НОМЫН ХЭСГЭЭС: Ухаантай нь санаа авч, урагшгүй нь уурлаг!

2018 оны 11 сарын 20

 

Зүүвэр-7:

Миний олон хүнтэй уулзаж, өдий төдий газраар хэсэн хэрж явсаар бичсэн цуврал сурвалжлага, ярилцлага, тэмдэглэлүүдийн хөндсөн сэдэв, дэвшүүлсэн санаа, асуудал маань өдий олон жил өнгөрсөн ч ач холбогдлоо алдаагүй харин бүр хавтгайран газар авч улам нарийн төвөгтэй болсоор байна. Төр, засгийн буруу бодлого, сайд дарга нарын хариуцлага санаачлагагүй хандлага, зарим хүний хар амиа бодсон, дураараа дургисан хэрцгий үйл ажиллагаанаас шалтгаалж эх орны газар шороо, гол мөрөн, цөөрөм нуур, ус рашаан, малын бэлчээр, өвс ургамал гээд хүрээлэн буй орчин өдрөөс өдөрт доройтсоор, цөлжилт өргөжин хүч түрсээр байна. Холыг үл ярьж зөвхөн нийслэл хот орчимд байдал ямар байгааг ганц хоёр баримтад түшиглэн халаглаж хэлэхэд дархан цаазтай Богд хан уул сэглүүлэн зэрэмдэглүүлсээр... Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Зайсан толгой төмөр бетон, шил шаазан балгаст дарагдан тарчилж, орой дээр нь гарсан хүн нийслэл хотоо төдийгүй алс холыг эргүүлж тойруулан харах ямар ч арга үгүй болжээ. Нөгөө түүх соёлын цогцолбор бий болгох, аялал зугаалгын орчин бүрдүүлэх, зочид жуулчид зураг хөрөг авах таатай орчин бий болгох тухай хоосон амлагчдын гоё үг “Зурам болон нүхэндээ орж” чухам л шоргоолжны үүр, шоронгийн хашаа шиг орчинд зовон зүдэрч байна. Аварга Тосон нуурын тухай миний цуврал нийтлэлд хөндсөн сэдэв, дэвшүүлсэн асуудалд дурдсан хариуцлагагүй байдал, алдаа дутагдлын баримт жишээ засарч сайжрах нь бүү хэл, тэр үеэс улам дордож даамжирч улс орны амьдралд ноцтой хохирол учруулж бүр Дархан цаазтай Богд хан уул, Буянт-Ухаа, Зайсан толгойн гунигт хувь заяагаар хүрээгээ тэлж монголоор нэг хэсүүчилсээр... Тэгэхээр би хий хоосон явж цаг цаасны гарз хийгээгүй нь харагдаж батлагдаж байх шиг.

Энэ нь аанайхан төр, засгийн харалган бодлого, төрийн өндөр албанд залрагчдын хариуцлагагүй үйлдэл, ажил хариуцсан хүмүүсийн хүйтэн сэтгэл, ажлаа мэддэггүй, мэдлээч хийдэггүйгээс шалтгаалан улс орны нүүр царай, өнгө төрх, ажил амьдрал уруудан доройтсоор байгааг харуулж байна. Ер нь сүүлийн гучин жилд Монгол оронд хүний хариуцлага сахилга, дэг журам, хүлээсэн ажил үүргээ ухамсарлах, хуулиа дээдлэх, хуулийн өмнө хүн бүр адил тэгш байх  гээ ч юм огт байхгүй болсны харуулж байгаагийн бодит жишээ энэ. УИХ түүний Тамгын газар, Ерөнхйилөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам тусгай газрууд гээд төр засгийн томоохон байгууллагуудаар орж харж явахад тэнд ажил хэрэгч байдал шат шатандаа тааруу, замбараагүй задгай, дэг журам, зохион байгуулалт нэн дутмаг байгаа нь тод ажиглагддаг. Ажлаа мэддэг, ажлаа хийдэг хүн цөөхөн. Өөр хоорондын ажлын уялдаа холбоо бараг байхгүй. Ний нуугүй хэлэхэд бохь зажилж, гар утсаараа оролдсон, компьютерт элдэв захидал бичилцэн инээд ханиад болж бас гадаад хэлний ганц нэг үгээр гангарч, ширээ алгадаж тааз ширтсэн хүмүүс цөөнгүй тохиолддог. Асуудал тавьж яриа өрнүүлбэл тэд бараг нэгэн дуугаар бүр тоть шиг “Өмнөх Засгийн газрын хийгээгүй ажлыг бид хийх гэж үйлээ үзэж, тамаа цайж байна. Бид тийм ажил хийх гэж байгаа. Бид нэг ийм стандарт, төсөл, төлөвлөгөө боловсруулахаар судалж байна. Бид тэрийг чинь тэгж, энийг чинь ингэж харж байгаа. Тийм бодлого чиглэл баримтлана. Хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барина. Хэрэв энэ хууль батлагдвал ёстой гоё болно. Бараг зөв гольдиролдоо орно байх. Бид мониторонг хийнэ. Ажиллах хэрэгтэй. Сурах ёстой. Америк, Япон, Германд тийм, ийм байдаг. Таны нийтлэлийг уншсан. Надад их таалагдсан. Санал нэг байна. Дэмжиж байгаа. Таны тавьсан асуудлыг дарга нартаа танилцуулна. Дээш нь мэдэгдэнэ. Ер нь авч үзэж шийдвэрлэнэ. Анхааралдаа авлаа. Төсөв хүнд, хүрэлцэхгүй юм, түүнээс биш ёстой ажилламаар байх юм, даанч... Зардал мөнгө байхгүй болохоор ажил хийж болохгүй юм. Мөнгөтэй бол ч ажлыг ёстой хийнэ дээ. Хөрөнгө мөнгө босгоно. Бид мөнгө хайж байгаа. Санал авах баг ажиллуулж байгаа. Арга хэмжээ авна. Хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ” гэхчилэн бүхнийг ирээдүй цагт хамааруулж нэг хэв маягаар чамирхан улиглахаас бус “Тийм ажил хийчихлээ. Ийм үр дүнд хүрлээ. Ингээд аятайхан болчихлоо” гэх хүн ховор. Ардчилсан төр, засгийн ажил нэг иймэрхүү маягтай байдгийг нуугаад яахав. Харин манай сайд дарга нар ямар сайхан ярьдаг гэж санана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд уран гоё донгодно. Хийсэн бүтээсэн гэж сүр бадруулж сайхан яриад байгаа ганц нэг ажлыг нь сонирхож бодит байдлыг нь харах гэхээр бараг юу ч байхгүй. Хөрөнгө мөнгө үр ашиггүй цацсан, нүд хуурсан, худлаа залсан, хоосон рекламдсан байдал зохилдог гэвэл хилсдэхгүй байх.

Гэхдээ энэ нь бас нэгд: УИХ, Засгийн газар улс орноо нэгдсэн бодлого, зохицуулалт, удирдлагаар бүрэн хангаж чадахгүй байгаа; хоёрт: Үндсэн чиг үүргийн болон салбарын яам, агентлагууд хоорондын ажлын уялдаа холбоо муу, бие биенээ нөхөх, дэмжих нэгдсэн бодлого алдагдсан; гуравт: Хамгийн гол нь тухайн үеийн Засгийн газар, яам агентлаг тэдгээрийн сайд дарга нараас шалтгаалж байгаа гэхээсээ илүү засаглал хуваарилалт буруу, хуулийн орчин нөхцөл хангалтгүй, дутуу бодож боловсруулсан, түүхий шүүрхий, шүүр шанага шиг цоорхой хуулиудыг бөөнөөр нь үйлдвэрлэн гаргадаг. Тэр хууль нь ажил амьдралыг зохицуулах үүргээ биелүүлэх чадамжгүй байдагтай холбоотой. Манай зарим хууль журам нь өөр соёл иргэншил, аж төрөх хэв маяг, зан заншил, улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл, техник технологийн хөгжил дэвшлээрээ эрс ялгаатай барууны орнуудын элдэв хуулийг шууд механикаар хуулж Монголын хөрсөнд ургуулахыг оролдсоноос болж ихэвчлэн манай нөхцөл амьдралд нутагшдаггүй. Нэг хууль, шийдвэр гаргаад хэдхэн хоногийн дараа засч залруулах нэмэлт өөрчлөлт хийхээс аргагүй болдог; дөрөвт: Эцсийн эцэст сонгуулийн буруу тогтолцоо түүний гажгаас болж байна гэвэл үнэнд илүү ойртохыг  онцлон хэлмээр байна. Сонгуулийн үр дүнд сонгогдсон, томилогдсон ямар ч түвшингийн албан тушаалтнууд үүрэгт ажлаа хариуцлагатай хийх боломж хомс. Шалтгаан нь улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, намын эрх ашиг гэдэг хуулиас дээгүүр зиндаатай том баглаа хүлээс, мөн цаг хугацааны хязгаарлалтад баригддаг. Нэг нөхөр сайдаар томилогдлоо гэхэд “Би сайдаар сайндаа л дөрвөн жил ажиллана” гэсэн сэтгэлгээтэй ажлаа хүлээж авдаг. Нөгөө талаар сайд нарыг томилохдоо салбарын онцлог, мэдлэг боловсролын төвшин, ажил мэргэжлийн баримжаа, зохион байгуулах арга барил, ур чадварыг үл харгалзаж зөвхөн намдаа хандив өргөсөн байдал (Жаран тэрбумын дуулиан ч иймэрхүү юмтай холбоотой байх), хувийн янз бүрийн холбоо сүлбээгээ гол шалгуур болгож хаа хамаагүй салбарын хүнийг аль нэг салбарт шахдаг, хэн нэгнийг албан тушаалаар шагнадаг; Тавд; Ямар ч ажлын эцсийн үр дүнд тухайн хүний боловсрол, ажил хэргийн мэдлэг, удирдан зохион байгуулах ур чадвар, хамгийн гол нь эрхэлсэн ажилдаа эзэн байх өөриймсүү сэтгэл зүтгэлээс ихээхэн шалтгаалдаг. Манай сайд дарга нар ихэнх тохиолдолд эхний нэг жил салбартайгаа танилцах, хүнээ судлаж таних, багаа бүрдүүлэх нэрээр баахан халаа сэлгээ хийдэг. Тэгээд үндсэндээ хоёр жил (Засгийн газар нь уначихгүй бол шүү дээ) гайгүй ажиллах гэж оролддог. Дөрөвдөх жилээс дараагийн сонгуульд бэлтгэж ирээдүйн суудал, бялууны эрэлд алга болно. Энэ бүхэн бол тэр хүний буруу бас биш. Манай төрийн тогтолцоо, засаглал хуваарилалт ийм гажигтай болохоор хэн ч сайн ажиллах, ямар нэг үр дүнд хүрэх, улс орон, ард түмнээ бодож ажиллах бололцоо зарим талаар тун хязгаарлагдмал. Дээр нь хэзээ ч халагдаж солигдож магадгүй гэсэн сэтгэлгээ дарамтын дор ажилладаг учраас байгаа хугацаандаа өөрийгөө бөөцийлөх, мөнгө хийх, гадуур дотуур жаахан тэнэх, юм үзэх сэтгэл, шунал тачаал тэр хүнийг өдөр шөнөгүй ээрч хоргоодог, ерөөсөө ажил хийлгэхээ байдаг байж магадгүй.

Тийм болохоор манай аль ч шатны ямар ч сайд дарга, түшмэдүүдэд ажил хэрэгч санал асуудал тавиад хэрэггүй. Сонин хэвлэлд хичнээн сайхан чухал асуудал дэвшүүлж бичээд нэмэргүй. Тэр бүхнийг олонхи нь уншдаггүй, уншаад учрыг нь олж ойлгодоггүй байдал заримаас нь ганц нэг зүйл асуухад л анзаарагддаг. Монголын өнөөгийн төр, засгийн бодлого, үйл ажиллагааны дүр төрх, сайд дарга нар, түшмэдүүдийн нийтлэг өнгө аясыг өнгөцхөн ажиглахад ийм буюу. Ухаантай нь санаа авч, урагшгүй нь уурлах биз. Харин хэн нь мэдэмхийрч худлаа залдаг, бэлэн амладаг, хэн нь чадал боломж бололцооныхоо хэрээр зүтгэж хэлсэн амандаа хүрдгийг улирах цаг харуулах биз. Хүлээх л үлдлээ... Хүлээхийн зовлон ч яггүй дээ.

Энэхүү бяцхан тайлбар тэмдэглэлийг 2018 оны тавдугаар сарын 5-ны өдөр хийв.


 

1. Номын хэсгээс: “Өнөөгийн өнгө төрх”-ийн БОСГО ҮГ

2. НОМЫН ХЭСГЭЭС: Оюун санааны үнэт тэжээл үйлдвэрлэгчийн шинэ номын тухай цөөн үг

3. НОМЫН ХЭСГЭЭС: Хүн өөрт байгаа давуу талаа мэдэрч, ухаарч амьдрахын учир

4. НОМЫН ХЭСГЭЭС: Золиос



Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.113) 2018 оны 12 сарын 02

Энэ олон хулгайч дарга нарыг яанаа хүмүүс ээ

0  |  0
Сампилноров(66.181.181.113) 2018 оны 12 сарын 02

Төр засгийн бүх шатны удирдагчид Зэвсэгийн энэ бичсэнийг жааханч гэсэн харж санаа авдаг бол Зам тээврийн яам, Иргэний нисэхэд гарсан аллагууд гарна гэж үү. Арай л нэг дэндээд байгаа юм. Нэг л юм болох байх аа бурхан минь

0  |  0
монхоо(64.119.20.31) 2018 оны 11 сарын 21

яг унэн бичиж хэлсэн бна

0  |  0
зочин(202.21.108.145) 2018 оны 11 сарын 20

”Тийм болохоор манай аль ч шатны ямар ч сайд дарга, түшмэдүүдэд ажил хэрэгч санал асуудал тавиад хэрэггүй. Сонин хэвлэлд хичнээн сайхан чухал асуудал дэвшүүлж бичээд нэмэргүй. ” Гутрах хэрэггүй,үлдээсэн соёлын өвийг үр ач нар минь ухаж ухарааж ашиглаж,ухаарах цаг ирнэ.Өнөөдөрийнх шиг /түшмэл зантай /тэнэгүүд байнга байхгүй.40-өөд жилийн урьд шиг олны төлөө гэсэн үйлдэл чинь одоо тод санагдаж байнаа.Зэвсэгээ.

0  |  0
Top