Б.Түвшин: Малчдыг орлогожуулахад ченжийн биш, төрийн нэгдсэн тогтолцоо хэрэгтэй

2024 оны 03 сарын 21

-Мал аж ахуйн салбарт санхүүгийн инженерчлэл дутагдаж байна-

Энэ удаагийн “Өглөөний зочин”-оор МИК группийн ерөнхийлөгч, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, эдийн засагч Банзрагчийн Түвшинг урилаа. Тэрбээр Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул. Түүнийг “АПУ-гийн Түвшин захирал” гэдгээр нь олон хүн мэднэ. Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургууль, МУИС-ийг эдийн засагч-нягтлан бодогч мэргэжлээр төгсчээ. Италид эдийн засаг, бизнесийн удирдлагаар магистр, Англид олон улсын санхүүгээр мэргэжлийн зэргээ ахиулсан байна. Б.Түвшин 2016 онд МУИС-ийг хуульч, эрхзүйчээр төгсөж, 2018 онд СЭЗИС-д байгууллагын засаглалаар магистрын зэрэг хамгаалсан. Одоо МУИС-д эдийн засгийн докторантурт суралцаж байгаа.

Тэрбээр энэ цаг үеийн шилдэг захирлуудын төлөөллийн нэг билээ. Орчин цагийн шилдэг манлайлагчдын нэгэн адил олон нийтийн ажилд чамгүй идэвх зүтгэлтэй нэгэн. Энэ жил улсын шилдгийн шилдэг холбоогоор шалгарсан Завхан аймгийн “Очирваанийн хүлэг” морин спорт уяачдын холбооны тэргүүнээр 2016 оноос хойш ажиллаж байна. Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгчөөр мөн 2016 оноос хойш ажиллаж байгаа.

Б.Түвшин Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, “Эрэл” ХХК-ийн нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, АПУ ХК-ийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан туршлагатай эдийн засагч.

Тэрбээр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний хувиар баруун бүсэд ажиллаад ирсэн байна. Тиймээс бидний яриа хөдөөгийн малчдын амьдрал, цас зуд, цаг үеийн нөхцөл байдал, цаашид мал аж ахуйн тухайд хийж хэрэгжүүлж болох бодлогын талаар өрнөлөө.


-Та сайхан хаваржиж байна уу?

-Сайхан хаваржиж байна. Сайхан хаваржиж байна уу?

-Та саяхан баруун бүсийн аймгуудаар яваад ирсэн. Энэ жилийн хувьд өвөл, хаврын эх нэлээд хатуухан байна. Малчдын маань ахуй амьдрал ямар байна. Баруун бүс нутгийн сонин хачнаас эхлээд хуваалцаач?

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний хувьд баруун бүсэд болсон дөрвөн аймгийн намын гишүүдийн уулзалтад оролцоод ирлээ. Баруун бүсийн аймгууд цас зудтай, өвөл хатуухан болжээ. Малчдын амьдрал хүндхэн байна. Цас ороод хайлж мөстөөд, дээр нь дахиад цас нэмж ороод хатуурчихсан, мал идэх өвсгүй, хүнд өвлийг даван туулсан байна. Хавартаа ч нэлээд хүндрэх шинжтэй. Нөгөөтэйгүүр хүмүүсийн сэтгэл санаа ч гундуу байна. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ч сайнгүй байна. Ийм нөхцөл байдалд нутгийн түмэнтэй уулзаж, санаа бодлыг нь сонсоод, танилцаад ирлээ. Зудтай, хүнд нөхцөлд малчдадаа туслалгүй яахав. Одоо яг туслах цаг нь мөн. Энэ талаар бид ярилцсан. Ер нь том зургаар нь харвал, хөдөө аж ахуйн салбар, малчид бол нүүдэлчдийн агуу их өв соёлыг тээгчид юм. Гэтэл бид малчдадаа чиглэсэн ямар ч бодлогогүй, тэднийг зөнд нь орхисон нь алдаа болжээ. Орон нутгийн аж ахуй эрхлэгчид болон малчид руугаа чиглэсэн эдийн засгийн бодлого зайлшгүй шаардлагатай гэдэг нь ойлгомжтой байна. Ийм нэг бодол сэтгэлд уяатай боллоо.

-Зудад малаа алдсан малчид маань амьдрахын эрхээр хот суурин бараадна. Хотод ирээд таарч тохирох ажил тийм амархан олдохгүй. Ажилгүйдэл, ядуурал, албан болоод албан бус шилжилт хөдөлгөөн гээд нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарна. Үүнээс гарах ямар арга зам байна вэ?

-Бид энэ удаагийн зудаар малчдад тохиолдож буй хүндрэлээс гадна тэдэнд алс хэтэд юу хэрэгтэй вэ гэдгийг илүү тод олж харж байна. Малчдын нийгэм, эдийн засгийн талаар төрөөс тогтвортой ямар ч бодлогогүй явж ирсэн нь харагдлаа. Яах вэ, эдийн засгийг том, дунд, жижиг гээд  ярьж болно л доо. Гэхдээ том зургаар нь харвал Монгол Улсад баян, хоосны ялгаа их болсон, төрөөс баячууд олноороо төрдөг болчихлоо. Нийтийн мөнгөн дээрээс л баячууд төрөөд байна гэсэн үг шүү дээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Монгол Улсын эдийн засгийг гол бүрдүүлэгч  нь төр өөрөө болчихлоо. Төр дахин хуваарилалт хийхдээ иргэдийнхээ бизнесийг дэмжих биш, халамжийн шинжтэй, нэг удаагийн шинж чанартай бодлого явуулахад хүрч байна. Өөрөөр хэлбэл, төр өөрсдийгөө буюу баячуудыг дэмжих бодлого явуулснаар баян, хоосны ялгаа улам бүр нэмэгдэж байгаа юм. Дунд түвшиндөө гээд ярья л даа. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй бол манай гол салбар. Гэтэл хөдөө аж ахуйдаа ач холбогдол өгч, анхаарал огт тавьсангүй. Дандаа л уул уурхай гээд явчихсан. Боловсруулалтгүй уул уурхай бол ямар ч  үр ашиггүй салбар. Уул уурхайг үр ашигтай ажиллуулах нэгдсэн төлөвлөлт байхгүй. Газар доорх баялгаа ухаад л ачаад байгаа хэр нь үр ашиг нь жирийн иргэндээ наалддаггүй. Уурхайгаа ухаад ийм юм хийсэн шүү гэхээр тодорхой зүйл байхгүй. Ний нуугүй хэлэхэд идээд уугаад л дуусгалаа. Монголын баялаг яг юу вэ гээд харвал өсөж үрждэг мал сүрэг маань байна. Манай улс хүнийхээ тооноос 20 дахин их малтай. Мал бол хамгийн бага зардлаар өөрөө өсөж үрждэг, үр ашгаа шууд өгдөг салбар. Үүнийгээ бид хувийн өмч, төрийн өмч эсвэл хоршооллын өмч, компанийн өмч гэхгүйгээр “Мал бол Монголын баялаг” гэдэг өнцгөөс нь харж, энэ баялгаа үнэ цэнтэй болгох ёстой. Малаа, малынхаа түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн нэгдсэн тогтолцоо хэрэгтэй байна.

-Мал бол хувийн өмч. Тэгсэн мөртлөө төрийн хамгаалалтад байдаг гээд зарим нь эсэргүүцээд байдаг шүү дээ?  

-Бид хоёр нийгмийн шилжилт дунд гацчихжээ. Мал бол хувийн өмч. Тийм учраас хувийн өмчид төр оролцдоггүй гээд хатуу итгэчихсэн нэг хэсэг байдаг. Өөр нэг хэсэг нь мал төрийн хамгаалалтад байдаг. Төр юм хийх ёстой гээд бодчихсон. Гэтэл төр нийтийн эрх ашгийг хамгаалах ёстой. Хувийн өмч байна уу, төрийн өмч байна уу, хоршооллын өмч байна уу, хамтын буюу дундын хэсэг бүлэг хүмүүсийн өмч байна уу гэдгээс үл хамаараад Монгол Улсын баялгийг л үнэ цэнэтэй болгох зорилготой. Гэтэл хөдөө аж ахуйн салбарт төрийн ийм нэгдсэн бодлого алга. Тиймээс малчдыг нүүдэлчдийн өв соёлыг тээгч, мал бол манай эдийн засгийн голлох салбарын нэг гэдгээр нь асуудалд хандах хэрэгтэй байна. Бидний сэтгэлгээ бусад улс оронтой харьцуулбал арай өөр байгаад байна гэсэн үг. Голланд зэрэг хөдөө аж ахуй өндөр хөгжсөн улс орнууд малаа үндэсний баялаг гэж үзэж байна. Мал нь хувийнх байна уу, хоршооллынх байна уу, өмчлөлөөс үл хамаараад энэ баялагтаа эзэн болж, үнэ цэнийг өсгөж чадаж байна. Энэ баялгаа өөрийн улсын өрсөлдөх давуу тал болгож чадаж байна. Манай улс бусад орныг бодвол хамаагүй их давуу талтай шүү дээ. Хүн амаасаа 20 дахин их малтай. Мал нь хамгийн бага зардлаар бараг өөрөө өсдөг гээд хэлчихэж болохоор. Ийм үнэ цэнэтэй баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүй хаячихаж. Малчдын хувьд ямар хүндрэл гарч байна вэ гэвэл малын тоо толгой өсөөд байдаг. Малаа заръя гэхээр үнэ хүрдэггүй. Малчдаас малыг нь, махыг нь маш хямд үнээр, бараг өртгөөс нь бага үнээр авах гээд байдаг. Малчид дангаараа малаа, махаа борлуулах, үнэд хүргэх ложистикийн системийг хийж чадсангүй. Хэр баргийн бизнес эрхлэгч үүнийг хийж чадахгүй л дээ. Тэгэхээр төр оролцох ёстой.

-Мал, махны ченжүүд хийгээд байгаа юм биш үү?      

-Ченжүүд энэ системийг хийх гэж оролдож байгаа. Гэхдээ систем болтлоо хөгжиж чадаагүй. Ченжүүд ихдээ нэг багийн малыг, эсвэл 20 малчны малыг цуглуулаад хотод аваачаад зарж байна. Тэднийг гаднаас нь харахад малчдаас авсан малаа хотод авчраад хоёр нугалаад зараад байгаа юм шиг боловч, үнэндээ үр ашиг нь тийм ч их биш. Тэд бага мөнгөтэй атлаа их зардлаар мал цуглуулах ажлыг хийж байгаа. Үүндээ гол өртөг зардал нь яваад байгаа юм. Хараад байхад хагартлаа баяжсан ченж байдаггүй шүү дээ. Санхүүгийн инженерчлэлээр харвал малчид бол үйлдвэрлэгч. Тэд 10 хонийг 20 болгоод, 20 хонио 40 болгоод өсгөж бол чадаж байна. Тэд энэ үйлдвэрлэлийг хамгийн бага өртөг зардлаар эрхэлж байгаа. Ийм жижиг эмзэг үйлдвэрлэгчийг бид гадаад, дотоод худалдаа хий, өөрсдөө ложистикоо байгуул гэж хэлэх боломжгүй. Малчдын үндсэн ажил малаа өсгөх. Тэд өсгөж байна. Одоо тэр өссөн малын тоо толгойтой тэнцүү хэмжээний малыг нь жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулж, худалдан авах тогтолцоо хэрэгтэй байгаа юм. Үүнийг одоохондоо нөгөө муу хэлүүлээд байгаа ченжүүд л хийж байна. Тэгвэл энэ ажлыг ченжүүд яагаад төгс хийж чадахгүй байгаа юм бэ гэж асууж болно. Яагаад гэвэл мал ахуй маань асар том салбар. Энд төрийн оролцоотой маш том тогтолцоо хэрэгтэй. Энэ том салбарт бүрэн хүрэлцэхүйц хэмжээний  санхүүжилт гаргаж, ложистик босгох чадал тэнхээ ченжүүдэд байхгүй. Тэд өөрсдийн бололцооны хэрд тааруулж л энэ ажлыг хийж байгаа. Тэр боломж нь бага учраас эдийн засгийн үр ашиг багатай байгаа юм. Тэд мал болон махаа цуглуулах, бэлтгэн нийлүүлэх ложистикийн гол зардлыг хардаггүй. Зөвхөн худалдах үнийг л хараад байдаг. Улсын хэмжээнд нэгдсэн ложистикийн тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол төрийн хийх ёстой ажил.

-Хуучин нийгмийн тогтолцооны үед мал аж ахуйн салбар харьцангуй аж үйлдвэржсэн, хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн байсан. Малын халдварт өвчингүй. Шинжлэх ухааны ололт, дэвшилтэт арга, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Нэгдэл гэж хүн хүч, машин техник сайтай том айл байсан гэж ярьдаг?

-Бид өнгөрснөө үгүйсгэж болохгүй. Өнгөрсөнд Ардын нам байна уу, Ардчилсан нам байна уу гэдэг нь хамаагүй, монголчуудын л түүх. Хуучин тогтолцооны үед Монголын мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах ложистикийн том тогтолцоо байсан уу гэвэл байсан. Гэтэл одоо хүмүүс махны үйлдвэртэй л болчихвол мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулаад болчих юм шиг дутуу бодож, буруу хараад байгаа юм. Бодит байдал дээр нэг нөхөр гарч ирээд махны үйлдвэр барьдаг. Удалгүй эргэлтийн хөрөнгөгүй таг суучихдаг. Тэгэхээр тэр эргэлтийн хөрөнгийг яаж шийдэх вэ гэдэг асуудал өнөө хэр шийдэлгүй л байгаа. Нэгдлийн тогтолцооны нэг сул тал нь хувийн өмч дээр тулгуурлаагүй. Хүнийг та баялгаар яах юм бэ. Та бол нийгмийн амьтан. Тийм учраас хамт олон, нийгэм, улсынхаа төлөө л сайн сайхан амьдар гэдэг байсан. Гэхдээ босгох гэж оролдож байсан тогтолцоо нь зөв байсан. Тэр үеэс хойш маш том сэтгэлгээний өөрчлөлт бий болсон. Одоо бол хувь хүний өмч, өмчлөх эрхтэй энэ асуудал холбогдох нь мэдээж. Гэхдээ хувь хүн өөрөө тодорхой эрх, хэмжээтэй байх хэрэгтэй.

-Сүүлийн 30 жилд ийм тогтолцоог байгуулах боломжтой байсан. Энд хэн буруутай юм бэ?

-Төр барьж буй хоёр том намын нэг нь барууны, нөгөө нь зүүний үзлийг чиглэлээ болгодог. Яагаад гэвэл аль аль нь хэт туйлшрахгүй л гэдэг санаа юм. Тэгсэн атлаа өнгөрсөн, одоо үеийн нөхцөл байдлаа ярихаараа бие биеэ буруутгаад байдаг. Яг үнэндээ хэнийх нь ч буруу биш шүү дээ. Монголчуудын өөрсдийнх нь хувьслын өөрчлөлт гэж би хувьдаа боддог. Өнгөрсөн 30 жилд ардчиллынхан гараад нураагаад хаячихлаа гэж зарим нь яриад байдаг. Тэгвэл төрийг ихэнх хугацаанд хэн барьж байсан юм бэ. Ардын намынхан л бариа биз дээ. Тэгвэл Ардын намынхан ийм болгочихсон юм уу гэхээр бас 100 хувь буруутгаж болохгүй. Ардчилсан сэтгэлгээний энэ өөрчлөлтийг бид урьд нь туршиж үзээгүй учраас тэр хүлэгнээс ангижрахаараа нэг хэсэг “галзуурна” аа даа. Тэр нь МАН-ын ч буруу биш. АН-ын ч буруу биш. Аль аль нь мэдэхгүй, хөгжөөд л явж байна шүү дээ. Монголчууд бид ямар ч өмчгүй байж байснаа гэнэт өмчтэй болоод хэсэг зуур яахаа мэдэхээ байсан. Бид хөгжлийн муу түүхээ хэн нэгэнд, аль нэг намд тохохоосоо илүү өнгөрсөн түүхээсээ сургамж авч, алдаа оноо нь юу байв, алийг нь цааш авч явж сайжруулах вэ гэдгээ л харж байж нэгдсэн нэг бодлоготой болно. Бид одоо буруутанг л хайгаад байдаг. Аль ч намыг засаг барьж байх үед сайн ч юм байсан, саар ч юм байсан. Монголчууд бидний сэтгэлгээний хөгжлийн үе шат явагдаж байна гэдгээ ойлгох хэрэгтэй шүү дээ.

-Мал аж ахуйн салбар яагаад уналтад орчихов оо. Уг нь хөгжлийн хүрсэн түвшингээсээ цааш дэвшиж хөгжмөөр юм. Гэтэл малын тоо толгой л өслөө. Бусад нь бүгд уналтад орчихсон байдаг? 

-Хөдөө аж ахуй эдийн засгийн тэргүүлэх салбар, бидний өрсөлдөх давуу тал гэдгийг бол мэддэг байсан. Гэхдээ мал нийгмийн өмч байсан учраас олон зүйлийг хүчээр буюу захиргаадалтын аргаар хийдэг байсан. Үүнийг бид өөрчилсөн. Мал хувьд шилжсэн. Малчид хувийн өмчтөн болсон. Нэгдэл нийгмийн өмч хувийн өмчийн ямар ч сэтгэлгээгүй хүмүүсийн гарт очсон. Төрийн өмчийн тогтолцоо аяндаа нурж унасан. Төр нийгмийн өмч ч хулгайд өртөж л байсан. Тогтолцооны хувьд ялзарч байсан шүү дээ. Тэгэхээр хамгийн шударга тогтолцоог бий болгоё гэвэл тэр нь хувийн өмч дээр тулгуурлах юм байна гэж үзсэн. Ер нь ардчилсан тогтолцооны үед төр хувийн өмчтэй яаж харилцдаг юм бол. Энэ талаар хэн ч тоймтой хариулт өгөөгүй шүү дээ. Голланд улсын жишгээс харахад бүх фермерийн аж ахуй нь хувийнх. Тэр фермерүүдийн бүтээгдэхүүнийг төр нэгдсэн тогтолцоогоороо дамжуулан худалдаад авчихдаг. Ингэснээр өртөг зардал нь ч багасдаг. Хэдэн ченж яваад байвал өртөг зардал нь 10-20 дахин их гарна. Ийм байдал Монголын эдийн засагт ч хэрэггүй, ченжүүдэд ч хэрэггүй. Улсын хэмжээнд нэгдсэн нэг том ложистикийн систем хэрэгтэй гээд байн байн хэлээд байгаагийн учир энэ. Малчдын хувьд нүүдэлчин ахуй соёлыг тэр хэвээр нь хадгалаад, малаас гарах бүтээгдэхүүнийг төр нэгдсэн байдлаар худалдан аваад тогтвортой орлоготой болгосон цагт малчид аж ахуй буюу үйлдвэрлэлээ хэвийн эрхлээд явах боломжтой болно. Тэр цагт малчид нэг зуд болоход л малаа ингэж олноор нь үхүүлэхгүй.

-Тэгвэл малаа эдийн засгийн эргэлтэд оруулах ложистикийн системээ яагаад хийхгүй байна вэ?                                  

-Ложистикийн систем чинь төрийн хийх ажил. Үүнийгээ хийхгүй байж нэг нь нэг юм ярихаар нөгөө нь түүнийг нь үгүйсгэсээр ажил явдаггүй. Үүнээс болж Монгол Улс бүхэлдээ алдаад байгаа юм. Хийж байгаа зүйлийг нь харахаар яадаг вэ гэвэл ард түмний ядуу сэтгэлгээн дээр тоглодог. Улс төрчид нь нийгэмд хэрэгтэй юм хийхээсээ илүү өөрсдийнхөө нэр төрийг өргөх, бусдад таалагдах гэж оролддог. Яг нийгэмд хэрэгтэй тэр тогтолцоог буй болгоё гэж бодохгүй байна.

-Бид олон жилийн өмнөөс эдийн засгийн өрсөлдөх чадвар бол бүсчилсэн хөгжил гэж ярьсан. Зарим нэг зүйлийг хийсэн. Харин өнөөдөр эргээд харахад эдийн засгийн бүсчилсэн хөгжил гээч зүйл маань улс төрийн хувьд бүсчилсэн тойрог болж “томроод” явчихлаа?

-Эдийн засгийн бүсчилсэн тойрог гээд яриад байгаа ч, эрх баригчид угаасаа л улс төрийн хувьд ялах тойрог хийсэн шүү дээ. Одоо нэгэнт ийм сонгуулийн системээр явах нь үнэн учраас үүн дээрээ л сайн, муугаа ярина шүү дээ. Муу тал нь анхнаасаа улс төрийн тойрог байж. Сайн тал нь гэвэл олон жижиг нэгжүүдийг нэгтгэх, засаг захиргааны үргүй зардлыг бууруулах, төсөв хэмнэх, зах зээлийг өргөтгөх боломж гэж хэлж болно. Ер нь бүсчилсэн тойргийг концепцийн хувьд хоёр өнцгөөс харах хэрэгтэй. Улс орныг зургаан бүс болголоо гээд зургаа зургаан үйлдвэр бариад эхэлбэл буруу болно. Адаглаад л эдгээр нь өртгөө нөхөхгүй. Монгол Улс улам их өрөнд орно. Бүс нутагт аж үйлдвэр төвлөрсөн байх ёстой. Бид гурван сая хүн амтай, жижиг бизнестэй, жижиг зах зээлтэй. Тиймээс ямар бизнесээ төвлөрүүлж хийх вэ гэдгээ сайн төлөвлөх ёстой. Манай хувьд газар нутаг, малын тоо толгойг харвал том эдийн засагтай юм шиг. 70, 90 сая мал гэдэг чинь дэлхийд ч том тоо. Ийм том зүйлийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд бүсчлээд, хэсэг хэсгээр сегментчилнэ гэдэг нь нэг талаасаа зөв. Цахилгаан дулааны станц, гангын үйлдвэр ч гэдэг юм уу аж үйлдвэрийн томоохон цогцолборуудыг төвлөрүүлж хийхгүй бол буруудна. Зарим нь үүнийг буруу ойлгоод бүс болгон дээр нэг нэг том аж үйлдвэрийн төв барьчих вий дээ. Тэгвэл тэр чинь өртгөө нөхөхгүй шүү. Бүсчилсэн хөгжил гэдгийн цаана ямар ойлголттой байж, юу ярьж байна вэ гэдэг нь их чухал.

-Бүсчилсэн хөгжлийнхөө концепцийг буруу ойлговол үр дагавар нь асар их хохиролтой болох юм байна. Үүнээс яаж сэргийлэх вэ?

-АН-ын үед бүсчилсэн хөгжлийн тухай ярихдаа аж үйлдвэрийн чиглэлээр нь сегментчилж ярьж байсан юм. Өөрөөр хэлбэл, Сайншандад нэг аж үйлдвэрийн парк барья, дулааны болон цахилгааны станцыг нүүрсээ дагуулж барья. Хивсний болон ноосны үйлдвэрийг тэнд, махны үйлдвэрийг энд гэх мэтээр эдийн засгийн хувьд сегментчилж байсан. Түүнээс биш бүс болгон дээр нэг үйлдвэр барина гэж огт хэлээгүй. Одоо ч энэ концепц хэвээрээ байгаа. Харин буруу ойлгоод бүс болгон дээр нэг үйлдвэр барьчихвал бид жинхэнэ дампуурал руугаа явна.

-Мал өслөө гээд маш том тоо яриад байдаг. Тэгсэн атлаа дэлхийн зах зээл рүү мал, махаа гаргаж чаддаггүй. “Танай мал эрүүл биш” гэдэг нэг л үгээр бүх зүйл хаагддаг.

-Би хувьдаа нүүдлийн мал аж ахуйг яг энэ хэвээр нь уламжилж хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Мал аж ахуйн орчин үеийн технологижсон фермерүүдийг байгуулна гэж ярьдаг, зөв. Байх ёстой. Тэр нь том хот, төвийн бүсээ дагаад хөгжинө. Мал аж ахуйн 20 хувь нь фермерийн аж ахуйн хэлбэрт шилжиж, үлдсэн 80 орчим хувь нь уламжлалт аргаараа нүүдлийн мал аж ахуй эрхэлж таарна. Фермерийн аж ахуй хөрөнгө оруулалт их шаарддаг. Гэхдээ бүтээмж өндөр, зардлаа эргээд амархан нөхдөг. Үүнийг томоохон бизнес эрхлэгчид хийж байна. Холимог, хагас фермерийн аж ахуй гээд эдийн засгийн боломжоосоо хамаараад бүх төрлийн фермер манайд хөгжиж л байна. Гэхдээ ийм аж ахуй нийт салбарын 20 хувиас хэтрэхгүй ч, бүтээмжийн хувьд эсрэгээрээ 80 хувьд хүрэх ёстой. Харин нүүдлийн мал аж ахуй бол Монголын эдийн засгийн маш том хэсэг. 200 мянган айл өрх нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Тэд бол монголчуудын стратегийн хүнс буюу махны гол нийлүүлэгч. Бид муу хэлээд байгаа боловч үүгээрээ л амьдардаг. Хамгийн чухал нэг зүйл нь малчид маань монголчуудын дангааршил буюу нүүдэлчдийн соёлын өвийг тээгчид, уламжлан хадгалагчид. Монголын газар нутгийг эзэнтэй байлгадаг, бүрэн дүүрэн болгож байгаа амьдралын хэв маяг хөдөөд бий. Хэрэв монголчууд бүгдээрээ төв суурин газартаа төвлөрөөд ирэх юм бол, бүгдээрээ аж үйлдвэржсэн эдийн засгийг шүтэн туйлшрах юм бол Монгол Улс эзэнгүй болно. Монголчууд хүүхэд хөгшидгүй 3.5 саяулаа ажиллаад хүн бүр10 мянган ам.долларын цалин авах боломжтой үйлдвэр дэлхийд хаа сайгүй л байна.  Ийм юм боллоо гэхэд Монголынх гэдэг онцлог байхгүй болчихно. Мөнгө тэгэхээр бүх юмны эзэн биш байгаа биз. Харин малчдын нүүдэлчин амьдралын хэв маягыг чанаржуулах, техник технологийн ололтоор хялбаршуулах нь чухал. Монгол Улсын хувьд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой эдийн засгийн нөөц бол мал аж ахуй. Нүүдэлчин амьдралын энэ хэв маяг нь өөрийн гэсэн өв соёлтойгоо цуг байж л байг.

-Магадгүй бид үндэсний энэ онцлог, амьдралын хэв маяг, өв соёлоо дэлхийн тавцанд түгээж, сурталчлан таниулж байж том амжилтад хүрнэ байх? 

-Хамгийн түрүүнд аймаг, орон нутагт аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийг малчидтай сайн холбох хэрэгтэй. Малчдыг орлогожуулах нь чухал. Малчдыг тогтвортой орлоготой болгохгүй байж худал загварчилсан арга хэмжээгээр аргацаах юм уу, нэг удаагийн тусламж, дэмжлэгээр дэмнээд хол явахгүй. Малчдыг үйлдвэрлэгч гэж хараад, бүтээгдэхүүнийг нь худалдаж авдаг, түүнийг авах нэгдсэн нэг том тогтолцоо буюу ложистикийн сүлжээг шийдвэл дундын тээвэр зуучийн өртөг зардал нь буурна. Улаанбаатарынхан үнэгүй мах авдаггүй шүү дээ. Нэг онцлог нь нэг дор их хэмжээгээр биш, долоо хоногоор юм уу, сараар нь хэрэглээний махаа авдаг. Эцсийн дүндээ худалдан авалт хийчихсэн л байдаг. Гэтэл нөгөө талд нь бэлтгэн нийлүүлэгчид буюу малчид 9-12 дугаар сард бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нийлүүлэх боломжтой. Хэрэглэгч болохоор бүтэн жилийн турш цувуулаад авдаг, мөнгө нь бэлэн зах зээл байна. Эндээс харахад, цаг хугацааны зөрүүг зохицуулж, хадгалж нөөцлөх тухай л асуудал байгаа биз дээ. Санхүүгийн инженерчлэлээр үүнийг зохицуулах боломжтой. Таны түрүүний асуулт ч яг үүнтэй холбоотой. Бид дэлхийн зах зээл рүү бэлчээрийн малын махаа нийлүүлж чадахгүй байгаа нь зөвхөн малын эрүүл мэндийн тухай асуудал биш, тасралтгүй жигд хугацаанд нийлүүлж чадах, эсэх болов уу. Сар болгон ийм хэмжээний мал, мах нийлүүлээч гэвэл хүмүүс сонирхоно. Түүнээс биш ганц, хоёр удаадаа ченжийн сэтгэхүйгээр хандвал энэ салбар босч ирэхгүй. Бизнес гэдэг чинь тасралтгүй, үр ашигтай тогтолцоо шүү дээ.

-Манай улсад яг ингэж тасралтгүй мал, мах бэлтгэн нийлүүлэх боломж байгаа юу?

-Байлгүй яах вэ. Манай улс жил болгон 20-30 сая мал, мах бэлтгэн нийлүүлэх боломжтой. Гадаад худалдааны хувьд эрүүл мэнд гэж ярьж байгаа ч бэлтгэн нийлүүлэх тогтолцоо, тээвэр ложистикийн асуудал шүү дээ. Үүнийгээ бид одоо хийж, том зургаа гаргах хэрэгтэй. Эдийн засгийн бас нэг давуу тал үүн дээр гарч ирэх боломжтой. Нэгдсэн нэг том тогтолцоотой болчихвол жижиг махны үйлдвэрүүд дагаад босоод ирнэ. Гадаад зах зээлд нийлүүлж чадвал зөвхөн махны үйлдвэр, малчин гэлтгүй улсаараа босоод ирэх эдийн засгийн нөөц боломж нь байгаа юм. Гэтэл одоо хэн, хаана авах нь тодорхойгүй байж “эрүүл болго”, “эмчил”, “тариа хий” гээд баахан өртөг зардал гаргуулаад байхаар чинь ойлгомжгүй байгаа биз дээ. Газар доорх баялаг нэг л өдөр дуусна. Харин дуусдаггүй өөрөө өсдөг баялаг бол мал аж ахуй. Үүнийгээ бид нэг мөр ойлгож, эдийн засгийн хувьд томоохон бодлого гаргах цаг нь болсон. Малчид бол малаа өсгөх үүргээ хангалттай биелүүлжээ. Үүнийг харах ухаан бодлого боловсруулагчдад бий. Гэхдээ төр бодлого боловсруулагч болохоос биш бүгдийг өөрөө хийгч биш. Төр өөрөө тэр компаниудыг хувь хүмүүсээр удирдуулж, хянаж зохицуулах, хариуцлага тооцох чадвартай байх учиртай. Манай улсын хувьд хамгийн том өрсөлдөх чадварын нэг нь бэлчээрийн мал аж ахуй. Үүнийгээ одоо эдийн засгийн эргэлтэд оруулах цаг хэдийн болжээ.

-Малчид нэгэнт үүргээ биелүүлчихсэн байна. Харин одоо “ганган костюм”-тай залуусын хийх ажил үлджээ. Гэтэл тэд мал мэдэхгүй шүү дээ. Магадгүй, тэдэнд мах зараад зогсож байснаас уул уурхайд ажиллах нь илүү ашигтай байгаа? 

-Аргагүй шүү дээ. Монгол Улсын эдийн засгийн үндэс суурь нь уул уурхай гээд байхаар чинь тэгж л ойлгоно. Гэхдээ бид Оюутолгойгоос юу хүртсэн бэ. Хэн ч мэдэхгүй байна. Эрдэнэтийн ГОК-ийн мөнгөөр юу хийдэг вэ. Бас мэдэхгүй. Ямартай ч Ковид-19-ийн хөл хорионы үеэр жаахан халамжийн мөнгө өгсөн. Өөр юу ч санадаггүй. Ингээд ямар ч үр ашиггүй алга болчихоод байгаа энэ шинж чанарыг зардал гэдэг юм. Эдийн засгийн утгаараа бүгдийг нь идээд уугаад зарлага гаргачихаж байна. Уг нь Оюутолгойгоос олсон мөнгөөрөө Монгол Улс нэг цахилгаан станцтай болж, цахилгаан дулаанаар бүрэн хангагдаад, бүр илүү гарсан нөөцтэй болчихсон сууж байх ёстой. "Эрдэнэт"-ийнхээ орлогоор бид мал аж ахуйн салбартаа бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог босгоод авчихсан байх учиртай. Ингэж байж бид байнгын орлоготой, сэтгэл амар амьдарна биз дээ. Уул уурхай муу зүйл биш. Нэг удаадаа аваад дахин нөхөн сэргээгдэхгүй байгалийн газар доорх нөөц ч гэлээ энэ баялгаа ашиглаад байнгын ургадаг, нөхөн төлждөг баялгаа үйлдвэрлэх учиртай. Гэтэл уул уурхай нь байнгын зардал болдог шинж чанартай, байгаль орчинд хор хөнөөлтэй, иддэг уудаг муу муухайн жишиг тогтсон учраас одоо бараг хориглох нь зөв ч юм шиг. Хожим гарах сөрөг үр дагавартай зүйлийг ингээд ойлгоод ирвэл таны түрүүний яриад байгаа “ганган костюм”-тай залуус чинь “Аан, мал аж ахуй дээрээ суурилсан эдийн засгаа ингэж хөгжүүлье” гээд хөдөлж эхэлнэ. Тэд одоохондоо уул уурхай эсвэл аж үйлдвэр гэдэг зүйлээр тархиа угаалгачихсан яваа. Гэхдээ уул уурхай, аж үйлдвэрийг үзэн ядаж болохгүй. Маш цэгцтэй төрийн бодлогоор явуулахгүй бол юу болдог вэ гэдгийг бид зах зухаас нь мэдэрч байна шүү дээ.

-Дэлхий нийтэд амьдралын хэв маягт тулгуурласан эдийн засгийн бодлого гэдэг зүйлийг хүчтэй ярьж эхэлж байна?             

-Энэ бол манай улсын хувьд ч боломжтой зүйл. Монголчуудад байгалиасаа өгөгдсөн зүйлийн нэг нь энэ юм. Хэт уул уурхайг шүтэж, их мөнгөнд шунавал нүүдэлчдийн амьдралын хэв маяг устана. Ер нь энэ ногоон эдийн засаг, соёлын эдийн засаг гээд сүүлийн үед яриад байгаа чинь хэтэрхий нэг талыг барьж туйлшраад амьдралын хэв маягаа устгаад уугуул иргэд нь амьдрах аргагүй болсонтой л холбоотой гарч ирсэн зүйл. Устах гээд байгаа зүйлээ хамгаалж гарч ирж байна шүү дээ. Хоёрдугаарт, ерөөсөө байгаль орчноо сүйтгэчихээд амьдрах орчингүй болоод ирэхээрээ ногоон эдийн засаг гэж ярьж буй. Алдаа, оноон дээрээ суурилж гаргаж дэвшүүлээд байгаа санаа. Харин бид энэ алдааны ангал руу гүн орчихоогүй байна. Монголчууд бидний амьдралын хэв маяг түүхээсээ ногоон эдийн засаг, өв уламжлал маань тэр чигээрээ соёлын эдийн засаг байсан, одоо ч хэвээр байна. Түүнийг жаахан эргэлтэд оруулах тухай л асуудал байна шүү дээ. Манай нүүдэлчдийн өв соёл, ногоон эдийн засгийн амьдралын хэв маяг одоохондоо устаж алга болоогүй байна. Жаахан бодлогоор дэмжээд өгчихөөр аандаа сэргэж босоод ирнэ. Үүнийг харах гэж хүмүүс ирнэ. Үүнийг нь дагаад Монголын аялал жуулчлалын салбар хөгжинө.

-Ард түмний “цүнх баригч” гэдэг нэр хайрласан нөхдийн үүрлэж орогнодог газар нь төр боллоо. Эрх мэдэл, албан тушаалд хүргэсэн, хүрсэн нь нийлж нэгдээд  төрөө эргүүлээд тонон дээрэмдэж байна. Үүнийг яаж засаж залруулах вэ?

-Төрийн буюу эзэнгүй өмч хаана байна тэнд ялзрал явагддаг. Их өмчтэй төрд орж, тэр эзэнгүй хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэлтэй болоход л зарим нэгний зорилго оршиж байгаа юм. Бизнес эрхэлж байгаа хүмүүсээс төрийнхөн илүү хурдан баяжиж хөрөнгөжиж байгааг та харж байгаа биз дээ. Гэтэл зөв төр бол бүх зүйлийг зохицуулж чадна. Төр буруутанд төмөр нүүрээ ч харуулж чаддаг байх ёстой. Зарчимтай ийм төрийг чадвартай төр гэнэ. Хэрэв энэ бахь байгаараа байгаад л байвал бид хэзээ ч өөрчлөгдөхгүй, алсдаа ч өөдлөхгүй. Зөв хүмүүсийн дуу хоолой энд хэрэгтэй. Тэд үүнд оролцох шаардлагатай.

-Үүнийг өөрчилж чадах болов уу?

-Төр баян биш, гол нь зохицуулах чадвартай л байх ёстой. Харин эсрэгээрээ иргэд чинээлэг, баян болох учиртай. Бид жил болгон малаа тоолдог шүү дээ. Үүний цаад утга нь малаа зүгээр л нэг тоолоод бай гэсэн үг биш. Мал бол таны хувийн өмч төдийгүй төрийн баялаг гэсэн бодлого. Энэ өмчөө үнэ цэнэтэй болгох нь төрийн үүрэг биз дээ. Гэтэл энэ үүргээ төр биелүүлж байна уу. Үгүй. Төр өөрөө л баяжиж, улам данхар бүтэцтэй болоод байна. Тухайлбал, Монгол Улсын эдийн засагт сүүлийн 10 жилд татварын орлого 40 дахин өссөн. Монголын ард түмний амьдралын чанар 40 хувиар сайжирсан болов уу. Бас л үгүй. Гэтэл эдийн засаг ингэж тэлэхийн хэрээр хээл хахууль, авилга, хулгай зах замбараагаа алдлаа. Тэдний идсэн уусныг ярихад бидний урьд өмнө сонсоогүй тоонуудыг хэлдэг болсон. Иргэд гайхаад л, хараад л байна. Үүнийг эдийн засгийн зөв суурь бодлогоор засдаг. Иргэн баян бол төр баян. Иргэдийн баялаг нийлж байж төр баян байх учиртай байтал өнөөдөр төр бүх баялгийг өөртөө авчихсан. Ийм байж болохгүй. Хурдан засахгүй бол манай улсын тусгаар тогтнолд ч халгаатай. Түүхийн баримтаас харахад, 1919 онд Монгол Улс тусгаар тогтнолоо олон улсын гэрээ хэлэлцээрээр хүчээр эвдүүлээд автономит болчихсон байсан шүү дээ. Өмнөд хөрш эл байдлаа аргалахын тулд маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг Монгол руу хийсэн. Монголын эдийн засаг тэр үед жижиг байсан учраас шингээхгүй, яг одооных шиг төр данхайж байсан. Дээгүүрээ бүгд баяжаад, ард түмэн туйлдаж ядуурсан. Эцсийн дүндээ нөгөө баяжсан нөхөд ард түмнээсээ айгаад эхэлсэн. Дээгүүрээ хувааж баяжсан нөхөд өөрсдийгөө хамгаалуулахаар тусгаар тогтнолоо өөрсдөө аваачаад Хятадад өгчихсөн байдаг. Ийм түүхийн гашуун сургамж бидэнд бий.

-Хэрэв танд эрх мэдэл нь байвал монголчуудаа чинээлэг болгохын тулд, цаашлаад эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалахын тулд юу хийж чадах вэ?

-Хамгийн түрүүнд мал аж ахуйн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцооны бодлогыг гаргана. Өөрөөр хэлбэл, малчдаа байнгын тогтмол орлоготой болгоно. Үүнийг дагаад орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй жижиг, дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сэргэж, иргэдийн амьжиргаа сайжирна. Ингэснээр Монголын эдийн засгийн соёл, тусгаар тогтнол бий болно. Хоёрдугаарт, уул уурхай, аж үйлдвэр зэрэг эдийн засгийн бусад салбараа үр ашигтай болгоно. Гуравдугаарт, улсын төсвийг олон улсын жишгийн дагуу үр ашигтай зарцуулдаг болгоно. Ер нь улс төр гэдэг зүйлийг цэвэр ариун болгоё гэвэл иргэд, олон нийтийн хяналтад оруулах ёстой. Ийм сайн жишгийг бий болгох бүрэн боломжтой.

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top