Луугийн нууц буюу Брюс Лиг мөрдсөн тэмдэглэл-3

2016 оны 11 сарын 13

 

ВАН ЧАЙ ОХИД

Хүндэтгэлийн зоог барьж байгаа хэсгийн зураг авалтанд Ханы бүсгүйчүүдийг хөлслөх хэрэгтэй болоход продьюсеруудад Хятад царайтай хүмүүс хэрэгтэй болсон. Гэтэл Америк кинонд биеэ үнэлэгчийн дүрд тоглох эмэгтэй Хятад жүжигчид байгаагүй, тиймээс жинхэнийг нь хөлслөх шаардлага тулгарсан даа. Тэгээд Гонгконгийн шөнийн уушийн газруудыг мэддэг Морганд биеэ үнэлэгчдийг ятгаж гуйх ажлыг даалгасан юм. Бангконг, Америк цэргүүдэд үйлчилдэг Вьетнамчуудын байх Бангконг, Гонгконгийн R&R уушийн газраас тэднийг олоход хэцүү биш байлаа. Тэднийг кинонд тоглуулна гэж ятгасан юм. “Амьдрахын төлөө тэдэнд юу ч хийсэ хамаагүй. Тэд өөрсдийн болоод үйлчлүүлэгчдийн голд нь байдаг. Гэхдээ хэрэв та кинонд тоглохыг зөвшөөрвөл ээж, аавынхаа найз нарт харуулахгүй байхын тулд яах ёстой вэ?” гэж Морган хэллээ. “Хэрэв би тэдэнтэй унтахыг хүсвэл илүү ихийг төлөхийг тэд хүсэх байсан. Тэдний хувьд энэ зэргийн зүйлийг үл хайхрах нь энүүхэнд” гэж тэр өгүүлсэн юм. Үзүүлбэрийн залуус биеэ үнэлэгчдэд хэдийг төлөх ёстойг мэдмэгцээ бараг л ажил хаялт зарлахаа шахсан шүү.

 

Зураг авалтан дээр гурван баатар биеэ үнэлэгч охидоос өөрсдийн сонголтыг хийлээ. Энэ үеэр төлөвлөгөө ёсоор, цагаан залуу (Саксон) цагаан хатагтайг (жүжигчин Ана Капригийн тоглосон), хар залуу (Келли) дөрвөн биеэ үнэлэгчийг, харин Ази залуу (Ли) өөрийн нууц хамтран мөрдөгчийг (Чанг) сонгох байсан юм. Хятад Жеймс Бонд маань ганц бие эр байлаа. “Тэр бол Шаолины лам. Тэр үргэлж л: чи гэр бүлийг минь доромжилж байна. Чи Шаолины хийдийг доромжиллоо гэдэг байсан” гэж Аллин хэлсэн юм.

Сексийн үйл явц дэлгэцийн ард ч үргэлжилсэн. “Жим Келли Гонгконгт ирснээр их хүнд байдалд орсон. Гэхдээ эмнэлэгт сайжирсан. Түүний үхлийн хэсгийн зураг авалтыг хийхдээ хүчиллэг нүхнээс гарган авах гэж хичээж, түүнд зориулсан хуяг авчирсан ч тэр өмсөж чадаагүй. Бид түүнд зориулж тусгайлан өргөгч тор хийж байж, сая нэг гаргаж авсан” хэмээн Хеллер ярьсан юм.

Энэ бүхэн 1973 онд болсон юм. Хүн бүр л цаг үеийн эрх чөлөөнд сэтгэл хангалуун байгаа мэт санагдаж байв. Шаолины лам ч гэсэн ялгаагүй. Гонгконгийн шар хэвлэлүүдэд Ли болон түүний эхнэр Бетти Тинг Пэй нарыг салж байгаа талаарх шуугианыг тэр чадах чинээгээрээ даван туулж, зураг авалтаа эхлүүлсэн билээ. “Би сэтгэлээр унаж, эмнэлэгт хүртэл хэвтсэн. Дөчин жил болоход анх удаагаа шүү” гэж Барууны нэгэн сэтгүүлчтэй ярилцах үеэрээ хэлсэн байдаг. Тэрээр, “Брьюс ‘Enter The Dragon’ киноны зураг авалтын үеэр гурван сар болоход нэг ч удаа залгаагүй. Би маш их дарамтанд орсон. Тэгээд л бидний харилцаа үнэхээр дууссан гэдгийг ойлгосон” хэмээн ярьжээ.

ҮХЛИЙН ТОГЛООМ

Хуучны Барууны мэргэн бууч шиг, Ли Зүүнд хамгийн хурдан гар, хөлтэй байлаа ч түүний эсрэг шинэ залуу өрсөлдөгчид цаг үргэлж гарч ирсээр байлаа. Тэр үргэлж татгалзсан хариу сонсож, дээд хэсэг гэж байхгүй гэдгийг ухаалгаар ойлгосон юм. Тэр алдаа гаргасан ч, амжилттай байсан ч, бүр азгүйтэж урам хугарахдаа ч эхний нүүр хуудсанд бичигддэг байв. Гэвч чулуун ханан эгнээтэй Ханы арал дээр хамгийн сүүлийн тулааны зураг авалтыг хийх үеэр, Ли өөрийг нь хуурамч, дүр үзүүлсэн кино од, тулааны жүжигчин хэмээн хорон үгээр доромжлох нутгийн гудамжны бүлгийнхнээс залхах нь нэмэгдсээр байлаа. “Эдгээр залуус хулуу шийгуанаасаа уйдаж, зураг авалтыг хүлээн ханан дээр суучихдаг байлаа. Тэд ‘Ганц удаа нам цохиод л болчих юмыг адгийн Ли 15 удаа давтдаг юм уу?’ гэдэг байсан” гэж Морган дурслаа. “Эргэн тойрон тестосерон (эрэгтэй хүний бэлгйин даавар) маш их байсан бөгөөд хүмүүс тулааны урлагийн чадварыг нь харахаар ирэхэд Брьюс огтхон ч айж, сандардаггүй байсан. Тэр жинхэнэ хэлэлцэгч байсан. Хүүхдүүд Брьюсийг сонсгол сайтайг ойлголгүй, саналаа ил тод хэлчихдэг байсан. Харин Брьюс тэдэнд ‘Та нар их зөв бодож байна шүү. Алив хүрээд ир’ гэдэг байлаа” хэмээн Морган өгүүлсэн юм.

Америкийн баг буцсаны дараа Лигийн өөрөө бичиж, найруулсан дэлгэцийн бүтээлийн эхний хэсгийг харахад, түүний ямар их турж, цонхийсныг харахгүй байхын аргагүй байсан. “Тэр маш их жин алдсан” гэж кун-фугийн хошин жүжигчин, дэлгэцийн од Саммо Ханг хожим нь дурсчээ. Тэрээр, “Түүний хүүхэн хараа томорч, ямар их харласныг би ажигласан” хэмээн үргэлжлүүлэн ярьсан юм. Лигийн толгойн хүчтэй өвдөлтөөс болон тарчилж, Алис Б.Токласын хүрэн марихуанаар эмчлүүлж байв. 1973 оны тавдугаар сарын 10-нд Голден Харвестын студид кино хуулбарлаж байх үеэр Ли ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. “Би машинаараа түүнийг эмнэлэгт хүргэж өгсөн” гэж Чоу хэлсэн юм. Ли тархины эргэн тойронд үүссэн хавангаас болж бараг л үхэх шахсан байв.

Доктор Дон Лангфорд нь Гонгконгийн засаг захиргааны дүгнэлтэнд Лиг үхлийн аюултай байгаа талаар мэдүүлэг өгч, “Бид түүнээс илэрсэн тархины хаванг хөөх зорилгоор хар тамхи (Mannitol) өгсөн” гэжээ. Лигийн эмнэлгийн бүрэн шинжилгээний хариу гарснаар түүнийг Лос-Анжелес руу явуулсан юм. Эмч нар Лигийн биеэс ямар нэгэн хор хөнөөлтэй зүйл олоогүй бөгөөд түүнийг яг л 18 настай юм шиг биетэй байсныг тэмдэглэсэн байна. “Тэр Гонгконгт эргэн ирэхдээ их өндөр сэтгэгдэлтэй байсан” гэж түүний ах Питер Ли нь сэтгүүлч Алекс Бен Блокийн 1974 онд бичсэн намтар түүхэнд нь дурдсан байлаа. Уорнер Бросын туршилтын цацалт маш амжилттай болж, тэд гартаа маш том амжилт атгах гэж байгааг хүн бүр ойлгож байв. Ли тэр үед Тинг Пэйтэй хайр сэтгэлийн холбоогоо дахин сэргээгээд байсан билээ. “Нэг л өдөр тэр над руу залгаад киногоо дуусгаж байгаа тухай хэлсэн. Тэгээд эргэж ирээд, бид хоёр дахин нийлсэн. Би их аз жаргалтай байсан шүү” хэмээн Тинг Пэй ярьсан юм.

Ли эхний ухаан алдалтаасаа хойш 10 долоо хоногийн дараа буюу долдугаар сарын 20-ны өдөр Чоу, Морган болон “James Bond” кинонд дөнгөж тоглоод байсан жүжигчин Жорж Лазенби нартай уулзалтанд оролцож, өөрийн дараагийн бүтээл болох “Game of Death” киног хэрхэн бүтээх талаар зөвлөлдөж, боломжтой арга замуудыг ярилцаж байжээ. “Бид гэрэл зургийн аппарат, камерын дуран хараанд сууж байлаа. Тэр бол алдар нэртэй болсон, жижигхэн будлианы эзэн Брьюс байлаа. Тэр үед толгой нь өвдөж, надаас кодейн асуусан. Харамсалтай нь надад байгаагүй юм” гэж Морган ярьсан билээ.

Тэр өглөөний уулзалтын дараа Чоу, Ли нар Тинг Пэйгийн байшин руу явж, зохиолынхоо талаар ярилцжээ. Тэрээр Тинг Пэйг киноныхоо гол дүрд тоглох санал тавьсан байна. Ли толгой нь өвдөж байгааг хэлэхэд, Тинг Пэй түүнд аспиринтай  Икуэжесик болон булчин сулруулах үйлчилгээтэй мепробамат гэх эмийг өгсөн байна. Тинг Пэй, “Энэ эмийг ээж минь байнга хэрэглэдэг. Брьюс ч өмнө нь хэрэглэж байсан” гэж дараа нь мэдэгдсэн юм. Тэр гурав Лазенбитай дараа нь зоог барих талаар ярилцан төлөвлөжээ. “Брьюс толгой өвдөж байна гээд, түр амрахыг хүсэхэд Раймонд үүнийг зүгээр л нэг шалтаг гэж бодсон байж магадгүй. Тэр Брьюсийг магадгүй ... гэж бодсон ч байж болох юм. Тэгээд Раймонд, ‘Би эхлээд явъя даа’ гэж хэлээд үсчих шахам гарч явсан” гэж хожим Тинг Пэй ярьсан билээ.

Ли босч ирж хоолоо идсэнгүй. Чоу Тинг Пэй рүү залгахад тэр, Лиг сэрээгүй, унтсаар байгаа тухай хэлсэн байна. Дараа нь Тинг Пэй түүн рүү эргэж залгаад, Лиг сэрээх гэсэн боловч босохгүй байгааг дуулгажээ. Тинг Пэй хувийн эмчээ дуудав. Чоуг эргэн ирэхэд Ли сэргээгүй л байв. Харин түргэн тусламжийн тэрэг ирэхэд дэндүү оройтсон байлаа. Яагаад хамгийн түрүүн түргэн тусламж дуудаагүй вэ гэдэг нь одоог хүртэл хөндүүр сэдэв хэвээр л байна. Энэ талаар Чоу тайлбарлахдаа, утсаа автал Тинг Пэй над руу чангаар хашгирсан гээд, “Тинг Пэй ч тэр, би ч гэсэн түүнийг ингээд үхчихнэ гэж зүүдэлж ч байсангүй. Хэний ч санаанд оромгүй байсан. Зүгээр дээ, тэр босох болно, тэгээд ажилдаа эргээд орно гэж л бодож байсан. Ийм аймшигтай зүйл болно гэж санаагүй” хэмээн өгүүлсэн юм.

Үхлийн шалтгаан нь: 10 долоо хоногийн өмнө түүний аминд хүрэхээ шахсантай ижил буюу тархины хурлцадмал хавангаас үүдэлтэй гэсэн дүн гарчээ. Гэсэн ч тархины хаван гэсэн онош нь одоог хүртэл маргаантай байгаа асуудал юм. Задлан шинжээчийн тайланд, Лигийн гэдсэнд хоёр зүйл байгаа талаар тэмдэглэгдсэн байв. Энэ нь Икуэжесик болон олсны ургамлын ул мөр байсан тухай юм. Хятадын ард түмэн уй гашууд автаж, тэдний ялагдашгүй баатар идэр залуу 32-хон насандаа ийнхүү тодорхойгүй шалтгааны улмаас, гэнэтийн үхлээр өөд болсныг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Засгийн газрын дүгнэлт нь “мепробамат, аспирин, эсвэл Икуэжесикт агуулагддаг хоёр найрлага нь хэт мэдрэмтгий хаванд нөлөөлсөн” гэсэн дүнг мэдэгдэж, олны бухимдлыг тайтгаруулсан байна. Лондонгийн их сургуулийн Шүүх эмнэлгийн шинжээч Р.Д.Теар дээрх дүгнэлтийг дэмжсэн боловч “энэ тохиолдолд хэт мэдрэмтгий гэдэг нь тун ховор тохиолдох зүйл” гэдгийг тэмдэглэжээ. Шүүх цуу яриа, эв дүйгүй таамаглал, хийсвэр дүгнэлтүүдийг үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан юм. Өдгөө дөч гаруй жил өнгөрсөн ч Лигийн үхлийн шалтгаанд нэг шийдэлд хүрээгүй байдал хэвээр үргэлжилсээр байна. Тайлагдашгүй нууц хэвээр үлдлээ.

 

Тайлагдашгүй нууц нь арай “Enter The Draagon” киноны амжилт байсан юм биш биз: Брьюс Ли. Тэр бол эрчүүдийн дуурайхыг хүссэн үлгэр жишээ, бүсгүйчүүдийн унтахыг хүсдэг Холливудын тодотголтой сонгодог од болсон цорын ганц Ази гаралтай Америк жүжигчин билээ. Түүний ихэмсэг мишээл, “наашаа ирээд надтай тулалд” гэх гарын дохио болоод дэгжин гоолиг биетэй ч, аймшигтай хөдөлгөөнөөрөө өө сэвгүй Ли Хятад залууст итгэл найдварыг өгсөн. “Бид Хар ирвэснүүдийн ирсэн Аламедад амьдардаг байлаа. ‘Enter The Dragon’-оос өмнө ‘Hey, Chink’, харин дараа нь ‘Hey, Brother’ зэрэг Брьюсын кинонууд гарч ирсэн” гэж тулааны урлагийн алдартай багш Леон Жей ярьсан юм. Гэвч түүний уриалга гайхалтай хурдтайгаар тархаж байсан юм. “Америкийн хот бүр сүмтэй, гоо сайхны газартай. Одоо харин тэр бүхэн сүмтэй, гоо сайхны газартай, бас Брьюс Лигийн зурагтай каратэгийн студитэй болсон доо” хэмээн Вейнтрауб өгүүлсэн билээ. Луугийн түүх цааш үргэлжлэх болов уу?

Б.Тулга

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сөөнгө шарав(202.179.31.242) 2016 оны 11 сарын 14

хятадын тусгай алба зураг авалтын үед гар буунд сургуулын сум биш жинхэн сум хийсэн байсан нь түүнийг үхэлд хүрэгсэн. хаалгаар орж ирэх үед өөдөөс нь буудаж байгаа хэсэгийн зураг авалтыг авах үед.хятадууд үүнийгээ нуухын тулд тархины өвчин гэж худлаа шааж байгаа юм

0  |  0
рхөгр(66.181.186.128) 2016 оны 11 сарын 13

би ийм юм унших яамар гэм хийсэн юм бэ

0  |  0
Top