СУРВАЛЖЛАГА: Охидууд фэйсбүүкийн сөрөг хандлагад эмзэг ханддаг

 "Үндэсний статистикийн хороо”-оос гаргасан мэдээллээр Монгол Улсад 0-18 насны 587,250 охид байдаг. Нарийвчилбал, 0-4 насны 191,702, 5-9 насны 167,007, 10-14 насны 113,948, 15-18 насны 114,593 ОХИД байдаг ажээ.

Өнөөдөр /2018.10.11/ "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр". Энэ өдрийн хүрээнд "Хүч чадалтай охид" нэрийн дор 600 охид чууллаа. Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг "Олон улсын охидын өдөр" болгон тунхаглажээ.  Энэ өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.

Монгол Улсын хувьд 2012 оноос эхлэн “Олон улсын охидын өдөр”-ийг тэмдэглэж, охидод чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийж эхэлжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа “Хүүхдийн хөгжил, хамгааллын газар”-аас “Лидер сурагч академи” хүүхдийн өөрөө удирдах байгууллагатай хамтран өнөөдөр зохион байгуулж буй “Хүч чадалтай охид” чуулга уулзалтыг хамтран явууллаа. Энэхүү чуулганы хүрээнд охидууд тулгамдсан асуудлаа хэлэлцэж, гарц шийдэл гарган, нийгмийн сайн сайхны төлөө нэгдлээ.

ОХИДЫН САНААГ ЮУ ЗОВООДОГ ВЭ?

Чуулганд оролцогч охидууд бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэе.


10-р ангийн сурагч Х.Номин-Эрдэнэ:

-Монголын бүх өсвөр насны охидод тулгамдаж байгаа асуудал, тэдний зөрчигдөж байгаа эрхийн талаар дуу хоолойгоо өргөхөөр чуулганд оролцож байна. Миний бодлоор өсвөр насны охид оройн цагаар хотын гудамжаар явах маш эрсдэлтэй санагддаг. Өнгөрсөн хавар манай сургуулийн хонхны баяр болох үеэр бид ангиараа бүрэнхий болтол гадуур зугаалсан юм. Тараад гэртээ харих аар явж байтал машинтай хүмүүс дуудах, доромжлох байдал гаргаж байсан. Сургууль дээр хүртэл хөвгүүд охидын хувцсыг сөхөж оролддог нь охидын эрхийг зөрчиж байгаа нэг хэлбэр гэж би ойлгодог. Бусад хүмүүсийн хувьд  энэ нь том асуудал мэт харагдахгүй байгаа боловч охидын хувьд эмзэг санагддаг.

-Сургууль дээрээ аль эсвэл эцэг, эхтэйгээ хэр нээлттэй байж чаддаг вэ?

-Миний бодлоор орчин үеийн хүүхдүүд тийм ч нээлттэй байдаггүй байх. Би найз нөхөддөө эсвэл хамгийн дотны хүндээ л нээлттэй хандаж, өөрт тулгамдаж байгаа зүйлээ хэлдэг.  Миний харснаар сургуулийн орчинд охидтой ч тэр, хөвгүүдтэй ч тэр нээлттэй харилцах ёстой хүн нь нийгмийн ажилтан байх. Манай сургуулийн хувьд нийгмийн ажилтан маань сурагчидтайгаа сайн харилцаатай байдаг. Ярилцдаг. Ямар нэгэн асуудал гарвал багшийнхаа өрөөнд ороод ирээрэй гэж үргэлж дэмждэг. Ер нь бол сургууль болгоны онцлог гэж бодож байна. Түүнээс гадна өсвөр насны охидод хамгийн их тулгардаг асуудал эцэг, эх нь хүүхдийнхээ үгийг хүлээж авахгүй байх явдал. Түүнээс шалтгаалж хүмүүстэй нээлттэй харилцаж чадахгүй, сэтгэл гутралд орох ч юм уу, гэр бүлийн асуудал маш их гардаг болов уу.

-Фэйсбүүк хэрэглэгч үү, тэндээс ямар мэдээллийг түлхүү авдаг вэ?

-Фэйсбүүкийг өдөрт хоёр цаг гаруй хугацаанд л ашигладаг. Мэссэнжерийг түлхүү ашигладаг. Мэдээлэл авахаас илүү найзуудын пост, зураг гэх мэт зүйлийг хардаг. Миний бодлоор фэйсбүүк гэдэг зүйлийг маш хаалттайгаар, болгоомжтой ашиглахгүй бол болохгүй байх.


10-р ангийн сурагч Б. Мөнх-Учрал:

-Охид гэлтгүй эмэгтэйчүүдийн хувьд оройн цагаар явах маш эрсдэлтэй санагддаг. Битүү хувцас өмсөөд явж байхад л хүмүүс хараад байгаа юм шиг түгшдэг. Миний хувьд хамгийн их тохиолддог асуудал энэ. Мөн сургууль дээр хөвгүүд охидыг хэл амаар доромжлох, муухай үгээр хэлэх тохиолдол олон гардаг. Тийм болохоор охид, хөвгүүдийн хоорондын харилцааг сайжруулах шаардлагатай юм болов уу гэж боддог. Мөн багахан зүйл дээр ч охин хүүхэд байж, эмэгтэй хүн байж гэж харьцах нь хэцүү санагддаг.

ЗӨВХӨН ТОМЧУУД БОДОЖ, ТОМЧУУД ШИЙДНЭ ГЭЖ БАЙХГҮЙ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын О.Сэлэнгэтэй товч ярилцлаа. 

-Өнөөдөр олон улсад "Охидын өдөр"-ийг тэмдэглэж байна. Дэлхийн 193 орон энэ өдрийг тэмдэглэдэг. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 0-18 насны 587,250 охид байдаг гэсэн судалгаа байдаг. Бидний өнөөдөр чуулж байгаа зорилго бол охидод тулгамддаг асуудлыг тэд өөрсдөө ярилцаж, гаргаж ирэх юм. Нөгөө талаас охидууд нийлээд хөвгүүдэд хэрхэн яаж сайнаар үлгэрлэх вэ? Охидууд нийгмийн сайн сайхны төлөө юу хийх ёстой вэ? гэдэг талаар ч хөндөж байна. Энэ чуулганаас гарсан санал санаачилгыг хэрэгжүүлэхэд Гэр бүл залуучуудын хөгжлийн газар анхаарч ажиллах болно. Чуулганы хувьд охидын өөрсдийнх нь гаргасан санал санаачилгыг илүүд үзэж байгаа. Охидод тулгамдаж байгаа асуудлыг яривал маш олон зүйл хөндөгддөг. Гол нь үүнийг шийдвэрлэхийн тулд ямар гарц байна, ямар шийдэл байна гэдгийг бид хойшлуулалгүй анхааралдаа авах ёстой. Охид, хөвгүүд гэж ялгаж байгаа асуудал биш, охидынхоо санал бодлыг сонсож, тэдний үгийг сонсох үүднээс чуулганыг зохион байгуулж байгаа юм. 

-Тухайлбал охид өнөөдөр ямар асуудлыг илүүтэй хөндөн ярьж байна вэ?

-Хүүхдийн тусламжийн утас 108-д хандсан нийт хүүхдүүдийн 60 хувь нь охид байдаг гэсэн судалгаа байна. Охидууд өнөөдөр зөвлөгөө, мэдээлэл авдаг газартай болохыг хүсч байна. Нөхөн үржихүй, бэлгийн боловсролтой хамаатай асуудлыг хөндөж байна. Хөвгүүд цахим тоглоомын хэтэрсэн хэрэглээний талаар ярьж байгаа бол охид фэйсбүүкийн сөрөг хандлагыг илүүтэй хөндөж байна.

-Охидын өмнө тулгарсан асуудал гээд ярихаар хүчирхийлэлд өртсөн тохиолдлуудыг зайлшгүй ярих байх. Энэ тал дээр танайд ямар тоо баримт, мэдээлэл байдаг вэ?

-Хамгийн их санаа зовоож байгаа асуудлын нэг гэж хэлж болно. 2018 он гарснаас хойш 170 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоон мэдээлэл байна. Энэ бол маш муу үзүүлэлт.


Б.АМИРДАА

Гэрэл зургийг Ц.Баярбаатар

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page