ТОЙМ: Тавантолгойтой долоо хоног

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 24

Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар өрнүүн байлаа. Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн эхэлснийг хэлэх үү Нийслэлийн шөнө хөл хөдөлгөөн ихтэй, нийгмийн амьдрал үйл явдлаар дүүрэн байх. Ингээд энэ долоо хоногт Монгол Улсын улстөр, эдийн засаг, нийгмийн салбарт гарсан онцлох шийдвэр, үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Тавантолгойн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт хувийн хэвшилд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн тэнцвэртэй олон тулгуурт бүтцийг бий болгож, үндэсний язгуур эрх ашгийг хангах, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих замаар ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилтыг тусгасан билээ.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын эдийн засгийн үр өгөөжийг сайжруулан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрсний ордод түшиглэсэн цахилгаан станц барих зэрэг төслийг бодлогоор дэмжихээр заасан.

“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгойн ордыг түшиглэн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулж, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх, уг ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан билээ.

Мөн тогтоолын нэгдүгээр хэсэгт Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаарх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх, хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан байдаг.

Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоолоор жил бүрийн улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахдаа Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, төмөр зам, авто зам барих асуудлуудыг тусгасаар ирсэн боловч гүйцэтгэл нь хангалтгүй байна. Тодруулбал тус ордыг түшиглэн үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн бүтээн байгуулалтын төслүүдийг ойрын үед хэрэгжүүлэх боломжгүй болж байгаагаас гадна тус ордыг ашигласнаар нийгэм, эдийн засагт үүсэх үр өгөөжийг тооцоолсон хэмжээнд хүргэж чадахгүй, экспортын орлогыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортод гаргах зорилтын хэрэгжилтийг хангаж чадахгүй байна.

Иймд “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан батлуулж, дээр дурдсан Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн хэрэгжилтийг шуурхай хангах нь зүйтэй байна гэж УИХ-ын тогтоолын төсөлд дурджээ.

“Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь 2 үндсэн заалттай бөгөөд төсөлд:

1.Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх;

2.Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

3.Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх;

4.Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудал тусгагджээ.

Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлаас Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломж бүрдэх юм. Төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.1-д заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Засгийн газраас үзсэн байна.

Хүүхдийн мөнгийг 228 мянган хүүхдэд нэмж олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хууль санаачлагчид нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн тул Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг төслүүдийг нэгтгэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Хууль санаачлагчдын өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр боловсруулсан уг тогтоол нь 3 заалттай, 2 дахь заалт нь таван дэд заалтаас бүрдсэн болно.

Тогтоол батлагдсанаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгохоор болов. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 онд 684.0 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөг улсын төсвийн Халамжийн санд тусгагдан батлагдсан. Харин 80 хувьд олгоход нийт 228.0 мянган хүүхэд нэмж хамрагдах бөгөөд үүнд төсвөөс 41.3 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар боллоо.

Нийгмийн халамжийн тухай хуульд заасан босго шугамын харгалзах оноог шинэчлэн 80 хувийн хамрах хүрээг тогтоох юм. Дээрх 80 хувьд хамрагдах, 2018 онд шинээр төрсөн хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авах хүсэлтээ гаргасны үндсэн дээр мөнгөн тэтгэмжээ авна. Цаашид хамрах хүрээг 80 хувиас бууруулахгүйгээр тооцож хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох эх үүсвэрийг 2019 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусгахаар боллоо. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгааг хийж, зөвхөн хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох, цаашлаад хүүхэд бүрд олгох асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгалаа.

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл ахуйн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэнийг УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Малын генетик нөөцийн тухай хуулийг тус тус баталсан юм. Эдгээр хууль нь 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Эдгээр хуулиуд батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 81 дүгээр тогтоолоор “... холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” үүргийг Засгийн газарт өгсөн.

Энэхүү чиг үүргийн хүрээнд мал аж ахуйн салбарт үйлчилж байгаа бусад хуулийн зохицуулалттай шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалтыг нийцүүлэх, мөн 1993 оноос эхлэн эдгээр хуулийг батлах хүртэл үйлчилж байсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан бусад хууль тогтоомжид үүсэх давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, үр нөлөөллийг тодорхойлох ажлыг гүйцэтгэжээ.

Уг ажлын үр дүнд үндэслэн дээрх нэр бүхий хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооныхон Монголд айлчилж байна

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Чон Гюү Сон тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 21-27-ны өдрүүдэд айлчилж байна. Монгол Улс, БНСУ-ын сэтгүүлчдийн тав дахь удаагийн уулзалт энэ долоо хоногт ”The Corporate Convention Center”-т боллоо. Уулзалтад Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МСНЭ-ийн Сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч, доктор Ж.Батбаатар, МУСГЗ, доктор, сэтгүүлч Б.Галаарид, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, “Зууны мэдээ” сонины эрхлэгч Э.Отгонбаяр, ETV телевизийн гүйцэтгэх захирал Т.Ганзул зэрэг хэвлэл мэдээллийн салбарынхан оролцлоо. БНСУ-аас тус улсын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөлөгчид болон томоохон хэвлэл мэдээллийн агентлагийн сэтгүүлч нар ирсэн байв.

Сэтгүүлчдийн Холбооны энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, хоёр орны сэтгүүлчид харилцан туршлага солилцох, сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгах зорилгоор хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт санал оруулах юм хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр онцолсон юм.

Монгол, Солонгосын сэтгүүлчдийн хоёр байгууллага 2013 оноос анхны харилцан танилцах алхам хийж, 2014 оноос хамтын үйл ажиллагаа тогтворжиж эхэлжээ. Энэхүү хамтын үйл ажиллагааны үр дүнд долоон удаа төлөөлөгчөө харилцан солилцсон байна. БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбоо нь хоёр жил тутамд Ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд аливаа нийгэм, улс төрийн асуудалд нэгдмэл байдлаар дуугарч чаддаг, Азийн орнууд дундаа хүчирхэг сэтгүүлзүйтэй гэдгээрээ нэлээд ялгардаг аж. Тиймээс манай улсын сэтгүүлчдийн байгууллагатай нягт харилцаа холбоотой байх нь сэтгүүлзүйн салбар бидний ирээдүйн хөгжилд сайнаар нөлөөлнө хэмээн үзэж байна.

БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Чон Гюү Соноос гадна БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны дэд ерөнхийлөгч Гүон Ху Үг /Kwon Ho Wook/, дэд ерөнхийлөгч бөгөөд ”Гуанжу Илбү” сонины Чан Пил Сү /Jang Pilsoo/, /, БНСУ-ын Тэгү хот болон Кёнбүг аймгийн Сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чүэ Гён Чоль /Choi Kyung Chul/, ”Money Today” сонины салбар зөвлөлийн дарга Ким Жи Сан /Kim JiSan/, БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны ”CBS”салбар зөвлөлийн дарга Чон Ёон Чоль /Jeong Young Chul/, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ”News1”салбар зөвлөлийн дарга Ким Хён /Kim Hyun/, БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны ”MBN” салбар зөвлөлийн дарга Ким Сү Хён /Kim Soo Hyun/, БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны ”The Seoul Economic” салбар зөвлөлийн дарга Юүн Хун Ү /Yoon Hong Woo/, болон Сэтгүүлчдийн Холбооны ажлын албаны дарга Сун Сан Ми /Song Sang Mi/нар багтжээ.

Эмч нар орон даяар хугацаагүй ажил хаяхаар боллоо

Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд, мөн эмч сувилагч нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа энэ сарын 21-нд суулт зарлав. Суултын шалтгаан нь Эрүүл мэндийн сайдтай хийсэн тэдний гэрээг Засгийн газар бүртгүүлэх байсан бөгөөд бүртгэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмараас тодрууллаа. Тэрбээр “Бидний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс бид орон даяар ажил хаялт зарлаж байна. Ажил хаях зуур мягмар болон лхагва гаригт бид хуралдана. Ажил хаялтад хэдэн хүн оролцсон нь  мягмар гаригт тодорхой болно. Бидний ажил хаялт хугацаагүй. Шаардлагыг маань хүлээн автал бид ажил хаяна” гэлээ Эрүүл мэндийн сайдтай хийсэн гэрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал багтаж байгаа юм.

Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүллээ

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхэллээ

Дорноговь аймгийн Алтанширээ суманд энэ сарын 22-нд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа. Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэнэ. Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх манай оронд айлчлан ирж, биечлэн оролцсон юм..

Тэрбээр, ”Жар гаруй жилийн дипломат хамтын ажиллагааны түүхтэй манай хоёр орны хувьд энэхүү төсөл нь шинэ түүх болж байна. Харилцаа хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны хөгжилд үсрэнгүй дэвшил авчирч, стратегийн түншлэлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, ”Монголчуудын хувьд олон жил хүсэн хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлж, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх биечлэн оролцож байгаад талархал илэрхийлье. Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэр. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжлийг шинэ шатанд гаргаж байгаа үйл явдал болж байна. Монголын ард түмэн, Дорноговийн иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе” гэлээ.

Энэхүү газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top