12 настай охины амь насыг бүрэлгэсэн этгээдийг ШҮҮНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 19

Өнгөрөгч 2023 оны аравдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болж, гурав хоногийн дараа охин бусдын гарт амь насаа алдсан байдалтай олдсон.

Энэ хэрэгт урьд өмнө ял шийтгүүлж байгаад магадлангаар суллагдсан этгээдийг сэжиглэн саатуулж шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд түүнийг шүүх хурал энэ сарын 29-ний өдөр товлогдлоо.

Дэлгэрүүлбэл, нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Г-д холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Өнөөдөр /2024.03.19/ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг энэ сарын 29-ний өдрийн 09.00 цагт хийхээр товлосон байна.

Прокуророос Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top