Солонгост ажиллаж мөнгө хийх ”шансгүй” боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 24



2011 оныг МУ-ын Засгийн газраас "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласан. Монголд ажлын байр цөөн, олигтой цалин авдаггүй гэсэн шалтгаанаар гадагшаа явахыг хүсэгчдийн цуваа тасардаггүй. Манайхны ихэнх нь Солонгост ажиллаж амьдран ар гэрээ тэжээдэг. Гэтэл Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн салбар ажилгүйдлийн гол талбар болоод байгааг ВВС агентлаг мэдээлж байна.  Энэ бол  Монголчуудын олноороо ажилладаг гол салбар юм. Өнгөрсөн сарын байдлаар тус улсад ажилгүйдэл нэг жилийн доторх хамгийн өндөр өсөлтдөө хүрсэн байна. Аж үйлдвэрийн салбар дахь ажлын байр хөдөө аж ахуй, худалдаа болон жижиглэн наймаачдын дунд ихээхэн буурчээ.  Энэ оны эхний сард ажилгүйдэл нь 3,6 хувьтай байсан бол өнгөрсөн сард дөрвөн хувь болж өссөн байна. Эл мэдээг тус улсын Статистикийн төв газраас мэдээллээ. Азийн дөрөв дэх том эдийн засагтай энэ улсад ажилгүйдэл өнгөрсөн сард 233 мянгад хүрсэн ажээ. Энэ бүхэн дээр нэмэгдэж инфляцийн өсөлт зах зээлийг тэр чигт нь шинээр ажилтан авах, цалин нэмэхээс татгалзахад хүргэж байна. Хүнсний барааны үнэ Өмнөд Солонгост ихээр өсч байгаа нь Азийн хамгийн  том эдийн засагтайулс болохоор зорилт тавьсан тус улсын өмнө томоохон сорилт учруулаад зогсохгүй өнгөрсөн сард хэрэглээний үнийн индекс жилийн өмнөхөөсөө 4,5 хувиар  өссөнийг Статистикийн газраас нь мэдээлэв. Өөрөөр хэлбэл, Төвбанкнаас  төлөвлөсөн инфляци онилсон дөрвөн хувиас хэдийнэ давчихав. Газрын тосны үнэ нэмэгдэж байгаа  дээр хэрав   хар алтны ханш өссөөр байвал монголчуудын мөнгө “босгодог” гадаад далайн энэ оронд эдийн засгийн уналт бий болох аж.

Д.Сэндэр Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top