МАН-ын хатуу сануулга болон Монголын экспортод зах зээл нээгдсэн өдрүүд

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

   Өнгөрөгч долоо хоногийг Монголын түүхэнд  “Анхны” гэсэн тодотголтойгоор үдэж байна.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японд айлчлах үеэрээ  тус улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан нь манай улсын хувьд ахнхных нь болж байна.  Өөрөөр хэлбэл 2013 оноос эхлэн Японыг зорьсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын цуврал айлчлалын үр дүнг ийн бататгалаа. Эдийн засгийн түншлэлийн  хэлэлцээр байгуулснаар  маш их эерэг үр дүн авчирна хэмээн тооцож байгаа. Тухайлбал хоёр орны хооронд бараа эргэлт нэмэгдэж, элдэв татвар хураамж чөлөөлөгдөхөөс гадна  Монголын экспортын бүтээгдэхүүн гуравдагч зах зээл дээр гарахад бэлээхэн боломж бий болж байгаа юм.  

   Япон бол дэлхийн гуравдагч том эдийн засагтай орон. Тус улс хөгжиж буй орнуудын эдийн засагт 2013 оны байдлаар 38 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол харин үүний 98 сая нь Монголд ногдсон гэх тоо баримт байна. Энэ хэмжээг наанадаж нэг тэрбум ам.доллар болгох гэсэн холын том амбиц бидэнд бий.   

   Дээрх хэлэлцээрийн үр дүнд Хөшигийн хөндийн нисэх буудлыг барихад  дутагдаж буй санхүүгийн эх үүсвэрийг Японы  зээлээр хэрэгжүүлэх боломжтой болж байна. Энэ зээлийн хэмжээ 36.8 тэрбум иен байх юм.

   Японтой түншлэх өөр нэг шалтгаан  нь тус дэлхийн коксжих нүүрсний хоёр дахь том хэрэглэгч орон юм. Энэ нь манай Тавантолгойн нүүрс  гурав дахь зах зээлд гарах итгэл найдварыг  бодитой болгоход ойртож байгаа хэрэг юм. Ямартай ч дэлхийн томоохон зах зээл бидний өмнө үүд хаалгаа нээсэн тун чухал долоо хоног байв.

   Өнгөрөгч долоо хоногт  парламент хугацаа сунган хуралдаж хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэхийг дэмжээд байна.  Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүтэй гишүүд  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг өргөн барив. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг шинэчилж, улсын эмнэлгийн  эрх зүйн статус, засаглалыг өөрчилж, үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын сацуу тэдгээр эмнэлгийн санхүүгийн нөөцийг үр ашигтай ашиглах менежмент, удирдлагын арга барилыг хөхүүлэн дэмжсэн хууль эрх зүйн шинэ орчин, харилцааг бий болгох шаардлагатай  гэж хууль санаачлагчид үзжээ.

   Парламент өнгөрсөн долоо хоногт Чөлөөт бүсийн тухай хууль, Монгол хэлний тухай болон Цөмийн энергийн хуулийг хэлэлцэж баталлаа.

 Эдийн засгийн хүндрэлийг даван гарах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэнэ.  Энэ хуулийг эхэлж хэлэлцэх үеэр “Эзэн-100” хөтөлбөрийг дахин авч хэрэгжүүлье гэсэн АН-ын санал хамтрагчаа бухимдуулаад авав. МАН засагт хамтрах үндсэн гурван болзлын нэг нь энэ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хамтран боловсруулж хэрэгжүүлэх явдал байсан.  Гэтэл АН энэ амлалтаасаа буцсан нь Засагт хамтрах  шийдвэрээ эргэн харахад хүргэж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэв.  Юутай ч МАН “аятайхан байхгүй бол шийдвэрээ эргэн харна шүү” гэсэн хатуухан сануулгыг АН-д өгчихөөд байгаа.

Долоо хоногийн амралтын өдрүүдээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хөдөө орон нутагт ажиллав. Тэрбээр Өмнөговь аймагт  ажиллах үеэрээ  Номгон сумын малчин З.Амарсанаагийнд очиж  Улсын сайн малчны цол тэмдгийг нь гардуулан өглөө. Мөн Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охинд батламжийг нь гардуулсан байна.

Өмнөх долоо хоногт  Тавантолгой дээр дахиад талцал үүсгэх хандлага, мега төслийн хөрөнгө оруулагч нарын хэлэлцээ рүү чулуу шидэх нь эрс идэвхжив.  Эдүгээ Монголын талын хөрөнгө оруулагч ММС компани  үндэсний компани мөн үү гэсэн маргаан ид  идэвжээд байна. Тус компанийн бүртгэл Хонгконгт  байдаг  ч  дийлэнхи хувийг нь үндэсний компаниуд  эзэмшдэг.   Үүгээр далимдуулан төслийг унагах гэсэн, АНУ-ын Пибодиг лоббидох хандлага   АН-ын фракциудын дотор амилж эхлээд байна.   Дайны хажуугаар дажин гэгчээр Тавантолгойн хөрөнгө оруулагч консерциумын нэг  болох Шинхуа группийн үйл ажиллагааны талаархи таагүй мэдээлэл цацагдаж эхлээд байна.

Уул уурхайн салбарынхан  өнгөрч долоо хоногт  “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлэг зохиов. Хэлэлцүүлэгт 300 гаруй зочид төлөөлөгчид оролцож,  “Эрдэс баялгийн салбараас  Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Салбарын өрсөлдөх чадвар” гэсэн үндсэн сэдвээр хэлэлцлээ.

П.Булган

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yy(176.219.161.65) 2015 оны 02 сарын 16

Delhıın baahan uls oron heseed baahan hooson tolovlogoo hııdeg bıeluuldeg yum nı neg ch bhguı shuu dee. Setguulch eronhıı saıd edıın zasgııg maanı yaj avrahııg haraya!

0  |  0
зочин(119.40.97.59) 2015 оны 02 сарын 16

МАНГАРУУУД ЗАЙЛАААА

0  |  0
Top