Гэрийн тэжээвэр ЧУЛУУТАЙ болох трэнд дэлгэрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 19

 

Өмнөд Солонгост гэрийн тэжээвэр амьтны оронд чулуу тэжээх трэнд дэлгэрчээ. 

Америкийн өдөр тутмын сонин болох Wall Street Journal-д мэдээлснээр БНСУ-ын иргэд жижиг чулууг гэрийн тэжээвэр амьтны оронд тэжээх нь завгүй цагийн хуваарьтай амьдардаг тэдний амьдралын хэв маягт нийцэж байна гэжээ. 

Тус улс аж үйлдвэржсэн улс орнуудын дунд хамгийн урт ажлын цагтай гэдгээрээ онцлог. Сөүл хотод ганцаараа амьдардаг 30 настай И өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш найзынхаа бэлэглэсэн чулууг тэжээж эхэлжээ. Тэрээр энэ тухайгаа "Ажил дээр хүнд хэцүү зүйл тохиолдсон үед би ихэвчлэн чулуутайгаа ярилцдаг. Мэдээж амьгүй чулуу намайг ойлгохгүй л дээ. Гэхдээ тэжээвэр нохойтойгоо ярьж байгаа мэт ярих нь сэтгэлийг минь хөнгөлдөг" гэжээ. 

2021 онд алдартай хамтлагийн гишүүд чулуу тэжээдэг тухайгаа фенүүдтэйгээ хуваалцсан нь энэхүү трэнд дэлгэрэхэд чухал нөлөө үзүүлсэн. Энэ төрлийн чулууны захиалга сард 150-200 ирдэг болсон тухай тохижилтын чулуу нийлүүлдэг компаниас мөн мэдээлжээ. Анх дан ганц байгалийн өнгөтэй буюу саарал чулуу тэжээдэг байсан ч одоо сарнайн ягаан өнгийн чулуу мөн трэнд болж эхэлжээ. 

Чулуу тэжээгчид чулуугаа дан ганц гэртээ байлгахаас гадна дасгал хийхдээ, гадуур зугаалах зэрэгт авч явдаг байна. 33 настай Гу хэмээх эр "Чулуугаа хараад олон удаа хүнд хэцүү зүйлийг даван туулсан байх даа гэж бодох төдийд амар амгаланг мэдэрдэг" хэмээсэн бол Солонгос судлалын хүрээлэнгийн профессор Ким Жин Гүг "Чулуу өөрчлөгддөггүй. Энэ нь хүмүүст тогтвортой, тайван байх  тал дээр тус дэм болдог" хэмээх тайлбар өгчээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top