлэглэл болчихоод өөрсөддөө давуу байдал бий болгохын төлөө ажилладаг, тавьж байгаа шаардлага шахалт нь хууль тогтоомж зөрчих хэмжээнд хүртэл байдаг. Ийм хүмүүсээр удирдуулаад ажиллах нь утгагүй юм байна. Өөрөө улстөрд орж байж өөрчилье. Төрийн албан хаагч байгаад байвал өөрчлөлт хийж чадахгүй юм байна. Хэсэг нөхдийн гар хөл болохоос хэтрэхгүй юм байна. Төр засгийн бодлогыг зөв голдилолд оруулая гэж бодоод улстөрд орсон. Өнөөгийн улстөрийн нөхцөл байдал хандлагыг харвал тодорхой хэмжээнд шинэчлэгдэх, ил тод болох шинж төлөв ажиглагдаж байгаа. Олон хэргүүдийг ил гаргаж ирж байна. Авлига, хүнд сурталтай тэмцсэний ачаар төрийн албанд дахь бусармаг үзэгдэл цэгцрэх шатандаа орлоо. Хулгай хийх нөхцлийг л арилгаж чадвал төр цэвэршинэ. Авлига авахгүй байх тэр механизмыг л бүрдүүлэх ёстой.

-Улстөрд хэн орохоос улсын хөгжил хамаарна. Энэ утгаар нь харвал манай улстөрийн намууд сонголт, томилгоон дээрээ алдаж ирсэн нь сүүлийн жилүүдэд өрнөсөн олон жишээн дээр харагддаг. Ийм буруу жишгийг засах тал дээр та ямар байр суурьтай байна вэ? Таныхаар Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр нь юунд байгаа вэ?

-Ямар ард түмэн байна. Тийм төр төр байдаг гэдэг үг бий. Ямар ч хүнийг намууд дэвшүүлж болно. УИХ-д нэр дэвшүүлж байгаа хүн болгон чадваргүй биш. Гэхдээ ард түмэн УИХ ч бай, ИТХ ч бай өөрийгөө төлөөлөөд явуулах гэж байгаа хүнээ л сонгож сурмаар байна. Улстөрийн намууд ч шалгуур шаардлага хангасан хүнийг л олж дэвшүүлэх ёстой. Улс эх оронд хэрэг болох хүнийг л олох ёстой. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд иргэдийн санал дээр үндэслэж олон салбарын төлөөллөөс нэр дэвшүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Үүнийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь УИХ-д сонгогдсон эмч хүн эрүүл мэндийн салбараа тулгамдсан асуудлаа л ярих хэрэгтэй. Тамирчид УИХ-д орж ирвэл спортын салбартаа юу хиймээр байгаагаа ярих хэрэгтэй. Өнөөдрийн байдлаас харвал бүгд нийлээд л нүүрсний гэх хулгайг ярьдаг болсон байна. Салбар, салбарын бодлого ярьдаг хүн үгүй болсон. Хэдэн салбарын сайд нь л бодлогоо ярьдаг. Бусад нь попроод л... Өнөөдөр нэг хүүхэд түлэгджээ гэвэл бүгд хашгираад ороод ирнэ. Нийгэмд таалагдах гэж тэр. Нийгмийн уур амьсгалыг дагасан, салхи дагаж эргэсэн улстөрчидтэй болсон нь үнэн. Улстөр өөрөө тусдаа шинжлэх ухаан. Төрийн албаны дадлага туршлагатай, нийгэмд эзэлсэн байр суурьтай, ёс зүйтэй гээд олон шалгуурыг харж байж нэр дэвшүүлэх ёстой. Шантааж хийсэн юм уу мөнгө төгрөгтэйд нь тойрог өгөөд байж болохгүй. Том компанийн захирлуудын хүүхдүүд гэнэт сайд болчихдог, гэнэт УИХ-ын гишүүн болчихдог байсан үе бий шүү дээ. Үүнийг би огт хүлээн зөвшөөрдөггүй. Одоо өөрчлөгдмөөр байна.

-Мэдээж нийгмийн идэвхтэй залуу хүнийхээ хувьд УИХ-д нэр дэвших бодол байгаа биз? Хотын даргын суудлаас болж МАН-ын гишүүнээсээ хөөгдөж байсан ч, жилийн дараа гишүүнчлэлээ сэргээсэн гэдэг утгаараа намтайгаа ойрхон ажиллаж байна уу?

-2018 онд хотын даргад заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж ялалт байгуулж, түүнээсээ болоод намаасаа хөөгдөж байсан. Дараа нь гишүүнчлэлээ сэргээсэн. Намаасаа гарсанд тооцогдоод явж байхдаа “Би эргээд намдаа ирнэ. Цөөн тооны хүмүүс намайг намаасаа гарсанд тооцож байгаа юм байна. МАН бол 220 гаруй мянган гишүүдтэй. Тэд намайг бүгдээрээ хөөгөөгүй шүү” гэж ярьж байсан. Тухайн үед олон ч том, жижиг улстөрийн намууд надтай уулзаж намынхаа дэд дарга болооч гэдэг хүсэлтийг ч тавьж л байлаа. Гэхдээ би асуудалд нэлээд нухацтай хандсан. Яагаад гэвэл төрийн бодлогод оролцох үүднээс улстөрд орж ирсэн шүү дээ. Тэр үүднээсээ харахаар төрийн бодлого боловсруулах хэмжээнд төлөвшсөн нам манайд ховор юм билээ. Би өөрөө СХД-ийн МАН-ын дэд дарга, нийслэлийн МАН-ын дэд даргаар ажиллаж байлаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байлаа. Бусад намуудтай уулзаад яриад явахаар институцийн хувьд МАН шиг төлөвшсөн нам ховор юм байна гэдгийг илүү ойлгосон. МАН институцийн хувьд ч, үзэл баримтлалын хувьд ч төлөвшсөн улстөрийн хүчин. Төрийн удирдлагаар докторын зэрэг горилж байгаа хүнийнхээ хувьд хэлэхэд дэлхий даяар барууны үзэл баримтлал явуурүй болоод байна. “Чадалтай нь үлд чадалгүй нь үх” гэдэг зэрлэг капиталист бодлого хоцрогдчихлоо. Тухайлбал, ардчиллын эх орон гэдэг АНУ-д 1930-аад онд гарсан их хямрал хэт барууны үзлээс болж баян, ядуугийн ялгаа үүссэнтэй холбоотой. Түүний дараа Америкт социал-демократ үзэл дэлгэрсэн. Нийгмийн маш том арга хэмжээнүүдийг авсан. Одоо ч зүүний намын хүн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Герман, Швед улсууд социал-демократ үзлийн ачаар дэлхийд тэргүүлж байгааг ч хүмүүс мэдэх болов уу.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.79) 2024 оны 03 сарын 26

Ямар үед үнэн ч байдаг мундаг залуу МӨНХЧУЛУЖНЫГ ЦАГ ЯМАГТ ДЭМЖДЭГ ИЙМ Л ХҮМҮҮС ИХ ХУРАЛД ГАРВАЛ МӨН Ч САЙН ЭН. Ё. ОТГОНБАЯР, МӨНХЧУЛУУНД, Ж. ЭНХБАЯР, НАР МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ТӨРИЙН ТҮШЭЭДДЭЭ. ИЙМ Л ХҮМҮҮС УИХ-ГАРВАЛ САЙНСАН

0  |  1
Зочин(202.126.91.79) 2024 оны 03 сарын 22

Үнэхээр ШУДРАГА САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН ШҮҮ МӨНХЧУЛУУНД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕИЙМ ЗАЛУУС Л ТӨРД ГАРВАЛ УЛС ОРОН МИНЬ ХӨГЖИЖ, АРД ИРГЭД МИНЬ ЖАРГАНА ДАА

0  |  0
Амар(202.126.90.117) 2024 оны 03 сарын 26

ШӨХТГазрын талаар маш цэгцтэй дэлгэрэнгүй ойлгомжтой ярилаа.Гол нь шударга айж ичихгүй л ярьсан нь таалагдлаа.

1  |  0
DR. ADITYA(102.88.36.211) 2024 оны 03 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.88.36.211) 2024 оны 03 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(202.9.46.204) 2024 оны 03 сарын 19

ㅇСайн ярилцлага байна. Шударга ёсны төлөө зоригтой байсан нь сэтгэгдэл төрүүлж байв.

0  |  0
Хаха(202.9.46.161) 2024 оны 03 сарын 26

Бас л үлээдэг гар шүү.эхнэрийнх нь компани өөрийнх шалгадаг компанийн хамгаалалтыг хийгээд байж байгаа

1  |  0
анэ(139.5.219.144) 2024 оны 03 сарын 26

хүний хийсэн ярилцлага дээр өөрийнхөө нэрийг тавьчихсан байх юм

1  |  0
Зочин(66.181.178.73) 2024 оны 03 сарын 26

Энэ хун бас сонгуульд узэх гээд бгаа бололтой хеерхий.

2  |  0
Top